Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 41

 

 

2017 оны 12 сарын 15 өдөр

          Дугаар 123/ШШ2017/0041

                                 Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн С.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

“Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай  “илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” актын С.Баярсайханд холбогдох 19040409 төгрөгийг буцааж төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах, мөн 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврээс суутгаж, дутуу олгогдсон 313.443 төгрөгийг гаргуулж С.Баярсайханд буцаан олгохыг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баярсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинзориг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Баярсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Баярсайхан миний бие нь 18 наснаасаа эхлэн цэргийн алба хааж байсан бөгөөд өөрийн идэр залуу насаа цэргийн албанд зориулсан хүн. Улмаар өөрийн бичиг баримтуудыг харьяа нийгмийн даатгалын хэлтэст өгч 277.694 төгрөгийн цэргийн тэтгэвэр тогтоолгосон. Би өөрийн тэтгэвэртэй холбоотой бичиг баримтыг үнэн зөвөөр бүрдүүлэн өгч байсан бөгөөд тухайн нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрээ гарган тэтгэвэр тогтоож байсан. ... Би үнэн зөвөөр бичиг баримтаа бүрдүүлж өгсөнийг нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрээр тэтгэвэр тогтоон олгож байсныг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай Улсын байцаагчийн актаар 19.040.409 төгрөгийг буцаан төлүүлэхээр тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед нь тэтгэврээ аваад ахуй амьдрал амьжиргаандаа нэмэрлээд л дуусгасан. Хэрэв хуулийн хүрээнд боломжгүй тэтгэвэр гэдгийг мэдэж байсан бол авахгүй л байх байсан. Эргэж төлөхөө мэдсэн бол тэтгэврийн зээл ч гэж авахгүй, тухайн мөнгө төгрөгийг өөр байдлаар захиран зарцуулах, хуримтлуулах зэрэг арга хэмжээнүүд авагдах байсан. Ингээд өөрөө ч мэдэлгүй өр төлбөрт орсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй. Тухайн өр төлбөрийг миний 2015 оны 03 дугаар сары 09-ний өдөр тогтоогдсон 313.443 төгрөгийн тэтгэврийн 50 хувиар төлүүлэхээр тогтоосон нь мөн хууль зуйн үндэслэлгүй. Би цэргийн албанаас чөлөөлөгдөж улмаар үргэлжүүлэн тасралтгүй өөр албан газар байгууллагад ажилласан хугацааны тэтгэвэрт 313.443 төгрөг олгогддог билээ. Энэ тэтгэврийн 50 хувийг суутгаж авсан. Миний бие нь хөгшиний хамт хоёулаа амьдардаг ба тэтгэврийн насных, тэтгэврээс өөр орлого байхгүй, хураасан эд хөрөнгө, өөрийн үр хүүхэд гэж надад байхгүй. ХААН банкинд тухайн тэтгэврийг барьцаалж, тэтгэврийн зээлд хамрагдаж 2016 оны цагаан сарыг тэмдэглэхэд зориулж авсан байсан. Одоо энэ өр төлбөрөө ч төлж чадахгүй байгаа. Цэргийн албыг олон жил үнэнчээр хаасны үр дүнд олон дүү найз нөхөдтэй болсон бөгөөд эдгээр үнэн ч найз нөхөд 1300 гаруй зэвсэг нэгт андууд/ цагаан сараар миний биед хүндэтгэл үзүүлэн золгох гэж ирдэг юм аа. Иймд зээл аван байж цагаан сарыг тэмдэглэдэг юм. Тухайн улсын байцаагчийн актын талаар миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр миний тэтгэврээс 50 хувийн суутгал хийгдсэн болохоор нь учрыг асуухаар Алтанбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч Мөнгөнтуяатай утсаар холбогдож мэдсэн. 2017.05.05-ны өдөр Төв аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст гомдол гарган байж байцаагчийн актаа гардан авч, улмаар Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан маргаан бүхий актны Баярсайхан миний биеэр буцаан төлүүлэх гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргасан. Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж буй ажилтантай уулзахаар очтол бичиг хэргийн ажилтан эмэгтэй миний гомдлыг шийдүүлэхээр Төв аймгийн Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтэс рүү харьяалуулан шилжүүлсэн гэсэн. 2017.5.15-нд Төв аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Чинзориг утсаар холбогдож ирж уулзана уу гэсэн. Очиж уулзахад Ерөнхий газраас албан бичиг ирсэн.. илүү олгогдсон цэргийн тэтгэврийг танаас гаргуулахгүй болсон... буруутай нийгмийн даатгалын ажилтан нартай хариуцлага тооцож ....энгийн иргэдийг чирэгдүүлэхгүй байх чиглэл бүхий албан бичиг ирсэн... иймд таны тэтгэвэр цаашид бутэн олгогдох болно... Алтанбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч Мөнгөнөөд үүрэг өгсөн... таны үлдэгдэл тэтгэврийг ямар ч суутгалгүй гүйцэд олгож эхэлнэ.. таны асуудал шийдэгдсэн.. " гэсэн. Ингээд 5 дугаар сард суутгасан байсан 156 722 төгрөгийг ХААН банкин дахь миний дансанд буцаан олгон шилжүүлсэн. Ингээд 2017 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын тэтгэврүүд маань бүтэн олгогдсон. 2017 оны 9 дүгээр сард миний бие нь түнхний хуурайшил оноштой, биеийн эрүүл мэндийн тааруу, даралт ихэдсэн тул Хатантуул сувиллын газарт 2017.9.10-наас хэвтэж эмчлүүлсэн. Хариуцагч байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын тэтгэврийг маань харин 50 хувийг нь суутгасан, дутуу шилжүүлсэнийг ХААН банкнаас миний биетэй утсаар холбогдон мэдэгдсэн. Яагаад дахиад суутгал хийчихвээ гээд Аптанбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч Мөнгөнөөгөөс тодруулж ярьтал “Аймгийн хэлтсийн шалгалтаар Чинзориг ирсэн .... Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газраас байцаагчийн тавьсан акт зөв, суутгал хий гэсэн албан бичиг ирсэн..." гэсэн тайлбар хэлэн албан бичгийн хуулбар хувийг 2017.10.2-ны өдөр гардуулсан. Мөн Төв аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын байцаагч Чинзоригоос утсаар лавлатал “...Ерөнхий газраас таны гомдлын хариу албан бичиг ирсэний дагуу суутгал хийгдсэн. .. шүүхдээ шууд ханд” гэсэн. Ийнхүү миний гаргасан гомдлыг урьдчилсан байдлаар хангаж шийдэн тэтгэврийн суутгалыг болиулж бүтэн олгож байснаа бүхэл бүтэн 5 сарын дараа хангаж шийдсэн гомдлыг хангахгүй орхин шийдсэн нэрээр тэтгэврээс суутгалыг хийж буй хариуцагч байгууллагын энэ үйлдэл нь зохион байгуулалттай, санаатайгаар хөгшин хүнийг төөрөгдөлд оруулан миний хууль ёсны ашиг сонирхолыг илтэд үл хүндэтгэн, зөрчин буруутай үйл ажиллагаа явуулж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны «эрэг үүсгэж , хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Баярсайхан нь Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар тэтгэвэрээ тогтоолгосон. Мөн хуулийн 30 дугаар зүйл 30.2-т заасны дагуу тэтгэвэрт гарах үедээ материалаа үнэн зөв бүрдүүлж өгсөн. Гэтэл одоо С.Баярсайханы тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийгээд байна. Нийгмийн даатгалын байцаагч С.Баярсайханыг хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэж хэлсэн. Хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуурамч гэж үзсэн ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь өнөөдөр батлан хамгаалах газрын төв архивын хуулбар үнэн гэсэн дардас нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байна. Тэтгэвэр илүү олгогдсоноор С.Баярсайханы тэтгэврээс суутгах үндэслэл болохгүй. С.Баярсайхан нь тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй учраас буцааж төлөх боломж байхгүй. Нийгмийн даатгалын байцаагчийн акт гаргасанаас хойш С.Баярсайханы тэтгэвэрээс суутгаж авсан. С.Баярсайхан Нийгмийн даатгалын Ерөнхий газар гомдол гаргасаны дагуу тэтгэврийг нь суутгахаа больсон ч 2017 оны 10, 11 дүгээр сард дахин суутгасан. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж гарсан маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХНХ-н сайдын 2016 оны А/319 тоот “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” зохион байгуулах тушаал, ЭМНДЕГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны А/11 тоот тушаалаар баталсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяныг зохион байгуулах ажлын заавар”-ын дагуу Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа аймгийн нийт тэтгэвэр авагчдыг хамруулан ЭМНДЕГ-ын хяналт шалгалтын газар болон хэлтсээс томилогдсон ажлын хэсгийнхэн тэтгэвэр авагчдын хувийн хэрэг болон мэдээллийн бааз дээр шалгах ажлыг зохион байгуулсан. Аяны хүрээнд аймгийн нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт шалгалт хийхэд Төв аймгийн Алтанбулаг сумын тэтгэвэр авагч Сэрээтэрийн Баярсайхан нь 2006 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр 27000 төгрөг тогтоолгон тэтгэвэр авч эхэлсэн байна. Цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр нь засгийн газрын 292-р тогтоолоор 2016 оны 06-р сарын 01-нээс өөрчлөгдөн 277694 төгрөгийн тэтгэврийг авч байсан байна. Энэхүү авч байсан тэтгэврийг шалгалтын ажлын хэсгийхэн илрүүлэн 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн зогсоосон. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т зааснаар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурьдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.” Үүнд:

  1. Орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр
  2. Биеийн эрүүл мэндээр
  3. Цэргийн алба хаах нас хэтэрч гарсан зэрэг үндэслэлээр халагдсан бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байдаг.

Тэтгэвэр авагч Сэрээтэрийн Баярсайханд 2006 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэврийг өөриин хүсэлтээр халагдсан байхад цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиин 8 дугаар зүйлийн 2 дах заалт зөрчигдөж тэтгэвэр тогтоогдсон байна. Тэтгэвэр авагч Сэрээтэрийн Баярсайханы тэтгэврийг 2006 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тогтоосон Алтанбулаг сумын байцаагч Жигмиддоржийн Ням нь 2012 оны 4 дүгээр сарын 1-нээс өндөр насны тэтгэвэрт гарсан. Шалгалтын хугацаанд С.Баярсайханы 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Ардын армийн 119 дүгээр ангиас чөлөөлөгдсөн захирагчийн тушаалыг батлан хамгаалах яамны төв архиваас эх хувиас хуулбарлан авчрах шаардлага тавьсан боловч авчирч өгөөгүй тул Сэрээтэрийн Баярсайханд 19040409 төгрөг илүү олгосон төлбөрийг барагдуулах хариуцлага хүлээлгэх 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20 тоот дугаартай Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай улсын байцаагчийн акт тогтоосон нь хуулийн үндэслэлтэй байна. С.Баярсайхан нь 2015 оны 3 дугаарын сарын 9-ны өдөр 60 нас хүрч энгийн өндөр насны хувь тэнцсэн тэтгзвэр тогтоолгох болзлыг хангаж Алтанбулаг сумын байцаагч Мягмарын Мөнгөнтуяад тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласныг гэрчлэх баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэрт тулгуурлан өндөр насны хувь тэнцсэн тэтгэврийг 2015 оны 3 дугаар сарын 9-ны өдөр 195000 төгрөгөөр тогтоосон. Засгийн газрын 292-р тоггоолоор 2016 оны 06-р сарын 01-нээс нэмэгдэж 216000 төгрөгийн тэтгэвэр авч байсан боловч тэтгэвэр авагч С.Баярсайхан нь 2017 оны 3 дугаарын 5-ны өдөр цэргийн алба хаасан жилүүдийг энгийн жилд шилжүүлэн тооцуулж энгийн өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаснаар 2017 оны 3 дугаар сарын 1-ны өдөр 313443 төгрөгийн тэтгэвэр тогтоож тэтгэврийг сар бүр олгож байна. Иргэн С.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэвэрээс суутгасан 313443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд нэхэмжлэгчийн “2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” улсын байцаагчийн актын С.Баярсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Баярсайханы 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврийн 50 хувийг суутгаж буй хариуцагчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, суутгагдаж дутуу олгогдсон 313.443 төгрөгийг буцаан олгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах  үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох  тухай” улсын байцаагчийн акт, түүний хавсралт буюу “зөрчлийн жагсаалт”-ын 1-д иргэн С.Баярсайханд “цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэхгүй, өөрийн хүсэлтээр халагдсан” гэдэг шалтгаанаар илүү авсан тэтгэврийн 130 сарын төлбөрт 19040409 төгрөгийг С.Баярсайханаар буцаан төлүүлэхээр[1] шийдвэрлэжээ.

Хариуцагч нь С.Баярсайхан нь Цэргийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр халагдсан, цэргийн тэтгэвэр тогтоолгох эрхгүй байхад хуурамч  баримт бичиг бүрдүүлж, үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон гэж, нэхэмжлэгч нь би цэргийн байгууллагад ажиллаж байсан тухай лавлагаа, ажлаас чөлөөлсөн тушаал гэхчлэн цэргийн тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай гэсэн материалыг бүрдүүлж өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн зүйл байхгүй, хариуцагч байгууллага өөрсдөө шалгаж  үзээд тогтоож өгсөнөөс биш би буруугүй гэж тус тус  маргаж байна.

Иргэн С.Баярсайхан нь 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нийгмийн даатгалын байцаагчид хандан “цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр олгож өгнө үү” гэсэн  өргөдлийг[2] гаргаж, Зэвсэгт хүчний төв архивын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1877 тоот “Архивын лавлагаа”[3], Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 165 дугаар тушаалын[4] /“Ажлаас чөлөөлөх тухай” хэсэг/ хуулбар, 1984-1988 оны цалингийн тодорхойлолт[5] зэрэг бусад материалыг бүрдүүлж өгсөний дагуу хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хянаж баталсан байцаагч, дарга, ахлах  нягтлан бодогч нарын баталгаажуулсан шийдвэрээр /тэтгэвэр тогтоолтын хуудас/[6] 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сэрээтэр овогтой Баярсайханд  цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг  тогтоожээ.

Хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлахдаа  С.Баярсайханд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих үндэслэл болсон Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 165 дугаар тушаалыг эхээр нь авчирч өг гэхэд өгөөгүй, /“Ажлаас чөлөөлөх тухай” хэсэг/  архивын хуулбар үнэн дарагдсан  хувийг өгсөн тул хуулбарыг бид хуурамч баримт бичиг гэж үзэж, Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж . . .”  гэж заасны дагуу 2006 оны 4 дүгээр сараас тогтоосон цэргийн хувь тэнцүүлсэн  тэтгэврийг зогсоож, улмаар энэ хугацаанд илүү олгогдсон гэх 19040409 төгрөгийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 5 дугаар сараас эхлэн сарын тэтгэврийн 50 хувь буюу 156721 төгрөгийг  суутгасан, ер нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байхад цэргийн тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй тул тогтоосон тэтгэврийг зогсоож, илүү олгогдсон төлбөрийг буцаан төлүүлэх нь зөв гэж тайлбарлах боловч шүүхээс нотлох баримтаар дээрхи 165 дугаар тушаалыг гаргуулахаар Батлан хамгаалахын төв архиваас шаардсаны дагуу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 165 дугаар тушаалыг С.Баярсайханы анх 2006 онд тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн  даатгалын байцаагчид гаргаж өгсөн, хуурамч гэх 165 дугаар тушаалын хуулбартай харьцуулан үзэхэд: “Сэрээтэр овогтой Баярсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлааас нь чөлөөлж, ангийн бие бүрэлдэхүүний бүртгэл, бүх төрлийн хангалтаас хасч Эрдэнэт хотын АДХГЗ-ны мэдэлд шилжүүлсүгэй.” гэж заасан заалт адилхан байх тул нэхэмжлэгч С.Баярсайханыг  2006 онд тэтгэвэр тогтоолгохдоо хариуцагчид гаргаж өгсөн Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар тушаалыг[7] хуурамч баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй  байна.

Мөн “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд  заасан гэмт хэрэг бөгөөд хуурамч баримт бичиг үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн өөрчлөхийг хэлдэг. Гэтэл хариуцагч тал хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх асуудлаар эрх бүхий байгууллагад хүсэлт, гомдол гаргаагүй, тухайн 165 дугаар тушаалыг дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоолгоогүй атлаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж С.Баярсайханаар илүү олгогдсон гэх 19040409 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосныг хууль бус гэж үзэх  үндэслэлтэй бөгөөд Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалттай нийцээгүй байна.

Нөгөөтэйгүүр С.Баярсайхан нь Ардын армийн 119 дүгээр ангид ажиллаж байгаад  “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” болох нь дээрхи Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар тушаал, С.Баярсайханы шүүх хуралдаанд өгсөн “би өөрийнхөө хүсэлтээр халагдсан, цэргийн тэтгэвэр тогтоох ёсгүй байсан  байна гэдгийг одоо ойлгож байгаа, харин эрх бүхий албан хаагчид тухай үед тогтоохгүй гэсэн бол би яах билээ,  болно гэж олон жилийн өмнө тэтгэвэр тогтоож өгчихөөд одоо буцааж төлүүлэх гэснийг зөвшөөрөхгүй, энэ нь миний буруу биш, надад төлөх боломж ч байхгүй” гэсэн тайлбар, бусад бичийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч нь . . . орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч гарсан зэрэг шалтгаануудаар  халагдсан бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж зааснаар С.Баярсайхан өөрийн хүсэлтээр цэргийн албанаас халагдсан байхад  цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох ёсгүй гэсэн           тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй байх тул С.Баярсайханд 2006 оны 4 дүгээр сараас тогтоосон цэргийн тэтгэврийг зогсоож, одоо хуульд нийцүүлэн тэтгэврийг шинэчилж тогтоосон, нэхэмжлэгч мөн өөрөө олгогдох ёсгүй тэтгэвэр буруу олгогдсоныг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс дүгнэхэд С.Баярсайханд хууль зүйн үндэслэлгүйгээр  цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэрийг буруу тогтоосон нь Нийгмийн даатгалын ажилтны шууд буруутай ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй  байна.

Хариуцагч нь маргаан бүхий актыг хэрэгжүүлэх үүднээс иргэн С.Баярсайханы сар бүрийн тэтгэвэр болох 313443 төгрөгийн 50 хувь буюу 156721 төгрөгийг  2017 оны 5 дугаар сарын тэтгэврээс суутгасныг мөн сард буцаан олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга[8], талуудын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Энэ нь хэрэгт авагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/1385 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай”  Аймаг, дүүрэг,/ нийслэл/-ийн Нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дарга нарт хүргүүлсэн  албан бичгийн[9] 3-т “Шалгалтаар нийгмийн даатгалын байцаагчийн алдаагаар тэтгэвэр нь буурсан тэтгэвэр авагчдад тэтгэвэр буурсан шалтгаан үндэслэлийг тайлбарлан ойлгуулж, илүү олгогдсон тэтгэврийг тэтгэвэр авагчдаар төлүүлэхгүй байх” гэж заасны дагуу С.Баярсайханаас    суутгасан дээрхи 156721 төгрөгийг мөн 5 дугаар сарын 25-ны өдөр буцаан олгожээ гэж үзэхээр байна.  Гэтэл дахин С.Баярсайханы 2017 оны 10, 11 дүгээр сарын  тэтгэврийн 50 хувь буюу 156721 төгрөгийг  тус тус суутгасан болох нь мөн С.Баярсайханы ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.

Дээрхи нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд иргэн С.Баярсайханд 2006 онд анх цэргийн  хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохдоо бүрдүүлж өгсөн материалыг хүлээн авч хянасан байцаагч, ахлах байцаагч, дарга нар нь тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих гол баримт бичиг болох “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэсэн Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 165 дугаар тушаалыг  хянаж үзээгүй, хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр тэтгэврийг тогтоосон, Нийгмийн даатгалын тухай хуулиуд болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх,  хянах журам”-д заасан “баримт бичгийн бүрдэл, баталгаажилтыг урьдчилан хянах, илэрсэн зөрчлийг арилгах, баримт бичгийн бүрдлийг тэтгэврийн эрх үүсэх тухайн үед нь бүрэн хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцлага алдсан атлаа 11 жилийн  дараа тэтгэвэр авагчыг үндэслэлгүйгээр буруутган, үүссэн хохирол 19040409 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар хууль бусаар тэтгэврээс нь суутгал хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байна.

Мөн Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий улсын байцаагч  нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа  Захиргааны ерөнхий хуулийн  4, 13, 15, 24, 27  дүгээр зүйлд заасны дагуу тусгай зарчмыг баримтлаагүй, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэн С.Баярсайханыг оролцуулаагүй,  оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй зэргээр хууль зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт,  талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай  “илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” улсын байцаагчийн актын С.Баярсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны ажлын хариуцлагагүйн алдаагаар буруу олгогдсон тэтгэврийн 19040409 төгрөг, С.Баярсайханы 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврээс суутгагдсан 313443 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас  өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж 19040409 төгрөгийг Нийгмийн даатгалын санд, 313443 төгрөгийг иргэн С.Баярсайханд тус тус төлүүлэх зүйтэй гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай  “илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” актын С.Баярсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг актаар тавигдсан 19040409 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулах, мөн С.Баярсайханы 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврээс суутгаж, дутуу олгогдсон 313.443 төгрөгийг гаргуулж С.Баярсайханд буцаан олгохыг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярсайханд олгосугай.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                                                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ХАЖИДМАА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-ийн 28 дахь тал,

[2] Хавтаст хэргийн 1-ийн 47 дахь тал,

[3] Хавтаст хэргийн 1-ийн 48 дахь тал,

[4] Хавтаст хэргийн 1-ийн 49 дэх тал,

[5] Хавтаст хэргийн 1-ийн 50 дахь тал,

[6] Хавтаст хэргийн 1-ийн 46 дахь тал,

[7] Хавтаст хэргийн 1-ийн 49 дэх тал,

[8] Хавтаст хэргийн 1-ийн 15, 68 дахь тал,

[9] Хавтаст хэргийн 1-ийн 59 дэх тал,