Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01065

 

ТШЕ  ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00167 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 671 дүгээр магадлалтай,

ТШЕ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.М-ад холбогдох,    

Ашиглалтын зардал 1.208.566.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч ТШЕ  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4 дүгээр байруудыг барьж ашиглалтанд оруулсан Сүмт өргөө ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр оршин суугчдад тайлангаа тавьж, Сууц өмчлөгчдийн холбоог оршин суугчид өөрсдөө байгуулах талаар хурал хийсэн. Тус хурлаар оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах боломжгүй тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж явах хүсэлт тавьсаны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээг үзүүлж ирсэн. Хариуцагч Г.М нь 2015 оны 5 сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд дундын эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд засвар үйлчилгээний 242.767 төгрөг, дундын цахилгааны зардалд 54.000 төгрөг, цэвэрлэгээ 108.000 төгрөг, лифт 144.000 төгрөг, хогны 45.000 төгрөг, НӨАТ 37.401 төгрөг, нийт 771.169 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын ашиглалтын зардалд 1.276.416.53 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 771.169 төгрөг, нийт 2.047.585,53 төгрөг төлөхөөс 1.391.559 төгрөг төлсөн. Иймд Г.Маас дээрх хугацааны ашиглалт, үйлчилгээний зардлын үлдэгдэл 656.026.53 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14/003 тоот гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 290.540.26 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 250.000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 12.000 төгрөг, нийт 1.208.566,79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ТШЕ  ХХК-д 2015 оны 05 сард байрны ус, дулаан, сууц өмчлөгчдийн холбоог шилжүүлснээс хойш төлбөр 2 дахин нэмэгдэж эхэлсэн ба бид 2015 оны 5-6 саруудад нэхэмжилсэн үнийг төлсөн. Суугчид бидний мэдэхгүй, бидэнд тайлбарлаагүй, СӨХ-той шууд холбоогүй ч орон сууц ашиглалтын контортой холбоотой зардлууд, бидний аваагүй үйлчилгээний төлбөрүүдийг нэхэмжилсэн учраас 2015 оны 7 сараас засвар үйлчилгээний хөлс тусгай дансанд хуримтлал үүсгэтэл төлөхгүй гэдгээ тайлбарлаж байсан. Гэвч Төрийн банкаар дамжуулан орон сууцны конторт төлбөр хийх гэхээр нэхэмжилсэн дүнгээс хасч төлбөр хийлгэхгүйгээр зөвхөн бүтэн дүнгээр төлүүлэхээр гэрээ хийсэн байсан тул ТШЕ  ХХК-ийн дансанд өөр банкаар cap бүр төлбөрөө хийж байсан. 2016 оны 1 сараас нэмсэн НӨАТ, баримтны үнэ 250 төгрөгийг мөн төлөөгүй. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дах хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байхаас гадна СӨХ нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх боломжгүй, суугчдаас НӨАТ нэхэмжлэх эрхгүй. Манайх зогсоолгүй байхад 2016 оны 3, 6, 7, 8, 9, 11 саруудад 10.000-13.636 төгрөгийн харуулын хөлс, 2016 оны 3, 4, 6, 7, 8, 10 саруудад цэвэр усны мөнгө тус тус илүү нэхэмжилж авсан. 2-З м.куб ус хэрэглэхэд 10-12 м.куб бичиж төлбөр авсан байсныг дараа нь мэдсэн учраас 2017 оны 01, 4 сарын усны төлбөрийг хасч төлсөн. ТШЕ  ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны 2.047.585,53 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 25 удаагийн төлөлтөөр 1.551.737 төгрөг, 2016.10.07-ны өдөр 33, 34 тоотын төлбөрт 370.000 төгрөг төлснөөс 210.982,92 төгрөг нь 34 тоотын төлбөрт тооцогдох ёстой. Ингээд нийт 1.762.720 төгрөг төлсөн үлдэгдэл 284.864 төгрөгийг төлөөгүй. Зөвшөөрөхгүй байгаа 284.864 төгрөгийн 212.703 төгрөг нь 2015 оны 7 сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардал, нэмэгдсэн өртгийн албан татварт тооцсон 37.401 төгрөг, гражтай гэж илүү тооцсон 15.636 төгрөг, СӨХ-ны харуулын 32.000 төгрөг илүү авсан зэргийг зөвшөөрөхгүй. Түүнээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлсний хөлс 250.000 төгрөгийг төлөх үүрэг бидэнд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00167 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Маас 224.703 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТШЕ  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 983.864 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжид 7.391.09 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 671 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Мад холбогдох 1.208.566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТШЕ  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 7.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд дүгнэлт өгөөгүй бөгөөд үндэслэл бүхий шийдвэр, магадлал болж чадсангүй. Хариуцагч Г.М болон тус байрны оршин суугчид нь уг байрандаа ороод сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэл манай компанийг танай компани нь орон сууц конторын үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн байгууллага тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу манай байгууллага хариуцаж үйл ажиллагааг нь явуулж ирсэн. Г.М нь 2015 оны 5 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сар хүртэлх хугацаанд ашиглалт, үйлчилгээний зардлын үлдэгдэл төлбөрөө төлөөгүй бөгөөд зарим хэсгийг нь зөвшөөрч төлчихөөд үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ТШЕ  ХХК нь УБДТС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ-уудтай гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тодорхой төрлийн гэрээний дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж болно гэсний дагуу гэрээгээр үүргээ гүйцэтгэсэн тул төлбөр зардлыг нэхэмжлэх эрхтэй. Мөн иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх эрх бүхий субъект мөн боловч тухайн ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх эрхийг хязгаарлахгүй гэж заасан тул үйл ажиллагааг орон сууц өмчлөгчдийн өөрсдийнх нь зөвшөөрлөөр явуулсан тул Г.М нь үйлчилгээ авсныхаа төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ТШЕ  ХХК, Г.Мад холбогдуулан ашиглалтын болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 656.026.53 төгрөг, алданги 290.540.26 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 250.000 төгрөг, нийт 1.208.566.79 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх засвар үйлчилгээний зардалд 224.703 төгрөгийг гаргуулж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзжээ.

Магадлалыг эс зөвшөөрч шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч ТШЕ  ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч Г.М Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/3 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгч учир ашиглалтын буюу ус, дулаан, цахилгааны төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, энэ үүргийг ТШЕ  ХХК компани дамжуулан гүйцэтгэдэг болохыг зохигч маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ТШЕ  ХХК нь тус байрны өмчлөгчид нэгдэж, Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаас өмнөх дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хариуцаж байсан нь тогтоогдсон учир үүнтэй холбоотой зардлыг хариуцагч Г.Маас нэхэмжлэх эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч өмнө шаардсан төлбөрийн хамт нийтдээ 1.742.251 төгрөг төлсөн, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин нэхэмжлэгч дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал буюу жижүүр, дундын цахилгаан, цэвэрлэгээ, лифт, хогны мөнгөнөөс гадна сар тутамд 11.274-15.032 төгрөгийг “засвар үйлчилгээний хуримтлал” гэсэн утгаар 2016 оны 10 дугаар сар хүртэл хариуцагчийн тооцоонд оруулан авч байсныг давж заалдах шатны шүүх энэхүү зардлыг сууц өмчлөгчтэй тохиролцож, зохих журмын дагуу тогтоогоогүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, хариуцагчид  хууль болон гэрээгээр дээрх төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй  гэж үзснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй  байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй тул  магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 671 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч ТШЕ  ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7.391 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ