Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Цэнд-Аюуш,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гандулам, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

ялтан Э.Э, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,  

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Эын гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-т холбогдох 201725011258 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Э, 1979 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял шийтгэлгүй,

 

Э.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын ертөнцийн зүгээр урд талын хаалганы баруун талд Л.М гэгчтэй архи ууна, уухгүй гэж маргалдан, түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасны улмаас иргэн Л.М нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 20 минутад нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Э-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-т 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн куртик, цамц, нэг хос гутал, нэг хос хуучин оймс, улаан хүрэн цамц, саарал өнгийн өмд саарал өнгийн цамц, цагаан өнгийн фудболка, хар оруулгатай саарал дотоож, саарал дотуур өмд, хар ногоон өнгийн малгай, судалтай хар алаг оймс, хар гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ын цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-аас 7,714,600 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр огт таньж мэдэхгүй хохирогч Л.М ямар нэгэн байдлаар зүгээр явж байхад цохиогүй хохирогч Л.М нь согтуугаар ирж миний юм зараад олсон 3000 төгрөгөө бариад явж байхад архи авч хувааж ууя мөнгөө өгч бай гээд барьж явсан мөнгө рүү гараа сарвайнгуут танихгүй учраас гайхаж дургүйцээд явах гэтэл барьж явсан мөнгийг булаах гээд улайран зууралдаад толгой руу цохиж хажууд ойрхон байсан машин зохицуулагч дуудан алаад өгье гээд улам ширүүн зуурч цохиж миний өмсөж явсан куртикний ханцуйг урсан. Энэ үед би айж сандраад дотор давчидан түүнийг хохироох гэж бодоогүй нэг цохисон. Энэ талаар прокурорт хүсэлт гаргасан боловч амралт нь таарахгүй явсаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М архи ууна, уухгүй гэж маргаанаас болж цохиогүй миний барьж явсан мөнгийг архи авч хувааж ууя гэж ирээд булаах гээд болсон гэх хэрэг явдлаа ярьсан боловч хүлээж аваагүй. Үүний нотолгоо болох 3000 төгрөг хамгийн сүүлд хэрэг гарсны орой шүүх эмнэлэг дээр миний иргэний үнэмлэхийн лавлагаа авсан. Үлдсэн мөнгийг мөрдөн байцаагч мэдэж байгаа. Би байцаалтын явцад хэргийг аль талаас ярихаа мэдэхгүй буруу тайлбар хийснээс болж зүгээр явж байсан хүнийг санаатайгаар алсан мэтээр ойлгуулж шүүхээс 12 жилийн ял шийтгүүлээд байна. Би болгоомжгүй хүний амийг хохироосон гэмт хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Миний энэ нөхцөл байдалд хамаарах камерын бичлэг болон шаардагдах бүхнийг авч үзэн надад оногдуулсан 12 жилийн хорих ялаас тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд хасаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Э.Э-ын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Э.Э нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасныг шүүх анхааралдаа авахыг хүсэж байна. Хүнийг алах гэмт хэргийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхдээ хүсч үйлддэг бөгөөд хохирол хор уршигт зориуд хүргэдэг санаатай үйлдэл эс үйлдэхүй байдаг. Э.Э нь гэмт хэргийг хүсч үйлдээгүй, хүнийг санаатай алах зорилго байгаагүй. Энэ нь нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э-ын гэм буруутай үйлдэл тогтоогдсон. Шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, Ялтны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

Прокурор М.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Э.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын урд хаалганы баруун талд Л.М гэгчтэй маргалдан, түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасны улмаас иргэн Л.М бие махбодид гавал тархины хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийнхээ улмаас Л.М нь амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г “...2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө босоод цай уучихаад байж байтал манай нөхөр гэнэт надад шөл хийж өгсөн юм. Би Бөхийн өргөөний хажууд байдаг хүргэнийдээ очиж зээгээ харахаар явсан. 16 цагийн орчим гэртээ ирэхэд талийгаач гэртээ байхгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй ганцаараа хоносон. Тэгээд 4 дүгээр сарын 18-ны өглөө манай нэг дүү болох Г, Г, Г нар руу залгаад талийгаачийг асуухад ирээгүй гэсэн. Тэгээд бас тэр өдрөө хүлээж өнжөөд 12 цагийн үед 25 дугаар хорооны цагдаад нөхрийгөө олдохгүй байна гэж тэмдэглүүлсэн. Том хүү Ган-Ориг 102 дугаарт аавыгаа алга болсон гэж мэдээлэл өгсөн. 4 дүгээр сарын 19-нд цагдаагаас гар дээрээ шивээстэй хүн цогцос хадгалах газарт ирсэн гэж мэдэгдсэн байсан. Ингээд манай гурван хүү шүүх эмнэлэг рүү явж очтол талийгаач мөн байсан. Ингээд нас барсныг нь мэдсэн. Ер нь бол архи уух үедээ уучихдаг. Гэхдээ учиргүй архи хайгаад явдаггүй...” /хх-ийн 43-46 тал/,

гэрч O.Төгөлдөрийн “...Баянзүрх зах руу урд зүгээсээ чиглэлтэй байр болон үйлчилгээний төвийн засвараар гарч иртэл захын урд хаалганы баруун талын өнцөг орчимд хар өнгийн куртиктай, саравчтай малгайтай хүнийг куртикны ханцуйнаас саарал өнгийн хувцастай, настайвтар хүн зуурсан маргалдаад байгаа бололтой байсан. Бид 3 тэр хоёр хүн рүү шууд очиж явтал хар куртиктэй, саравчтай малгайтай хүн нь саарал хувцастай хүний зүүн хацар орчим руу нь гараараа цохитол саарал хувцастай хүн газарт унасан. Тэгээд цохисон хар хувцастай хүн нь зүүн тийшээ гүйх гэхээр нь бид гурав шууд араас гүйж очоод барьж авсан. Саарал куртиктай хүний шанаанаас нь цус гараад ухаан нь балартсан юм уу, ухаан алдсан юм уу сонин байдалтай газарт хэвтэж байхаар нь 103 руу дэслэгч Уухайбаатар залгасан. Хар хувцастай хүн ярихдаа цохисон хүнээ танихгүй, юм ярьж байгаад хамт архи ууя гэхээр нь уухгүй гэхэд зуураад байхаар нь цохисон гэж хэлж байсан...” /хх-ийн 49-50 тал/,

гэрч Г.Уухайбаатарын “...Баянзүрх захын урд хаалганы баруун талд хар куртиктэй хүн нэг саарал биеийн тамирын хувцастай хүнийг цохиод цааш алхаж байхад нь бид гурав араас нь очиж барьж аваад нөгөө цохиулсан хүн дээр ирж түргэн тусламж буюу 103-т дуудлага өгсөн. Нэг цагийн дараа түргэн тусламжийн эмч ирээд аваад явсан...” /хх-ийн 53-54 тал/,

шүүгдэгч Э.Э-ын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Баянзүрх захын урд талын төв хаалганы шатан дээр сууж байтал өнгөрдөг өвгөн гурван ширхэг машины калпак /машины дугуйны хамгаалалт/ үүрсэн өвгөн таараад надаас ганц юм гуялаж уух уу гэхээр нь би дүүд нь мөнгө байхгүй гэсэн. Захын баруун талын үзүүр дээр нөгөө өвгөн таарсан. Тэгээд төв хаалган дээр байж байхдаа ганц юм зохицуулна гээд тэр өвгөний үүрч явсан зүйлийг 4 ширхэг байгаа юм уу гэхэд 4 ширхэг байгаа гэсэн. Тэгээд Баянзүрх зах руу ороод талх, пакетласан хонины хэл аваад гарч ирээд гадаа наймаа хийдэг хүнд 3000 төгрөгөөр зарсан. Тэгтэл машины дугуйн хамгаалалт үүрсэн өвгөн араас хүрч ирсэн. Тэгээд би тэр өвгөнд 300 төгрөг зохицуулсан танд юм байна уу гэж асаахад над руу улаан цагаан дайраад байсан. Тэгээд би нөгөө өвгөнд тантай ер нь архи уухаа болилоо, өөр хүнтэй уусан нь дээр юм гэж хэлээд явах гэтэл намайг барьж аваад татаж чангаагаад чамайг би энэ хавьд байхгүй болгоно, зодож цохино шүү гэхээр нт би гараа би тэр өвгөний гараас мулт татаад баруун гараараа өвгөний нүүрэн тус газарт нь цохисон. Тэр өвгөн зогсоол дээр байсан машин мөргөж унаад босож ирээгүй. Өвгөн унтаж байгаа юм шиг амьсгалаад шанааны орчмоос нь их цус гараад байсан. Намайг тэр өвгөнийг цохих үед цагдаа хоёр дагалдантайгаа хамт явж таараад барьж авсан...”/хх-ийн 124-126 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 823 дугаар “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зулайн баруун ар хэсгээс урагш духны баруун хэсэг хүрч зүүн доош духны зүүн хонхор хүртэл үргэлжилсэн, зулайн баруун ар хэсгээс арагш доош дагзны баруун доод хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зулайн оройн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /50-60мл/, баруун дух, зулайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархмал няцралын голомт, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн голомтлог няцрал, бага тархины дээд гадаргуугийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайн баруун ар хэсгийн хуйхны цус хуралт, няцрал, шарх, зүүн хацарт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байх ба үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаачийн цогцост хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 50 минутад хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 6.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 71-72 тал/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Э.Э-ын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Баянзүрх захын урд хаалганы баруун талд Л.М гэгчтэй “..архи ууна, чамтай уухгүй...” гэж маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж унагааж бие махбодид гавал тархины хүнд гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас Л.М нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг үндэслэл бүхий тооцож, хянан шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Э.Э-ын “...уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн...” талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин Э.Э-ын анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж буй хувийн байдал, гэм буруу зэргийг нь харгалзан Э.Э-ын гаргасан “...оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс Э.Э-т оногдуулсан хорих ялын хэмжээг багасгахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Э.Эт 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг “...Э.Э-т 10 /арав/ жилийн хугацаагаар...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...12 жилийн...” гэснийг “...10 жилийн...” гэж өөрчилж, 

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ