Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0311

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0311

Улаанбаатар хот

 

 

                  Д.Ө-ын нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

                                                                                                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Б.Б, хариуцагч бөгөөд хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б, М.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын давж заалдах гомдлоор, Д.Ө-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Ө-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “Миний бие Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж, тогтоогоогүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Д.Ө-ын 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр байх бөгөөд уг дэвтэрт 1987 оны 3, 4, 7, 8 дугаар сар, 1988 оны 6-9 дүгээр сарын цалин бичилттэй мөн өөрийнх нь хувийн өргөдөлд “миний бие 1987 оноос 1988 онд “Ардын зориг” нэгдэлд ажилласан” гэсэн байна. Гэтэл Д.Ө нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгохдоо хөдөлмөрийн дэвтрээ нууж, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгожээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 2-т Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэж заасан бөгөөд Д.Ө-ын хувьд шүүхийн шийдвэрээр 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгосон 7 жил 7 сар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жил нөхөн тооцуулсан 10 жил, 3 хүүхэд төрүүлсэн хугацааг 4 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийт 22 жил 1 сараас түүний шүүхийн шийдвэрээр малчнаар тогтоолгосон хугацааг хасаж тооцвол хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа болно. Өнөөдрийн байдлаар Д.Ө нь хуурамч үйл явдал тогтоолгож, нийгмийн даатгалын санд 3,454,838 төгрөгийн хохирлыг учруулаад байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Д.Ө-ын энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийж байгаа бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх баримтыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ө-аас “Д.Ө-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г нар нь маргаан бүхий 37 дугаар актаар Д.Ө нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасныг зөрчиж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр түүнд олгосон 3,454,838 төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэврийг олгоогүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 4.7.2-т “Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Ө нь нийт 12 жил 7 сар малчнаар ажилласан, нийт 22 жил 1 сар нийгмийн даатгал төлсөн болох нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 121 дүгээр шүүхийн шийдвэр, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/76 дугаар тодорхойлолт, малын А дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд “... шүүхийн шийдвэрээр тогтоосон жилтэй холбоотой маргаж байгаа, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн баримтад хуурамч бичиг баримт байхгүй” гэж мэдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны талаар маргаагүй байна.

Дээрх 121 дүгээр шүүхийн шийдвэрээр Д.Ө-ыг Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа нь Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч нараас “... Д.Ө-ын 1989 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 3, 4, 7, 8 дугаар сар, 1988 оны 6-9 дүгээр сарын цалингийн бичилттэй, мөн хувийн өргөдөлд 1987-1988 онд “Ардын зориг” нэгдэлд ажилласан гэсэн. Гэтэл 121 дүгээр шийдвэрээр 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоосон нь дээрх материалтай зөрж байгаа, иймд тэтгэвэр авагчийн баримт бичиг нь хуурамч болох магадлалтай гэж үзсэн, ... шүүхийн шийдвэрээр малчнаар тогтоолгосон хугацааг хасаж тооцвол 12 жил, 6 сараас доошгүй жил малчнаар ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа” гэж тайлбарлан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1.1-д зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь малчнаар ажилласан хугацааг тооцох баримтад хамаарч байх тул энэ талаарх анхан шатны  шүүхийн дүгнэлт зөв байна.  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон ... үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхээр хуульчилсан байхад хариуцагч нараас “... тэтгэвэр авагчийн баримт бичиг нь хуурамч болох магадлалтай гэж үзсэн” гэх тайлбарыг хийж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь уг маргааны хувьд хариуцагч нараас нэхэмжлэгч Д.Ө-ыг  чухам ямар баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн, түүнийг хэн, хэзээ, хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, эрх бүхий этгээдээс ийнхүү шийдвэр гаргасан зүйлгүй байхад таамаглах буюу сэрдэх  байдлаар шийдвэр гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг зөрчжээ гэж үзэхээр байна.

            Хариуцагчийн “... Д.Ө-ын хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, зохих ажиллагаа хийж байгаа, анхан шатны шүүх энэ талаарх баримтыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд. Хариуцагчаас “... “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг гаргаж, нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоосны дараа энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан...”  гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн бөгөөд хэрэгт үүнтэй холбоотой баримт авагдаагүй тул  шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна энэ нь маргаан бүхий 37 дугаар акт гарснаас хойших үйл баримт болохыг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дээр дурдсан 121 дугаартай шүүхийн шийдвэр, холбогдох баримтуудыг үндэслэн Д.Ө-ын тэтгэврийг тогтоосон атлаа “... 1983 оноос Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нотлох баримт хангалтгүй тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй, ... түүнд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс олгосон 3,454,838 төгрөгийг буцаан төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор акт тавьсан” гэж байгаа нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн үндэслэлгүй тайлбар байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

               ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН