Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1446

 

Хэргийн индекс: 135/2016/00466/и


Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: *** газар /утас ***/-ын   нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, *** тоотод оршин суух, С***н ***/регистрийн дугаар ***/-т холбогдох 
Гэм хорын хохирол 21,672,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, Төрийг төлөөлж прокурор Б.Сүрмандах, хариуцагч Ж.А*** , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх, гэрч У.М*** , иргэдийн төлөөлөгч И.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д*** газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Ж.***нь 2015 оны 05 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох шунахай зорилгоор тус нутгийн *** кабелийн телевизэд буюу мэдээллийн хэрэгслээр “Үндэс авна” гэсэн зарын явуулж, үүний дагуу иргэдээс ховор ургамал болох дэвэргэр жиргэрү ургамалын үндсийг 207 кг хэмжээтэйг худалдан авч,  улмаар Дархан сумын 15 дугаар багийн *** тоот өөрийн хашаандаа “Х*** ” хүнсний дэлгүүрийн байранд хатааж, жинлэж, шуудайлж хадгалж байсан. Дээрх үйлдлийн улмаас Ж.А*** ийг эрүүгийн *** тоот хэрэгт сэжиглэн шалгаж, мөрдөн байцаалтын холбогдох ажиллагааг явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Ж.***нь гэмт хэрэг үйлдсэнээс буюу түүний хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хэргийг прокуророос хянаад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** тоот тогтоолоор “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр Ж.А*** ийн үйлдлийг Өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 
Прокурорын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд Байгаль орчин аялал жуучлалын газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдсан тул  иргэн Ж.А*** аас дээрх гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргаж байна.
...Ж.А*** аас дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан бодит хохирлын хэмжээ нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон үнэлгээний дагуу хууль бусаар худалдан авсан, бэлтгэсэн нийт 270,9 кг дэрэвгэр жигэрү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,334,400 төгрөг гэж тооцогдсон.
 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор” заасан байх тул хариуцагч Ж.А*** аас хууль бусаар бусдаас худалдан авсан 270,9 кг үнэтэй дэрэвгэр жиргэрү ургамалын экологи эдийн засгийн үнэлгээ  4,334,400 төгрөгийг дээрх хуульд заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж, 21,672,000 төгрөгийг хариуцагч Ж.А*** аас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ж.*** нь шүүхэд  болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
     “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ашиг олох зорилгоор бусдаас 270,9 кг дэрэвгэр жиргэрү ургамалыг худалдан авсан нь үнэн. Энэ ургамалыг бусдаас худалдаж авах нь хууль бус гэдгийг мэдээгүй. Би байгаль орчинд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Төрийг төлөөлж прокурор Б.Сүрмандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Хариуцагчийн тайлбартаа танилцлаа. Тэгвэл Ж.***нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн учраас түүнд холбогдох хэргийг өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ байдал нь  эрүүгийн хэргийг сэргээх үндэслэл болох тул ЭХТАнгийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасан хэрэгт шүүхээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэйг анхаарна уу.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д*** газар нь хариуцагч Ж.А*** т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 21,283,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хохирол 21,672,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хариуцагч Ж.***нь “...би байгаль орчинд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ***тай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “...яллагдагч  Ж.***нь 2015 оны 05 дугаар сард *** телевизэд “Үндэс авна” хэмээн зар өгч Дархан сумын 15 дугаар баг Мангиртын *** тоотод байрлах Харайцай дэлгүүртээ цааш нь өндөр үнээр худалдан борлуулах зорилгоор Дэрвэгэр-жиргэрүү гэх ховор ургамалын 270,9 кг үндэсийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, хадгалан байгаль экологид 4,256,652 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ...яллагдагч Ж.А*** ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. 
Яллагдагч Ж.***нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж байх тул ...Ж.А*** т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ...*** н газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэсэн байна. 
Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д “Нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч *** н газар нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ***тай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд дурьдсны дагуу ургамлын аймагт учруулсан хохирлыг хариуцагч Ж.А*** аас гаргуулахаар  нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д зааснаар Ж.А*** ийн зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан 270,9 кг Дэрэвгэр жиргэрү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 4334,400 төгрөгийг  5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр  буюу 21,672,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** н газар нь байгаль орчин, ургамлын аймагт учруулсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.
Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн У.М*** ын гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ашигт ургамалын экологи эдийн засгийн үнэлгээг “Дэрэвгэр жиргэрү ургамлын 1 кг нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 16000 төгрөг” гэж тогтоосон бөгөөд энэхүү үнэлгээг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ***тоот тушаалд заасны дагуу гаргасан байх тул дээрх үнэлгээгээр хохирлыг тооцох нь зүйтэй байна. 

Шүүх хуралдаан дээр хариуцагч Ж.***нь  зохих зөвшөөрөлгүйгээр 270,9 кг Дэрэвгэр жиргэрү ургамлын үндсийг ашиг олох зорилгоор бусдаас худалдан авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хэрэгт авагдсан Ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээнд тооцсон тухай баримтанд Ж.А*** ийг 63,9 кг ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэж дурдсан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11-д байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байхаар заасан байна. 
Хариуцагч Ж.***нь дээрх ургамлын үндсийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн үйлдэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.А*** аас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-д зааснаар  экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хохирол гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна. 
Харин Ж.А*** ийн ашиг олох зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрү ургамлын 270,9 кг үндсийг худалдан авч, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн учир “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ***тай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчаас Ж.А*** аас байгаль экологид учруулсан бодит хохирол 4,334,400 /ашигт ургамлын үндэс 270,9 кг *16,000 төгрөг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,337,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.А*** аас 4,334,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д*** газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  17,337,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.А*** аас улсын тэмдэгтийн хураамж 84,300 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА

        ШҮҮГЧИД                     Д.АЛТАНТУЯА

                                Д.ОЮУНДАРЬ