Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 64

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Э ХХК, З ХХК, П ХХК-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаас М нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, Н нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, ******* нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтад заасан ******* сумын М нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтад заасан ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтад заасан ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Э ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах М нэртэй 833.29 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар гаргасан. Энэхүү өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээж аваад, зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 албан тоотоор тогтоосон. Тэгээд дээрх албан тоотыг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Хоёрдугаарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий З ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Нам нэртэй 11225.59 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар гаргасан. Энэхүү өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээж аваад, зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 6/1250 албан тоотоор тогтоосон. Дээрх албан тоотыг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Гуравдугаарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий П ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Х нэртэй 33230 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар гаргасан. Энэхүү өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээж аваад, зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/429 албан тоотоор тогтоосон. Тэгээд дээрх албан тоотыг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Ийнхүү Засгийн газрын тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор заасан талбайд Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган тусгай хамгаалалтад авсан нь хууль, журмын дагуу өргөдөл гаргасан тус компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн тул бид нэхэмжлэл гаргасан... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хамгаалалтын зориулалтаар орон нутгийн тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авахдаа дараах хууль тогтоомжийг зөрчсөн болно. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын к-д, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д тус тус заасны дагуу Засаг дарга орон нутгийн тодорхой хэсгийг тусгай хамгаалалтанд авах тухай саналыг тухайн шатныхаа нутгийн өөрөө удирдах байгууллагад гаргах ба уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсан журмыг огтхон ч баримтлаагүй байдаг. Дээрх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар энэхүү акт нь хууль бус бөгөөд уг шийдвэрийн улмаас манай компанийн өргөдөл зохих журмын дагуу шийдвэрлэгдэж чадаагүй буюу хуульд заасан журмын дагуу өргөдөл, гомдлоо төрийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүйд хүргэсэн. Түүнчлэн Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүйн дээр мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж зааснаар манай компанид энэ тухай мэдэгдээгүй бөгөөд оролцуулаагүй нь анхнаасаа шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллага шийдвэр гаргах процессыг зөрчсөнөөс гадна дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно хэмээн зааснаар тусгай хэрэгцээнд авах бодитой нөхцөл байсан эсэхийг тогтоолгүйгээр уг актыг гаргасан нь алдаатай захиргааны акт гэж үзэх нэг үндэслэлийг бүрдүүлнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан хянадаг байгаа. Ингэхдээ энэ хуулийн 17, 18 дугаар зүйлд зааснаар өргөдөл гаргасан компани нь шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Хэрвээ тухайн компаниуд нь хайгуулын тусгай зөвшөөрөлгүй атлаа Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг. Гэтэл Ашигт малтмалын газар нь 2015 онд нэхэмжлэгч гурван компанийн өргөдлийг хуулийн дагуу хянаад, анхны шүүлтээ хийгээд, аймгийн Засаг дарга руу уг компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн албан бичгийг явуулсан байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй эсэхийг Ашигт малтмалын газар хянаад, анхны шүүлтээ хийсэн талаарх нотлох баримт хэргийн материалд байгаа. Иймд энэ асуудал дээр маргаад байх шаардлагагүй. Маргаан бүхий захиргааны акт нь эдгээр компаниудынАшигт малтмалын тухай хуульд заасан эрхийг зөрчиж байна. ...Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахдаа хуульд заасан процессыг зөрчсөн. Мөн тухайн газрыг тусгай хамгаалалтанд авах бодит нөхцөл байдал байсан эсэхийг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн учраас маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Маргаан бүхий захиргааны актын хавсралтад заасан Их бага буурал гэсэн нэртэй газар нь нэхэмжлэгч гурван компанийн өргөдлийн газартай давхцаж байгаа. Иймд 32 дугаар тогтоолын хавсралт хэсгийн Их бага буурал гэсэн нэртэй газарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч гурван компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Маргаан бүхий акт нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол учраас уг тогтоолыг хууль бус болох үндэслэл байгаа эсэхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байна.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахдаа үндэслэлийг судлаж тогтоогоогүй, сумын Засаг даргын саналыг үндэслээгүй зэргээр процессын алдаа гаргасан. Ийнхүү алдаатай шийдвэр гаргасан болохоор хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбайнууд нь алдаатай захиргааны актад хамаарсан. Ийм учраас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг давхцуулаад орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг. Гурван компанийн өргөдөл гаргасан талбай нь 32 дугаар тогтоолын хавсралтад заасан Их бага буурал гэсэн газартай давхцаж байгаа. Ийм учраас гурван компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжгүй болсон тул 32 дугаар тогтоолын хавсралтад заасан газрууд орон нутгийн тусгай хамгаалалтанд орсноороо гурван компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг нь зөрчиж байна гэв.

*******иуцагч Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Батмэндлэх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэрийн өмнөөс тайлбар гаргаж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2к, ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалттай газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг баримтлаагүй гэж үзсэн байна. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 31,32 дугаар тогтоол гарахад тухайн сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бөгөөд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд гар бие оролцож, санал оруулсан гэж үзэж байна. Засгийн газраас хайгуулын лиценз олгож болох газруудыг заасан байсан. Манай сумын тухайд уурхайтай учраас дахин хайгуулын лиценз олгохгүй байх талаар ярилцаж 32 дугаар тогтоолыг гаргасан байгаа. Аймгийн Засаг дарга ямар байр суурьтай байсан бэ? гэхээр нэг л уурхайтай байя. Орон нутгаа аялал жуулчлалаар хөгжүүлье. Дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж тайлангаа тавихдаа л хэлж байсан. Түүнээс гурван компаниудаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талаар танилцуулах замаар албан бичиг ирүүлж байгаагүй.. Тиймээс хайгуулын зөвшөөрөлгүй газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авъя гэж ярилцаад хайгуулын зөвшөөрөлгүй газруудыг газрын даамал хэмжиж оруулж ирээд, энэ талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой газраа урьдчилан сэргийлэх байдлаар хамгаалалтанд авсан...Мөн ашигт малтмалын газар хуулийн дагуу давхцалгүй гэж үзэн кадастрын бүртгэлд бүртгэсэн тухай албан тоотоор хариу ирүүлсэн юм. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа Ашигт малтмалын газар өргөдлүүдийг хянасан гэж байгаа боловч эдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь дууссан байдаг. Өөрөөр хэлбэл 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс хойш сунгуулсан бүртгэл байхгүй. Тэгэхээр хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргасан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК, З ХХК, П ХХК-ууд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлөө хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж, Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 32 дугаар тогтоолын хавсралтын ******* нэртэй 833.29 гектар, ******* нэртэй 11225.59 гектар, Нам нэртэй 33230 гектар талбайнуудад холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид сумын Хурал гэх/-ын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын тухай хуулийн 20, 21, 22, 23, 24 дүгээр зүйл, Байгаль орчны сайдын 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалаар баталсан журмыг тус тус үндэслэн нутгийн иргэдийн үе уламжлан тахин шүтэж ирсэн гэх уулс тэдгээрийн орчмын бэлчээр, газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэж, газрын нэр, хэмжээг хавсралтаар баталсан байна.

Уг хавсралтанд тус сумын нутаг дэвсгэрт хамаарах Сарт хайрхан, Дашдондовын овоо, Их, бага давсан сан, Бага нуур, Аргатын бөөрөг, Их, бага буурал, ******* бут, Буга хайрхан, Тайх хангай уул, Зүр хайрхан гэх газар нутгийн талбайг нэрлэн заажээ.

Нэхэмжлэгч тал Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайд хамаарч буй газрыг хариуцагчаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны акт эрх зүйн үндэслэлгүй, бусад хуульд заасныг зөрчсөн хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна.

*******иуцагч тал Сумын Хурал нь газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахад хэрэглээгүй, түүнчлэн нэхэмжлэгч компаниудын эрхлэх үйл ажиллагааны чиглэлд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх талаар бүртгэгдээгүй хэмээн тайлбарлан маргаж байна.

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д сумын Хурлын хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг хуульчилсан байх ба 18.1-ийн к-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д газрын харилцааны талаар сумын Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж, 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг ... сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д нутгийн өөрөө удирдах байгууллагын ашигт малтмалын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж, 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т  ... сум... өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно. гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ сумын Хуралд олгогдсон байх ба уг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Завхан аймгийн ******* сумын Хурал 2015 оны 32 дугаар тогтоолыг гаргасан байна.

Маргаан бүхий 2015 оны 32 дугаар тогтоолыг гарахаас өмнө нэхэмжлэгч компаниуд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг газрын солбилцлоор нь тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсчээ.

Тодруулбал, Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Э ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ******* нэртэй 833.29 гектар талбайд, З ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ******* нэртэй 11225.59 гектар талбайд, П ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Нам нэртэй 33230 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст тус тус өргөдөл[2] гаргасан байна.

*******ин Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 541, 7 дугаар сарын 7-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр[3] орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцсан үндэслэлээр уг компаниудад дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3, 26.3.4-т заасны дагуу Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй бөгөөд энэ хүрээнд Э ХХК, З ХХК, П ХХК-уудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч нарын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан уг талбайнууд нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарч орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаж, кадастрын улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6/3878 дугаар албан бичиг[4], шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 488 дугаар дүгнэлт[5] зэргээр тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч Э ХХК, З ХХК, П ХХК-ууд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч өргөдөл гаргасан боловч тэдэнд уг тусгай зөвшөөрөл олгогдоогүй, дээрх нэр бүхий газар талбайд ашигт малтмал эрж хайх эрх тэдэнд үүсээгүй байгаа учраас маргаан бүхий захиргааны актын улмаас тэдний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүйюм.

Тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу зураг зүйн бүртгэлд бүртгэж авснаар тухайн нэр бүхий талбайнуудад ашигт малтмал хайх үйл ажиллагаа хориглогдож, эрх зүйн үйлчлэл үзүүлж эхэлсэн байна.

Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч өргөдөл гаргасан талбай бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг Ашигт малтмалын тухай хуулиар хориглоогүй байх тул газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэсэн Завхан аймгийн ******* сумын Хурлын 2015 оны 32 дугаар тогтоол нь нэхэмжлэгч компаниудын дээрх өргөдлөө хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлаар гарсан Завхан аймгийн ******* сумын Хурлын 2015 оны 32 дугаар тогтоол нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсгүүдэд зааснаар газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг сумын Хурал тухайн шатны Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэх журамтай байна.

Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр хуралдааны тэмдэглэл[6]ээс харахад уг хуралдаанд сумын Засаг дарга Н.Батболд өөрийн биеэр оролцсон бөгөөд түүний гаргасан саналын дагуу газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн тухайн үед дээрх сумын Хурал нь 7 тэргүүлэгчтэй ажиллаж байсан байх ба анх 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор[7] Тэргүүлэгчдийг сонгосон байна.

Сумын Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр хуралдааны тэмдэглэлийг ...Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл гэх хэвлэмэл хуудсан дээр гаргасан байх ба тэмдэглэлийн агуулгаас харахад уг хуралдаан нь Тэргүүлэгчдийн хуралдаан бус тус Хурлын хуралдаан байх ба нийт 15 төлөөлөгчийн 3-аас бусад төлөөлөгч оролцсон байгаа тул уг хуралдааныг Тэргүүлэгчдийн хуралдаан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд *******иуцагчаас газар нутгийг тусгай хамгаалалтанд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ сумын Засаг даргын саналыг үндэслээгүй тул 2015 оны 32 дугаар тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бөгөөд уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болно гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх тайлбарыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэн гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг хуульчилсан байна.

2015 онд батлан гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгчээс 2017 онд гаргаж байгаа тул уг захиргааны актыг гаргах үед үйлчилж байсан бус одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг шүүх дээрх маргаанд хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг хууль бус болох эсэхийг тогтоох нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг тогтоосон байх ба 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2. бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.3. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4. захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлүүд тогтоогдвол маргаан бүхий захиргааны акт илт хууль бус болохоор байна.

Гэтэл Завхан аймгийн ******* сумын Хурлаас маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн к-д, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд батлан гаргасан бөгөөд утга агуулгын илэрхий алдаагүй, ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, уг тогтоолыг биелүүлэх боломжтой төдийгүй гүйцэтгэх этгээд нь тодорхой, бөгөөд нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Завхан аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыгшийдвэрлэх үед Захиргааны ерөнхий хууль /2015 оны/ батлагдаагүй, хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүйн дээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 13 дугаар зүйлийн 13.2-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэх заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар дээрх үндэслэлээр эрх зүйн үндэслэлгүй байна.

4. *******иуцагч тал Нэхэмжлэгч Э ХХК, З ХХК, П ХХК-ууд нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх талаар эрхгүй, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх тайлбар эрх зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд ашигт малтмал эрж хайх, ашиглахад тавигдах ерөнхий зарчмыг зааж өгсөн ба 7.1-д Хайгуулын ... тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. гэж зааснаас үзвэл Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн аливаа хуулийн этгээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж болохоор байх ба нэхэмжлэгч Э ХХК, З ХХК, П ХХК-ууд нь дээрх шаардлагад нийцсэн хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх талаар улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардахгүй бөгөөд доорх үндэслэлээр ийм шаардлага тавигдах боломжгүй юм.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5-д зааснаар ашигт малтмалын хайгуул хийх ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд хамаардаг учраас уг үйл ажиллагааг эрхлэх бүрдээ зохих захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авахаар байна.

Тиймээс нэхэмжлэгч компаниудыг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх талаараа улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээнд тусгуулаагүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авах асуудлаар маргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа тул энэ талаарх хариуцагч талын тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.1, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахьхэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаас ******* нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, ******* нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, ******* нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий ЭЭЭ ХХК, З ХХК, П ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 10-15 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 69-70 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 101-106 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд