Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                   Б.Батзориг

                       Шүүгчид                               С.Энхжаргал

                                                                    Г.Давааренчин

           Оролцогчид:

           Нэхэмжлэгч                            Н.Соёлмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   А.Ариунзаяа

Хариуцагчийн төлөөлөгч      С.Энхсаруул

Хариуцагчийн өмгөөлөгч      А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад     Э.Ундрам нар оролцож

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах  гомдлоор  Н.Соёлмаа, Б.Доржготов нарын нэхэмжлэлтэй Ц.Сүрэнд холбогдох “зээл, махны төлбөр 4.921.000 төгрөг гаргуулах тухай”, “5.610.450 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Сүрэн гуай Дархан-Уул аймагт амьдардаг манай хүргэн ах Б.Доржготовын гэрт очиж 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай бичгээр гэрээ хийн зээлж авсан. Тэгээд 1 сарын дараа хүү болох 500.000 төгрөгийг өгч дахин нэг сараар сунгасан. Тэгтэл манай хүргэн ах Б.Доржготов Ховд аймаг нутаг руугаа явах гээд надад “Ц.Сүрэнгээс зээлсэн 5.000.000 төгрөгийг хүүгийн хамт аваад өгөөч” гэхээр нь Ц.Сүрэн гуайд хэлэхэд надад “Одоо эгчид нь ямар ч мөнгө алга чи аргал” гээд байхаар нь би хүүгийнхээ сургалтын төлбөрт зориулж хадгалж байсан мөнгө болон 2-3 үхэр, бог малаа нядалсан мөнгөнөөсөө 5.500.000 төгрөгийг ахдаа өгч Ц.Сүрэн гуайн өрийг цайруулсан. Дараа нь надад мал авах эгчээсээ зээлсэн мөнгө байгааг мэдээд над дээр ирж уйлж гуйгаад байхаар нь өөрийн ажлын газрын охин Саруулыг байлцуулан, Саруулаар тоолуулан 6.000.000 төгрөгийг Ц.Сүрэн гуайд өгсөн. Энэ мөнгийг би хүргэн ах, эгч хоёроосоо авч өгсөн. Тухайн үедээ би Ц.Сүрэн гуайд “Та ямар их мөнгө зээлдэг юм бэ?, төлж чадах юм уу?, хүүхдүүдэд чинь хэлье” гэхэд “манай хүүхдүүдэд л битгий хэлж үзээрэй” гээд л уйлан дуугараад байсан. 6.000.000 төгрөг өгөхдөө ямар ч гэрээ хийгээгүй, бэлнээр өгсөн. Бас цалингийн зээл 1.000.000 төгрөг авч 840.000 төгрөг өгсөн. Мөн надаас 2014 оны 03 дугаар сараас эхлэн хонь, үхрийн мах байнга зээлээр авдаг байсан, тэр ч битгий хэл хүүхдийнхээ хуримын ууцны махыг хүртэл авсан. С.Энхсаруулын гаргасан махны тооцоонд хонины мах ерөөсөө ороогүй байсан. Зээл болон махны мөнгийг нь өдөр тутмын орлогоноос нь цувуулан авч байсан. Зарим нэг гарын үсэг байхгүй байгаа нь аваагүй гэсэн үг. Ц.Сүрэн гуай, түүний охин С.Энхсаруул, бид гурав 2015 оны цагаан сарын өмнө тооцоо хийж, хамгийн сүүлд 4.340.000 төгрөг үлдсэн. Тэгэхэд охин нь “Ээж та Н.Соёлоо эгчийн өрийг овоо төлсөн байна” гэж байсан. Миний хувьд нэг хар дэвтэр байдаг. Түүнд тооцоо хийж, гарын үсэг зурсан баримтууд байгаа боловч одоо авчраагүй. Би тооцоо хийсэн үлдэгдэл 4.340.000 төгрөг дээрээ бага зэргийн хүү нэмээд л 4.921.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Ц.Сүрэн гуайд зээлээр өгсөн мах, зээлээ нийлүүлээд л үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. Үүнийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хамтран нэхэмжлэгч Б.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Сүрэн гэдэг хүн 2014 оны 04 дүгээр сард манай гэрт өөрийн нөхөр болон манай дүү Н.Соёлмаа нартай ирж надаас 5000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай бичгээр гэрээ хийж авсан. Нэг сарын дараа хүү 500.000 төгрөгийг манай дүү надад авчирч өгөөд гэрээгээ нэг сараар сунгасан. 6-7 сард Ховд аймаг, нутагруугаа ээжийгээ  авч явах болоод дүүдээ “чи Ц.Сүрэнгээс надаас зээлсэн мөнгийг нэхээд ирээч” гэхэд удалгүй надад 5500.000 төгрөг авчирч өгсөн. Тухайн үедээ надад энэ мөнгийг манай  дүү өөрөө олж  өгсөн талаар хэлж байсан. Дараа нь манай дүү эхнэр бид хоёроос  дахин 5000.000 төгрөг авч Ц.Сүрэнд өгсөн гэсэн. Энэ 5000.000 төгрөгөө 20 хувийн хүүтэй нэхэмжилж байгаа юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүхэд гаргасан тайлбартаа:

“…Манай ээж 2014 оны 04 дүгээр сард Б.Доржготов гэдэг хүнээс 5.000.000 төгрөг зээлсэн гэдэг, миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй. Сүүлд ээж болон Н.Соёлоо эгчээс мэдсэн.

Миний хувьд Н.Соёлмаа эгчийн нэхэмжилж байгаа манай ээжийн зээлсэн зээл болон махны үнэ болох үлдэгдэл 4.921.000 төгрөгийг манайх төлж дууссан гэж үзэж байгаа. Н.Соёлмаа эгч гуанзны орлогоос өдөр болгон буюу 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 18.257.500 төгрөгийг авсан. Үүнээс манайх үхэр, хонины мах нийлээд 11.274.550 төгрөгний махны үнэ төлсөн гэсэн тооцоо гарсан. Би энэ тооцоог ээжийн өдөр тутмын орлогын дэвтрээс түүвэрлэн авсан. Бид нар энэ өрийг төлөхдөө өдөр тутмын орлогоосоо Н.Соёлоо эгчид болон ажлынх нь хамт ажилладаг н.Өлзий, н.Саруул, хүү н.Аюуш нарт өгч гарын үсэг зуруулж байсан. Нийт өгсөн орлогоос махны мөнгийг хасахаар 6.982.950 төгрөг үлдэж байгаа, энэ үлдсэн мөнгө нь зээлсэн мөнгө гэж үзэж байна. Ийм учраас Н.Соёлоо эгчид ямар ч өр төлбөр байхгүй. 2015 оны цагаан сарын өмнө ээж, Н.Соёлоо эгч, бид гурвын тооцооноос үлдэгдэл гэх 4.340.000 төгрөгнөөс 1 сар гаруйн хугацаанд төлбөр хийгдэж байсан. Манай ээжид 5.500.000 төгрөг зээлэхдээ ямар ч бичгээр гэрээ хийгээгүй учраас бид нар зээлийн хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Манай орлого зарлагыг хөтөлдөг дэвтэр дээр тодорхой байгаа...” гэжээ.

 

Хариуцагч Ц.Сүрэн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Иргэн Н.Соёлмаа нь надаас огт үндэслэлгүйгээр 4.921.000 төгрөг нэхэмжилснийг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Би Н.Соёлмаагаас 2014 оны 07 дугаар сард бус, 2014 оны 05 дугаар сард 6 сая төгрөг бус 5 сая төгрөгийг Н.Соёлмаагаас биш, түүний хүргэн ах Гооёо, эгч н.Цэндсүрэн нараас авсан юм. Өнгөрсөн хугацаанд Н.Соёлмаа нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд миний өдрийн орлогоос нийт 18.352.500 /арван найман сая гурван зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг авчихсан байгаа.

2014 оны 03 дугаар сарын 19-нд Н.Соёлмаагаар дамжуулан зуучлуулж түүний ах Гооёо, эгч н.Цэндсүрэн нараас нь 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлж, сүүлд 7 хоногийн дараа 12.000.000 төгрөг болгож өгсөн. Уг мөнгийг зээлийн гэрээ, хэлцэл байгуулалгүй амаар тохиролцон өгсөн тул илүү төлсөн 2 сая төгрөгийг нэхэмжилнэ. Би түүнээс зээлээр авсан махны мөнгө 9.742.050 төгрөг, мөн 2014 оны 05 дугаар сард зээлж авсан 5 сая төгрөг зэргийг хасч тооцон 3.610.450 төгрөг дээр нь дээрх 2 сая төгрөг нэмэгдэж нийт 5.610.450 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас Н.Соёлмаагийн нэхэмжилсэн  4.921.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй учраас сөрөг нэхэмжлэл гаргасан.

…Манайх гуанзны орлогоосоо өдөр болгон өгч, нийт 18.352.500 төгрөг төлсөн байгаа. Үүнээс махны үнэ нь 11.274.550 төгрөг  болсон. Илүү төлөлттэй гэж үзэнүлдэх 5.610.450 төгрөгийг нэхэмжилсэн байснаас тооцоо хийн 882.950 төгрөгийг нэхэмжилж, үлдэх 4.727.500 төгрөгнөөсөө татгалзаж байна гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай шийдвэрээр:

1.Доржготов нарын нэхэмжлэлтэй Ц.Сүрэнд холбогдох “Зээл, махны төлбөр 4.921.000 төгрөг гаргуулах тухай“, Ц.Сүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй “5.610.450 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 198.408 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар “Иргэн Б.Доржготов, н.Цэндсүрэн, Ц.Сүрэн, н.Бадарч бид 4 банкнаас мөнгө гаргаж авах хүртэл мөнгө зээлэх гэрээ”, “Мөнгө зээлэх гэрээ” зэргийг нотлох баримтаас хасаж тооцож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэснийг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн ба хамтран нэхэмжлэгч Б.Доржготов нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр гэрээ байгуулан Ц.Сүрэнд 5.000.000 төгрөг зээлсэн гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй байхад анхан шатны шүүхээс “эрх зүйн харилцаа, дуусгавар болсон” гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарагдах нэхэмжлэгч Н.Соёлмаагаас Ц.Сүрэнд бэлнээр тоолж өгсөн мөнгөний талаар шийдвэрт “...нэхэмжлэгч нь 6.000.000 төгрөг зээлүүлсэнээ нотолж байх тул...” гэж шүүхээс үзсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан хууль сануулан гэрчээр асуусан Сэсээрийн Саруул “...6.000.000 төгрөг авсныг мэдэж байна. Соёлмаа эгч бид хоёр ажил дээр байж байхад Сүрэн эгч Бадарч ахын хамт орж ирээд Сүрэн эгч Соёлоо эгчтэй уулзаад 6 сая төгрөгийг бэлнээр аваад ажлаас гарсан...” гэх мэдүүлгийг яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх” талаар заасан байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүгнээгүй.

Хариуцагчаас бид нар төлж дууссан, өр төлбөр байхгүй, хүү гээд төлөөд байсан мөнгө нь илүү төлөгдсөн байна гэж мэдүүлж байгаа, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээж авснаар хүчин төгөлдөр болно...” гэж заасан нь хариуцагч тухайн үед хүлээн зөвшөөрч байсныг, одоо илүү төлсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь мөн хуулийн 40.2 дахь хэсэгт “...нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно...” гэж байх тул тухайн үед хүү гэх мөнгийг төлөхгүй байх боломжтой байсан юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэж заасан нь ирээдүйд хүү авах эрхээ алдаж байгаа болохоос өнгөрсөнд хүлээн зөвшөөрч өгсөн хүүнд хамааралгүй заалт юм.

Нэхэмжлэгч Н.Соёлмаа, хариуцагч Ц.Сүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2015 оны 02 дугаар сард тооцоо нийлж, Н.Соёлмаад үлдэгдэл 5.840.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй талаар тооцоо хийж, үүнээс хариуцагч Ц.Сүрэн нь төлсөөр 4.340.000 төгрөг үлдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу тооцоо нийлсэн актаар үлдсэн 4.340.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Энхсаруул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний хооронд зээл болон махны үнийн тооцоо байсан боловч  өдөр бүрийн орлогоосоо цувуулаад бүгдийг төлж дуусгасан... одоо төлбөр байхгүй, харин ч илүү төлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэж байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.  

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй, мөн шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь  хариуцагч  Ц.Сүрэнд холбогдуулан зээл болон 2014 оны 03 сараас 2014 оны 12 сар хүртэл хугацаанд худалдан авсан махны үнэ 4.921.000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг, хариуцагч Ц.Сүрэн нь зээлийг Н.Соёлмаагийн хүргэн ах Доржготовоос авсан, Н.Соёлмаагаас авсан зээл болон барааны /махны үнэ/ үнийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар зээлийн хүүнд илүү төлсөн гэх 5.610.450 төгрөгийг нэхэмжлэгчээс  гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  Б.Доржготовыг  тус хэрэгт хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “шаардлагатай гэж үзвэл шүүх өөр этгээдийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулж болно” гэж заажээ.

Ийнхүү хэрэгт хамтран нэхэмжлэгчээр татах этгээдийг нэхэмжлэгч зөвшөөрсөн  түүнчлэн хамтран нэхэмжлэгчээр оролцох этгээд зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэх ёстой. Гэтэл хамтран нэхэмжлэгчээр татагдсан Б.Доржготов нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн  хамтран нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд тэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа хамтарч гаргах атал нэхэмжлэгч Н.Соёлмаа нь  хариуцагч Ц.Сүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа зээл болон худалдан авсан махны үнэ  4.921.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бол  хамтран нэхэмжлэгч  Б.Доржготов нь нэхэмжлэлийн шаардлагаа  зээл 5.000.000 төгрөгийг 20 хувийн хүүгийн хамт  гаргуулах гэж тодорхойлсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь өөр хоорондоо зөрүүтэй  байхад шүүх  нэхэмжлэгч тус бүрийн шаардлагад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй болжээ.

Иймд шүүх зохигчдын эрх зүйн байдал, тэдгээрийн нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлийг тодруулсны үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэн,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар нэхэмжлэгчээс   давж   заалдах    гомдол    гаргахдаа    улсын   тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84.400 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                                          

                                        ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН