Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 0021

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908055081694 дүгээр хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 11 дүгээр байр, 6 тоотод түр оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 520 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Боржигин овогт Батмөнхийн У /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүлжүүлэх байрны В корпусын 2 дугаар камерт Д.Атай маргалдаж, нүүрэн тус газар нь 1 удаа цохиж “баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Эрүүгийн 1908055081694 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Аын: “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ агсам тавиад Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд 23 цагийн үед ирсэн. Эрүүлжүүлэх байрны камерт байхад шөнө 04 цагийн үед У гэдэг залуу орилоод агсам тавиад унтахгүй байсан. Би “унт л даа чи, ямар ядаргаатай юм бэ” гээд шилэн дээр нь дарсан. Тэр үед У босч ирээд гараараа нүүр лүү нэг цохисон. Удалгүй цагдаа ирээд Уыг аваад өөр камерт хийсэн. Эмчилгээний зардлаа авчихвал ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.24-ний өдрийн 12689 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Аын биед баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөелөхгүй” гэжээ /хх-14-15/,

Гэрч Т.Бат-Эрдэнийн: “Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 04 цагийн үед В корпусын 2 дугаар камераас хүн авч нойл оруулаад буцаж байхад У гэх залуу орилоод хүмүүс унтуулахгүй байсан. Тэр үед А гэх залуу Уын шилэн хүзүүнээс нь бариад доош дараад “чи чимээгүй байгаач, унтмаар байна” гэж хэлсэн. У босч ирээд Аыг баруун гараараа нүүр лүү нь нэг цохьчихсон. Би Уыг авч өөр камерт хийсэн. Өглөө Аын баруун нүд хавдаж хөхөрсөн байсныг 103 дуудаж үзүүлээд өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-10/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Дэлгэцийн баруун талаас 1 дэх эгнээнд хэвтэж байгаа хохирогч Д.А нь саарал өнгийн бүтээлэг нөмөрч хэвтэж байгаад 5 дахь эгнээнд байгаа Б.Уын шилэн хүзүүнээс барьж доош дарж байгаа харагдна. Хохирогч Д.А нь Б.Уын шилэн хүзүүн дээр дарж байсан гараа аваад сууж байхад Б.У босож хохирогчийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж байгаа харагдна” гэжээ /хх-55-58/,

Шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны орой бааранд ууж сууж байгаад үл таних хүнтэй маргалдсаны улмаас цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд орсон. Нэг камерт хамт байсан А босч ирээд “унтаач пизда минь” гээд толгойн дээр дараад байхаар нь би уур хүрээд босч ирээд түүний нүүрэнд гараараа нэг удаа цохих үед цагдаа орж ирээд намайг өөр камерт хийчихсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уучлалт гуйж эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлж эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /хх-28-29/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, эрүүлжүүлэх байрны үзлэгийн тэмдэглэл /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-50/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-59/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-61-63, 64-66/, хохирогчийн “Бид эвлэрсэн. Хохиролд 1.000.000 төгрөг гаргуулж авсан” гэх гар бичвэр /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.У согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Эрүүлжүүлэх байрны В корпусын 2 дугаар өрөөнд иргэн Д.Атай маргалдан нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Аын “...У орилоод агсам тавиад унтахгүй байсан. ...У босч ирээд гараараа нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 12689 дүгээр “1.Д.Аын биед баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14-15/, гэрч Т.Бат-Эрдэнийн “...У босч ирээд Аыг баруун гараараа нүүр лүү нь нэг цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-10/, шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...А босч ирээд “унтаач пизда минь” гээд толгойн дээр дараад байхаар нь би уур хүрээд босч ирээд түүний нүүрэнд гараараа нэг удаа цохих үед...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-55-58/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Уын согтуурсан үедээ, зүй бус авирлаж хохирогч Д.Аын нүүрэнд гараараа цохин хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Бид эвлэрсэн. Хохиролд 1.000.000 төгрөг гаргуулж авсан” гэх гар бичвэр /хх-70/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч У нь 2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүлжүүлэх байранд Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 2 дахь хэсгийн 2.2-т заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, зүй бус авирлаж, хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр буюу баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, цус хуралт, зулгаралт бүхий хохирол учирсан, хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч “Эвлэрсэн” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг жилийн хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 3 дахь удаагаа ял шийтгүүлсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Харин уг ялын хэмжээний хувьд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Батмөнхийн Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР