Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 149/2016/00089/И |
Дугаар | 19 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 19
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Оюунцэцэг
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 187 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, “Өгөөмөр Мандал” ХХК-д холбогдох “37.900.086 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“…”Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оноос хойш ТЭДС-аас дэмжлэг аван одоог хүртэл хамтран ажиллаж байна. Тэрээр 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 25,266,924 төгрөг байна. Үүнд :
1. 2008 оны 11-р сарын 18-ны өдрийн Техник-2008/130 тоот гэрээгээр “Jonder” иж бүрдэл 120 морины хүчтэй 1 ширхэг тракторыг 2,837,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл 25.533.000 төгрөгийг гэрээний 4.4-д заасан хугацаагаар төлөх байсан ба сүүлийн хугацаа 2012.11.01-нд төлж дуусахаар,
2. 2009 оны 07-р сарын 02-ны өдрийн Дизель түлш/72 тоот 2009 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 3900 литр түлшийг нэг литрийг нь 1080 төгрөгөөр тооцон нийт 4,212,000 төгрөгний зээлийг 2009 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
3. 2009 оны 08-р сарын 10-ны өдрийн Дизель түлш-У/569 тоот 2009 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 4060 литр түлшийг нэг литрийг нь 1330 төгрөгөөр тооцон нийт 5,399,800 төгрөгийн зээлийг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар,
4. 2009 оны 10-р сарын 09-ний өдрийн Дизель түлш-УХ/264 тоот 2009 оны ургац хураалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 2000 литр түлшийг нэг литрийг нь 1360 төгрөгөөр тооцон нийт 2,720,000 төгрөгний зээлийг 2009 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
5. 2011 оны 04-р сарын 30-ны өдрийн ДТ/2011/Т-112 тоот 2011 оны хаврын тариалалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 2700 литр түлшийг нэг литрийг нь 1465 төгрөгөөр тооцон нийт 3,955,500 төгрөгнөөс 1,186,650 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 2,768,850 төгрөгийг 2011 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
6. 2011 оны 06-р сарын 29-ны өдрийн ДТ/2011/Т-328 тоот 2011 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 4800 литр түлшийг нэг литрийг нь 1830 төгрөгөөр тооцон нийт 8,784,000 төгрөгнөөс 2,635,200 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 6,148,800 төгрөгийг 2011 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
7. 2012 оны 07-р сарын 04-ний өдрийн ГБ-89 тоот 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох ургамал хамгаалаллын бодисын гэрээгээр нэг кг нь 250,000 төгрөгний үнэтэй Алмазис 1 кг-ийг, нэг литр нь 22,000 төгрөгний үнэтэй Пумасупер 100 литрийг нийт 2,200,000 төгрөгнөөс 980,000 төгрөгний урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл 1,470,000 төгрөгийг 2012 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
8. 2014 оны 05-р сарын 16-ны өдрийн СЭ-Үр-2014/52 тоот гэрээгээр 2014 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээгээр 10 тонн элит үрийн буудайг нэг тонныг нь 880,000 төгрөгөөр тооцон нийт 8,800,000 төгрөгний зээлийг урьдчилгаа 1,760,000 төгрөгний урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл 7,040,000 төгрөгийг 2014 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тус тус гэрээ байгуулсан. Хариуцагч: “Өгөөмөр мандал” ХХК нь дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлээс урьдчилгаа төлбөрөөс гадна дараах төлөлтүүдийг хийсэн болно.
- 2011 оны 12-р сарын 10-нд тус санд 72.962 тонн буюу 25,536,584 төгрөгний буудай тушаасан байна.
- 2011 оны 12-р сарын 26-нд 4,410,000 төгрөгний урамшууллаар өр төлсөн байна.
- 2014 оны 01-р сарын 27-нд 6,363,000 төгрөгний урамшууллаар өр төлсөн байна.
- 2014 оны 07-р сарын 03-ны өдөр 250,000 төгрөгний төлбөрийг тус тус төлжээ. Нэхэмжлэлийн шаардлага: Нийт хугацаа хэтэрсэн өр болох 25,266,924 төгрөгийг гаргуулах,
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул, гэрээнүүдэд заасан алданги тооцох заалт болон Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 25,266,924 : 2=12,633,462 төгрөгийг гаргуулах,
Нэхэмжлэлийн нийт үнийн дүн: Хугацаа хэтэрсэн өр 25,266,624 төгрөг + анз 12,633,462 төгрөг нийт 37,900,086 /Гучин долоон сая есөн зуун мянга наян зургаан/ төгрөгийг нэхэмжилж байна.
Энэхүү хэрэгт хариуцагч талын хариу тайлбар өгөхгүй удаадаг, хэргийн материалтай танилцаагүй гэх зэрэг олон удаагийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсаар өдийг хүрлээ. Манай талаас энэхүү хэргийн шүүх хуралдаанд оролцохоор удаа дараа зардал гарган өөрийн биеэр хүрэлцэн очсон боловч өдийг хүртэл хэрэг шийдэгдэхгүй удсаар байна.
Иймд хариуцагч талаас нэхэмжилж буй хугацаа хэтэрсэн өр төлбөр дээр нэмэн шүүх хуралдаанд оролцохоор очиход гаргасан дараах зардлыг нэмж нэхэмжилж байна. 2015 оны 12-р сарын 02-ны өдрийн шүүх хурал шүүхийн буруутай үйл ажиллагаа буюу шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг буруу мэдэгдсэн гэсэн үндэслэлээр хойшилсон. Энэхүү шүүх хуралдаанд очих зардал нийт 144,190 төгрөг болсон. 2015 оны 12-р сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд Төрийн сангаас томилолтын зардал гаргаагүй тул өөрийн хувийн зардлаар Зүүнхараагийн таксид суун очиж явсан боловч шүүхээс хэргийг хэргийн хугацаа дууссан тул буцаалаа гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шүүх хуралдаанд очих зардал 59,000 төгрөг болсон. 2016 оны 05-р сарын 12-ны шүүх хуралд хариуцагч тал хугацаа тулган ирсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөө тодорхой болгоогүй, өмгөөлөгчтэй гэрээ байгуулаагүй байсан тул шүүхээс хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодруулъя хэмээн шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагч талд шүүх хурлаас өмнө энэхүү байдлыг үүсгэхгүй байх бүрэн боломжит хугацаа өнгөрсөн ба хариуцагч талд нотлох баримт цуглуулах бусад хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэхэд шүүхээс хангалттай хугацаа олгосон, хариуцагч тал эрхээ эдлэх хугацаа хангалттай байсан. Энэхүү томилолтоор шүүх хуралдаанд очих зардал нийт 143,320 төгрөг болсон байна.
Иймд дээрх шүүх хуралдаанд тус сангаас гаргасан нийт 346,510 /Гурван зуун дөчин зургаан мянга таван зуун арван/ төгрөгийг нэмж зардлыг нэмж нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч “Өгөөмөр Мандал” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа:
“…2008 оны техникийн гэрээний үлдэгдэл 25,533,000 төгрөг гэрээ хийхдээ төлбөрөө гэрээ тус бүр дээрээ хийддэггүй, нийт үнийн дүнгээс суутгаж явдаг. 2008 оны техникийн гэрээнээс 2014 оны будааны гэрээ хүртэл өнөөдөр нийт 55,292,450 төгрөг үүнээс 2011-2014 оны хооронд төлсөн төлбөр 36,559,584 төгрөг төлсөн, бид нарын тооцоогоор 18,732,866 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэгч талаас алданги бодож, бид нартай тооцоо нийлэе гэсэн зүйлийг ярьдаггүй. Бид нар зээлийн төлбөрийг будаагаар ч гэсэн төлнө гэдэг гэтэл нэхэмжлэгч талаас бидэнтэй тооцоо нийлэхгүйгээр шууд л шүүхэд өгсөн. Алдангийг гэрээ тус бүрээр тооцъё, бүх гэрээний хүрээнд тооцох нь учир дутагдалтай гэсэн саналыг танай зүгээс тавьсан боловч нааштай шийдэлд хүрч чадахгүй. ТЭДС 2015 оны 10 дугаар сард манай компанийг шүүхэд өгсөн юм...” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 187 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Өгөөмөр Мандал” ХХК-аас 18,732,866 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-д зааснаар нэхэмжлэгч ТЭДС-ийн нэхэмжлэлийг зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч “Өгөөмөр мандал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 251,614 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулж,
-Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 12,633,462 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 6,533,758 төгрөг, томилолтын зардал 346,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрт тус санг гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан гэрээнд дараах нөхцлийг заавал тусгана гэсэн заалтыг зөрчсөн гэрээ байгуулсан тул анз алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэжээ. Гэвч шүүгч яг манай аль гэрээг 263.2-г зөрчсөн шаардлага хангаагүй байгааг үнэлээгүй байна. Мөн нэхэмжилж буй гэрээнүүдийг тус бүрээр дүгнээгүй гэжээ. Энэхүү гэрээнүүд бүгд аль хэдийн үүргийн гүйцэтгэлийн хугацаа дууссан тул гэрээ нэг тус бүрээр дүгнэсэн, нийтэд дүгнэсэн ямар ч ялгаагүй учир үлдэгдэл нийт үнийн дүнг нэхэмжилсэн, үүнээс гэрээнд заасан алданги тооцох заалт Иргэний хуулийн 232.4-д зааснаар анз тооцсон болно.
Хариуцагч нь тус сангаас 2008 оноос хойш нийт 10 зээлийн гэрээний үндсэн дээр 73,515,359 төгрөгийн дэмжлэг аван үүнээс 48,498,434 төгрөгний төлөлтийг төлсөн байдаг. Энэхүү 10-н гэрээг бүгдийг шүүхэд гаргаж өгөн тайлбарласаар байтал шүүхийн шийдвэрт 8-н гэрээг үнэлэн энэ 8-н гэрээний үнийн дүнгээр буюу 2 гэрээг нь орхин үнэлсэн нь үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэлээ гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн энэхүү шаардлагыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...“Өгөөмөр мандал” ХХК нь манайхаас 2008 оноос хойш дэмжлэг авч ажилласан. Бүх гэрээ буюу нийт 10 гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Манайхаас нийтдээ 73.515.359 /далан гурван сая таван зуун арван таван мянга гурван зуун тавин ес/ төгрөгийн дэмжлэг авсан, үүнээс 48.248.430 /дөчин найман сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг буцааж төлсөн. Одоо 25.266.924 /хорин таван сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүх 2 гэрээг маань үнэлээгүй учраас дутуу үнэлсэн.
Манай гэрээнүүд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан алданги, төлбөрийг тодорхой тусгасан, техникийн гэрээ маань хүртэл график төлөлттэй, алдангуудыг гэрээ тутамдаа зааж өгсөн. Хариуцагч тал яг аль гэрээний мөнгө тушааснаа тодорхой хэлэхгүйгээр мөнгөө тушаадаг...” гэв
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон хэргийн шийдэлд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:
- Шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулахдаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, улмаар шүүх хуралдааныг дахин товлохгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан “... шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэснийг,
- Оролцогчийг хэргийн материалтай хэргийг хянан шийдвэрлэсэн өдөр танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах...” хуулиар олгосон эрхийг,
- Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх 2016 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авсан атлаа хариуцагчид нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 06 сарын 21-ний өдөр гардуулан өгч тухайн өдрөө хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах журмыг тус тус зөрчжээ.
Дээрх байдлаас дүгнэвэл шүүх талуудын эрх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчин улмаар талуудын эрх тэгш байдлыг хангаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Г.ДАВААРЕНЧИН