Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01054

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00010 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 574 дүгээр магадлалтай,

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

Ш.Д-т холбогдох,     

Түрээсийн гэрээний үүрэгт 59.050.666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ш.Д-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ш.Д- нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6 дугаар хороолол самбуугийн гудамж 22 дугаар байр 22 тоот хаягт байршилтай 244,62 мкв талбайг ажлын байрны түрээсийн гэрээ хийж нэг сарын түрээсийн төлбөр 4.200.000 төгрөг байхаар тохиролцсон. Гэвч түрээслэгч Ш.Д- нь түрээсэлж ихэлсэн цагаасаа эхлэн гэрээнд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна түрээсийн төлбөрийг байнга дутуу, хугацаа хожимдуулан хийж түрээслэгч талдаа байнга хохирол учруулж ирсэн. Түрээслэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа тул түрээсийн төлбөрийг буулгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг нь хүлээн авч 2016 оны 9 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 3.400.000 төгрөг болгон багасгасан боловч мөн л гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өдий хүрсэн. Иймд иргэн Ш.Д-ээс 59.050.666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Д-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...миний бие ажлын байрны зориулалтаар түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч 2016 оны 6 сараас эхлэн бизнесийн уналтанд орж түрээсээ бүрэн төлж чадахгүй алдагдалд орж эхэлсэн. Энэ хугацаанд түрээсийг багасгах зарим талбайг өөр хүмүүст түрээслэх талаар байнга түрээслүүлэгч Т.Г-т хандаж хүсэлт гаргаж байсан. Гэвч манай хүү мэднэ, завгүй байна гэсээр хүсэлтийг хүлээж авахгүй байсаар маш их хугацаа алдсан. Улмаар 1 м.кв-ийг 20.000 төгрөгөөр бодож 3 өрөөг 1.780.000 төгрөгөөр авч үлдсэн боловч дахин төлж чадахгүй байдалд хүрч 2017 оны 4 сарын 9-нд дахин түрээслүүлэгчтэй уулзаж нөхцөл байдлаа хэлсэн боловч хүлээн аваагүй. Ингээд аргагүй эрхэнд 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс  Гэгээ тураах төв 3 өрөөнд, 2017 оны 4 сарын 10-наас зар өгч 2017 оны 5 сарын 24-нд Ачит эверланд гэх халамжийн байгууллагыг 2 өрөөнд нь оруулсан. Одоо энэхүү байр бүрэн ашиглагдаж түрээслүүлэгчид мөнгөө төлөн ажиллаж байгаа. Миний хувьд бизнесийн уналтанд орсон ч түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг төлөө бүх боломжоо ашиглан 25.260.000 төгрөгийг төлсөн. Мөн түрээслүүлэгчийг хохироохгүй тулд зар гаргаж түрээслүүлэгчид олж оруулсан. Иймд миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00010 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 292 дугаар зүйлийн 292.3, 323 дугаар зүйлийн 232.4, 232.6-т зааснаар хариуцагч Ш.Д-ээс 30.960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-т олгож нэхэмжлэлээс үлдэх 28.090.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 453.203 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д-ээс 312.750 төгрөг гаргуулж Т.Г-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 574 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00010 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Д-ээс 23.170.666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 35.880.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 312.750 гэснийг 273.803 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заальыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ш.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хариуцагчийн эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд үр шимийг хүртсэн тул ашигласан хугацаанд ногдох төлөөгүй үлдсэн төлбөр 23.170.666 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дурдсан. Нэхэмжлэгч Т.Г-т Г.Цэрэнпүрэв нь 2016 оны 02 сарын 01-нд 3 жилийн хугацаатай итгэмжлэл хуулийн дагуу өгсөн ч тэдний түрээслэн ашиг олж буй байр нь Г.Цэрэнпүрэвийн нэр дээр эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ аваагүй өмчлөх эрх нь бяталгаажаагүй байхад хэний хөрөнгө нь тодорхой бус үл хөдлөх хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийг олгосон нь хууль бус байсныг анхаараагүй. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байсныг дурдсан, мөн түрээсийн гэрээний 3.4-т гэрээний хугацаанд зах зээлийн үнийн өөрчлөлт гарсан тохиолдолд түрээсийн төлбөрийг зөвхөн нэмэхээр зохицуулсан хууль зөрчсөн хэт нэг талыг барьсан заалт оруулсан, мөн түрээслэгч талд удаа дараа санхүүгийн хүндрэлд орсон энэхүү түрээсийн байрнаас ашиг олж, үр шим хүртэхээ байсан талаар хүсэлт гаргаж түрээсийн гэрээг цуцлах саналыг Т.Г-т тавьж байхад би мэдэхгүй манай хүү мэднэ гэж удаа дараа зугатаж уулздаггүй байсан байдал, хөөцөлдөж байж хүүг нь олоод уулзахаар аашилж загнан айлган сүрдүүлж заналхийлж гэрээний нөхцлийн талаар санал бодлыг сонсдоггүй байсан зэрэг хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой баримтуудыг үнэлж үзээгүй. Хууль зөрчсөн өмчлөх эрхгүй хууль бусаар мөнгө хүүлэгч нэхэмжлэгчийн хууль бус шаардлагыг дэмжиж 23.170.666 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмчлөх эрх нь үүсээгүй үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар түрээсэлж хуульд нийцээгүй хэт нэг талыг барьсан түрээслэгчийн эрх ашгийг илт хохироосон энэхүү гэрээний дагуу үр шимийг нь хүртэж чадаагүй ч 25.260.000 төгрөгийг түрээслэгчид төлсөн. Үүнийгээ буцааж нэхээгүй. Иймд үр шимийг нь хүртэж чадаагүй түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож Иргэний хуулийн 318.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хуулийн дагуу маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ш.Д- нь нэхэмжлэгч Т.Г-тэй 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бичгийн хэлбэрээр түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, Г.Цэрэнпүрэвийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15/141 Самбуугийн гудамж 22 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 244.62 м.кв талбайтай оффиссын зориулалттай байрыг сард 4.200.000 төгрөг төлж, эзэмшиж, ашиглахаар тохиролцсон нь тогтоогджээ.

Зохигчийн хооронд түрээсийн харилцаа үүссэн боловч уг гэрээ хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн давж заалдах  шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах ба бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, ...энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхыг Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулж, лавлагаа гаргуулахаар хариуцагчийн хүсэлтээр шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулсан, тус байгууллагаас түрээсийн зүйл болсон ажлын байр нь иргэн Г.Цэрэнпүрэвийн өмчлөлд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, зохигчийн байгуулсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн албан бичгийг ирүүлжээ.

Уг баримтад тухайн үл хөдлөх эд хөрөнгө Г.Цэрэнпүрэвийн өмчлөлд бүртгэгдэхээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан эсэхийг тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан агуулгаар дүгнэлт хийж, хүчин төгөлдөр гэрээний үүргийн биелэлт, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсний хариуцлага буюу алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч Ш.Д- байрыг анх гэрээ байгуулсан 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл эзэмшиж ашигласан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг үндэслэж, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар ашигласан хугацааны төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Төлбөрийн хэмжээ, байрыг эзэмшилдээ байлгасан цаг хугацааг хариуцагч няцааж чадаагүй тул “төлбөр гаргуулсныг үндэслэлгүй” гэж үзсэн хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 574 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 273.800 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ