Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01064

 

А  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02249 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 279 дүгээр магадлалтай,

А  ХХК-ийн нэхэмжлэлтэй

БРГ ХХК, НФ ББСБ ХХК-д тус тус холбогдох,    

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 96.029.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч БРГ ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч БРГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: БРГ ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 13/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын эхлэлийн 00 цэгээс 13.875 км хүртэлх 2х2х2-ын дөрвөлжин хоолой Зш, 1 метрийн хоолой 11ш, 1.5-ын хоолой 4ш нийт авто замын 18 хоолойг 393.000.000 төгрөгийн өртөгт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Захиалагч БРГ ХХК нь гүйцэтгэгч талыг ажлаа гүйцэтгэж эхлэх үед гэрээний дагуу 78.600.000 төгрөг төлөх ёстой байсан ч гэрээгээ зөрчин 1 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн. Ингээд гүүр хоолойн ажлын явцад захиалагчаас, гүйцэтгэгч талд зөвхөн материал болон техник тоног төхөөрөмжийн зардалд нийт 296.970.969 төгрөг төлсөн. Харин үлдэгдэл 96.029.031 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэн гүүр хоолойн ажлыг дуусган 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 02/37/14 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн. Бид гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө захиалагч талаас дутуу авсанаас болж 27 гаруй ажилтны цалин, хөлс болон тус гүүр хоолойн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Дорнод аймагт байрлах хүнс, барилгын материалын дэлгүүр, малчдад өртэй болсон. Иймд БРГ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 96.029.031 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Зам тээврийн яам, Хөгжлийн банктай 2013 оны 6 сарын 14-ний өдөр Гашууны гол ХХК-ийн байгуулсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Гашууны Гол ХХК нь үндсэн гүйцэтгэгчээр, БРГ ХХК нь туслан гүйцэтгэгчээр дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр авсан. БРГ ХХК нь А  ХХК-тай 2013 оны 8 сарын 05-ны өдөр 13/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээгээр 18 ширхэг хоолойг 393.000.000 төгрөгийн өртөгт багтаан 45 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд 391.553.700 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн. А  ХХК нь гэрээгээр тохиролцсон үр дүнг бий болгоогүй бөгөөд доголдолтой ажлын үр дүнг бий болгосон. Ажил гүйцэтгэгч хөлсөө авахад ажлын үр дүн гарсан буюу үр дүнг захиалагч хүлээн авсан нь ач холбогдолтой байхаас үйл ажиллагаа явуулсан нь хамаагүй. Бэлэн болсон ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөс өмнө хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүй. Төлөх хөлсний хэмжээ ч гэсэн амласан үр дүнг хэдий хэмжээнд бий болгосноос шалтгаалан буурч болно. А  ХХК нь ажлын гүйцэтгэл дутуу, 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой ажлын гүйцэтгэлийг 2013-2014 оны хооронд жил дамнан хийж гүйцэтгэсэн. БРГ ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн ихэнх хэсгийг буюу 391.553.700 төгрөгийг гүйцэтгэсэн. А  ХХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж үндсэн гүйцэтгэгч Гашууны Гол ХХК-аас удаа дараа ажлын гүйцэтгэл дутуу, чанаргүй гэх мэт шалтгаануудаар санхүүжилтээ хасуулж дутуу авч ирсэн. Үндсэн гүйцэтгэгч Гашууны гол ХХК нь дутуу чанаргүй А  ХХК-ийн гүйцэтгэсэн 18 ширхэг гүүр хоолойн ажлыг өөрсдийн ажилчид, тоног төхөөрөмж, санхүүжилтээр хийж гүйцэтгэж 2014 оны 12 сарын 23-ны өдөр 02/37/14 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн. 2014.12.23-ны 02/37/14 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт нь БРГ ХХК, А  ХХК-ийн хооронд хийгдсэн ажил хүлээлцэх акт биш тул талуудын хооронд ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байдаг. Мөн гэрээний үнийн дүнгээс НӨАТ 10% -39.300.000 төгрөг, Баталгаат хугацаа 3 жилийн барьцаа гэрээний үнийн 5% 19.650.000 төгрөг суутгалгүй захиалагч тал шилжүүлэн өгсөн байдаг. Иймд БРГ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02249 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан БРГ ХХК, НФ ББСБ ХХК нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 96.029.031 төгрөг гаргуулах А  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 279 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БРГ ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 96.029.031 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч НФ ББСБ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж гэж өөрчилж, хариуцагч БРГ ХХК-иас 638.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч А ХХК-ийн төлсөн 638.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч БРГ ХХК-ийн төлөөлөгч Х.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан манай компаний хохироосон шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй байхад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/32/14 дугаартай улсын комиссын актыг ажил хүлээцсэн баримт гэж үзэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. А  ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусгах ажлыг 2014 оны 10 дугаар сар хүртэл 1 жил гаруй хугацаа хэтрүүлэн хийсэн. Манай компанийн нябо бүртгэлийн тооцоогоор 2014 оны жилийн эцэст гэрээг дүгнэхэд гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 391.553.700 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэсэн, гэрээний дүн 393.000.000 төгрөг үүнээс НӨАТ-ын 10 хувь буюу 39.300.000 төгрөг, үндсэн гэрээний 3 жилийн баталгааны 5 хувь болох 19.650.000 төгрөг, гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн алданги 137.550.000 төгрөг, нийт авлага 196.500.000 төгрөг болсон бөгөөд А  ХХК-д өглөгтэй биш авлагатай болсон. Ажлын гүйцэтгэлийн 3 жилийн баталгаат хугацаа болоогүй, гүүр хоолойн чанарын баталгаат байдал тодорхойгүй зэргээс болж манайх А  ХХК-д холбогдуулж шаардлага гаргаагүй байсан. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл дутуу, доголдолтой байснаас үндсэн захиалагч Гашууны гол ХХК манай компанийн авах төлбөрөөс суутгасан. Бид ажлаа түргэн явуулахын тулд А  ХХК-ийн шаардсан машин механизм, түлш, хайрга, цемент зэрэг бүх зүйлийг тухай бүрд нь нийлүүлж байсан бөгөөд тооцооллыг хийж, тооцоо нийлсэн актыг хүргүүлж байсан нэхэмжлэгч байгууллагын удирдлагууд нь ажлын талбайд очиж ажлаагүй тул тооцоо нийлж чадаагүй. Ажил дууссаны дараа удирдлагуудтай уулзаж тооцоог танилцуулахад 2014 онд авсан материалын үнэ таарч байна харин Гашууны гол ХХК-ийн суутгасан төлбөрийг зөвшөөрөхгүй гээд тооцоо нийлсэн актад гарын үсэг зураагүй. А  ХХК-ийн тооцоо нийлээгүй шалтгаан нь манай компани төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх 2013 онд авсан төлбөрийн үнийн дүнгээр өнгөц дүгнэж, 2014 онд манайхаас авсан түлш, хайрга, цемент, ашигласан машин механизм техникүүд, төлсөн мөнгөн төлбөрийг бүхэлд нь үгүйсгэж талуудын хооронд тооцооны үлдэгдлийн баталгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэсэн. Мөн Гашууны гол ХХК, БРГ ХХК-ийн хооронд байгуулагдсан авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт байхгүй байхад нэхэмжлэгчийн тайлбар, тэдгээрийн албан бичигт үндэслэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А  ХХК, БРГ ХХК, НФ ББСБ-д холбогдуулж ажлын хөлс 69.029.031 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...ажлыг дутуу, чанаргүй, хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн, ерөнхий гүйцэтгэгч Гашууны гол ХХК дутуу ажлыг өөрийн зардлаар гүйцээж хийсэн, төлбөрийг бүрэн хийгдсэн...” үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигчийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 13/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А  ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын эхлэлийн 00 цэгээс эхлэн 13.875 км хүртэл нийт 18 ширхэг хоолойг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 19-ний дотор багтаан хийж гүйцэтгэх, хариуцагч БРГ ХХК нь ажлын хөлсөнд 393.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Ажлын хөлсөнд нийт 296.970.969 төгрөг төлсөнд зохигч маргаагүй байна.

Гагцхүү зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь ажил гүйцэтгэгч ажлыг 100 хувь гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн эсэх байжээ.

Тухайн 27.75 км замын ажлыг Гашууны гол ХХК гүйцэтгэх үүргийг Зам тээврийн яам, Хөгжлийн банкны өмнө хүлээсэн байх бөгөөд БРГ ХХК нь Гашууны гол ХХК-тай туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан, БРГ ХХК нь А  ХХК-г туслан гүйцэтгэгчээр тус тус ажиллуулсан нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэргээр тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “гүүр хоолойн ажлыг батлагдсан зураг төсөл, титулын список батлагдсан журмын дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж уг автозамын барилгын хяналтын компаниар хянуулан захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан боловч зохигч ажлыг хүлээлцсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэсэн хэдий ч тухайн замын ажлыг бүхэлд нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан ба нэхэмжлэгчийг ажлыг чанаргүй, дутуу хийснээс  ерөнхий гүйцэтгэгч Гашууны гол ХХК өөрийн зардлаар гүйцээсэн гэх тайлбараа  хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Иймд ажлын үр дүнг хүлээн авч ашиглаж байгаа  учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч БРГ ХХК нь гэрээ ёсоор ажлын хөлс төлөх үүргийг хүлээнэ.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр зөвхөн ажлыг гэрээнд заасан журмаар хүлээлгэн өгөөгүйгээс ажлын хөлс шаардах эрх үүсэхгүй гэж үзэж, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн бөгөөд энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч А  ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар НФ ББСБ-г татсан боловч тухайн байгууллага хууль болон гэрээний дагуу нэхэмжлэлийг хариуцах этгээд биш болох нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргаагүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 279 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч БРГ ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч БРГ ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 638.095 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ