Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 275

 

Б.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.У,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908055081694 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..............., 1.........оны ......дүгээр сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 14 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 тоотод түр оршин суух, /РД:.................,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эрүүлжүүлэх байрны В корпусын 2 дугаар камерт Д.Амгаланбаатартай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............. хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогч Д.Амгаланбаатартай харилцан эвлэрч, хохирогчоос уучлалт гуйж, 1.000.000 төгрөг төлсөн. Би урьд нь 2006 оноос 2014 онд 3 дугаар хорооллын 1000-н нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэж наймаа эрхэлдэг байсан. 2014 оноос дуудлагын жолооч болон барилгын компанид карказын ажил хийдэг байсан. Хэрэгт холбогдох үедээ хувиараа барилгын карказын ажил хийж, сард дунджаар 2-3 сая төгрөгийн орлоготой юм. Хэргийн болсон асуудалд маш их гэмшиж байна. Цаашид дахин хэрэг зөрчилд огт холбогдохгүй. Манай аав Батмөнх астматай, хүндэрсний улмаас амьсгалын аппараттай, хэвтэрт хүний асаргаанд орсон тул аавыгаа би байнга асарч халамжилдаг. Уг хэргийн хохирогч нь түрүүлж намайг гараараа толгойноос доош нь дарж, газар мөргүүлснээс болж би босч ирээд 1 удаа цохисон. Энэ асуудалд би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Иймд миний ар гэрийн нөхцөл байдал, аавыгаа асран халамжлах зайлшгүй байдал болон миний үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ялын доод хэмжээгээр сольж, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүлжүүлэх байрны В корпусын 2 дугаар камерт Д.Амгаланбаатартай маргалдсаны улмаас цохиж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Б.У нь Д.Амгаланбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан камерын бичлэг, талуудын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Мөн Б.У өмнө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2 удаа холбогдож байсан. Үүнээс харахад Б.У нь засарч, нийгэмшихгүй байгаа нь харагдаж байна гэж үзэн анхан шатны шүүхээс 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эрүүлжүүлэх байрны В корпусын 2 дугаар камерт Д.Амгаланбаатартай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

 

хохирогч Д.Амгаланбаатарын “...Эрүүлжүүлэх байрны камерт байхад шөнө 04 цагийн үед Ууганбаяр гэдэг залуу орилоод агсам тавиад унтахгүй байсан. Би “унт л даа чи, ямар ядаргаатай юм бэ” гээд шилэн дээр нь дарсан. Тэр үед Ууганбаяр босч ирээд гараараа нүүр рүү нэг цохисон. Удалгүй цагдаа ирээд Ууганбаярыг аваад өөр камерт хийсэн. ...” /хх 22/,

 

гэрч Т.Бат-Эрдэнийн “...Өглөө 04 цагийн үед В корпусын 2 дугаар камераас хүн аваад угаалгын өрөө оруулаад буцаж байхад Ууганбаяр гэх залуу орилоод хүмүүс унтуулахгүй байсан. Тэр үед Амгаланбаатар гэх залуу Ууганбаярын шилэн хүзүүнээс нь бариад доош дараад “чи чимээгүй байгаач, унтмаар байна” гэж хэлсэн. Ууганбаяр босч ирээд Амгаланбаатарыг баруун гараараа нүүр рүү нь нэг цохичихсон. Би Ууганбаярыг авч өөр камерт хийсэн. Өглөө Амгаланбаатарын баруун нүд хавдаж хөхөрсөн байсныг 103 дуудаж үзүүлээд өгч явуулсан. ...” /хх 10/,

 

шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...Нэг камерт хамт байсан Амгаланбаатар босч ирээд “унтаач пизда минь” гээд толгой дээр дараад байхаар нь би уур хүрээд босч ирээд түүний нүүрэнд гараараа нэг удаа цохих үед цагдаа орж ирээд намайг өөр камерт хийчихсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 28-29/ гэх мэдүүлгүүд,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч Д.Амгаланбаатар нь саарал өнгийн бүтээлэг нөмөрч хэвтэж байгаад 5 дахь эгнээнд байгаа Б.Уын шилэн хүзүүнээс барьж доош дарж байгаа харагдана. Хохирогч Д.Амгаланбаатар нь Б.Уын шилэн хүзүүн дээр дарж байсан гараа аваад сууж байхад Б.У босож хохирогчийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж байгаа харагдана. ...” /хх 55-58/ гэх тэмдэглэл,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12689 дугаартай “...Д.Амгаланбаатарын биед баруун хацар ясны нум, хамар яс, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 14-15/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Уын хохирогч Д.Амгаланбаатарын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.У “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ялын доод хэмжээгээр сольж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.У нь өмнө нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Түүнчлэн шүүх, шүүгдэгч Б.Уыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдлыг харгалзан үзжээ.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

 

 

 ШҮҮГЧ                                                           Д.МЯГМАРЖАВ