Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1207

 

Хэргийн индекс 135/2015/00692/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Парк таун хотхон *** тоотод оршин суух, *** Ө*** /регистрийн дугаар ***/,
Нэхэмжлэгч: Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Парк таун хотхон *** тоотод оршин суух, *** С*** /регистрийн дугаар ***/,
Нэхэмжлэгч: Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, *** тоотод оршин суух, *** Б*** /регистрийн дугаар *** /-  нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** ХХК-д холбогдох 
“Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,
“Гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Г.Б*** миний бие нөхөр С.Ө*** бид 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *** ХХК-ий захирал Н.Г*** гэдэг маркетингийн менежертэй гэрээ хийж орон сууц захиалгаар бариулах болсон юм. Байраа авахдаа би урьдчилгаа 30 хувь буюу 19,180,200 төгрөгийг төлж үлдэгдлийг зээлд хамрагдан төлж байраа авсан. Гэвч бидний 49,18 мкв гэж авсан 2 өрөө орон сууц маань хэмжээндээ хүрэхгүй  мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 45,286 мкв буюу 3,894 мкв дутаж байна. Мкв-ын үнийг  1,300,000 төгрөгөөр бодож  авсан юм. Иймд дээрх талбайн зөрүү үнэ 3,894*1,300,000=5.062.200 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч Н.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...2013 онд *** ХХК-ий Парк таун хорооллын 2 өрөө байр болох 49,18 мкв талбай бүхий орон сууцыг гэрээг байгуулж захиалсан.  Миний авсан байрны үнэ нь 1 мкв талбайн үнэ нь 1,050,000 төгрөг бөгөөд 49,18 мкв талбайтай орон сууцны нийт үнэ 63,934,000 төгрөгийг зээлээр төлсөн. Гэтэл орон сууцны талбайн хэмжээ дутуу болох нь тодорхой болж мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд 45,248 мкв талбайтай байв.  Би 49,18 мкв талбайн хөлс төлж авсан юм. 
Иймд илүү төлөгдсөн 5,111,600 төгрөгийг *** ХХК-аас гаргуулж өгнө үү. 45,248 мкв  талбайн СӨХ, дулааны хөлс 49,18 мкв-аар бодогдон төлөгдөж бидэнд хохиролтой байна.” гэв.
Нэхэмжлэгч Н.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...2013 оны 07 дугаар сарын 29-ний *** ХХК-аас 49,18 мдв талбай бүхий 2 өрөө орон сууц гэрээ хийж захиалан бариулсан.  Орон сууцны нийт үнэ нь 63,934,000 төгрөг болж би эхлээд 50 хувийг төлж,  дараа нь графикийн дагуу төлөөд байр сууцандаа орсон. Гэтэл энэ байранд орсон айл өрхүүд мкв-ын зөрүү гарч байна гэсэн яриа гарсан учир манайх хэмжилт хийдэг газраар хэмжүүлж үзэхэд манай 2 өрөө байрны нийт талбайн хэмжээ 45,306 мкв  болж 3,874 мкв дутсан юм. Энэ талаар *** ХХК-д хэлэхэд зураг төслөөрөө баригдсан барилга шүүхээрээ яв гэсэн. Би 1 мкв 1,300,000 төгрөгөөр бодож авсан. Би авсан байрандаа илүү 5,362,000 төгрөг илүү төлсөн. Иймд илүү төлсөн 5,362,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.”гэв.

Хариуцагч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа:
“...Аливаа барилга барих тусгай зөвшөөрөл бүхий барилгын компани нь барилгын норм ба дүрмийн дагуу зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж тухайн зургийг экспертизээр батлуулсан орон сууцны талбайн хэмжээг баталгаажуулдаг. Батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комиссд өгөх зэрэг төлөвлөгөө графикийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тус нэхэмжлэлийн тухайд манай байгууллага нь  дээр дурдсанчлан экспертизээр батлагдсан зургийн дагуу орон сууцаа барьсан. Бид орон сууцныхаа талбайг барилгын зурагт  заасан хэмжээнээс санаатайгаар нэмэгдүүлж захиалагч нарыг хохироосон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талын гуравдагч этгээдээр хэмжүүлсэн орон сууцны талбайн зөрүүг манай байгууллага  хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэв.

Хариуцагч *** ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“...2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40 тоот гэрээний 6 дугаар зүйл 6.2-д захиалагч нь гэрээний 4.6 заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэсний дагуу иргэн С.Ө*** нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан боловч 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн бөгөөд гэрээнд заасан хугацаанаас 40 хоног хоцорч төлбөрөө гүйцэтгэсэн тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 2,557,360 төгрөгийг хариуцагч С.Ө*** ээс гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ө*** сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
“*** ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Би гэрээний дагуу заагдсан хугацаандаа урьдчилгаа 30 хувь өгч, үлдэгдэл 70 хувийг голомт банкны 8 хувийн хүүтэй зээлээр хугацаандаа бүрэн төлж барагдуулсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч *** ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“...2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот гэрээний 6 дугаар зүйл 6.2-д захиалагч нь гэрээний 4.6 заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэсний дагуу иргэн Н.С*** нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот гэрээний 6.2-д заасныг мөн зөрчиж, хугацаандаа буюу гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болно.
Иймд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот гэрээний үүргийг зөрчсний улмаас үүссэн алданги 9.398.803 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот гэрээний улмаас үүссэн алданги 1,879,659 төгрөг, нийт 11,279,462 төгрөгийг иргэн Н.С*** ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.С*** сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие Н.С*** нь 2013 оны тус компаниас орон сууц авахдаа граж авахаар яриж тохирсон. Ингэж граж авахаар ярихдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй ээ. Гэхдээ худалдан авч байгаа учир төлбөр тооцоог дуусгах гэж боломж бололцоог ашиглан хичээж байна. одоо үлдэгдэл төлбөх 3 сая төгрөг байгаа энэ тооцоог төлнө гээд явж байна. орон сууцны мкв зөрүү гражийн төлбөрт хамаагүй орон сууцыг 30 хувийн урьдчилгаа төлөөд банкны зээлээр авсан болно. Харин энэ мкв зөрүүг шийдэгдэж өгвөл гражийн төлбөрт оруулна гэж бодож байна. иймд гражийн үлдэгдэл төлбөрийн асуудлыг орон сууцны мкв зөрүү шийдвэрлэх асуудалтай хамтатган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
   ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч “*** ” ХХК-иас нэхэмжлэгч С.Ө*** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,894 мкв-ийн үнэ болох 5,062,200 төгрөгийг гаргуулахаар,
Нэхэмжлэгч Н.С*** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,932 м.кв-ын зөрүү 5,111,600 төгрөгийг гаргуулахаар,
Нэхэмжлэгч Н.Б*** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,874 м.кв-ын зөрүү 5,362,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг, 
Хариуцагч *** ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** тус компаниас олгосон 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хугацааны алданги нэхэмжлэгч С.Ө*** ээс 2,557,360 төгрөгийг,  нэхэмжлэгч Н.С*** ээс 11,279,462 төгрөгийг гаргуулахаар тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч *** ХХК нь орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь нэрний хувьд захиалгаар барих гэрээ гэсэн боловч гэрээ байгуулах үед 80 хувийн гүйцэтгэлтэй байсан байрыг худалдан авч, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Хариуцагч *** ХХК-тай нэхэмжлэгч Н.С*** нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, тус гэрээгээр Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутагт баригдаж байгаа Парк таун хотхоны *** тоот /*** тоот/, 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч, орон сууцны үнэ 69,934,000 төгрөгийг төлөхөөр, 
Нэхэмжлэгч Н.Б*** нь 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр  орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, тус гэрээгээр Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутагт баригдаж байгаа Парк таун хотхоны *** тоот /*** тоот/, 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч, орон сууцны үнэ нь 63,934,000 төгрөг төлөхөөр, 
Нэхэмжлэгч С.Ө*** нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, тус гэрээгээр Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололын нутаг дэвсгэрт баригдаж байгаа *** тоот /*** тоот/ 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч орон сууцны үнэ болох 63,934,000 төгрөгийг төлөхөөр,
*** ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн 2013 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** энэхүү гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд гүйцэтгэгч болох *** ХХК нь 2013 оны 04 дүгээр улиралд багтаан, гэрээнд заасан орон сууцыг шинээр барьж, захиалагч болох С.Ө*** , Н.С*** , Н.Б*** нарт хүлээлгэн өгөхөөр тохирч, тус орон сууц баригдаж бий болохоос өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 2013 оны 07 дугаар сарын 29, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээг байгуулсан; мөн орон сууцыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын комиссын бүрэлдэхүүн шалгаж, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч тал 100 хувийн гүйцэтгэлтэй 2 орон сууцыг хүлээн авсан зэрэг нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих тухай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн акт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Барилга орон сууц хүлээн авсан комиссын акт” болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. 
    Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь тодорхой эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бол талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний агуулгыг дүгнэвэл гэрээгээр тохирсон талуудын тохиролцоо тодорхой цаг хугацааны дотор гэрээний зүйлийг шинээр бий болгож байгаа үйл явц, тийнхүү бий болсон үр дүнг захиалагчийн өмчлөлд шижлүүлэн өгч байгаа зэргээс энэхүү гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна гэж үзэхээр байна. 
Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна.
    
Хариуцагч *** ХХК нь гэрээнд заасны дагуу Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар байрны *** тоот тус бүр 2 өрөө орон сууцыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нар нь дээрх 2 орон сууцны үнэ 69,934,000 төгрөгийг тус тус өгч, талууд гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно. 
    
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэг бүр нь 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барихаар тохирсон байх боловч С.Ө*** ийн өмчлөлийн ** тоот 2 өрөө орон сууцны тайлбайн хэмжээ 45,78 мкв буюу гэрээнд зааснаас 3,4 мкв, Н.С*** ийн өмчлөлийн *** тоот, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 45,78 мкв буюу гэрээнд зааснаас 3,4 мкв, Н.Б*** ийн өмчлөлийн *** тоот , 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 45,306 мкв  буюу гэрээнд зааснаас 3,874 мкв-аар тус тус дутуу болох нь хэрэгт авагдсан шинжээч *** ХХК-ний 2015 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн дүгнэлт, “*** ” ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хэмжилт хийсэн дүгнэлтийг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргадаг ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар эрх бүхий шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, үүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хэмжээ буюу 49,18 мкв талбай бүхий орон сууцны нийт талбайн хэмжээнээс 3,4 мкв, 3,874 мкв дутуу байгаа нь энэхүү хуульд зааснаар ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “*** ” ХХК нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.Ө*** , Н.С*** , Н.Б*** нар нь орон сууцны талбайн дутуу метр квадратын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг захиалагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь захиалсан орон сууцны хэмжээ нь гэрээнд зааснаас дутуу байгаа тул дутуу талбайн хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар гүйцэтгэсэн ажилд нь ямар нэгэн доголдол байвал захиалагч нь энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш энэ зүйлд заасан хугацааны дотор гаргах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь орон сууц тул орон сууцыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40 тоот гэрээнд заасан Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** тоот 2 өрөө орон сууцны дутуу хэмжээнд буюу нийт 3,4 мкв –д ноогдох 4,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч С.Ө*** т олгож, үлдэх шаардлага 642,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот гэрээнд заасан Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** тоот 2 өрөө орон сууцны дутуу хэмжээнд буюу нийт 3,4 мкв -д ногдох 4,420,000 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Н.С*** т олгож, үлдэх хэсэг болох 691,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 35 тоот гэрээнд заасан Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** тоот 2 өрөө орон сууцны дутуу хэмжээнд буюу нийт 3,874 мкв -д ногдох 5,036,200 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*** т олгож, тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч С.Ө*** ээс гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 2,557,360 төгрөгийг, нэхэмжлэгч Н.С*** ээс гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги нийт 11,278,462 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч *** ХХК нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “С.Ө*** нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40 тоот гэрээнд заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр 44,753,800 төгрөгийг хугацаанд нь өгөөгүй учир гэрээний 6.2-д зааснаар хугацаа хэтэрсэн 40 хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож алданги 2,557,360 төгрөгийг гаргуулахаар”  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч С.Ө*** нь “хугацаандаа төлбөрөө төлсөн, гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй” гэж маргасан болно.
Хариуцагч *** ХХК нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “ нэхэмжлэгч Н.С*** нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 42 тоот гэрээ байгуулан 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авсан бөгөөд орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд өгөөгүй учир гэрээний 6.2-д зааснаар хугацаа хэтэрсэн 29 хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож, алданги 1,879,659 төгрөгийг гаргуулах, мөн Н.С*** нь тус байгууллагатай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 тоот гэрээгээр Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны*** тоот 16,53 мкв талбайтай 16,000,000 төгрөгийн үнэтэй дулаан зогсоолыг захиалан бариулахаар тохиролцсон бөгөөд 16,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор графикийн дагуу төлөхөөр тохирсон боловч графикийн дагуу төлбөрийг төлөөгүй, үндсэн төлбөрөөс 3,871,550 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Н.С*** ээс 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 42 тоот гэрээний үүрэг зөрчсөний  улмаас алданги 1,879,659 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 тоот гэрээний үндсэн төлбөр 3,871,550 төгрөг, түүний алданги 5,527,253 төгрөг, нийт 11,278,462 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг  нэхэмжлэгч Н.С*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн, гэрээний үүрэг зөрчсөн зүйл байхгүй, Н.С*** нь дулаан граж авахдаа *** ХХКтай бичгээр гэрээ хийгээгүй, үндсэн төлбөр 16,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон, уг төлбөрийг төлөөд явж байгаа 3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дулаан гражийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,871,550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг болно.
Хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч нар нь гэрээний заасан үүргээ зөрчиж, орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөх хугацааг нэхэмжлэгч С.Ө*** 40 хоног, нэхэмжлэгч Н.С*** 29 хоног хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас С.Ө*** ээс нэхэмжилсэн алданги 2,557,360 төгрөг, Н.С*** ээс нэхэмжилсэн 1,879,659 төгрөг тус тус гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ө*** , Н.С*** нар  нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэзээ төлж дуусгасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.С*** , хариуцагч *** ХХК нарын хооронд байгуулагдсан “...Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай 46 дугаар байрны*** тоот 16,53 мкв талбай бүхий дулаан зогсоолыг захиалан бариулахаар тохиролцсон” 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-нд гэрээг байгуулж гүйцэтгэгчийг төлөөлж *** ХХК-ний маркетингийн менежер У.Батчимэг үсэг зурсан бөгөөд захиалагчийг төлөөлж Н.С*** ийн гарын үсэг зурагдаагүй байна.
Нэхэмжлэгч Н.С*** нь дээрх дулаан зогсоолыг 16,000,000 төгрөгөөр захиалан бариулан хүлээн авч, зогсоолын үнээс 3,871,550 төгрөгийг төлөөгүй талаар маргадаггүй, харин хугацаа хэтэрсэн хоног тутамд дулаан зогсоолын үнээс 0,1 хувиар тооцож нэхэмжилсэн алданги 5,527,253 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, алдангийн талаар тохиролцоогүй, энэ талаар гэрээ бичгээр хийгээгүй гэж маргадаг болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд  зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 196 дугаар зүйлийн 196.2-т “гэрээг бичгээр  байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно”  гэж заасны дагуу талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн  үндэслэл байхгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Н.С*** ээс дулаан зогсоолын үлдэгдэл төлбөр  3,871,550 төгрөгийг гаргуулан хариуцагч Минжпроперти ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх С.Ө*** ээс алданги 2,557,360 төгрөг гаргуулах тухай , Н.С*** ээс алданги 7,406,912 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 4,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө*** т, 4,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С*** т, 5,036,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б*** т тус тус олгож, нэхэмжлэгч С.Ө*** ийн нэхэмжлэлийн шаардлагаас 642,200 төгрөгийг, нэхэмжлэгч Н.С*** ийн шаардлагаас 691,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.С*** ээс дулаан зогсоолын үлдэгдэл төлбөр  3,871,550 төгрөгийг гаргуулан хариуцагч *** ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас С.Ө*** ээс алданги 2,557,360 төгрөг гаргуулах тухай, Н.С*** ээс алданги 7,406,912 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө*** ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,945 төгрөгийг, нэхэмжлэгч Н.С*** ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,375 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Б*** ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,529 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 251274 төгрөгийг  тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 85,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө*** , Н.С*** нарт,  95,526 төгрөгийг гаргуулан нэхэжмлэгч Н.Б*** т тус тус олгож, нэхэмжлэгч Н.С*** ээс улсын тэмдэгтийн хураамж 76,895 төгрөгийг гаргуулан хариуцагч *** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
          

 


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА