Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0274

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0274

Улаанбаатар хот

 

 

 

 

                                     М” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

                                                                                                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганжаргал давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй.

Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэх үндэслэлээр Газрын хэвлийн тухай 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2-т “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасны дагуу тухайн газар оршин сууж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар гаргасан шийдвэр болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, газрын хэвлийг ухаж нүх, эрэг үүсгэн, олборлосон түүхий эдээ тээвэрлэн зам эвдэж, тухайн газарт тоосгоны үйлдвэр ажиллуулан тоосго үйлдвэрлэж байхад иргэд энэ үйл ажиллагааны хажууд амьдарч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байхад нөхцөл байдал тогтоогоогүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүхээс сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах байтал үүнийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн.

Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн бөгөөд холбогдох албан хаагчид түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиж, компанийн хүмүүстэй уулзан сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан.

Иймд хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжаар “ “М” ХК-ийн шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл явуулж буй үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа” гэх үндэслэлээр тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээхээр хуульчилсан.

Талуудын тайлбар, шүүхийн үзлэгийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл хариуцагчаас маргаан бүхий А/788 дугаар захирамжийг гаргахдаа дээр дурдсан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийн оролцоог бүрэн хангаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд 2006 онд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Найрамдал орд” нэртэй газарт MV-000837 тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай ашиглахаар үйл ажиллагаа явуулж байсан ба тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/18 дугаар “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд оруулсан байна.  

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон, тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон зэрэг 4 тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.  

Газрын хэвлийг ашиглагч нь Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар олгосон зориулалтын дагуу газрын хэвлийг ашиглах эрх, үүрэгтэй бөгөөд хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон, эсхүл мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан зөрчил гаргасан бол газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ.  

Шүүх тухайн нутаг дэвсгэрт агаар, хөрсний бохирдол ихээр үүсэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдсөн эсэхийг харгалзан холбогдох шийдвэрийг гаргаж байгаа хариуцагчийн үйл ажиллагааг шууд буруутгаагүй бөгөөд чухам нэхэмжлэгч компанийн ямар үйл ажиллагааны улмаас дээрх нөхцөл байдал бий болсон, тухайлбал, нэхэмжлэгчийн олборлолт хийж, үйл ажиллагаа явуулж буй талбай нь иргэдийн амьдарч буй газар, айл өрхүүдээс хэдий хэмжээний зайтай болох, явган хүн, бага насны хүүхэд аюулгүй зорчих эрхийг хязгаарласан эсэх, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдсэн эсэх, нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт оршин суух иргэдийн өвчлөл нэмэгдсэн эсэх, орчны бохирдол, тоосжилт, утааны түвшин зэргийг тусгай багаж хэрэгслээр тогтоох ажиллагааг явуулалгүй, асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн дүүрэн бодитойгоор хянан шалгаж шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчийн “... энэхүү асуудал нь 2017 оноос эхлэлтэй, 2017 онд цуцлах нөхцөл бүрдэхгүй байсан. Аж ахуйн нэгж, дотоодын компаниа дэмжих шаардлагатай байсан учраас 2020 онд цуцалсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.  Учир нь үнэхээр хүн амын эрүүл мэндэд аюултай байдал үүссэн бол тухайн үедээ Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын 2017 онд хамтран баталсан “Найрамдал” шар шаврын ордын эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд судалгаа хийх, үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах эсхүл суурьшлын бүсийн гадна талбай болон алслагдсан орон нутагт дүйцүүлэх хэлбэрээр ашиглалтын талбай зааж өгөх, аж ахуйн нэгж тус бүрийн саналыг сонсох зэрэг шаардлагатай арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттай авч хэрэгжүүлэхээр байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг ажил үүргээ бүрэн гүйцэтгэж, холбогдох шийдвэрийг гаргаж шийдвэрлэх ёстой байжээ.  Гэтэл хариуцагчийн зүгээс “... Ашигт малтмал, газрын тосны газраас оролцоогоо зогсоосон гэх шалтгаанаар нэгдсэн дүгнэлт гараагүй...” гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй.

Хавтаст хэрэгт “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсох ажиллагаа хийх тухай” гэх баримт авагдсан ч хариуцагч маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, түүний оролцоог нь хангах ажиллагааг дээрх хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байхад Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч компанийн газрын хэвлийг ашиглах эрхийг шууд дуусгавар болгосон нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох хууль тогтоомжийн зүйл заалтыг тухайн маргаанд хамааруулж зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна. Тэгээд ч нэхэмжлэгчийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсныг хариуцагчаас тогтоосон зүйлгүй.

Иймд хариуцагчийн “... дээр дурдсан заалтад иргэдийн эрүүл, аюулгүй орчинтой холбоотой заалт байгаагүй гээд Газрын хэвлийн тухай хуульд хамааруулан шийдвэр гаргасан, ... орчны айл өрхүүд амьдрах нөхцөлгүй болсон гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх  тайлбарыг  хүлээн авах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

               ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН