Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 0167

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч Ж...., түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ШТЭД-1280/,

шинжээч эмч М.Золжаргал,

шүүгдэгч М.... түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /ШТЭД-2981/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М....д холбогдох эрүүгийн 1908 02380 0756 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, Арвай хээр сумын ...тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй,

Баанчиг тойн овогт ...ийн ... /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.... нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн авто машины зогсоол дээр “чи цагдаа дууддаг биздээ” гэх шалтгаанаар Ж....г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ж....гийн мэдүүлэг /хх33-34/, гэрч Б....ын мэдүүлэг /хх39/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх42/, М....ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх57/ болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч М....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ж....гийн “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр танил ...тай таарахад мэндийн зөрүүгүй энэ новшийн хүн шүү “цагдаа дууддаг” гэсэн... ... миний баруу шанаа руу нэг удаа цохиход миний зүүж явсан нүдний шил унаж, хагарсан. Миний толгой манараад хөл алдаад унах гэж байхад дахиад миний баруун мөр үү хальт цохисон...” гэх мэдүүлэг /хх33-34/

2. Гэрч Б....ын “...би тэр өдөр Булган аймгаас ирээд Драгон дээр ...тай таараад юм яриад зогсож байтал Ж.... ирээд мэнд мэдсэн. Тэгээд ..., ... хоёр надаас салаад машин руугаа явсан. Тэгээд би машин дээрээ байж байтал ... ирээд ... дургүй хүргээд гэж хэлж байсан. Удаагүй ...ы машины ард байсан машин гарах гээд сигналдахад ... надад түлхүүрээ өгөөд холдуулчих гэсэн. Би машиныг холдуулах гээд очиход ... надаас ...ы машины түлхүүрийг булаан авч ... намайг толгой руу цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх39-40/

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №4907 дугаартай шинжээчийн “...Ж....гийн биед тархи доргилт, баруун шанаа зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх42/, Шинжээч эмч М.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг, баруун шанааны зөөлийн эдийн гэмтэл нь тархи доргилт нь хороондоо харилцан хамааралтайгаар үүссэн гэмтэл гэж үзнэ...” гэх мэдүүлэг,

4. М....ы яллагдагчаар өгсөн “... Хувийн жижиг тэргээрээ Хот Өвөрхангай аймгийн хооронд хүн тээвэрлэдэг юм. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аймгаас ирчээд зогсож байхад, ...тэй таарсан. Би ...д хандаж чи бол новшийн залуу, одоо новшроод цагдаа дуудаач гэхэд ... цагдаа руу дуудлага өгсөн. Би өөрийнхөө машинд суугаад хөдлөх гэтэл ... машины хамар таглаж зогсоод байхаар нь буугаад очиход машины түлхүүр бариад гэдэс рүү чинь бүлнэ гээд над руу ойртхоор нь би ухраад холдсон. Миний машины ард байсан машинууд гарах гээд сигналдаад байхаар нь машиныхаа түлхүүрийг хатнаад өгөөд холдуулаадах гээд өгөхөд ... Хатнаагаас түлхүүрийг булаан авч жолоочийн сандал дээр суугаад цагдаа руу утасдаад байсан. Би хаалгыг нь нээж буулгах гээд чаргууцалдаж байхад нүдний шил нь газар унаад нэг шил нь араамнаасаа унасан...” гэх мэдүүлэг /хх51-52/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч М....:

 Шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч нь гэм буруугүй тул цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсонг дурдаж байна.

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох, хохирол төлбөрийг гаргуулахаар мэтгэлцэж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.... болон хохирогч Ж.... нар нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн авто машины зогсоол дээр таарсан, улмаар шүүгдэгч М.... нь хохирогч Ж....г “чи цагдаа дууддаг биздээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалсан байна.

Ийнхүү маргалдаж байхдаа шүүгдэгч М.... нь хохирогчийн толгой тус газар нь гараараа цохисон болох нь хохирогч Ж....гийн “...... миний баруу шанаа руу нэг удаа цохиход миний зүүж явсан нүдний шил унаж, хагарсан. Миний толгой манараад хөл алдаад унах гэж байхад дахиад миний баруун мөр үү хальт цохисон...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэг дахин мэдүүлсэн мэдүүлгээр, гэрч Б....ын “...би машин дээрээ байж байтал ... ирээд ... дургүй хүргээд гэж хэлж байсан. Удаагүй... ... надаас ...ы машины түлхүүрийг булаан авч ... намайг толгой руу цохисон гэж хэлж байсан...” гэсэн маргааны дараах үйл явдлыг мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Мөн шүүгдэгч М.... нь солгой буюу зүүн гараараа бичдэг болох нь тогтоогдсон болно.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж....гийн эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун шанаа зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №4907 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан томографикийн баримт байхгүй учраас шинжээчийн дүгнэлтийг үнэлэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй дүгнэв. Учир нь шинжээч эмч “тухайн үед хохирогч, толгойн КТГ хийлгэсэн зургийн хамт авч ирсэн, зургийг хохирогчид буцаан өгсөн” болон хохирогчийн мэдүүлэг, “Натур” эмнэлэгт толгойн томографик хийлгэхээр 120.000 төгрөг тушаасан баримт зэргээс шинжээч эмчийг холбогдох шинжилгээний баримт, биечилсэн үзлэгийг хийсний үндсэн дээр шинжилгээг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэн, дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.... нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ж.... нь нийт 128.000 төгрөгний буюу толгойн томографик хийлгэсэн болон шүүх эмнэлэгт үзүүлсэн баримтыг гаргаж өгөн хэрэгт хавсаргуулжээ. Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлсөнд 700.000 төгрөг төлсөнг нэхэмжилсэн болно.

Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа болох нэг талаас хууль зүйн туслалцаа авах, нөгөө талаас энэхүү үйлчилгээг үзүүлэх нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжид хамаарч, талуудын харилцан тохиролцооны үндсэн ажлын хөлсөө тодорхойлдог болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар бодит хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд өмгөөлөгчид төлсөн ажлын хөлс нь энэхүү бодит хохиролд хамаарахгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М....аас 128.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж....д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, шүүгдэгчид зан үйлээ засах сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул торгуулийн ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах дүгнэлт, санал гаргав.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч М.... нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нь хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгчид зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.... нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М....д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогчоос өмгөөлөгчийн ажлын хөлс 700.000 төгрөг нэхэмжилсэнг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М....аас 128.000 /нэг зуун хорин найман мянган төгрөг/ гаргуулан хохирогч Ж....д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР