Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 821

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ 19а гудамжны 13 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, РД:ОЮ79011160, Шаавай овогт Нямаагийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Бор-Үзүүрт оршин суух, 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, РД:ОО77101976, Борлууд овогт Чүлтэмийн Тэгшээд холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг /цахимаар/, хариуцагч Ч.Тэгшээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Алтанцэцэг нь 1979 онд төрсөн, 37 настай. Би нөхөр болох Ч.Тэгшээтэй 2002 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Том хүү маань одоо 14 настай, дараагийн хүүхэд 10 настай, бага нь 5 настай. Ч.Тэгшээ нь намайг байнга дарамталдаг ба хутга барьж над руу дайрдаг. Энэ болгонд нь би байнга зугтаадаг байсан. 2009 оноос бид 2 тусдаа амьдрах болсон. 2011 онд бага хүү маань 6 сартай байхад Намайг ална гэж хүзүүнд хутга тулгасан бөгөөд тухайн үед би шүүхэд салах өргөдлөө өгсөн боловч бид хоёрыг салгаагүй. Тэгээд би 3 хүүхдээ авч хот руу явсан ба хадам ээжийн бие муу байна гэхээр нь том хүүгээ буцааж явуулсан. 2011 оны сүүлээр намайг Эрдэнэтэд байхад нөхөр Ч.Тэгшээ араас ирж Ална гэж сүрдүүлээд би тэндээ цагдаагийн газарт мэдэгдэж баривчлуулсан. Том хүү маань Энд байж чадахгүй, хичээлд явах боломж олдохгүй байна гэж хэлсэн тул хүүгээ өөрийн асрамжид авмаар байна. Бид одоо тус тусдаа амьдралтай болсон. Миний хувьд цаашид 3 хүүхдээ өөрөө өсгөөд явах боломжтой, одоо амьдарч байгаа нөхөр маань архи, тамхи хэрэглэдэггүй, янз бүрийн ааш зан байхгүй, намайг ямар нэгэн байдлаар дарамталж байгаагүй, 2 хүүхэд маань Ааваа гэж дууддаг, надад халамж их тавьдаг юм. Ч.Тэгшээгийн хувьд одоо амьдарч байгаа эхнэр Цэрэндэжид нь 4 хүүхэдтэй болохоор миний хүүг цаашид өөр дээрээ авч тэжээх боломжгүй. Би 12 дугаар сард ирэхдээ Улаангомд Цэрэндэжидтэй уулзаж энэ талаар ярилцаж байсан. Би ч гэсэн одоо нөхөртэй болсон. Тэр хүн хүүхдүүдэд маань их хайр халамжтай байдаг, одоо ч гэсэн хүүхдийг маань аваад үүдэнд байж байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

    Хариуцагч Ч.Тэгшээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Миний бие Ч.Тэгшээ нь Н.Алтанцэцэгтэй 2002 онд гэр бүл болж, 3 хүүхэдтэй болсон бөгөөд том хүү маань 14 настай, дунд охин 10 настай, бага хүү 5 настай юмаа. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа ба хэрвээ шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргавал хүүхдүүдээ өөрийн асрамжид авч үлдэхийг хүсэж байгаа. Яагаад гэвэл эхнэр Н.Алтанцэцэг нь 5 жилийн өмнөөс гэртээ байхаа больж, хот руу явсан. Хүүхдүүд маань ээж бид хоёрын асрамжид байдаг байсан ба Н.Алтанцэцэг 2015 оны намар өдийд 2 хүүхдээ аваад явсан. Н.Алтанцэцэг хүүхдүүдээ ээж бид хоёр дээр хаяад олон жил явсан, үр хүүхэддээ санаа тавьдаггүй, хэд хэдэн хүнтэй нэр холбогдоод явааг сонсож мэдсэн. Энэ хугацаанд хүүхдүүдээ би ээжийн хамт асран халамжилж байсан. Миний хувьд хүүхдүүдээ асран хамгаалж, сурч боловсроход нь өөрийн бүх боломжоороо хичээж байгаа. Хүүхдүүдийнхээ овгийг дур мэдэн солиулсан зэргээр болчимгүй үйлдэл маш их гаргасан. Н.Алтанцэцэг нь одоо хотод Л.Дамжин гэдэг залуутай нэг гэрт амьдарч байгаа гэсэн. Иймд хүүхдүүдээс минь хэний асрамжид үлдэх талаар саналыг нь авч өгнө үү. Н.Алтанцэцэг намайг өөр хүнтэй суусан гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Энэ бол ор үндэсгүй худлаа зүйл. Миний хувьд өндөр настай ээжтэй, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг учраас өөрийн болон хүүхдүүдийнхээ дээл хувцсыг хүнээр оёулах шаардлага гардаг, ийм л шаардлагаар эмэгтэй хүнтэй харьцаж байсан болохоос биш хэн нэгэнтэй ямар нэгэн хувийн харьцаа байхгүй, үр хүүдээ хүн болгох гэж л зүтгэж явна. Том хүү маань ээж бид хоёртой байдаг хүүгээ өөрөө авах хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь хариуцагч Ч.Тэгшээгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Н.Алтанцэцэг, Ч.Тэгшээ нар 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2002 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү А.Бат-Эрдэнэ, 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин Т.Болор-Эрдэнэ, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Бумбаяр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар ПА ¹34 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ¹0000829792, ¹0000899909, ¹0462865 тоот төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь гэр бүлтэй болсон болох нь зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

      Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хөдөлмөр эрхлэлт зэрэг нөхцөл байдал болон зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү А.Бат-Эрдэнийг эцэг Ч.Тэгшээгийн асрамжид үлдээж, охин Т.Болор-Эрдэнэ, хүү Т.Бумбаяр нарыг эх Н.Алтанцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Т.Болор-Эрдэнэ, хүү Т.Бумбаяр нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Ч.Тэгшээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Ч.Тэгшээгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Алтанцэцэгт олгох, хариуцагчаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Орхон аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 170.800 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 85.400 /2хүүхэд нийт 170.800/ төгрөгийг сар бүр нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол нийт 2.049.600 төгрөг, үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 47.744 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Тэгшээгээс гаргуулж улсын орлогод оруулах зэрэг үндэслэлтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Шаавай овогт Нямаагийн Алтанцэцэг, Борлууд овогт Чүлтэмийн Тэгшээ нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2002 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү төрсөн хүү А.Бат-Эрдэнийг эцэг Ч.Тэгшээгийн асрамжид, 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин Т.Болор-Эрдэнэ, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Бумбаяр нарыг эх Н.Алтанцэцэгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

      3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Т.Болор-Эрдэнэ, хүү Т.Бумбаяр нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр  эцэг Ч.Тэгшээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

       4. Зохигчдод эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т  нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тэгшээгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Алтанцэцэгт олгож, хариуцагч Ч.Тэгшээгээс 47.744 гаргуулж улсын орлогод оруулсугай.

       6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР