Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 01

 

 

 

           

 

           

 

 

 

Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 821 дүгээр шийдвэртэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар багт оршин суух, Шаавай овогт Нямаагийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт оршин суух, Борлууд овогт Чүлтэмийн Тэгшээд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Тэгшээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Н.Алтанцэцэг нь 1979 онд төрсөн, 37 настай. Би нөхөр болох Ч.Тэгшээтэй 2002 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Том хүү маань одоо 14 настай, дараагийн хүүхэд 10 настай, бага нь 5 настай. 2009 оноос бид 2 тусдаа амьдрах болсон. 2011 онд би шүүхэд салах өргөдлөө өгсөн боловч бид хоёрыг салгаагүй. Тэгээд би 3 хүүхдээ авч хот руу явсан ба хадам ээжийн бие муу байна гэхээр нь том хүүгээ буцааж явуулсан. Том хүү маань энд байж чадахгүй, хичээлд явах боломж олдохгүй байна гэж хэлсэн тул хүүгээ өөрийн асрамжид авмаар байна. Бид одоо тус тусдаа амьдралтай болсон. Миний хувьд цаашид 3 хүүхдээ өөрөө өсгөөд явах боломжтой. Ч.Тэгшээгийн хувьд одоо амьдарч байгаа эхнэр Цэрэндэжид нь 4 хүүхэдтэй болохоор миний хүүг цаашид өөр дээрээ авч тэжээх боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие Ч.Тэгшээ нь Н.Алтанцэцэгтэй 2002 онд гэр бүл болж, 3 хүүхэдтэй болсон бөгөөд том хүү маань 14 настай, дунд охин 10 настай, бага хүү 5 настай юмаа. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа ба хэрвээ шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргавал хүүхдүүдээ өөрийн асрамжид авч үлдэхийг хүсэж байгаа. Яагаад гэвэл эхнэр Н.Алтанцэцэг нь 5 жилийн өмнөөс гэртээ байхаа больж, хот руу явсан. Хүүхдүүд маань ээж бид хоёрын асрамжид байдаг байсан ба Н.Алтанцэцэг 2015 оны намар өдийд 2 хүүхдээ аваад явсан. Н.Алтанцэцэг хүүхдүүдээ ээж бид хоёр дээр хаяад олон жил явсан, үр хүүхэддээ санаа тавьдаггүй, хэд хэдэн хүнтэй нэр холбогдоод явааг сонсож мэдсэн. Энэ хугацаанд хүүхдүүдээ би ээжийн хамт асран халамжилж байсан. Миний хувьд хүүхдүүдээ асран хамгаалж, сурч боловсроход нь өөрийн бүх боломжоороо хичээж байгаа. Хүүхдүүдийнхээ овгийг дур мэдэн солиулсан зэргээр болчимгүй үйлдэл маш их гаргасан. Иймд хүүхдүүдээс минь хэний асрамжид үлдэх талаар саналыг нь авч өгнө үү. Н.Алтанцэцэг намайг өөр хүнтэй суусан гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Энэ бол ор үндэсгүй худлаа зүйл. Том хүү маань ээж бид хоёртой байдаг хүүгээ өөрөө авах хүсэлтэй байна.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Шаавай овогт Нямаагийн Алтанцэцэг, Борлууд овогт Чүлтэмийн Тэгшээ нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2002 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү төрсөн хүү А.Бат-Эрдэнийг эцэг Ч.Тэгшээгийн асрамжид, 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин Т.Болор-Эрдэнэ, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Бумбаяр нарыг эх Н.Алтанцэцэгийн асрамжид тус тус үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Т.Болор-Эрдэнэ, хүү Т.Бумбаяр нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ч.Тэгшээгээр тэжээн тэтгүүлсүгэй. 4. Зохигчдод эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай. 5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тэгшээгээс70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Алтанцэцэгт олгож, хариуцагч Ч.Тэгшээгээс 47.744 гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд "эцэг эх хэн хэн нь үр хүүхдээ ...тэжээн тэтгэх талаар тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр" заасан. Гэтэл миний хүү А.Бат-Эрдэнэ нь гэрлэлт цуцлах үед 14 нас 3 сартай, насанд хүрээгүй байхад түүнд ээж Н.Алтанцэцэгээс нь тэтгэлэг гаргуулж олгохоор шийдвэрлээгүй нь хуульд нийцэхгүй байгаа төдийгүй шударга ёсны болон тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан өрөөсгөл шийдвэр болжээ. Учир нь энэ шийдвэр нь миний хүү Т.Бат-Эрдэнийн эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж хязгаарласан, Н.Алтанцэцэгийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэр байх тул хүү А.Бат-Эрдэнийг 18 нас хүртэл нь ээж Н.Алтанцэцэгээр нь тэжээн тэтгүүлж, хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү Т.Бат-Эрдэнэд эх Н.Алтанцэцэгээс нь хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилгааг хуульд заасан журмаар явуулж, гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамжийг шийдвэрлэн нэхэмжлэлийг хангасан атлаа хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хуулийг оновчтой хэрэглээгүйг залруулан шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгсэд 2002 онд гэр бүл болсноор 2002 оны 08 дугаар сарын 26-нд хүү А.Бат-эрдэнэ, 2006 оны 08 дугаар сарын 29-нд охин Т.Болор-эрдэнэ, 2011 оны 05 дугаар сарын 25-нд хүү Т.Бумбаяр нарыг төрүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, зохигчид  уг үйл баримтын талаар маргаагүй болно.

Шүүх охин Т.Болор-эрдэнэ, хүү Т.Бумбаяр нарыг эх Н.Алтанцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг Ч.Тэгшээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, эцэг Ч.Тэгшээгийн асрамжинд хүү А.Бат-Эрдэнийг үлдээсэн боловч түүнд тэтгэлэг тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-т “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-т “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэх гэр бүлийн харилцааг зохицуулсан тэгш эрхийн болон шударга ёсны суурь зарчмуудыг тус тус зөрчжээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” зарчим хэрэгжүүлээгүйгээс гадна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дэх хэсгийн “Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” үүргээс эх Н.Алтанцэцэгийг чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг эх Н.Алтанцэцэгээс гаргуулан хүү А.Бат-Эрдэнэд олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагч Ч.Тэгшээ давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар  чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

           

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 821 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь  заалтын “...эцэг Ч.Тэгшээгээр...” гэсний  дараа “ ..., 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Алтанцэцэгийн Бат-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Н.Алтанцэцэгээр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.” гэж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар  зүйлийн 58.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч Ч.Тэгшээ нь чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ                              

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

Д.ЖАМБАЛСҮРЭН