Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

Эвлэрэлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгон хар усан тохой 4-77 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Дархан-уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг шинэ хар ус 1-3 тоотод түр оршин суух, эмэгтэй, 46 настай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Нанжидын Соёлмаа  /ДБ-71020420/

Хамтран нэхэмжлэгч: Дархан-уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 15 байр 52 тоотод оршин суух, группт байдаг Баяд овогт Батхуягийн Доржготов нарын нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгон 4-н зам “Өндөр ээж” цайны газар оршин суух, эмэгтэй, 57 настай, одоо “Өндөр ээж” цайны газрын эзэн Өөлд овогт Цэрэндоржийн Сүрэнд /МД-60020162/ холбогдох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг алтангадас 10-75 тоотод оршин суух, эмэгтэй, 27 настай өөлд овогт Сайнбуянгийн Энхсаруул /МД-89071661/

“Зээл, махны төлбөр 4.921.000 төгрөг гаргуулах тухай”, Ц.Сүрэнгийн Н.Соёлмаад холбогдуулан “5.610.450 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Соёлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, нэхэмжлэгч Б.Доржготовын өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Ц.Сүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Сүрэн нь 2014 оны 07 дугаар сарын 22-нд хүнд хүүтэй мөнгө өгөх хугацаа болчихлоо гээд 6.000.000 төгрөг хүүтэй нь өгнө гээд авсан. Мөн дээр нь 2014 оны 3- сараас 12 дугаар сар хүртэл хонь, үхэр махлаж хүнсээ бэлдүүлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгө болон хүү, махны мөнгийг гүйцэд төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Ц.Сүрэнгээс үндсэн зээл болох 2.940.000 төгрөг нийт 4.921.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран нэхэмжлэгч Б.Доржготов шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Доржготов миний бие Ц.Сүрэнтэй гэрээ байгуулан 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг зээлдүүлсэн. Энэ хугцааанаас хойш өнөөдрийг хүртэл 4.000.000 төгрөгөө нэхэмжлэн авах эрхтэй гэж үзэж байна. Ц.Сүрэн нь арга заль зохион хэргийг удаашруулж байх тул яаралтай асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Миний бие өөрийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх эрхийг Н.Соёлмаад олгож байна гэжээ.

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ц.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Соёлмаа нь надаас огт үндэслэлгүйгээр 4.921.000 төгрөг нэхэмжилснийг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би Н.Соёлмаагаас 2014 оны 07 дугаар сарын 16-наас эхлэн 2015 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд миний өдрийн орлогоноос нийт 18.352.500 төгрөг бэлнээр авчихсан байна.

2014 оны 03 дугаар сарын 19-нд Н.Соёлмаад дамжуулан зуучлуулж түүний ах Гооёо, эгч н.Цэндсүрэн нараас нь 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлж сүүлд нь 7 хоногийн дараа 12.000.000 төгрөг болгон өгсөн. Уг мөнгийг зээлийн гэрээ, хэлцэл байгуулаагүй амаар тохирч өгсөн тул илүү төлсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би түүнээс зээлээр авсан мах 9.742.050 төгрөг мөн 2014 оны 05 дугаар сард зээлж авсан 5.000.000 төгрөг зэргийг хасч тооцон 3.610.450 төгрөг дээр нь дээрх 2.000.000 төгрөг нэмэгдэж нийт 5.610.450 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрсэн эвлэрэлийн гэрээндээ:

Н.Соёлмаа, Б.Доржготов нарын нэхэмжлэлтэй Ц.Сүрэнд холбогдох 4.921.000 төгрөг гаргуулах, Ц.Сүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Соёлмаад холбогдох 5.610.450 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч бид дараах нөхцөлтэйгөөр эвлэрч байна. Үүнд:

1.Ц.Сүрэн нь Н.Соёлмаад 3.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна.

2.Энэ хугацааанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлэхгүй байхаар тохиролцов.

3.Н.Соёлмаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хэсэг болох 1.921.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа, Ц.Сүрэн нь сөрөг нэхэмжлэлийн 5.610.450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр тус тус татгалзаж байна гэжээ.

Эвлэрэлийн гэрээ хийсэн нэхэмжлэгч..........Н.Соёлмаа

                                                                        хариуцагч.............Ц.Сүрэн

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч....................С.Энхсаруул гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Соёлмаа, хамтран нэхэмжлэгч Б.Доржготов, хариуцагч Ц.Сүрэнд холбогдуулан зээл 4.921.000 төгрөг гаргуулахаар, Ц.Сүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Соёлмаад холбогдох 5.610.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 1.921.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Ц.Сүрэн хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Сүрэн нь сөрөг нэхэмжлэлийн 5.610.450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрэлийн гэрээ байгуулсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93.690, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгчийн 104.718 төгрөг нийт 198.408 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгний тал хувь буюу  31.475 төгрөг, үлдэх 31.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох  зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Соёлмаа, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ц.Сүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 198.408 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөгний тал хувь буюу 31.475 төгрөг, үлдэх 31.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.СОЁЛМАА