Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 25

 

Д.Э-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01255/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч Хөхөлдэйнхэн овогт Дэндээгийн Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай” иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлдамба, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э-гаас:

Ажилтан ээлжийн амралттай байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтын дагуу миний ажил албан тушаал хэвээр хадгалагдах бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 2016.07.08-ны өдөр өгч 2016.08.05-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Ажил олгогч ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжийг хязгаарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын 2016.08.05-ны өдрийн 68 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Холбооны газар болон хариуцагчийн төлөөлөгчөөс:

Тус холбооны газар нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нэгж ба “Монголын цахилгаан холбоо” ХК нь өнгөрсөн 2015 онд алдагдалтай ажилласан бөгөөд энэ байдалд Монголын цахилгаан холбоо ХК-ийн ТУЗ дүгнэлт хийж хуралдаад 2016.06.10-ны өдрийн №1 тоот тогтоол гаргаж Улаанбаатар хотын ажиллагсад мөн бүх салбаруудад орон тоог нягтаршуулж цөөрүүлэх шийдвэр гарсны дагуу гүйцэтгэх захирлын 2016.07.08-ны өдрийн А/80 тоот тушаал гарч компанийн хэмжээнд бүх салбар нэгжүүдэд орон тоог нягтруулж, цөөрүүлсэн ба зөвхөн манай салбарт хийдэг ажил биш болно. Д.Э-гийн хувьд ээлжийн амралтын мөнгө бодогдож олгогдсон боловч амралтын мэдэгдэх хуудас авч албан ёсоор ээлжийн амралтаа биеэр эдэлж эхлээгүй ажиллаж байсан болно. 2016.07.08-ны өдрийн 16:00 цагийн үед компаниас орон тоо цөөрүүлж хасагдсан 2016.07.08-ны өдрийн А/80 тоот тушаал ирж ажлын зөвлөлийн гишүүд болон тушаалын хавсралтаар батлагдсан ажиллагсадтай уулзаж, ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас гардуулж өгсөн. Д.Э- зөвшөөрч мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж гардан авсан ба түүнд өөрийнх нь эдлэх ээлжийн амралт биеэр эдэлж эхлээгүй байгаа тул өнөөдрөөс амарч болохгүй тухай мэдэгдсэн болно.

Иймд иргэн Д.Э- нь ээлжийн амралтаа албан ёсоор биеэр эдэлж эхлээгүй байсан 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 08-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байсан, мөн 07 дугаар сарын бараа материалын тайлан гаргасан мэдэгдэх хуудсанд зөвшөөрч гарын үсэг зурсан, орон тооны цомхтголыг нэхэмжлэгч өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч 4,860,000 төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзэж Д.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны баримтлан Д.Энхтяагийн Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-г тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

Шүүх жинхэнэ хариуцагч, түүний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, нэхэмжлэгчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар жинхэнэ хариуцагчтай мэтгэлцэх боломжийг олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь заалтыг зөрчсөн. Дархан-Уул аймгийн Холбооны газар шүүх хуралдаанд “хуулийн этгээдийн эрхгүй учраас энэ хэргийн хариуцагч биш” гэсэн тайлбар хийсэн, мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт заасан “нутаг дэвсгэрийн харъяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан, шүүх харъяалал зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаа сонгон нэхэмжлэл гаргах эрхийг хангах, жинхэнэ хариуцагч буюу Монголын цахилгаан холбоо компанийн удирдах байгууллага байгаа газрын шүүхэд хэргийг шилжүүлэх, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих, шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг буюу Монголын цахилгаан холбоо компанийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдуулан  тус газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 68 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар  гомдол  гаргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Дархан-Уул аймгийн  Холбооны салбар нь  “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар нэгж бөгөөд  Иргэний болон Компаний тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй  тул хэргийг хариуцах чадваргүй гэж  гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлүүдийг баримтлан  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль ёсны болж чадаагүй байна.

            “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар нэгжийн хувьд Дархан-Уул аймгийн Холбооны салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байхаар  Иргэний хууль болон Компаний тухай хуульд заасан хэдий боловч ажилтныг ажилд авах ажлаас чөлөөлөх эрх зүйн акт гаргах эрх бүхий этгээдийн хувьд  хөдөлмөрийн маргаанаас үүссэн хэрэгт   удирдах байгууллагаас олгосон итгэмжлэлээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  хувьцаат компанийг төлөөлөн оролцох боломжтой юм.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг ажил олгогч салбарын харьяаллаар  нэхэмжлэл гаргасныг буруу гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм. 

Тэр тусмаа нэхэмжлэлийн агуулга нь ажлаас халагдсан ажилтны гомдол байх тул   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “... гомдлыг хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана” гэсэнтэй нийцэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг  хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь зөв байх тул  шүүх харьяалал зөрчиж хэргийг хүлээн авсан,  хэргийг харьяаллын  дагуу шилжүүлээгүй гэх  нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Харин шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулахдаа түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуулийн этгээдээс олгосон  итгэмжлэлийг шаардах ийнхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд удирдах дээд байгууллагад нэхэмжлэлийг гардуулах эсхүл нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг солих  ажиллагааг хийх шаардлагатай байжээ.

           Шүүх ийнхүү үүргээ биелүүлээгүйгээр Дархан-Уул аймгийн Холбооны газрыг хариуцагч этгээд биш гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь  учир дутагдалтай болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                       ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ