Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 14

 

“Арвин хад” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01228/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Асгат улаан хайрхан” ХХК-д холбогдох

“Худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 12,444,780 төгрөг, алданги 6,222,390, нийт 18,667,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

             Хариуцагч “Асгат улаан хайрхан” ХХК-ийн захирал Б.Ганбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-аас:

“Асгат улаан хайрхан” ХХК-ийн захирал Б.Ганбат анх 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл манай “Арвин хад” ХХК-аас нийтдээ 28,944,780 төгрөгийн 466,2 тн гөлтгөнө бэлтгүүлэн авч Хөтөлийн “Цемент Шохойн” үйлдвэрт нийлүүлсэн байна. Манай компанийг хуурч мэхлэн гөлтгөнө авсан Б.Ганбат нь 2015 оны 01 дүгээр сард манай компанийн хохирлыг бүрэн төлөхөөр тохиролцож эхний ээлжинд 4,000,000 төгрөг шилжүүлнэ гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан үлдэгдэл 12,444,780 төгрөгийг төлөх тухай хугацаа тогтоон баримт үйлдсэн. Иймд хариуцагч “Асгат улаан хайрхан” ХХК-ийн манай компанид төлөх ёстой “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн төлбөрийн үлдэгдэл 12,444,780 төгрөг, алданги 6,222,390 төгрөг нийт 18,667,170 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

“Арвин хад” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон боловч намайг хуурч мэхлэн гэрээний дагуу ажиллахгүй надаас нууж ажил үүргээ гүйцэтгээд надад ямар ч хөлс, мөнгө төлөөгүй ажилдаа гэрээний дагуу оролцохгүй намайг илт хохироосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийдвэрээр:  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан “Асгат улаан Хайрхан” ХХК-аас 18,667,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,286 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асгат Улаан хайрхан” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 251,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.Ганбат давж заалдсан гомдолдоо:

“Асгат Улаан Хайрхан” ХХК-ийн захирал Б.Ганбат би 2014 оны 01 сард “Арвин хад” ХХК-тай хамтран ажиллаж гөлтгөнө нийлүүлэхээр тохиролцсон юм. Энэ үед би гөлтгөн нийлүүлэх бүхэл нөхцөл бололцоог хангаж Хөтөлийн “Цемент Шохойн” үйлдвэрт тушаах болон вагоноор ачих зэргийг холбогдох хүмүүстэй нь ярьж тохирсон ба “Арвин хад” ХХК нь анх байгуулсан хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж эхний хэдэн ачилтын дараа дахин нийлүүлэлт хйигээгүй. Гөлтгөний үнэ 12,444,780 төгрөгийн үлдэгдлийг төлөх нь үнэн ба тухайн үед гөлтгөнө борлуулсан үнийн дүнгээс НӨАТ-д 3,000,000 төгрөгийг манай компани татварт төлсөн бөгөөд энэ талаархи баримтаа анхан шатны шүүхэд өгч чадаагүй, хууль ёсны дагуу гэрээ хийгдсэн байхад намайг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт дуудуулж хэрэг үүсгүүлж шалгуулна гэж янз бүрийн байдлаар дарамтлуулсан тул би шахалтанд орж мөнгө төлсөн. Иймд үндсэн төлбөр болох 12,444,780 төгрөгийг төлж барагдуулах ба алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч “Асгат Улаан хайрхан” ХХК нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-аас 2014 оны 07 дугаар сард 28,944,780 төгрөгийн үнэ бүхий 466.2 тонн гөлтгөнө худалдаж авсан нь хэргийн 4,5 дугаар талд авагдсан “Арвин хад” ХХК-ны 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Зарлагын баримт”, “Нэхэмжлэх”-ээр,16,500,000 төгрөгийн төлбөрийг төлж, 12,444,780 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь талуудын шүүхэд өгсөн тайлбар, хэргийн 7,8 дугаар талд авагдсан “Арвин хад” ХХК-ны дансны хуулга, тооцооны баримтын жагсаалт, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 12,444,780 төгрөг түүний алданги 6,222,390 төгрөг нийт 18,667,170 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж буюу алданги тооцож шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн 10 дугаар талд авагдсан хариуцагчийн хүсэлт болох бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-д гаргасан хариуцагч “Асралт Улаан хайрхан” ХХК-ны захирал Б.Ганбатын  хүсэлтээс үзвэл энэ нь нэг талын хүсэл зоригийг илтгэсэн хэлцэл байхаас гадна хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөө илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст өгсөн өргөдлөө буцааж авахыг хүсчээ.

Үүнээс үзвэл хариуцагч нь бусдын дарамт шахалтын улмаас алданги төлөхөөр хүсэлт гаргасан байна гэж үзэхээр бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар  шаардах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн хэлцэл байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагчийн хууль ёсны дагуу гэрээ хийгдсэн байхад намайг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт дуудуулж хэрэг үүсгүүлж шалгуулна гэж янз бүрийн байдлаар дарамталсан бөгөөд би шахалтанд орж мөнгө төлсөн тул алдангийг хасч тооцож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангаж, алдангийг хасч тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2–т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “18,667,170” төгрөг гэснийг “12,444,780” төгрөг гэж,

2 дахь заалтын “251,286" төгрөг гэснийг “216,066” төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,066 төгрөгийг  Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                               ШҮҮГЧИД                                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА