Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1470

 

Хэргийн индекс: 135/2016/01228/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг, *** тоот хаягтай “***”ХХК /регистрийн дугаар***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, шинэ хороолол, *** хаягтай “*** ”ХХК /регистрийн дугаар *** /-д холбогдох,

 “18,667,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... “*** ” ХХК-ийн захирал Б.Г*** анх 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл манай “***”ХХК-аас нийтдээ 28,944,780 төгрөгийн үнэ бүхий 466,2 тн гөлтгөнө бэлтгүүлэн авч хөтөл “*** ”ХК-д нийлүүлсэн байдаг. Манай компанийг хуурч мэхэлж гөлтгөнө авсан Б.Г*** ыг 2015 оны 01 дүгээр сард Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гарган эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон ч Б.Г*** нь манай компанийн хохирлыг бүрэн төлье эхний ээлжинд 4,000,000 төгрөг шилжүүлье гэснээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан үлдэгдэл 12,444,780 төгрөгийг төлөх тухай хугацаа тогтоон баримт үйлдсэн. 
Гэвч Б.Г*** нь мөн л урдын адил худлаа ярьж утсаа авахаа больсон. Иймд хариуцагч “*** ”ХХК-ийн манай компанид төлөх ёстой “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн төлбөр үлдэгдэл 12,444,780 төгрөг, алданги 6,222,390 төгрөг нийт 18,667,170 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... “***”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон боловч намайг хуурч мэхлэн гэрээний дагуу ажиллахгүй надаас нууж ажил үүргээ гүйцэтгээд надад ямар ч хөлс мөнгө төлөөгүй юм. Мөн анх ажил эхэлхэд нь би 5,000,000 төгрөг хувиасаа өгсөн юм. Мөн ажил үүрэг анх гүйцэтгэхэд би тээвэрлэлтийн зам зэргийг нь ярьж өгч ажилд нь тусалсан байхад намайг хуурч мэхлэн ажилдаа гэрээний дагуу оролцохгүй намайг илт хохироосон юм. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
    
                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч “*** ” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 12,444,780 төгрөгийг гаргуулах, алданги 6,222,390 төгрөг, нийт 18,667,170 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Хариуцагч “*** ” ХХК нь нэхэмжлэгч “***” ХХК-иас 28,944,780 төгрөгийн үнэ бүхий гөлтгөнө худалдан авсан бөгөөд 28,944,780 төгрөгөөс 16,500,000 төгрөгийг төлж, 12,444,780 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэг авагдсан зарлагын 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн баримт, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “***” ХХК-ийн гаргасан хүсэлт, зохигч талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 
Зохигч талууд 28,944,780 төгрөгийн үнэтэй гөлтгөнө худалдан авсан талаар маргадаггүй ба зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч “*** ” ХХК нь худалдан авсан гөлтгөний үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан зохигчдын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч “*** ” ХХК нь 28,944,780 төгрөгөөс 16,500,000 төгрөгийг төлж, үлдэх 12,444,780 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд “...12.444.780 төгрөгөөс 5.000.000 төгрөг бэлэн төлөгдсөн байх ёстой. Мөн үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдоогүй. Иймд 5.000.000 төгрөг болон нэмэгдсэн өртгийн албан татварын 10% буюу нийт 6.240.000 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байна. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*** нь шүүх хуралдаанд “...2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “*** ХХК”-ний захирал Б.Г*** нь манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Тэрээр хүсэлтдээ “...одоо үлдэгдэл 12,444,780 төгрөгний төлбөрөөс 5,000,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны дотор төлж, үлдсэн төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгах болно. Хэрвээ хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги төлж хариуцлага хүлээхээ баталж байна. Тиймээс та бүхэн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст өгсөн өргөдлөө буцааж авахыг хүсье” гэсэн тул манай байгууллага түүний хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өгсөн өргөдлөө буцаан авч, төлбөр төлөх график болон алданги тооцохыг хүлээн зөвшөөрсөн. Иймд алданги 6,222,390 төгрөгийг хариуцагч “*** ХХК”-иас гаргуулахаар нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан болно.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ”, 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.
Хариуцагч “*** ХХК” нь  заасан хугацаандаа 12,444,780 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги төлөхөө хүлээн зөвшөөрч, энэ тухай албан бичгийг ирүүлснээр талуудын хооронд алданги төлөхөөр тохиролцсон хэлцэл байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иймд хариуцагч “*** ” ХХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл 12,444,780 төгрөг, түүний алданги 6,222,390 төгрөг, нийт 18,667,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*** ХХК”-нд олгох нь зүйтэй байна. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** нь шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч “*** ХХК” нь хүч хэрэглэж дээрх алданги тохирсон хэлцлийг хийсэн” гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*** ХХК”-иас 18,667,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*** ХХК”-нд олгосугай.
    
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,286 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*** ХХК”-иас улсын тэмдэгтийн хураамж 251,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*** ХХК”-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА