Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0296/З |
Дугаар | 221/МА2021/0359 |
Огноо | 2021-06-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0359
“К.Х.Т.Б.Ө.Х” ГҮТББ-ын
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “К.Х.Т.Б.Ө.Х” ГҮТББ-ын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “К.Х.Т.Б.Ө.Х” ГҮТББ-ын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Б нар шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113, 114 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шүүхээс “К.Х.Т.Б.Ө.Х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Нд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон гэх “С” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасан хэрэглэгч биш. Тиймээс анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн хуулийн этгээдийг хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан “У.Ц.Т.С” ТӨХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/1768 дугаар бичгээр гуравдагч этгээд “С” ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, программд бүртгэлгүй болох нь тогтоогддог. Мөн байгууллагаас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/29 дүгээр албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д заасны дагуу “С” ХХК нь хэрэглэгч биш болох нь тогтоогддог.
“С” ХХК нь эрчим худалдан авах эрхгүй, хэрэглэгч биш тул Эрчим хүчний тухай хуульд заасан эрх эдлэхгүй, нэхэмжлэгч тал ч гуравдагч этгээдийн өмнө мөн хуульд заасан үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэлийн хуудас гарах ёсгүй байсан.
Нөгөө талаас “С” ХХК-ийн цахилгааны таслуулсан гэж гомдоод байгаа хүмүүс 2017 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөөгүй, тэгсэн мөртлөө 3 жил гаруй хугацаанд ичихгүйгээр цахилгаан хэрэглэсэн. Энэ хүмүүсийн өмнөөс нэхэмжлэгч тал 70 гаруй сая төгрөгийг “У.Ц.Т.С” ТӨХК-д төлсөн, цаашид энэ маягаар явах боломжгүй болсон тул аргагүй эрхэнд эрчим хэрэглээг нь түдгэлзүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гуравдагч этгээд “С” ХХК-иас ирүүлсэн тайлбарт “... манай байгууллага болон түрээслэгч нар 2020 он хүртэл 33 гаруй сая төгрөгийг цахилгаанд төлсөн” гэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч тат анхан шатны шүүхэд хандан гуравдагч этгээдийн цахилгааны төлбөрт төлсөн гэх 33 сая төгрөгийн баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.
Мөн хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хэрэгсэж үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 -д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч Б.Н нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа ноцтой зөрчиж байсан. Энэ талаар хяналт тавьж буй шат шатны прокурор, мөн анхан шатны шүүхэд хандаж хүсэлт гомдол гаргасан боловч хэрэгсэж үзээгүйд гомдолтой байна. Тухайлбал, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 11 цагаас үдэгдээгүй, дугаарлагдаагүй хариуцагч Б.Н-ын хэлснээр хэргийн материал гэх баримтуудтай танилцаад, тодорхой тайлбар бичээд гарын үсэг зурсан. Бусад ноцтой зөрчлийн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагчаас “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.
0067114 дүгээр шийтгэлийн хуудсаар “К.Х.Т.Б.Ө.Х” ГҮТББ нь “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Компьютер молл” цогцолборын 8 дугаар давхар, 9 дүгээр давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В021 тоотуудын цахилгаан эрчим хүчийг хуульд заагаагүй нөхцөл тавьж тасалсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулж, мөн тоотуудын цахилгаан эрчим хүчийг сэргээхийг даалгажээ.
Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т “Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Эрчим хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 32.2-т “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 32.2.1-д “Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэж тус тус заажээ.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “ “Эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгохоор, 3.1.19-д зааснаар “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор тус тус тодорхойлсон бөгөөд гомдол гаргагчийн хувьд эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй буюу “эрчим хүчээр хангагч” биш болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5/1022 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Дээрхээс үзвэл эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хэрэглэгчийн цахилгаан хангамжийг хязгаарлахыг зөвхөн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан түдгэлзүүлэхээр хуульчилсан байхад гомдол гаргагч нь эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй, эрчим хүчийг хязгаарлах эрхгүй атлаа дур мэдэн дээр дурдагдсан тоотуудын цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, тасалсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан газар дээр хийсэн хяналт шалгалт, фото зураг, холбогдогчийн мэдүүлэг зэрэг бусад бичгийн баримт, тайлбаруудаар нотлогджээ. Үүгээр “К.Х.Т.Б.Ө.Х” ГҮТББ нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасныг зөрчиж, бусдын эрчим хүчээр хангагдах эрхийг хөндсөн гэж үзэхээр байна.
Гомдол гаргагчаас Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т зааснаар эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлээгүйн улмаас цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага болох “У.Ц.Т.С” ТӨХК өмчлөгч тус бүртэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, хэрэглэгч тус бүр өөрийн тоолуураар эрчим хүчний төлбөр тооцоог төлөх нөхцөл бүрдээгүй тул “... “С” ХХК нь эрчим хүч худалдан авах эрхгүй, хэрэглэгч биш тул хуульд заасан эрх эдлэхгүй, нэхэмжлэгч тал ч түүний өмнө хариуцлага хүлээхгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.8-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй.
Хариуцагч гомдол гаргагчийн эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу томилогдсон төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох холбогдогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн, зөрчилд холбогдох баримтуудыг цуглуулсан, хэргийн материал зэргийг танилцуулсан, мөн гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар прокурорт гомдол гаргаж байсныг тухай бүр шийдвэрлэн хариу өгч байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гомдол гаргагчийн тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах зэрэг эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй байх тул “... үдэгдээгүй, дугаарлагдаагүй баримтуудтай танилцсан ...” зэрэг гомдлоор шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн гомдол гаргагчаас “... “С” ХХК-ийн өмнөөс манайх 70 гаруй сая төгрөг төлсөн” гэх боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт авагдаагүй бөгөөд энэ нь маргааны үйл баримтад хамааралгүй тул энэ талаарх гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН