Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1468

 

Хэргийн индекс 135/2016/01255/и
                                 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, *** тоотод оршин суух, Б*** О*** /регистрийн дугаар*** /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *** даргад холбогдох, 

"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...миний бие нь *** даргын тушаалаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авч 1 дүгээрт орсноор *** даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Тус ажилд хуулийн дагуу томилогдон ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль, дүрэм, журам, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хүрээнд шинэ байгуулагдсан цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн түвшинд удирдан зохион байгуулж ирсэн. Гэтэл *** дарга С.Н*** 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гэх захирамж гаргаж уг тушаалын хууль зүйн үндэслэл, ажлаас чөлөөлж буй шалтгаан зэргийг тайлбарлаж, танилцуулахгүйгээр захирамж гаргасан тус  2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19,00 цагт ажил хүлээлц хэмээн ажлыг минь хүлээлцүүлсэн. Миний бие *** дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй боловч төрийн алба тасралтгүй үргэлжлэх зарчим, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болох хичээлийн шиэн жилийн нээлтийн үйл ажиллагаа зэрэг цаг үеийн асуудлыг хүндэтгэн үзэж ажлаа хүлээлгэн өгсөн. Намайг ажлаас чөлөөлсөн С.Н*** ын *** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн ашиг сонирхолоо илэрхийлсэн, дур зоргын шинжтэй илт хүчин төгөлдөр бус захирамж болох нь тус захирамжийн үндэслэх хэсэгт дурьдагдсан хууль, хуулийн заалтуудаас харагдаж байгаа болно.
Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч Д.О*** миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн *** даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож нхээмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэний миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.  
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*** даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай захирамжид “... О*** ийн албан тушаалын нэг сарын үндсэн цалинг ТҮБД-6-5 дахь шатлалаар тогтоосон” байна. Засгийн газрын 75 дугаар тогтоолд дээрх ТҮБД-6-5 дахь шатлал 711,230 төгрөг гэж тогтоосон. Иймд ажилгүй байсан хугацаа 53 хоногийн цалин 1,713,417 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*** шүүхэд гаргасан тайлбартаа:
 “...Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг *** тоотод оршин суугч иргэн Д*** гийн О*** ийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд
1.    Д.О*** нь *** даргын 2016.06.07-ны өдрийн 62 дугаар захирамжаар Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2016.07.07-ны өдөр аймгийн боловсролын газраас зохион байгуулсан гэх 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн гэсэн үндэслэлээр *** даргын 2016.07.07-ны өдрийн *** дүгээр захирамжаар Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан байна. *** даргын 2016 оны *** дүгээр захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянан үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны*** тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухай аймаг, нийслэлийн боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна” 4.2-т “сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссийг шинээр байгуулна” заасан байдаг.
Гэтэл 2016.07.07-ны өдөр зохион байгуулагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохин байгуулах аймгийн Боловсрол соёлын газрын даргын комисс томилсон тушаал гараагүй байхад аймгийн Төрийн албаны зөвлөлийн гишүүн хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Э*** даргалж нарийн бичгийн даргаар БСГ-ын мэргэжилтэн Д.Б*** , гишүүдэд аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батбаяр, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, БСГ-ын мэргэжилтэн М.У*** нар сонгон шалгаруулалт явуулсан нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны*** тогтоолоор батлагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.3, 4.2 дахь хэсгийг зөрчсөн байсан.
Дээрхи сонгон шалгаруулалтын дүнг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2016.08.31-ний өдөр хуралдаанаараа авч хэлэлцэн Боловсрол соёлын газрын чиг үүрэгт хамаарах асуудалд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулалттай холбоотой арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөх чиг үүрэгтэй оролцох байтал илт ашиг сонирхолын зөрчил үүсгэн, холбогдох дүрэм, журмыг зөрчин сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
2.    *** даргын 2016.07.07-ны өдрийн *** дүгээр захирамжинд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 32 дугаар тогтоолыг үндэслэсэн байсан. Гэтэл энэ тогтоол нь Боловсрол соёлын газраас зохион байгуулсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тэнцсэн Д.О*** тэй холбоогүй тогтоолыг үндэслэсэн байсан.
Иймд *** даргын 2016.07.07-ны өдрийн *** дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул *** дарга С.Н*** Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Д.О*** ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул Д.О*** ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:
       
Нэхэмжлэгч Д.О*** нь *** даргад холбогдуулан Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаар 
*** даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “Д.О*** ийг ажилд түр томилох тухай” захирамжаар “...Авилгатай тэмцэх газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот албан бичигт “Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д*** гийн О*** ийн хувийн ашиг сонирхолыг урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэсэн байх тул 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн эрхлэгчээр Д.О*** ийг түр томилон ажиллуулсугай...” гэжээ. /хх-3/
*** даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “Д.О*** ийг ажилд томилох тухай” захирамжаар “...Д.О*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Сургуулийн өмнөх боловсролын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж нэгдүгээрт жагсан тэнцсэн тул 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилон ажилуулсугай...” гэжээ /хх-5/
*** даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн *** дугаар захирамжаар “Д.О*** ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа Д*** гийн О*** ийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж...” шийдвэрлэсэн байна. /хх-6/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилснаар цуцална”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан боловч цуцалж болох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байна. 

Хариуцагч *** дарга нь “Д.О*** ийг ажлаас чөлөөлөх тухай” *** тоот захирамждаа  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн боловч ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байх тул *** дарга Д.О*** ийг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэхээр байна. 

Хариуцагч талаас “...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3, 4.2-д заасны зөрчсөн. *** даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар “Д.О*** ийг ажилд томилох” тухай захирамжид Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 32 дугаар тогтоолыг үндэслэл болгосон боловч уг тогтоол нь Д.О*** тэй хамааралгүй, холбоогүй, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот “Хянан шалгах комисс томилох тухай” тогтоол байсан. Мөн Д.О*** нь бага ангийн багш мэргэжилтэй байх тул Цэцэрлэгийн эрхлэгч болоход мэргэжлийн хувьд тавигдах шаардлагад нийцэхгүй юм . 
Иймд *** дарга  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу *** даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “Д.О*** ийг ажилд томилох тухай” захирамжийг хууль бус, хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн *** дугаартай захирамжаар *** дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.О*** ийг ажлаас чөлөөлсөн болно...” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзал үндэслэлээ тайлбарласан боловч *** даргын 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай захирамжаар “...Д.О*** ийн ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсантай холбогдуулан *** даргын 2016 оны *** дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр *** даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “Д.О*** ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Д.О*** ийг Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.  
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ. 
Нэхэмжлэгч Д.О*** нь үндсэн цалингийн болон нийгмийн даатгалын дэвтэр зэрэг дундаж цалин хөлс тодорхойлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч *** даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “Д.О*** ийг ажилд томилох тухай” захирамжид “ ...Д.О*** ийн албан тушаалын нэг сарын үндсэн цалинг ТҮБД-6-5 дахь шатлалаар тогтоож, холбогдох нэмэгдэл, урамшууллыг хууль тогтоомжийн дагуу тооцож олгохыг Дархан *** цэцэрлэгийн нягтлан бодогчид зөвшөөрсүгэй” гэжээ.
 Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 75 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг” албан тушаалын зэрэглэл ТҮБД-6-5 дахь шатлал 711,230 төгрөг гэж заасан байх тул Д.О*** ийн үндсэн цалин 711,230 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна. 
    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.О*** ийн ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 53 хоног цалин 1,713,417 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:
     
 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О*** ийг Дархан-Уул аймгийн Дархан *** цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд  эгүүлэн тогтоосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч *** даргаас нөхөн олговор 1,713,417 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О*** т олгосугай.     

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *** даргад даалгасугай.
 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 112,564  /42,364+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  
 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 

     
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА