Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01050

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02892 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 578 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...миний бие 2016 оны 8 дугаар сараар *** дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажилласан. Анх ажилд ороход 6 сар туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд туршилтын хугацаа дуусч, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр захирлын тушаалаар байнгын орон тоон дээр ажиллах болсон. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр захирал өрөөндөө дуудаж мэдэгдэх хуудас өгсөн. Уг мэдэгдэх хуудсанд албан тушаалдаа хангалтгүй ажилласан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байх тул цаашид ажиллуулахгүй болохыг дурдсан байсан. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан. Ажилд томилох тухай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6/05 тоот тушаалаар туршилтын хугацаа дуусч байгаа тул үндсэн ажилтнаар томилсон бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д гэрээний үр дүнг тооцсоны дараа гэрээ сунгах эсэхийг сургалтын жилийн үргэлжлэх хугацаагаар тооцно. Гэтэл хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүйгээр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилсоны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар сургалтын үргэлжлэх хугацаагаар байгуулсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сард Д.Б-г дахин ажилд томилуулах тушаал гарсан. Нэхэмжлэгч нь тус сургуульд нэг жил ажилласан. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Б-д ажилдаа хангалтгүй хандаж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй байх тухай мэдэгдэл өгсөн бөгөөд энэ мэдэгдлийн дагуу 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 23 дугаар зүйлийн 23.3-д заасныг баримтлан гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах саналаа тавиад хууль зүйн үндэслэлтэй тушаалаа гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02892 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-г Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 2.591.101,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 196.807 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 578 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ажилтан Д.Б-тай харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул цаашид сунгахгүй тухай мэдэгдэх хуудас өгч гэрээг нь дуусгавар болгосон. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болох тушаал, хөдөлмөрийн гэрээ болон ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл зэрэг хангалттай баримтууд хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлаа нотолж чадаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.3 дах хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил гүйцэтгэхийг хориглосон ба энэ хуулийн дагуу Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусч байгаа тул ажил олгогч цаашид сунгах боломжгүй шалтгаанаа бичгээр мэдэгдэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Давж заалдах шатны шүүх хариуцагч талыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл ажил олгогч нь Д.Б-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2. энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон нь хууль зөрчсөн зүйл байгаагүй. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан хариуцагч талаас гомдолд дурдсан үндэслэлүүдэд ямар ч дүгнэлт өгөөгүй. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар эүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б-, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд холбогдуулж бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Д.Б- хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байгаад захирлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/63 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Д.Б-г тус сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 тоот тушаалаар бага ангийн сургалтын менежерийн ажилд туршилтын хугацаагаар, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаалаар үндсэн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан, мөн өдөр ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан үйл баримт тогтоогджээ.

Д.Б-г эхлээд туршилтын хугацаагаар ажиллуулж, улмаар үндсэн ажилтнаар томилохдоо тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр байнгын ажлын байранд гэрээг хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 37.1.3-д заасныг зөрчсөн талаархи шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 578 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 127.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ      

          ШҮҮГЧ                                                              Г.АЛТАНЧИМЭГ