Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/01269/и |
Дугаар | 1488 |
Огноо | 2016-11-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1488
Хэргийн индекс 135/2016/01269/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг *** тоотод оршин суух Т*** С*** /регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум “*** ” цогцолбор сургууль / утас ***/-д холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч Ж.М*** , гэрч М.С*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Боловсролын салбарт тэр дундаа Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтан, сургалтын менежер зэрэг албан тушаалд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. 2015.12.03-ны өдрөөс Дархан-Уул аймгийн “*** ” цогцолбор сургуульд сургалтын менежер албан тушаалд тус сургуулийн захирлын тушаалаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016.08.31-ний өдрийг хүртэл ажилласан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй бөгөөд тус ажлыг авсан үеэс эхлэн ажилдаа сэтгэл зүтгэл гарган ажиллаж сургуулийн хэмжээнд учир дутагдалтай байсан ажлуудыг цэгцэлж хуулийн дагуу ажиллаж ирсэн. 2016.08.22-ны өдөр Ж.М*** тус сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан үеэс эхлэн намайг ажлаа өг би өмнөх сургалтын менежер Соёл-Эрдэнийг авч ажиллуулна гэх зэргээр шахалт үзүүлэх болсон. Миний бие Ж.М*** гийн тус хууль бус шаардлагуудыг огт хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл Ж.М*** ямарч хууль зүйн үндэслэлгүйгээр 2016.08.30-ны өдөр Б/50 дугаартай багш хөгжлийн төвийн багшаар томилох тухай гэх тушаал 2016.08.31-ний өдөр ажлаас халах тухай гэх *** дугаар тушаалуудыг тус тус гаргаж тушаалаа ч танилцуулахгүйгээр 2016.08.30-ны орой өрөөг минь лацдаж, хувийн ашиг хонжоо, танил тал, хувийн зорилгоо хэрэгжүүлэх явуургүй хууль бус санаархалдаа хөтлөгдсөн дур зоргоороо авирлаж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж Н.С*** миний ажлыг хүчээр аваад байна. Бидний үр хойч болсон өсвөр насны хүүхэд багачуудын эрдмийн өргөө болсон сургуулийн захирал гэх хариуцлагатай албан тушаалтай хүн атлаа Ж.М*** ажлаа аваад 7 ч хоноогүй байж хууль зүйд нийцүүлж бус хувийнхаа ашиг сонирхолдоо нийцүүлэн дур зоргоороо авирлаж хууль зүйн үндэслэлгүй тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд шүүх нэхэмжлэгч Н.С*** миний зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургууль шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
Үндэслэл 1: Сургалтын менежер Н.С*** нь хууль бусаар *** цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд томилогдсон гэдгийг дараах баримтуудаар нотолж байна.
Шинээр орсон захирал Б.Г*** нь сургалтын менежер М.***ийг хууль бусаар ажлаас халж, Н.С*** ыг томилсон сургалтын менежер М.С*** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.25-ны өдрийн *** дугаар шийдвэрээр тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийг хавсаргав.
Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг зөрчин Н.С*** ыг сургалтын менежерээр авахдаа сонгон шалгаруулалт зарлалгүй авч ажиллуулсан. Сонгон шалгаруулж авсан тухай материал огт байхгүй.
Н.С*** ыг 2015.12.03-ны өдрийн *** тоот тушаалаар ажилд томилохдоо дунд ангийн сургалтын менежер гэсэн байхгүй орон тоо гарган ажилд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэх заалтуудыг зөрчсөн.
Н.С*** ыг 2015.12.03-ны өдрийн *** тоот тушаалаар ажилд аваад, 2015.12.31-ний өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2016.01.04-ний *** щ тоот тушаалаар сургалтын менежерийн ажилд түр томилсон атлаа хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй, олон дахин томилж чөлөөлж байгаа нь Н.С*** ыг хууль бусаар ажиллуулж байсныг нотолж байна. 2016.01.21-ний өдрийн *** тоот тушаалаар дахин сургалтын менежерийн ажилд томилсон зэрэг үйлдлүүд нь хууль бусаар ажилд орсныг гэрчилж байна..
...Иймд Н.С*** ын гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С*** нь “*** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** , 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас “...*** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Тус сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тушаалаар “...Н.С*** ыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дунд ангийн сургалтын менежерээр авч ажиллуулж” захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн *** дугаартай тушаалаар “...тус сургуулийн менежер ажилтай Н.С*** ыг өөрийнх нь хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж...” шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай тушаалаар “...Нямаажав овогтой С*** ыг тус сургуулийн сургалтын менежерийн ажилд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан” бөгөөд тус сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар “Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт, Бага, Дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн тус сургуулийн сургалтын менежер ажилтай Н.С*** ын байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс дуусгавар болгож...” шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно”, Бага, Дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж тус тус заасан байна.
Хариуцагч *** цогцолбор сургуулийн захирал Ж.М*** нь шүүх хуралдаанд “...тус сургуулийн сургалтын менежерээр өмнө нь ажиллаж М.С*** нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа халагдаж, түүний оронд Н.С*** нь сургалтын менежерээр ажилд орсон. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр “ тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, М.Соёл-Эрдэнийг тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон”. Тухайн үед ажиллаж байсан сургуулийн захирал Н.Г*** нь М.Соёл-Эрдэнийг шүүхийн шийдвэрт заасан урьд эрхэлж байсан албан тушаал дээр биш, сургуулийн орон тоонд батлагдаагүй Бага ангийн сургалтын менежерийн ажилд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр түр томилсон тушаал гаргасан. М.С*** нь бага ангийн сургалтын менежерийн орон тоо нь батлагдаагүй орон тоо байсан учир ажиллаагүй. Намайг 8 сард ажлаа хүлээж авахад М.С*** нь шүүхийн шийдвэрээ авч ирж, өмнөх ажилдаа орох хүсэлтээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасны дагуу М.Соёл-Эрдэнийг урьд эрхэлж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилд нь авч, Н.С*** тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “...Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн дагуу М.Соёл-Эрдэнийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажилд авч, түүний хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Мөн шүүхийн шийдвэрт заасны дагуу түүнд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин олгосон. Дээрх шүүхийн шийдвэр биелэгдсэн. Дахин шүүхийн *** дугаар шийдвэрийг биелүүлнэ гэсэн үндэслэлээр Н.С*** ыг ажлаас халсан нь үндэслэлгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *** цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, М.Соёл-Эрдэнийг тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *** цогцолбор сургуулиас 2,264,534 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.С*** д олгож, нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын цалин нөхөн гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 58-60/
Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай “М.Соёл-Эрдэнийг ажилд түр томилох тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтууд, Бага, Дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэхь заалт, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоол, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 208 тоот шийдвэр, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн Мягмаржав овогтой Соёл-Эрдэнийг тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулахаар” шийдвэрлэсэн байна. /хх-51/
Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус сургуулийн бага ангийн сургалтын менежер ажилтай М.Соёл-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх-52/
Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар “М.Соёл-Эрдэнийг эгүүлэн томилох тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтууд, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэхь заалт, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Бага, Дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэхь заалт, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоол, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 208 тоот шийдвэрийг тус тус үндэслэн Мягмаржав овогтой Соёл-Эрдэнийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус сургуулийн сургалтын менежерийн үндсэн ажилд нь эгүүлэн томилон ажиллуулсугай...” гэжээ/хх61/
Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дугаартай “2015-2016 оны хичээлийн жилийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай” тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилд ажиллах багш, ажилчдын тоог тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд тушаалын 1 дүгээр хавсралтад сургалтын менежер 1 гэсэн орон тоо батлагдсан байна /хх 62-64/
Гэрч Б.Г*** ын “...шийдвэрт тусгасан ажилд М.Соёл-Эрдэнийг буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгосон...” гэсэн мэдүүлэг /хх-44/
Гэрч М.Соёл-Эрдэний шүүх хуралдаанд “...би тус сургуулийн сургалтын менежерийн ажилд 2013 онд орж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа халагдаж, шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн үед сургуулийн захирал байсан Н.Г*** тай очиж уулзахад “шүүхийн шийдвэрт сургуулийн зүгээс гомдол гаргахгүй, шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинг өгнө, намайг өмнө эрхэлж байсан сургуулийн сургалтын менежерийн албан тушаал дээр биш, орон тоо нь батлагдаагүй, цалингүй бага ангийн сургалтын менежерийн ажилд авна гэсэн. Би албан ёсоор батлагдаагүй, цалингүй ажилд орохгүй, урьд эрхэлж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилдаа орно гэдгээ хэлээд бага ангийн сургалтын менежерийн ажлыг хийгээгүй. Сургуулиас шүүхийн шийдвэрт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг өгсөн, харин шийдвэрт заасны дагуу ажилд маань аваагүй. Тухайн үеийн захирал Н.Г*** нь өмнөх ажилд минь авахгүй байсан учраас захирал солигдож хуучин захирал Ж.М*** болоход нь би шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орьё гээд уулзахад намайг шүүхийн шийдвэрт заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьд эрхэлж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилд эргүүлэн авч ажиллуулсан. Намайг ажлаас халагдахад Н.С*** тухайн ажилд томилогдсон. Тус сургуульд сургалтын менежерийн нэг орон тоо батлагдсан ” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд М.С*** нь *** цогцолбор сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн ба тэрээр дээрх захирлын Б/91 тоот тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 208 тоот шийдвэрээр М.Соёл-Эрдэнийг тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
М.Соёл-Эрдэнийг сургалтын менежерийн ажлаас чөлөөлснөөс хойш хугацаанд уг албан тушаал дээр Н.С*** томилогдсон, тус сургуульд сургалтын менежерийн 1 орон тоо батлагдсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.2.6-д “ хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч *** цогцолбор сургууль нь тус шүүхийн *** дугаартай шийдвэрийг биелүүлж, М.Соёл-Эрдэнийг урьд эрхэлж байсан тус сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилж, ажиллуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал “тус сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар “М.Соёл-Эрдэнийг тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд түр томилсон учир дээрх 208 тоот шүүхийн шийдвэр биелэгдсэн” гэж тайлбарлаж байгаа боловч тус сургуулийн захирлын Б/10 тоот тушаал нь М.Соёл-Эрдэнийг шүүхийн 208 тоот шийдвэрт заасан сургуулийн сургалтын менежерийн ажилд биш, тухайн сургуульд ажиллах багш, ажилчдын орон тоонд батлагдаагүй Бага ангийн сургалтын менежерийн ажилд түр томилсон тушаал байх тул энэхүү захирлын Б/10 тоот тушаалаар дээрх шүүхийн 208 тоот шийдвэрийг хариуцагч *** цогцолбор сургууль биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/47 дугаар “Н.С*** ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Н.С*** ын гаргасан тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр *** цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/50 дугаар “Н.С*** ыг багш хөгжлийн төвийн багшаар томилох тухай”, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар “Н.С*** ыг багш хөгжлийн төвийн багшийн ажлаас халах тухай” тушаалуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан байх тул дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүх хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.С*** ын Дархан-Уул аймгийн *** цогцолбор сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн сургалтын менежерийн ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.С*** ыг нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА