Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 764

 

Г.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бт холбогдох 1711000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

У овогт Г.Б, 1987 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын армотурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 65 тоотод оршин суух Ө.Г-ын эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн “BSB”  загварын зурагт хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Г.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ө.Ганбаярын гэрийн ханыг эвдэж, санамсаргүй орж 32 инчийн зурагт авч гарсан. Авсан зурагтаа буцааж бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн ба ханын төлбөрт 90.000 төгрөг өгч, үйлдсэн хэргээ хохирол гомдолгүй болгосон. Би 2017 оны 4 дүгээр сард нурууны хүнд хагалгаанд орж, 2 шурга, 6 хадаас хадуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж 15 кг-аас дээш зүйл өргөж болохгүй, эмчийн хяналтанд байдаг. Одоо эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг ба амьдралын боломж тааруу байдаг. Би хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Быг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял шийтгэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 65 тоотод оршин суух Ө.Ганбаярын эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн “BSB”  загварын зурагт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө.Г-ын “... Манай хашаанд амьдардаг Г.Б гэх залуу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өглөө гэрийн ханыг хугалж, дотогш ороод 32 инчийн “BSB” загварын зурагтыг хулгайлан авч яваад зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан байсан. Г.Б нь өөрөө хэргээ хүлээж надаас уучлалт гуйсан. Би хулгайлагдсан зурагтыг цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээж авсан. Г.Б нь манай гэр лүү орохдоо гэрийн нэг талын ханыг доод хэсгээр нь хугалсан ба хугалсан хананы төлбөрт надад 80.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн манай гэрт орохдоо тухайн хэсэгт байдаг цахилгааны кабел утсыг тасалсан байсан тул оронд нь өөрийнх нь хэрэглэдэг кабел утсыг авсан...” /хх-15-16/,

Гэрч Ө.Г-ын “... 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 21 цаг болж байхад дүү Ө.Ганбаярын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-65 тоотод байдаг гэрт нь очиход хаалганы цоож нь бүрэн бүтэн байсан. Харин гэрийн зүүн талын ханыг хугалаад хулгайч орчихсон байсан. Хойморт нь байсан гэр бүлийн зураг нь уначихсан байсан ба 32 инчийн зурагт нь алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйлийн талаар мэдэхгүй байна. Нэг хашаанд хамт амьдардаг залуу нь уучлалт гуйгаад байсан, цагдаад баригдчихсан юм шиг байна лээ. Цагдаагаас над руу залгаад зурагтыг чинь олсон гэж байсан...” /хх-17-18/,

Гэрч Э.Э-ын “... Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зээлийн 1-65 тоотод нөхөр Ө.Ганбаяр болон хүүхдийн хамт монгол гэрт амьдардаг. Манай хашаанд нөхрийн танил Г.Б гэх залуу эхнэр, 3 хүүхдийн хамт түр хугацаагаар амьдарч байгаа. Би нөхөр, хүүхдийнхээ хамт 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймаг руу амрахаар яваад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Наашаа ирэхээсээ өмнө болсон асуудлын талаар мэдсэн. Өөрөөр хэлбэл манай нөхрийн ээж нь бид нарт утсаар “... гэрт чинь хулгай ороод зурагт чинь алга болсон байна. Гэрийн чинь ханыг хугалж байгаад орж хулгай хийсэн байна...” гэж хэлсэн. Энэ явдлыг сонсоод бид хотод ирсэн. Ирээд гэрээ хартал зүүн талын хаяаг сөхөөд гэрийн ханыг доод хэсгээр нь хугалж зай гаргасан байсан. Тэр зайгаар хүн, зурагт багтахаар байсан. Гэртээ ороход хойморт байдаг 32 инчийн “BSB” загварын зурагтыг хулгайлсан байсан ба өөр алдагдсан эд зүйл байгаагүй. Зурагтыг манай хажуу айлын залуу Г.Б хулгайлсан байсан. Тэрээр зурагт хулгайлж явж байгаад цагдаад баригдаад хураалгасан юм байна лээ...” /хх-21-22/,

Г.Бын яллагдагчаар өгсөн “... Би эхнэр, 3 хүүхдийнхээ хамт өөрийн төрсөн ахын хашаа буюу хохирогчид зарсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зээлийн 1-65 тоот хашаанд монгол гэрт түр хугацаагаар амьдарч байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг гэж босоод гарахад хажуу гэр эзэнгүй, гэрийнх нь хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь зүүн талаар хаяаг нь дээш сөхөөд гэрийн ханыг доод хэсгээр нь хугалсан. Тэгээд тэр зайгаараа явж ороод гэрийнх нь хойд хэсэгт байсан 32 инчийн “BSB” загварын зурагтыг нь залгуураас нь салгаад орсон газраараа эхлээд зурагтаа гаргаад дараа нь өөрөө гарсан. Би зурагтыг хашаанаас авч гарахдаа эхнэр, хүүхдүүддээ мэдэгдэхгүй авч гарсан. Энэ үед би архи уугаагүй эрүүл байсан. Ингээд би зурагтыг авч гараад автомашины зам дагуу хэсэг зогсоод явуулын хүмүүсээс зурагтыг худалдаж авах уу гэж асуугаад байж байтал эргүүлийн цагдаа нар ирээд намайг саатуулсан. Цагдаа нар тухайн үед надаас “юун зурагт аваад явж байгаа юм бэ” гэж асуусан. Харин би айлаас авсан гэж хэлсэн. Орой нь хохирогч нар цагдаад дуудлага өгсөн байсан ба цагдаа нар надаас хурааж авсан зурагтаа хохирогчид эргүүлж өгсөн байх. Би тэр зурагтыг зараад олсон мөнгөөрөө архи ууя гэж бодож байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” /хх-28-30/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-27-29/, ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-50/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Г.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Г.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүгдэгч Г.Баас “... Би хохирлоо бүрэн барагдуулсан байхад надад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн  Г.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 Иймд шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН