Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 763

 

Б.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох 201725031035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт Б.С, 1996 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт ........................... оршин суух,

2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 2 дугаар 17-ны өдөр 10 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ................................../;

Б.С нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-г хохирогчийн зүй бус харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Сд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг, хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн, 90 хоногийн хорих ялаар тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 56 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан 1 жил 56 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Б.С нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг өмгөөлөгчийн зүгээс хүсч байна. Түүнчлэн Б.Сгийн гэр бүлийн байдал нэн ядуу, төрсөн эхийнх нь биеийн байдал муу, эмнэлгийн хяналтанд байдаг, бага насны төрсөн дүү нь асран хамгаалах хүнгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Б.Сд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэжээ.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Уг гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх нөхцлийг 7 байдлаар хуульчилсан. Б.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээс харахад дээрх зүйл ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгээд ялыг нэмж нэгтгээд биечлэн эдлэх ялыг тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.С нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-г хохирогчийн зүй бус харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Н.М-н “... 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр О, Д, Б, Л, П, З нартай 139 дүгээр сургуулийн орчим юм яриад зогсож байтал Б.С хүрч ирээд надад “би одоо утсаа ломбарданд тавих гэж байна, чи надад утсаа бариулчих” гэсэн. Тэгэхээр нь би тэг дээ гээд өөрийнхөө Скай 840 загварын утсаа өгсөн ба Б.С яваад өгсөн. Тэгээд бид нар Д-ийн гэрт очсон ба би өвөөгийнх нь өрөөнд орон дээр хэвтэж байхад тэд нар нөгөө өрөөнд архи юм уу, пиво ууж байсан. Тэгтэл гаднаас Б.С орж ирсэн бөгөөд би босоод тэр хэдийн байсан өрөө рүү орсон. Тэгээд Б.С “та нар юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би “юм яриад л байж байна” гэтэл “надтай юм ярих юм уу” гэхээр нь би “чи зүгээр бай л даа” гэсэн чинь шууд миний зүүн шанаа орчимд гараараа цохисон. Тэгээд газар унагаагаад миний толгой, нүүр, цээж рүү дэвссэн. Тэгээд улаан өнгийн хуванцар сандлаар баруун гар болон хавирга орчимд цохисон. Мөн гутлын шүүгээний хаалганы модон тагаар баруун гар орчим цохиод байсан. Тэгээд би босоод цаад өрөө лүү ортол Б.С дагаж орж ирээд намайг дахин цохиод байсан. Тэгээд Б.С өөрөө зодохоо болиод аяга тавганы шар алчуурыг норго гэж нэгнээр нь норгуулаад гараа арчсан. Тухайн үед Б.С Д-н хаалгыг түгжчихсэн байсан болохоор байшингийн ордог хаалганы хажууд байсан цонхоор нь Зүчи эхлээд гарсан, дараа нь би гараад миний араас Дөлгөөнөө гарч ирсэн. Араас Б.С дуудахаар нь би гэр лүүгээ зугтаачихсан...” /хх-15-16/,

Гэрч Н.Ц-ын “... 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Хайлаастын шинэ баригдсан сургуульд заал авч байгаад З, М, О, Б, Л нартай сургуулийн урд сууж байтал Б.С дээрээс гудамж уруудаад явж байсан. Тэгээд бид нар дээр хүрч ирээд юм ярьж байгаад Б.С Мөрөн нар бид нараас 20 орчим метрийн зайд очоод юм яриад байсан. Тэгснээ гэнэт Б.С гар утсаа ломбарданд тавихаар болоод хорооллын Өргөө орчим байрлах ломбард явсан. Замдаа Лхагваням 32-н буудал дээр буусан. Тэгээд бид нар Б.Сгийн утсыг тавьчихаад буцаж Хайлаастад ирсэн. Тэгэхэд Барсболд биднээс салаад явсан ба бид нар архи пиво аваад гудамжинд уусан. Тэгээд нэмж пиво уухаар болоод 84-н буудал орж пиво аваад буцаад эцэс дээр ирэхэд Д манай өвөөгийн гэрт хүн байхгүй, тийшээ явъя гэсэн. Д ахынхаа гэр лүү ороход өвөөгийнх нь түлхүүр байгаагүй бөгөөд цонхоор нь оръё гээд Зүчи, Б.С,  О, Д, М бид нар цонхоор нь орсон. Тэгээд хаалга нь дотроосоо онгойдог тул хаалгыг нь онгойлгоод орсон. Зүчи бид хоёр гэр ойрхон байдаг тул явъя гэж байтал М, Б.Стэй юм яриад байх шиг байснаа Б.С босч ирээд шууд М-ийн нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би айгаад гэрээс нь гараад явчихсан...” /хх-17/,

Гэрч Ж.З-н “... 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед П бид хоёр тэдний ангийнхантай заал авчихаад гарч ирэхэд гадаа М, Л, Б, Д, О нар машинтай ирчихсэн пиво ууя гээд байсан. Тэр үед мөнгөтэй хүн байгаагүй бөгөөд гудамж уруудаад Б.С ирж байсан. Тэгэхэд М, Б.Сгийн утсыг тавиулчихъя гээд Б.Стэй тэд нар  юм ярьж байгаад Б.С нэгж авна гээд доошоо яваад өгсөн. П бид хоёрт байсан 6000 төгрөгөөр нэг том пиво аваад ууж байтал Б.С эргээд хүрээд ирсэн. Тэгээд П бид хоёр эцсийн буудал руу ангийнхантай уулзахаар яваад байж байтал Барсболд машинтай хүрч ирээд бид хоёрт Б.С утсаа тавихаар болчихлоо, хүрээд ир гээд дуудсан. Бид нар хороолол орж Б.Сгийн утсыг тавиад буцаж Хайлаастад ирсэн. Тэгээд 1 шил 0.75 литрийн архи, 1 шил 0.5 литрийн архи, нэг том пиво авсан. Тэгээд архи, пивоо бид гудамжинд байдаг худаг дээр очиж уусан ба ууж дуусаад дахин 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэгэхэд Д манай өвөөгийн гэрт очиж ууя гээд бид нарыг  дагуулаад явсан. Өвөөгийнх нь гэр онгойхгүй болохоор нь П цонхоор нь ороод дотроос нь хаалгыг нь онгойлгож бид нар орсон. Тэгээд архиа уугаад байж байтал Мөрөн, Б.Сд “чи тэнсэнтэй байж яах гэж хүнтэй муудалцдаг юм” гэсэн чинь Б.С уурлаад “чамд ямар хамаатай юм бэ” гээд Мөрөнгийн нүүр болон толгой руу нь цохиод байсан. Бид нар салгах гэхээр бас дайрах гээд байсан. Энэ хооронд Ц гараад зугтаачихсан. Тухайн үед О нөгөө өрөөнд тасраад унтаж байснаа Б.Сд “атмаанаа унтмаар байна” гэхэд Б.С юу гэнээ гээд нөгөө өрөө лүү орох хооронд бид нар гарч зугтаасан...” /хх-18/,

Б.Сгийн сэжигтнээр өгсөн “... 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед дэлгүүр орохоор автобусны буудал явах замд 139 дүгээр сургуулийн орчим М, З, П, О, Д, Л, Б нар зааланд тоглож байгаад гарч ирлээ гээд зогсож байсан. Би тэдэнтэй мэнд мэдчихээд явж дэлгүүр орчихоод буцаад ирэхэд тэд нар нэг пиво уугаад байж байсан. Тэгээд пивоо ууж дуусгаад М намайг утсаа тавьчих гээд гуйгаад байхаар нь Б, П, З, О бид нар хороолол орж миний утсыг 60.000 төгрөгөөр тавьсан. Намайг утсаа тавьсны дараа М намайг түр барьж бай гээд өөрийнхөө барьж байсан утсыг надад өгсөн. Ингээд бид нар буцаж Хайлаастад ирээд 1 том пиво, 1 шил 0.5 литрийн архи аваад цагаан худгийн орчим очиж уусан. Тэгээд архиа дуусгаад намайг явлаа гэхэд Д хоёулаа доошлоод энэ хэдэд пиво авч ирээд, манай өвөөгийн гэрт орж ууя гэсэн. Тэгээд бид нар дэлгүүр орж 1 пиво аваад Дөлгөөнөөгийн өвөөгийн гэрт очоод пивоо уугаад байж байтал Мөрөн намайг “шоронгийн тав минь” гэх мэт хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь “яагаад байгаа юм бэ” гэхэд юм дуугарахгүй муухай хараад л суугаад байсан. Тэгээд хэсэг байж байснаа “яасан өвгөөн” гэхээр нь миний дургүй хүрээд М сууж байхад нь нүүр лүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд М намайг унагаах гэж оролдохоор нь би нуруу луу нь баруун гарынхаа тохойгоор 2 удаа цохисон. Тэгээд бид 2 зодолдохоо больсон ба Мөрөн чи намайг яаж байгаа юм бэ гэхээр нь “чи яагаад намайг доромжилж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Мөрөн юу ч дуугарахгүй гараад явчихсан. Тэгээд би араас нь гартал М байхгүй болчихсон байсан. Гэрийнх нь орчим очтол М гүүрэн дээр явж байсан бөгөөд дуудсан чинь цаашаа зугтаагаад явчихсан...” /хх-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Н.Мн биед тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, хамрын зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5789 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-40/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-45/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Сд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг, хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн, 90 хоногийн хорих ялаар тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Сгийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 56 хоногийн хугацаагаар тогтоосугай гэж бичсэнийг давж заалдах шатны шүүхээс 1 жил 1 сар 26 хоног болгож зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.-с “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Сд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Сд оногдуулсан ял шийтгэлийн төрөл хэмжээ, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтад “... нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 56 хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “... нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

- 4 дэх заалтад “... Б.Сд оногдуулсан 1 жил 56 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй ...” гэснийг “... Б.Сд оногдуулсан 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН