Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 2020             03             05                                         2020/ДШМ/268                                               №  Т  M № 546                                  МАЛАЛ

О.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1910012700796 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын С-, Архангай аймагт 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалантын 00 дугаар гудамжны 000а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

О.С- нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 576а тоотод гэртээ эхнэр Б.А-тэй бичиг баримт булаацалдан маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гарыг нь мушгин, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.А- нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эс зөвшөөрч байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.А-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэрэгт хүүхдийн асрамж тогтоож, өрхийн хэрэгцээнд 980,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Би 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс “Эм Би Си Андууд” ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд 800,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа учраас цаашид тасралтгүй ажиллах шаардлагатай байна. Иймд надад оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөнгөн дүнд дүйцүүлэн торгуулийн ялаар сольж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч О.С- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед ажил эрхэлдэггүй байсан. Шүүх уг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тэрээр давж заалдах гомдолдоо ажлын газрын тодорхойлолтоо өгсөн байгаа. Өмгөөлөгчийн хувьд, шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад О.С- ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж мэдүүлсэн. Давж заалдах гомдолдоо “ажил эрхэлдэг болсон тул ялыг өөрчилж өгнө үү” гэжээ. Гэвч шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг талаар болон орлогыг нотлох баримт байхгүй, шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тохиолдолд уг ялыг хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй байгаа учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.С- нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 576а тоот гэртээ эхнэр Б.А- гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа гарыг нь мушгин, өшиглөж эрүүл мэндэд нь баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.А-ийн “... С- орж ирээд гадаад паспорт, диплом хайж байгаад “гурван хүүхдийн төрсний гэрчилгээг авна” гэхээр нь би “өгөхгүй” гэж булаацалдсан. Миний баруун гарын бугуйг мушгин, толгой руу цохиж, зүүн гуяны гадна хэсэгт хоёр удаа тийрсэн. Тэгэхээр нь би аяга аваад шидэхэд онолгүй, хаалга оноод аяга хагарсан ...” /хх 47-49/,

насанд хүрээгүй гэрч С.Өнө-Эрдэнийн “... Аав, ээж хоёр хэрэлдээд, аав бидний төрсний гэрчилгээг нэхээд байсан ...” /хх 37/,

шүүгдэгч О.С-ын “... би дипломоо авах, хүүхдүүдтэйгээ уулзах гэж гэртээ очсон юм. Эхнэр хэрүүл маргаан үүсгээд байсан ... над руу дайрч байсан тул би түүнийг өшиглөж холдуулсан нь үнэн. Харин тохой, толгой руу нь цохиогүй ...” /хх 56-57, 99/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.А-д баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 15996 тоот шинжээчийн дүгнэлт /хх 22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч О.С-, хохирогч Б.А- нар эхнэр нөхрийн таарамжгүй харьцааны улмаас гурван хүүхдийнхээ иргэний бүртгэлийн бичиг баримтыг булаацалдан маргалдаж харилцан бие биедээ хүч хэрэглэх явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тэдний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцсан, зовоон тарчлаасан шинжгүй байх тул анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

Шүүгдэгч О.С-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Давж заалдсан гомдолд дурьдсан “... тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн тэтгэмж төлөх шаардлага үүссэн ...” гэх зэрэг шалтгаанаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... торгох ялаар сольж өгнө үү ...” гэсэн шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН