Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1428

 

 

  

 

 

  

 

 

 

2016 оны 12 сарын 06 өдөр          Дугаар 181/ШШ2016/01428            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд барилгын 7 давхарт байрлах, “Эбердигм Монгол” ХХК /РД:5578264/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төв, 4 давхарт байрлах, “Жэй Эм Эс Си” ХХК /РД:5328764/-д холбогдох,  

 

Түрээсийн төлбөр 15,080,000 төгрөг, торгууль 7,540,000 төгрөг, дутсан сэлбэг 1,482,800 төгрөг, нийт 24,102,800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөрт илүү төлсөн 19,292,119 төгрөг, барьцаа төлбөрийн үлдэгдэл 10,277,200 төгрөг, нийт 29,569,319 төгрөг гаргуулах, мөн тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Заантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагадаа:

“Жэй Эм Эс Си” ХХК нь манай компаниас 2016 оны 019/2016R дугаар “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний үндсэн дээр 10037 арлын дугаартай DX500LCA маркийн экскаваторыг мотор цагийн хязгааргүйгээр 1 сарын 48,400,000 төгрөгөөр түрээслэж авсан болно.

Хариуцагч нь экскаваторыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсээр нийт 3 сар 6 өдөр ашигласан байна. Ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нийт 154,880,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 139,800,000 төгрөгийг төлсөн ба 15,080,000 төгрөгийг дутуу төлсөн.

Гэрээний 8.6, 8.6.2-т заасны дагуу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул түрээсийн төлөгдөөгүй төлбөрийн 50%-тай тэнцэх 7,540,000 төгрөгийн торгууль шаардах эрхтэй гэж үзэж байгаа.

Мөн экскаваторыг бид хүлээн авах үед 1,482,800 төгрөгийн сэлбэг дутсан байх тул бид нэхэмжилж байна.

Эдгээрийг нийлүүлэн тооцвол түрээсийн төлбөр 15,080,000 төгрөг, торгууль 7,540,000 төгрөг, дутсан сэлбэгийн үнэ 1,482,800 төгрөг, нийт 24,102,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагадаа:

Нэхэмжлэгч компанитай 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч гэрээ хийснээс 6 өдрийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр экскаватор уурхайд очиж, бид 1,453 мотор цагтай хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 395 мотор цаг ашигласан юм.

Бид анх гэрээ байгуулахдаа сард ашиглах мотор цагийг 300 цагаар тооцож, сарын түрээсийн төлбөрт 32,722,800 төгрөг төлөх, илүү цагийн түрээсийн төлбөрийг 74,921 төгрөгөөр тооцож нэмж төлөхөөр гэрээ байгуулсан боловч манай компани хүсэлт гаргаснаар эхний 1 сар буюу 2016 оны 5 дугаар сарын 19-өөс 6 дугаар сарын 19-нийг хүртэл хязгааргүй мотор цагаар тооцож, сард 48,400,000 төгрөг төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэвч 6 сард маш их бороотой байсан тул техникийг хязгааргүй мотор цагаар ажиллуулж чадаагүй.

Үүний улмаас манайх 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 300 мотор цагаар буюу анх тохирсноороо төлье гэхэд нэхэмжлэгч хязгааргүйгээр төл гэсэн. Бид борооны улмаас ажиллаж чадаагүй тул биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж эхний сарын төлбөрт 39,840,295 төгрөг /(300цаг=32,722,800)+(95цаг*74,921=7,117,495) төлөх ёстой.

Ингээд гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуусахад хэн аль нь гэрээгээ дуусгах талаар хүсэлт гаргаагүй тул мөн нөхцөл, хугацаагаар гэрээ дахин сунгагдсан. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд техник 366 мотор цагаар ажилласан. Бид хязгааргүй хэмжээ хүрээгүй тул 300 мотор цаг дээр нэмж илүү цагаа төлье гэсэн. Гэтэл нэхэмжлэгч хязгааргүй мотор цагаар тооцож төл гэж шахсан тул бид арга буюу 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдөр 48,400,000 төгрөгийг төлсөн. 2016 оны 7 дугаар сард мөн өмнөх жилийн дунджаас их бороо орсон.

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 253 мотор цаг ашигласан. Гэрээнд 1 удаа сунгаж болно гэж заасан тул өмнө сунгасан гэдэг утгаар энэ сар гэрээгүй ашигласан гэж үзэж байна. Бид 253 мотор цагаа 300 мотор цагаар тооцож төлье гэхэд мөн л хязгааргүй мотор цагаар төл гэсэн. Ингээд 3 дахь сарын төлбөрт анх гэрээ хийхэд манай компанийн барьцаалсан 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлбөртөө суутгаж, 5,400,000 төгрөгийн үлдэгдэл үүсгэсэн.

Бид 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумаас Улаанбаатар хот хүртэл 6 хоног тээвэрлэлт хийсэн. Энэ 6 хоногийн төлбөрт 9,680,000 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тээвэрлэх үед 1 ч мотор цаг ажиллахгүй. Тээвэрлэлт олон цаг үргэлжилсэн борооны улмаас олон хоног үргэлжилсэн. Иймд түрээсийн төлбөр болон торгууль төлүүлэх нэхэмжлэл үндэслэлгүй. Харин дутсан сэлбэгийн үнэ 1,482,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд “Жэй Эм Эс Си” ХХК нь “Эбердигм Монгол” ХХК-тай DX500LCA маркийн экскаваторыг 1 сарын хугацаатай, гэрээний хавсралт №2 заасан дагуу 1 сард 300 мотор цагийн үндсэн төлбөр 32,722,800 төгрөг, илүү цагийн төлбөр 74,921 төгрөгөөр тооцох, барьцааны төлбөр 43,000,000 төгрөгийг байршуулан 2016 оны 5 сарын 19 өдөр “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх” №019/2016R тоот гэрээг “Жэй Эм Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа байгуулж, гарын үсэг зурж батласан. 2016 оны 6 дугаар сарын 02-нд “Жэй Эм Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Баярмаа томилогдон ажлыг нь хүлээн авсан.

2016 оны 6 сард уулын ажлын төлөвлөгөөг нэмэгдүүлж хоёр ээлжээр ажиллах үндэслэл дэр түрээсийн экскаваторыг гэрээнд заасан 300 мотор цагаас илүү ажиллуулах буюу уулын ажлыг бүрэн буюу 500 мотор цагаас илүү ажиллуулах тооцоогоор Гэрээний 9.4-ийн дагуу хязгааргүй мотор цагаар тооцогдох зөвхөн 6 сард хязгааргүй мотор цагаар шилжүүлэн нэмэлт гэрээ хийх хүсэлтийг “Эбердигм Монгол” ХХК-д гаргасан.

Гэтэл “Эбердигм Монгол” ХХК нь манай 6 сарын хүсэлтийг хүлээн авсан хэдий ч шинэ нэмэлт гэрээ байгуулалгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваагийн анх байгуулсан 300 мотор цагаар батлагдсан гэрээний хавсралт № 2-ыг үгүйсгэн, анхны гэрээ хэлцэл байгуулаагүй байдлаар давхардуулж 2016 оны 5 дугаар сарын 19 өдрийн хавсралт №2 Хязгааргүй мотор цагаар гэрээ нөхөн байгуулахаар өөрчлөн нас барсан гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваагийн нэр дээр өөрчлөн илгээж, тухайн үеийн буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй Ц.Баярмаагаар орлуулан гарын үсэг зуруулсан.

“Жэй Эм Эс Си” ХХК-ийн 2016 оны үндсэн уулын төлөвлөгөө нь 300 мотор цагаар ажиллах үндсэн дээр анхны гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд 6 дугаар сарын хүсэлт нь зөвхөн тухайн сарын нөхцөл дээр үндэслэн хязгааргүй мотор цагаар өөрчлөх хүсэлтийг буруугаар хүлээн авч үндсэн гэрээг бүхэлд өөрчилсөн өөрийн компанийн давуу эрх ашигт байдлыг хангуулсан. Тиймээс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан хязгааргүй мотор цаг болгосон хавсралт №2 нь хууль эрх зүйн хүрээнд огноо, гэрээг батлах эрх бүхий албан тушаалтны хувьд илэрхий алдаатай тул үүнийг Иргэний хуулийн 57.4-ийн дагуу зөвхөн 6 сард хийсэн нэмэлт хязгааргүй мотор цагийн гэрээ болгон засуулах хүсэлтэй байна.

2016 оны 6 сард хязгааргүй болгох санал хүргүүлсэн дагуу “Эбердигм Монгол” ХХК хүлээн авч өөрчлөлт оруулсан уурхайн үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу хэвийн явагдах нөхцөлд 500 мотор цагаас дээш ажиллуулах байсан. 2016 оны цаг уурын нөхцөл байдал Баянхонгор аймагт бороо хур тундас их хэмжээгээр нэмэгдсэний улмаас уулын ажил хэвийн явагдах боломжгүй буюу хязгааргүй мотор цагаар ажиллуулах нөхцөл хангагдаагүй. Гэтэл эхний сард бид хязгааргүй болгох санал тавьсан нь үнэн, гэвч цаг агаарын нөхцөл байдлын улмаас хязгааргүй мотор цагт хүрч ажиллаж чадаагүй хэдий ч хязгааргүй мотор цагаар тооцож, 48,400,000 төгрөгийг төлсөн нь бизнесийн ёс зүй талуудын эрх ашгийг хүндлэн хангасан.

Гэрээний 1 сарын хугацаа дуусаж гэрээний З.1-д заасны дагуу анхны гэрээ дахин 1 сараар сунгагдсан. Энэ нь анх байгуулагдсан сард 300 мотор цаг ажиллуулах гэрээ юм. Гэтэл “Эбердигм Монгол” ХХК нь сүүлд нэмэлтээр байгуулсан хавсралт хоёрыг барьж, анхнаасаа гэрээ хязгааргүй мотор цагаар хийгдсэн хэмээн шударга бус шаардлагыг тулган дараагийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цагийн төлбөр нэхэмжилсэн. Уг сарын төлбөрийн асуудлаар албан тоот хүсэлт явуулж, 300 мотор цагаар тооцох тухай хүргүүлсэн боловч дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг хязгааргүй төлөхгүй бол гэрээг зогсоох хэмжээнд арга хэмжээ авах эрхтэй бүхий асуудлыг тавьж, хүнд суртал тулгасан тул бид хэвийн уулын ажлыг хангах шаардлагаар цаг тухайд хязгааргүй мотор цагаар төлөх болсон.

Хязгааргүй мотор цагийн төлбөр хийснээр бид хязгааргүй мотор цагийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй зөвхөн цаг тухайн нөхцөл байдал дээр өөрсдийг эрсдэл, уулын хэвийн явуулахад төлөх болсон. Бид “Эбердигм Монгол” ХХК-ийг гэрээний дараах заалтуудыг үндэслэн илүү их төлбөр нэхэхээс сэргийлж аргагүй байдалд орж төлсөн.

Харин бодит байдал дээр төлөх байсан бодит төлбөрийг задалж бичвэл:

2016 оны 6 сарыг манай хязгааргүй мотор цагаар тооцох хүсэлтийг гаргасан хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хязгааргүй мотор цаг ажиллаж чадаагүй тул бид зөвхөн ашигласан цагийн төлбөр мөнгийг төлөх ёстой гэх үндэслэл байгаа бөгөөд Түрээслүүлэгч талын ёс зүйгүй дураараа төлбөрийг илүү нэхэмжлэн ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөхгүй болно.

Үндэслэл нь: Гэрээний 11.1-д Түрээслүүлэгчийн удирдах боломжгүй, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн аливаа гэмтэл, хохирол, хоцрогдлыг түрээслүүлэгч тал хариуцахгүй гэж заасан энэхүү заалт нь гэрээний тэгш эрхийн зарчмын дагуу түрээслэгч талд нэгэн адил үйлчилнэ.

Тиймээс түрээслэгч тал болох “Жэй Эм Эс Си” ХХК нь 2016 оны 6 сард уурхайн ажлыг хангахад экскаваторыг хязгааргүй мотор цагаар ажиллуулах тооцоо хийж хүсэлт тавьсан хязгааргүй руу шилжүүлэхээр болсон ч түүний удирдах боломжгүй цаг орон нутгийн цаг агаарын байдлаас гадны хүчин зүйлээс хамаарч тухайн сарын төлөвлөгөө буурч эхний сард 396 мотор цаг ажилласан. Гэрээний хязгааргүй мотор цаг буюу 500 мотор цагаас илүү гарч ажиллаж чадаагүй нь гадны хүчин зүйлс үүсээд цаг агаарын гэнэтийн давтагдашгүй зүйл нөлөөлсөн тул хязгааргүй мотор цагаар төлсөн төлбөрийг буцаан татаж, гэрээний 11.2 дагуу тооцож, 395 мотор цагаар тооцох хүсэлтэй бөгөөд төлбөрийг зөрүүг буцаан авах үндэслэлтэй.

Төлбөл зохистой төлбөр нь нэг сарын үндсэн 300 мотор цагийн үнэлгээ 32,722,800 төгрөг, нэг илүү цаг төлбөр 74,921 төгрөгөөр тооцвол, нийт тухайн сарын төлбөр нь 39,840,295 төгрөг байна. “Жэй Эм Эс Си” ХХК нь хязгааргүй мотор цагийг төлж, илүү 8,559,705 төгрөг төлсөн. Уг түрээсийг талуудын харилцан ашигтай ажлыг харгалзан 6 сард хязгааргүй мотор цаг хүсэлтийг тавьсан үндсэн дээр төлснийг бид одоо хүлээн зөвшөөрөхгүй тул илүү төлсөн 8,559,705 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.

“Түрээсийн гэрээний 3.1-ийг үндэслэн гэрээ нь нэг сарын хугацаатай бөгөөд аль нэг талаас түрээсийн гэрээ дуусгавар болгох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгасанд тооцно.” Гэж заасан тул манай түрээсийн хугацаа нэг сарын хугацаа сунгагдсан ба анхын үндсэн гэрээний нөхцлөөр сунгагдах буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа батласан сарын үндсэн 300 мотор цагаар сунгагдсан гэж үзэж байна.

Үндэслэл нь анх байгуулсан 300 мотор цагийн гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд ямар нэг байдлаар хүчингүй болгосон үйлдэл байхгүй болно. Гэрээний 2 дахь сарын ашиглалт нь 366 мотор цаг ажиллаж, илүү цагийн төлбөр 4,944,768 төгрөг, нийт сарын төлбөр нь 37,667,586 төгрөгийг төлбөл зохистой байна. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээг хязгааргүй болгосон гэх үндэслэлээр 48,400,000 төгрөг нэхэмжилж төлүүлэн дахин шаардлага тавьсан учир 10,732,414 төгрөгийг илүү төлсөн. Уг сарын төлбөрийг бид 300 мотор цагаар тооцох хүсэлтийг хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй хүнд суртал гаргасан нь бид нөхцөл байдлыг харгалзан буюу “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги тооцох, мөн гэрээний 4.3-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, татан авах буюу шууд уурхайн ажлыг таслан зогсоох эрсдэлийг тооцон, ажиллагааг хэвийн явуулахын тулд аргагүй байдалд орж нэхэмжилсэн шаардлагын дагуу төлөх болсон.

Гэрээ дуусгавар болгох тухайд гэрээний 3.1-д түрээсийн хугацаа нь 1 сарын хугацаатай бөгөөд аль нэг талаас түрээсийн хугацааг дуусгавар болох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгагдсанд тооцно гэж заасан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 19-нд түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Гэрээнд заасны дагуу дахин 1 сараар сунгагдаад дуусгавар болсон. 2016 оны 8 cap буюу 3 дахь сарын ашиглалт нь гэрээний дагуу хугацаа нэг cap дахин сунгагдаж, дуусгавар болсон байсан бөгөөд “Эбердигм Монгол” ХХК-ийн экскаваторыг гэрээгүйгээр ашигласан нь “Жэй Эм Эс Си” ХХК-ийн ажиллуулсан нийт 253 мотор цагийг гэрээний үндсэн нөхцөл 300 мотор цагаар тооцож гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн.

Уг гэрээний үндсэн дээр тус 253 мотор цагийг үнэлгээ үндсэн 300 мотор цагаар тооцож гэрээний төлбөр 32,722,800 төгрөгийг түрээсийн барьцааны 43,000,000 төгрөгөөс суутган тооцож, үлдэгдэл 10,277,200 төгрөгийг “Жэй Эм Эс Си” ХХК нь буцаан авах албан тоот хүсэлтийг мөн хүргүүлсэн. Гэвч уг хүсэлтийг “Эбердигм Монгол” ХХК дахин хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна хязгааргүй мотор цаг ашигласанд тооцож 48,400,000 төгрөгийг дахин нэхэмжилсэн. Түүнээс 48,400,000 төгрөг төлөх ёстой гэж үзэн бидний байршуулсан барьцааны 43,000,000 төгрөг дээр нэмж 5,400,000 төгрөгийг төлөхийг шаардсан.

“Жэй Эм Эс Си” ХХК -ийн хувьд гэрээ дуусгавар болгож төлбөр тооцоог даруй хийж дуусгахыг хүссэн боловч түрээслүүлэгч талаас ийнхүү зохисгүй удаа дараа нэмэлт төлбөр, зохисгүй ашиглалтыг төлбөр шаардсанаас гадна гэрээ дуусгавар болж техник хүлээлгэн өгөх явцад мөн байгалийн нөхцлөөс хүнд даацын техник зөөвөрлөх замын саатлаас дахин дараагийн сарын хугацааны төлбөрийг тооцон 9,680,000 төгрөг нэмж төлөх шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгдсэн болно.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-ийн дагуу “Эбердигм монгол” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, “Жэй Эм Эс Си” ХХК-ийн түрээсийн гэрээгээр талуудын эрх ашгийг тооцож үзсэний дээр уг түрээсийн хугацаанд зохисгүй тооцож нэмэлт төлбөрийг нэмэмжилж авсан “Эбердигм Монгол” ХХК-аас нийт 29,569,319 төгрөгийг нэхэмжилж, хохирлыг барагдуулж гаргуулахыг хүсэж байна.

Уг гэрээний хугацааны хувьд 11.2 заалтыг үндэслэхэд цаг уурын орчны шинжилгээгээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 өдөр хур тундас, 6 сарын 19-ний өдөр хур тундас, 7 сард 14 өдөр хур тундас болон 8 сарын 20-ны өдрийг хүртэл 11 өдөр буюу нийт 50 өдөр бороотой байж, уулын ажлыг хэвийн явуулах нөхцөл хангагдаагүй, 500 мотор цаг ажиллах үндэслэлгүй нөхцөл бүрэн хангагдсан байна.

Гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл:

3.2-д Түрээсийн эхлэх хугацааг тоног төхөөрөмж түрээслүүлэгчийн агуулахын хашаанаас гарсан өдөр буюу түрээслүүлэгч түрээслэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр, түрээсийн дуусах хугацааг тоног төхөөрөмж түрээслүүлэгчийн агуулахын хашаанд буцаж орж ирсэн өдөр буюу түрээслэгч түрээслүүлэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр тооцно гэж заасан. Гэтэл гэрээний 3.1-д гэрээний хугацаа 1 cap гэж тодорхой заасан хирнээ 3.2-т дахин өөр хугацааг заасан байна. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байгаа төдийгүй 3.2 дахь заалтад ямар нэг гэнэтийн давагдашгүй хүч, гэрээний талуудын удирдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацааг хэрхэн тооцохыг тусгалгүй, харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж түрээслэгч талд хохиролтойгоор зохицуулсан байна.

5.7 Тоног төхөөрөмжийн аливаа сул зогсолтоос үүдэн гарсан үйлдвэрлэлийн алдагдал, хохирол зэргийг түрээслүүлэгч хариуцахгүй. Энэ заалт аливаа сул зогсолт гэдгийг өөртөө ашигтайгаар оруулж өгсөн заалт юм. Түрээслүүлэгч компанийн буруутайгаар сул зогсолт гарсан тохиолдолд хариуцахгүй гэж хэтэрхий шударга бус зохицуулалт юм.

8.6 Дараах тохиолдолд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж, түрээслүүлэгч нь гэрээг дангаар цуцалж, тоног төхөөрөмжийг үл маргах журмаар буцаан татна. Мөн нэг сарын үндсэн түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх торгууль ногдуулна. Үүнд:

8.6.2 Түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн энэхүү заалт иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн  219.2 дахь заалттай зөрчилдөж байна. Үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бол түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх торгууль оногдуулна гэж заасан. Түрээсийн төлбөрийн 50 хувийн торгууль гэдэг нөгөө талын эрх ашгийг дээд зэргээр зөрчиж буй шударга бус заалт юм.

9.6 Хэрэв нийт ашигласан түрээсийн хугацаа нь 1 сараас бага, мөн ашигласан мотор цаг нь хавсралт № 2-т тодорхойлсон мотор цагаас бага байх тохиолдолд түрээсийн төлбөрийг нэг сарын үндсэн түрээсийн төлбөрөөр тооцно гэсэн заалт нь нөгөө талдаа эдийн засгийн хохирлыг бий болгох, бодит ашигласан цагийнхаа төлбөрийг төлөх эрхийг хязгаарлаж, илүү төлбөр авч өөртөө ашигтай байдлыг бий болгосон зохицуулалт юм.

Иймд эдгээр заалтуудыг Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 “Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, эсхүл үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж байна гэж аль нэг тал нь үзвэл шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй”, 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна”, 292 дугаар зүйлийн 292.5-д “Хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хязгааргүй мотор цагаар тооцож, төлбөр төлөх талаар маргахгүй байна. Цаг агаараас болж ашиглаж чадаагүй гэж байгааг хүлээн авах боломжгүй, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим давагдашгүй хүчин зүйлийг тогтоогоогүй.

Гэрээг мөн нөхцлөөр сунгагдсан гэж үзвэл хязгааргүйгээр ч сунгагдана. Харин гэрч гэж байгаа хүн нь хариуцагчийн нягтлан бодогт, тэгээд ч эрх бүхий этгээд биш, мэдүүлгээрээ ч нотлож чадаагүй.

Хариуцагч нь төлбөрүүдээ дандаа хязгааргүй мотор цагаар төлсөн. Энэ нь хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Биднийг дарамталсан гэсэн юм ярьж байна. Энэ нь нотлогдохгүй байна. Манай байгууллага монополь, давамгай эрхтэй байгууллага биш. Манайх шиг экскаватор түрээслэж байгаа зөндөө байгууллага байгаа.

Хэрэглэсэн мотор цагаар түрээийн төлбөр тооцох тохиролцоо байхгүй. Бид харин ч 2016 оны 8 дугаар сарын төлбөрийг 6 хоногоор тооцсон. Гэрээний зарим заалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй. Бид харилцан тохиролцдог. Энэ гэрээг “Жэй Эм Эс Си” ХХК-тай л байгуулсан. Байнга хэрэглэдэг гэрээ биш юм. Бид хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд л хугацаагаа тогтоосон.

Тээвэрлэлтийн хугацаа өөрөө түрээсийн хугацаанд орно. Түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг нь түрээслэгчид байгаа. Иймд тээвэрлэлтийн зардал, хугацаа түрээсийн хугацаанд орно. Гэрээний 8.6 дахь заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д нийцэж байгаа тул стандарт нөхцөл биш. Гэрээний 5.7, 9.6 дахь заалтууд хүчин төгөлдөр эсэх асуудал нь энэ маргаанд хамаарахгүй. Ямар ч ач холбогдолгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК нь хариуцагч “Жэй Эм Эс Си” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 15,080,000 төгрөг, төлбөр төлөх үүрэг зөрчсөний торгууль 7,540,000 төгрөг, дутсан сэлбэгийн үнэ 1,482,800 төгрөг, нийт 24,102,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас дутсан сэлбэгийн үнэ 1,482,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан бөгөөд “Эбердигм Монгол” ХХК-аас түрээсийн төлбөрт илүү төлсөн нийт 29,569,319 төгрөгийг гаргуулах, Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан 019/2016R тоот тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ /цаашид “гэрээ” гэх/ 1 сарын хугацаатай байгуулагдаж, түрээслүүлэгч “Эбердигм Монгол” ХХК нь DX500LCA маркийн экскаваторыг түрээслэгч “Жэй Эм Эс Си” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, түрээслэгч “Жэй Эм Эс Си” ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хариуцагчид 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглуулсан ба хариуцагч нь барьцаанд 43,000,000 төгрөг байршуулж, түрээсийн төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 48,400,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 48,400,000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байна. Талууд үүнд маргаагүй.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчид түрээсийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цаг буюу 48,400,000 төгрөгөөр тооцох, эсхүл 300 мотор цагийн төлбөр 32,722,800 төгрөг дээр илүү цагийн түрээсийн 1 цагийн төлбөр 74,921 төгрөгийг нэмж тооцохоор тохирсон эсэхэд маргасан. Хэрэгт энэ талаарх 2 хавсралт гэрээ авагдсан байна. /хх 41-42/

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн сарын төлбөрийг 300 мотор цагийн төлбөр 32,722,800 төгрөг дээр илүү цагийн түрээсийн 1 цагийн төлбөр 74,921 төгрөгийг нэмж тооцож төлөхөөр тохирч гэрээ байгуулсан байх ба гэрээ байгуулснаас хойш хариуцагч “Жэй Эм Эс Си” ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 6 дугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цаг буюу 48,400,000 төгрөгөөр тооцохоор тохирсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь энэхүү нэмэлт өөрчлөлтөд үндэслэн хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн торгууль шаардсан бол хариуцагч түрээсийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 19-өөс 6 дугаар сарын 19-нийг хүртэл хязгааргүй мотор цагаар буюу 48,400,000 төгрөг байхаар тохирсон, гэхдээ цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас хязгааргүй мотор цагаар ажиллаж чадаагүй тул анхны тохиролцоогоороо төлбөрөө төлнө, 2016 оны 6 дугаар сарын 19-өөс 7 дугаар сарын 19, 7 дугаар сарын 19-өөс 8 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны төлбөрийг 300 мотор цагаар тооцож төлөх үүрэгтэй гэж үзэж, илүү төлөгдсөн гэх төлбөрөө буцааж шаардсан.

 

Зохигчид 2016 оны 6 дугаар сард төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түрээсийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цаг буюу 48,400,000 төгрөгөөр тооцохоор тохирсон нь гэрээний 13.1-д “талууд харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно”, Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж заасанд тус тус нийцсэн тул шүүх түрээсийн сарын төлбөрийг 48,400,000 төгрөг гэж үзэв.

 

Иймд хариуцагч “Жэй Эм Эс Си” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 19-өөс 6 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 48,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр хариуцагч нь түрээсийн төлбөрийг 48,400,000 төгрөгөөр тооцож төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан байдалд маргаагүй ч цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн үүднээс техникийг хязгааргүй мотор цагаар ашиглаж чадаагүй үндэслэлээр Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно” гэж заасны дагуу төлбөрийн хэмжээг бууруулахыг шаардсан.

 

Хуулийн энэ зохицуулалтаар онцгой нөхцөл байдлын улмаас түрээслэсэн эд хөрөнгийн буюу экскаваторын чанар байдал, хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарсны улмаас аж ахуйн үйл ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж чадаагүй бол төлбөрийг өөрчлөн тогтоох үндэслэл шаардлага бий болох тухай зохицуулсан тул бороо их орсон үндэслэлээр техникийг бүрэн ашиглаж чадаагүй байдал нь энд хамаарахгүй гэж үзнэ.

 

Түрээсийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дууссан боловч талуудын хэн аль нь гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаагүй тул гэрээний 3.1-т “энэхүү гэрээний түрээсийн хугацаа нь 1 сарын хугацаатай бөгөөд аль нэг талаас түрээсийн хугацааг дуусгавар болох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгасанд тооцно” гэж зааснаар гэрээг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин гэрээний дагуу сунгагдсан хугацаа /2016 оны 7 дугаар сарын 19/ дуусахад хариуцагч экскаваторыг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй тул хуулийн дагуу буюу Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тодорхойгүй хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзэхээр байна.

 

Тухайн нөхцөл гэдгийг гэрээгээр тохирсон бүх нөхцлийг ойлгох тул талуудын тохиролцоогоор оруулсан нэмэлт өөрчлөлт мөн энд хамаарна. 

 

Иймээс хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд техникийг ашигласны төлбөрийг сарын 48,400,000 төгрөгөөр тооцож төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Хэрэгт хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 65 тоот албан бичгээр түрээсийн төлбөрийг өөрчлөн тооцох саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь тогтоогдох боловч нэхэмжлэгчээс уг саналыг хүлээн аваагүй тухайгаа 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16/279 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн нь нотлогдсон байх тул шүүх энэ саналыг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тэрчлэн талууд гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн 1 сарын түрээсийн төлбөрийг 48,400,000 төгрөгөөр тооцохоор тохирсоныг нотлох баримтгүй, түрээсийн төлбөрийг үүнээс өөрөөр тохирсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түрээсийн гэрээ нь хуульд заасны дагуу тодорхой бус хугацаагаар сунгагдсан  тул хариуцагч нь экскаваторыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буцаан шилжүүлснээр гэрээний хугацаа дуусаж, гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч “Жэй Эм Эс Си” ХХК нь түрээсийн зүйлийг нийт 3 сар 6 хоногийн хугацаагаар ашигласан тул түрээсийн төлбөрт нийт 154,567,742 төгрөг /(48,400,000х3)+(48,400,000:31х6)/-ийг төлөх үүрэгтэйгээс 139,800,000 төгрөг /48,400,000+48,400,000+43,000,000/-ийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул одоо үлдэх 14,767,742 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа төлбөр болгон урьдчилан төлсөн 43,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон байдалд хариуцагч маргаагүй тул шүүх энэхүү суутгагдсан 43,000,000 төгрөгийг хариуцагчийн төлөгдсөн төлбөрт оруулан тооцох нь зүйтэй гэж үзэж дээрх дүгнэлтийг хийсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний 8.6.2-т заасан “түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр гэрээний 8.6-д “түрээслэгчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж, түрээслүүлэгч нь гэрээг дангаар цуцалж, тоног төхөөрөмжийг үл маргах журмаар буцаан татна. Мөн нэг сарын түрээсийн төлбөрийн 50%-тай тэнцэх торгууль ногдуулна” гэж заасныг баримтлан торгуульд 7,540,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь: гэрээний уг заалт нь хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч торгууль ногдуулах үндэслэлийг зохицуулсан байх ба манай тохиолдолд энэ үндэслэлээр гэрээ цуцлагдаагүй, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч торгууль шаардах эрхгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх “Эбердигм Монгол” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 14,767,742 төгрөг, дутсан сэлбэгийн үнэ 1,482,800 төгрөг /хариуцагч зөвшөөрсөн үндэслэлээр/ буюу нийт 16,250,542 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 7,852,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх түрээсийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цагаар буюу 48,400,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагч 29,569,319 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү төлсний улмаас нэхэмжлэгчийг 29,569,319 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-аас 29,569,319 төгрөг гаргуулах тухай “Жэй Эм Эс Си” ХХК-ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Гэрээний 3.2-т “Түрээсийн эхлэх хугацааг тоног төхөөрөмж түрээслүүлэгчийн агуулахын хашаанаас гарсан өдөр буюу түрээслүүлэгч түрээслэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр, түрээсийн дуусах хугацааг тоног төхөөрөмж түрээслүүлэгчийн агуулахын хашаанд буцаж орж ирсэн өдөр буюу түрээслүүлэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр тооцно” гэсэн заалт нь гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх, эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх зохицуулалтуудад нийцжээ.

 

Гэрээний 5.7-д “тоног төхөөрөмжийн аливаа сул зогсолтоос үүдэн гарсан үйлдвэрлэлийн алдагдал, хохирол зэргийг түрээслүүлэгч хариуцахгүй”, 8.6-д “түрээслэгчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж, түрээслүүлэгч нь гэрээг дангаар цуцалж, тоног төхөөрөмжийг үл маргах журмаар буцаан татна. Мөн нэг сарын түрээсийн төлбөрийн 50%-тай тэнцэх торгууль ногдуулна”, 9.6-д “хэрэв нийт ашигласан түрээсийн хугацаа нь 1 сараас бага, мөн ашигласан мотор цаг нь хавсралт №2-т тодорхойлсон мотор цагаас бага байх тохиолдолд түрээсийн төлбөрийг нэг сарын үндсэн төлбөрийн түрээсийн төлбөрөөр тооцно” гэж тус тус заасан зохицуулалтуудыг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ эдгээр заалтыг үндэслэн хариуцагч ямар нэг шаардлага гаргаагүй тул шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 292 дугаар зүйлийн 292.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн гэрээний эдгээр заалтууд талуудын маргаж буй үйл баримтад хамааралгүй байх тул гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах “Жэй Эм Эс Си” ХХК-ийн сөрөг шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “Жэй Эм Эс Си” ХХК-аас 16,250,542 төгрөгийг гаргуулж “Эбердигм Монгол” ХХК-д олгож, “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,852,258 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 202 дугаар зүйлийн 202.1, 292 дугаар зүйлийн 292.5-д зааснаар “Эбердигм Монгол” ХХК-аас түрээсийн төлбөрт илүү төлсөн 29,569,319 төгрөгийг гаргуулах, Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай “Жэй Эм Эс Си” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 361,764 төгрөгөөс 278,464 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 376,000 төгрөгөөс 375,997 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 83,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 3 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 239,203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА