Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 243

 

М.Эрдэнэбилэгт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 дүгээр магадлалтай, М.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201509000868 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бага баяд овогт Мэндбаярын Эрдэнэбилэг нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Эрдэнэбилэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, нэг хүний амь нас хохироож, нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 3 жил 1 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар 94-32 ДАХ дугаартай “Тоёото Ипсум” маркийн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэбилэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэбилэгээс хохиролд нийт 25.347.366 төгрөг гаргуулж Б.Баянмөнхөд 25.064.566 төгрөг, Д.Эрдэнэбатад 282.800 төгрөг тус тус олгож, хохирогч Э.Сэлэнгээгийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар Б.Баянмөнхийн гаргасан нэхэмжлэлээс шатахууны үнэ 1.013.000 төгрөг, халуун сав, тогооны үнэ 110.000 төгрөг, зочид буудлын төлбөр 630.000 төгрөг, банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3.969.546 төгрөгийн нэхэмжлэлийг, Д.Эрдэнэбатын гаргасан нэхэмжлэлээс хоног хураахад зарцуулсан гэх 717.300 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… М.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд 2 үндсэн нөхцөл нөлөөлсөн. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хохирлын тооцоо буруу гэж үзэж байгаа тул хэргийг дахин шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлын тооцоог үндэслэж М.Эрдэнэбилэгийн ял шийтгэл өөрчлөгдөх асуудал яригдана” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг “... М.Эрдэнэбилэг нь уруу, халтиргаатай замд өөрийн зөрчиж байсан эгнээнд зогсож байсан машиныг тойрон гарах хөдөлгөөн хийхдээ араас ирж байгаа тээврийн хэрэгслээс түрүүлэх гэж хурдаа нэмсний улмаас зогсоох арга хэмжээ авч чадалгүйгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигчдыг мөргөж нэгнийх нь амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын тооцоог харахад гарцаагүй буяны ажилд шаардлагатай зүйлүүдийн тооцоо байсан. Нийт 300 хүнд буяны зүйл тараасан, 350 хүнийг хооллосон, буяны ажил олон хоног үргэлжилсэн зэрэг нөхцөл байдлуудыг хохирогч дурдсан. Өөрөөр хэлбэл 50 кг будаа, 80 кг үхрийн мах зарцуулах ёсгүй байсан гэж дүгнэж хохирлын тооцоог үгүйсгэх боломжгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.Эрдэнэбилэг нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “МБМ” зочид буудлын зүүн талын замд 94-32 ДАХ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 21.8-д заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Чулуунцэцэгийг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчиж, прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, захиргааны журмаар хянан шийдвэрлэх зөрчил буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн тухайн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Мөн шүүгдэгчийн ургийн овог Багабаярт гэхийг Бага баяд гэж буруу бичсэнийг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон 28.264.566 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 3.200.000 төгрөгийг хасч 25.064.566 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулж хохирогч Б.Баянмөнхөд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн “... хэргийг дахин шийдвэрлүүлж хохирлыг зөв тооцуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай” гэсэн заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Эрдэнэбилэгийн ургийн овгийг “Бага баяд” гэж бичсэнийг “Багабаярт” болгон зөвтгөж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      ДАРГАЛАГЧ,

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧ                                                                         Б.ЦОГТ