| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00370/и |
| Дугаар | 1371 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 1371
Хэргийн индекс: 135/2015/00370/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, Г*** А*** /регистрийн дугаар***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, “***” ХХК /Компанийн РД: ***/-д холбогдох,
“Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 5,469,500 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3,537,105 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*** ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц захиалгаар баримт гэрээ байгуулж, 49,47 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг авсан. Гэвч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийгэхэд 4,13 мкв талбай дутуу байсан. *** ХХК-иас зөрүү мөнгөө шаардахад удирдлага байхгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй, өнөөдрийг хүрч байна. Тиймээс *** ХХК-иас 5,369,000 төгрөг, талбай хэмжилтийн үнэ 89,000 төгөрөг, нотариатаар баталгаажуулсны үнэ 11,500 төгрөг нийт 5,469,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь нэрний хувьд захиалгаар барих гэрээ гэсэн боловч гэрээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцны талбай зөрүүтэй байдал байхгүй. Талбайн хэмжилтийг зөрүүтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч *** ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Парк таун хотхоны *** тоот 49,47 мкв талбай бүхий байрыг худалдан авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөхөөр харилцан тохирё, *** ХХК болон иргэн С.А*** нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн болно.
Иргэн С.А*** нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** “Орон сууц худалдах-худалдан авах” гэрээний хавсралт 1-д заасан хуваарын дагуу төлөх төлбөрийг 55 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэлэлтэй тул алданги болох 3,537103 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд иргэн С.А*** 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 55 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-д заасан үндэслэлээр тооцсон алданги болох 3,537,103 төгрөгийг иргэн С.А***аас хуулийн дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У*** сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“С.А*** нь “Орон сууц захиалан барих гэрээ”-ний дагуу орон сууцны төлбөрийг хугацаа хожимдуулалгүйгээр төлсөн. Учир нь гэрээний 4.7-д “Захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг улсын комисс хүлээн авснаас хойш 1 сарын дотор *** ХХК-ны дансанд төлөх үүрэгтэй” гэтэл Улсын комисс нь тус 49 дүгээр байрыг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан акт үйлдсэн байдаг. Энэ нь гэрээний хавсралт 1-д зааснаар үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууц 100 хувь ашиглалтад орсны дараа 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр хүлээн авахаар тохирсон боловч “***” ХХК нь хугацаа 12 хоногоор хожимдуулж 05 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогддог. Тэгэхээр гэрэнэий 4.7-д зааснаар 1 сарын дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн С.А*** үлдэгдэл 70 хувийг төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа дуусдаг. Гэрээний 3.7-д “...төлбөр төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд ...захиалагчийг гэрээний ззргээ биелүүлэгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй”. Энэ нь захиалагчид олгосон боломжит хугацаа буюу 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 15 хоног гэж үзэхэд 06 сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийг төлөх тул хугацаандаа буюу 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн нь баримтаар тогтоогддог. Иймд *** ХХК-наас С.А***ад холбогдуулан гэрээний үүрэг зөрчиж хугацаандаа төлөөгүй байрны төлбөрийн алданги 3,537,105 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А*** нь *** ХХК-нд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 4,13 мкв-ийн үнэ болох 5,369,000 төгрөг, хэмжилт хийлгэсний төлбөр 89,000 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 9,250,000 төгрөг гаргуулах, хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** нь тус компаниас 2016 оны 05 сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч С.А***ад холбогдуулан, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн алданги 3,537,105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч “***” ХХК нь орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь нэрний хувьд захиалгаар барих гэрээ гэсэн боловч гэрээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Талуудын хооронд 2013 оны 11 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутагт баригдаж байгаа Парк таун хотхоны ***1 тоот, 3 өрөө,49,47 мкв орон сууцыг захиалан бариулахаар тохирч, орон сууцны нийт үнэ болох, 64,311,000 төгрөгийн 30 хувь болох 19,293,300 төгрөгийг захиалга авахад буюу 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 70 хувь болох 45,017,700 төгрөгийг 2014 оны 05 сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэн өгөхөд төлөхөөр, “***” ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн 2014 оны 02 дугаар улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2013 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** нь дээрх гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд гүйцэтгэгч болох “***” ХХК нь 2014 оны 02 дугаар улиралд багтаан, гэрээнд заасан орон сууцыг барьж, захиалагч болох С.А***ад хүлээлгэн өгөхөөр тохирч, тус орон сууц баригдаж бий болохоос өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг байгуулсан, мөн орон сууцыг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улсын комиссын бүрэлдэхүүн шалгаж, мөн өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч тал орон сууцыг хүлээн авсан зэрэг нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих тухай 63 дугаартай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн акт болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь тодорхой эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бол талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний агуулгыг дүгнэвэл гэрээгээр тохирсон талуудын тохиролцоо, тодорхой цаг хугацааны дотор гэрээний зүйлийг шинээр бий болгож байгаа үйл явц, тийнхүү бий болсон үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгч байгаа зэргээс энэхүү гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Хариуцагч *** ХХК нь орон сууцыг гэрээнд заасан 2014 оны 02 дугаар улиралд багтаан барьж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ, нэхэмжлэгч нь дээрх орон сууцны нийт үнэ болох 64,311,000 төгрөгийг төлж, талууд гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч нар нь хариуцагч “***” ХХК-ийн гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбай бүхий орон сууц шилжүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч нар гэрээний үнийг хугацаа хэтрүүлж төлсөн гэж тус тус маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр 49,47 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барихаар тохирсон байх боловч тус орон сууцны талбайн хэмжээ 45,34 мкв буюу гэрээнд зааснаас 4,13 мкв-аар дутуу болох нь хэрэгт авагдсан “***” ХХК-ийн сууцны нийт талбайн хэмжилт хийсэн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хэмжилт хийсэн дүгнэлтийг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар эрх бүхий шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх “***” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт биш боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт тул хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т: “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хэмжээ буюу 49,47 мкв талбай бүхий орон сууцны нийт талбайн хэмжээнээс 4,13 мкв дутуу байгаа нь энэхүү хуульд зааснаар ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “***” ХХК нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.А*** нь орон сууцны талбайн дутуу метр квадратын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг захиалагч шаардах эрхтэй байхаар заажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тайлбараас үзэхэд нийт 49,47 мкв талбай бүхий орон сууцыг захиалж, энэ хэмжээнд тохирох үнэ болох нийт 64,311,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, харин талбайн хэмжээ гэрээнд зааснаас 4,13 мкв-аар дутуу байгаа тул дутуу хэмжээний төлбөр 5369,000 төгрөгийг гаргуулна гэж байгаа бөгөөд энэ нь дээрх хуульд заасан доголдлын улмаас орон сууцны үнэ буурсан гэж үзэж, илүү төлсөн хөлсийг буцаан гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар гүйцэтгэсэн ажилд нь ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш энэ зүйлд заасан хугацааны дотор гаргах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь орон сууц тул орон сууцыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн *** гэрээнд заасан орон сууцны талбайн дутуу хэмжээнд буюу нийт 4,13 мкв-д ногдох 5,369,000 төгрөг /орон сууны нийт үнэ хэмжээгээр тооцож, 64,311,000 төгрөг / 49,47 мкв x 4,13 мкв/-ийг хариуцагч “***” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.А***ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь “***” ХХК-иар хэмжилт хийлгэхэд төлсөн 89,000 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөгийг тус тус хохиролд тооцож нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан “***” ХХК-ийн өдрийн кассын орлогын ордер, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбараар дээрх зардлууд нэхэмжлэгч нараас гарсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т: “ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “***” ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу үр дүн хүлээлгэн өгч, гэрээний үүргээ зөрчсөн байх тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч С.А*** учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцохоор заасан байгаа тул хариуцагч “***” ХХК-иас хэмжилт хийлгэсний төлбөр 89,000 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.А***ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэгч С.А***аас гэрээний үүрэг зөрчсөний алданги 3,537,105 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан болно.
Хариуцагч “***” ХХК нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг С.А*** нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 45,017,700 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч С.А*** нь дээрх төлбөрийг 2014 оны 06 сарын 24-ны өдөр төлж, гэрээнд заасан хугацаа болох 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 сарын 24-ны өдрийг хүртэл 55 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу тооцож, алданги 3,537,105 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасны дагуу 2013 оны 11 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 19,293,300 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдөр үлдэгдэл төлбөр 70 хувь болох 45,017,700 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд төлсөн төлбөрийн хэмжээ, хугацааны талаар маргаагүй болно.
С.А*** “***” ХХК нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2-т: “Захиалагч нь гэрээний 4.6-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заажээ.
Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг Улсын комисс хүлээн авсанаас хойш 1 сарын дотор “***” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч тал нь үлдэгдэл төлбөрийг 2015 оны 06 сарын 24-ны өдөр төлсөн байгаа нь нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ бүрэн биелүүлсэн байх тул энэхүү хуульд заасны дагуу алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “***” ХХК-иас нийт 5,469,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А***ад олгож, хариуцагч “***” ХХК-ийн нэхэмжлэгч С.А***ад холбогдуулан гаргасан 3,537,105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.А***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,500 төгрөг, хариуцагч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,544 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 102,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА