Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/351

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овгийн Б.Дид холбогдох эрүүгийн 201725030872 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бор овгийн Б.Д, 1995 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нарантуул-2 худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эгч, дүү хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-616 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИЖ95082811.

Үйлдсэн хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвийн ажилчдын хувцас солих өрөөнд байрлах Б.Л, С.Э нарын 172 дугаартай сейфийг хөшиж онгойлгон 1.230.000 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа ойлгож байгаа, дахин хулгай хийхгүй ээ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйл ажиллагаа эрхэлдэг худалдааны төвийнхөө хувцас солих өрөөний 172 дугаарын сейфэнд орлогынхоо дээж болох 20.000 төгрөгийг хийх гээд үзэхэд сейфны цоожны зүүг махийлгаж мурийлгасан байхаар нь дүү Этай хамтарч тэжээдэг мөнгөний гахай алга болсон байсан. Тэгээд дүү Э руу залгаад хамгаалалтын албаны хүмүүстэй хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд мах шулдаг Даваа гэдэг залуу авсан байсан. Тэгээд Давааг дуудаж асуухад гахайг хаясан гэж хэлэхээр нь манай дүү Э ахдаа хэлчих гэхэд би тэр гахайг Цайзад хадмындаа нуусан гэсэн. Тэгээд би мөнгөө аваад тоолоод үзсэн чинь 830.000 төгрөг байсан. Тэгээд би Даваад эгчийнх нь мөнгө дутуу байна гэж хэлсэн чинь манай ээж хөдөө байдаг, 60.000 төгрөгөөр нь эм аваад, 350.000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Даваагийн хадам ах гэх залуу ирээд таны алдагдсан мөнгөнөө дутсан гэж сонслоо. Тэгээд үлдэгдэлийг нь авчирлаа гээд 400.000 төгрөг авчирс өгсөн. Би уг мөнгөний гахайг тэжээгээд удаж байгаа. Уг мөнгөний гахайг дүү Этай хамтарч тэжээж байгаад 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр задлаад дотроос нь гарсан мөнгөө 750.000, 750.000 төгрөгөөр нь хувааж авсан аваад баярын дараагаас тогтмол 20.000-100.000 төгрөгөөр хийж байсан. Одоо надад болон дүү Э бид хоёрт гомдол, санал байхгүй, бид хоёрт учирсан хохиролыг төлсөн гэж бодож байна...” гэжээ /хх-14/.

Хохирогч С.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хамгаалалтын албаны хүмүүстэй камерийн бичлэгийг шүүж үзэхэд өглөөний 6 цаг 10 минутын үед мах шулдаг Даваа хувцас солих өрөө рүү ороод 26 минутын дараа хар өнгийн тортой зүйл бариад гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Тэгээд Давааг байцаагч нарын өрөөнөөс олоод асуухад надруу хараад толгой дохиод байхаар нь одоо толгой тохиод хэрэггүй, хүмүүсийн дэргэд шууд хэл гэсэн чинь тиймээ би авсан гэж хэлсэн. Тэгээд хадмын гэрт байгаа гэхээр нь эгч Л байцаагч Отгоны хамтаар хадмынх нь гэр рүү яваад гадаа нь хүлээж байхад Д гахайгүй халаасандаа мөнгө хийгээд гараад ирсэн. Тэгээд мөнгийг нь тоолж үзэхэд 830.000 төгрөг байсан. Үлдэгдэл мөнгөө яасан гэхэд дуугарахгүй болохоор нь цагдаа дуудаж өгсөн. Маргааш нь Даваагийн ах ирээд цагдаагаас хохирол мөнгө төл гээд байна гээд надад бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Алдагдсан мөнгө бол эгч бид хоёрын дундын өмч байгаа юм. Хохирол барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ /хх-18/.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-49, 54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвийн ажилчдын хувцас солих өрөөнд байрлах Б.Л, С.Э нарын 172 дугаартай сейфийг хөшиж онгойлгон 1.230.000 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Дийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...” гэснийг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ

Хохирогч Б.Л, С.Э нар нь мэдүүлэхдээ шүүгдэгч Б.Дид “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Дийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бор овгийн Б.Дийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН