Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 948

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Н” ХХК 

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот “С” ХХК /компанийн нэр өөрчлөгдөж Н ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, С.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журмын дагуу “С” ХХК /одоо “Н” ХХК болж нэр өөрчлөгдсөн/ нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкаар дамжуулан 4.1 тэрбум төгрөгийг ЗГ8115005270 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар авсан болно.

Аж үйлдвэрийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр манай зээлийг Авилгатай тэмцэх газрын 2016 оны 06/2341 тоотоор зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг тогтоосон тул Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан журмын 6.1, 6.2-т заасны дагуу зээлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондьн эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.1-д “хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргах, хандив өргөх, ноос ноолуурын үйлдвэрээс "бусад үйлдвэрлэлийн чиглэлд зарцуулах, зээлийн хөрөнгөөр худалдан авсан түүхий эдийн үнийг дотоодын зах зээлийн ханшид нөлөөлөхөөр хэт өсгөх, бууруулах үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно гэж заасан байна.

Манай компани нь зээлийн хөрөнгийг дээрх хориглосон үйл ажиллагаанд зарцуулаагүй байгаа талаар шалгаж тогтоолгүйгээр Авилгатай тэмцэх газрын албан бичгээр нотолгоо болгож зээлийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авилгатай тэмцэх газар нь чиг үүргийн хувьд "өөр бөгөөд зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нотолж тогтоодог чиг үүрэгтэй байгууллага биш юм. Мөн Авилгатай тэмцэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/2341 тоотод нотолж, тогтоосон гэх ямар ч агуулга байхгүй болно.

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 5-д хяналт тавих байгууллагыг тодорхой зааж өгсөн байдаг.

Бид дээд шатны албан тушаалтан болох Аж үйлдвэрийн сайдад 2016 оны 05 дугаар сард хандсан боловч сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул тухайн асуудал нь шинээр байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлж 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16/08 тоотоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй тул Иргэдээс төрийн байгууллага албан тушаал гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хүлээнэ гэж заасан тул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16/13 тоотоор хандсан болно.

Үүний үр дүнд манай компанийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16/08 тоотын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01/173 тоот шуудангаар хүргүүлсэн боловч шуудангаас буцсан байсныг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2016 оны 08 дугаар сарын 26-ны 01/173 тоотыг биечлэн очиж албан ёсоор гардаж авсан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан болно.

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.1, 6.2-т заасны дагуу манай компанийн авсан хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэр нь Захиргаа ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн илт хууль бус шийдвэр тул Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 03/1181 тоот актыг илт хууль буст тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Түүнчлэн Аж үйлдвэрийн яамны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл өгөх тухай” 03/1181 тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэг “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондьн эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын  3 дугаар зүйлд заасны дагуу зохицуулах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанид 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12   дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар зээл олгосон байдаг. 

Гэтэл аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр эрх олгогдоогүй албан тушаалтан, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр, зээлийг хугацаа дуусахаас өмнө хүчингүй болгосон нь манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн төдийгүй Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондьн эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.2-т заасан зээлд дахин хамрагдахгүй байх нөхцөл байдалд өртөж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М , С.Р  нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Н” ХХК нь “Спейшл интэрнэйшнл” ХХК нэртэй байхдаа Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлэнд хамрагдсан байна.

Энэ тогтоолоор Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртгийн өр шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан нэг тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалсан эх үүсвэрээс дээрх чиглэлийн зээлийг олгох асуудлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Энэ зээл олгох үед тус компани “Кашмир консепт”ХХК нэртэй байсан ба зээлийг барьцаа хөрөнгө хүрэлцэхгүйгээс өөрсдийн толгой компани болох “С” ХХК-ийн нэрээр авах хүсэлтийг уламжилж зээлээ энэ компанийн нэрээр анх авсан байдаг.

Зээл авах үед ноолууран ээрмэл үйлдвэрлэн жигд ажиллаж, олон жижиг дунд үйлдвэрлэлд захиалгаар нийлүүлдэг байсан. Энэ зээлийг “Спейшл интэрнэйшнл” ХХК аваад чадлаа нэмэгдүүлэх зориулалтаар авсан боловч, эздүүдийн маргаанаас үйл ажиллагаа зогссон. Зээлийг гүйцэтгэл болон үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй, удаа дараа шаардсан боловч зээлийн хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй байна.

УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын 2011 оны 221 дүнгээр тогтоолын 4.2-т “Үйлдвэр нь зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа явц, үр дүнд судалгаа хийж, тайланг хагас, бүтэн жилээр гарган Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлнэ” гэсэн заалтын дагуу 2 удаагийн шалгалтаар тус үйлдвэр зогссон үйл ажиллагаа явуулаагүй байсан нь илэрсэн ба тус яаманд нэрээ сольсон, улсын бүртгэл өөрчлөгдсөн талаарх мэдээлэл болон зээлийн үр дүнгийн талаар нэг ч удаа ирүүлээгүй байна. 

Иймд Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондьн эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын дагуу үүргээ биелүүлж ажиллаагүй тул уг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот “С” ХХК/компанийн нэр өөрчлөгдөж Н ХХК болсон/-д олгогдсон  хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... эрх олгогдоогүй албан тушаалтан, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр, зээлийн хугацаа дуусахаас өмнө зээлийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус зөрчсөн илт хууль бус акт” гэж маргажээ. 

 

“Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот албан бичиг  Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын 6.1, 6.2-т заасны дагуу ““Спейшл интернэшнл” ХХК/Кашмир концепт ХХК/-д олгосон 5 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэж үзэж тус компанид олгосон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн” тухай нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн агуулгатай байна. 

Гэвч шүүхээс нотлох баримт цуглуулах явцад ““Спейшл интернэшнл” ХХК /Кашмир концепт ХХК/-д олгосон 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн” өөр шийдвэр /захиргааны акт/ бичгийн хэлбэрээр гараагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн дамжуулан зээлдүүлэгч “Голомт банк” ХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 07/929  тоот албан бичгээр “... төслийн зээлийн эх үүсвэрийг Аж үйлдвэрийн яаманд төлж, зээлийг бүхэлд нь өөрийн эх үүсвэрийн зээлд шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс илт хууль бусад тооцуулахаар шаардаж буй албан бичиг нь түүний хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, зохицуулалт агуулсан, гадагш чиглэсэн захиргааны акт гэж үзэхээр байна. 

Тодруулбал, “Спейшл интернэшнл ХХК/Кашмир концепт ХХК/”-д олгосон 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын байдлыг “...сонгон шалгаруулах үүргийг зохицуулах Зөвлөл” болон Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй болох нь дээрх “Зөвлөл”-үүдийн хуралдааны тэмдэглэл хадгалагдан үлдээгүй болон гэрч Б.Батцэцэгийн “...2014 оны 09 дүгээр сард Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Засгийн газрын зээлийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарч шалгасан...Ажлын хэсэг ярилцаад арилжааны зээл рүү шилжүүлэх шийдвэр гарч албан бичиг явуулсан... Зөвлөлийн хурлаар ороогүй”  гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба Аж үйлдвэрийн яам/хуучин нэрээр/-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот албан бичиг нь Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжсэн хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын байдалд хийсэн хяналт шалгалтын үр дүнд гарсан, нэхэмжлэгч байгууллагын хувьд эрх зүйн сөрөг үр дагаврыг үүсгэсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна;” гэж заасан захиргааны акт мөн байна. 

Аж үйлдвэрийн яам/хуучин нэрээр/-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот албан бичгийг “Н/хуучин нэрээр Спейшл интернэшнл/” ХХК-д хүргүүлэх үед 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөөгүй байсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус зөрчсөн илт хууль бус акт” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хөнгөлөлттэй зээлийг цуцлах шийдвэрийг эрх олгогдоогүй албан тушаалтан, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр гаргасан” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих тайлагнах журам”-ын дагуу үндэслэлтэй байж болох боловч хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлыг зохион байгуулж удирдах үндсэн чиг үүрэгтэй болохынхоо хувьд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2-т зааснаар “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх тул Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж, олгогдсон “хөнгөлөлттэй зээл”-ийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрч, улмаар уг зээл олгоход тавигдах шаардлага, үнэт цаасны санхүүгийн эх үүсвэрийг тогтоосон холбогдох журмын төслийг 2011 оны эхний хагаст багтаан батлан мөрдүүлэхийг Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан 30 дугаар тогтоолоор  Засгийн газарт даалгасан байна.

Энэ ажлыг зохион байгуулах хүрээнд Монгол улсын Засгийн газраас  “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих тайлагнах журам”   –ыг батлан гаргасан байх ба уг журмын “Тав. Зээлийн ...зарцуулалтад хяналт тавих, тайлагнах” зүйлийн 5.1-д “Зээлийг зориулалтын дагуу олгох, зарцуулах үйл ажиллагаанд ..., хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавьж ажиллана” гэж заажээ. 

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд Засгийн газрын бондын эх үүсвэрээр санхүүжүүлсэн “Хөнгөлөлттэй зээл”-ийн зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих замаар олгогдсон зээлийг цуцалж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн гэж үзэхээр байна. 

Нөгөө талаас, “Н” ХХК/Спейшл интернэшнл ХХК/ нь хөнгөлөлттэй зээлийг “... үндэсний үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангах, ... ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, шинээр боловсруулах хүчин чадал нэмэгдүүлэх, ...” зэрэг зорилгоор төсөл  бичиж “Голомт банк” ХХК-д хүргүүлж байжээ. 

Улмаар Засгийн газрын бондын эх үүсвэрээс нэхэмжлэгч “Н” ХХК буюу хуучин нэрээр “С” ХХК-д таван тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж  Голомт банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээнүүдийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дөрвөн тэрбум нэг зуун сая төгрөгийн , 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр есөн зуун сая төгрөгийн , нийт 5 /таван/ тэрбум төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэйгээр авчээ. 

Гэвч нэхэмжлэгч “Н” ХХК/Спейшл интернэшнл ХХК/ нь Улсын Их Хурал болоод Засгийн газрын тогтоолын дагуу “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих” зориулалтаар олгогдсон 5 /таван/ тэрбум төгрөгийн зээлийг дээрх зориулалтаар ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Тодруулбал, гэрч Б.Батцэцэгийн “... Кашмир консептийн үйлдвэрийг дэмжиж зээл олгосон. Зээл олгох үед ажиллаж байсан бөгөөд хяналт шалгалт хийх үед буюу 2014 онд уг үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байсан... Засгийн газрын 221 дүгээр тогтоолын дагуу ноос ноолуурын холбоогоор дамжуулж тайлангаа ирүүлэхийг манай яамнаас удаа дараа шаардаж байсан. Спейшл интернэшнл ХХК нэг ч удаа тайлангаа ирүүлээгүй. ... 2011 онд Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжсэн зээлийг шалгах ажлын хэсэг гарч байсан. Үүний үндсэн дээр 2014 онд шалгасан. Тухайн үед Кашмир консепт ХХК-ийн ээрэх үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй байсан...” гэсэн мэдүүлэг , 2014250003725 дугаартай эрүүгийн хэргийн сэжигтэн Б.Батхишигийн “... Зээлээр авсан 4,1 тэрбум төгрөгөө 2007 оны “Кашмир консепт” ХХК-ийн Голомт банкнаас авсан 200 сая төгрөгийн болон 700 мянган ам.долларын зээлийг төлж барагдуулсан. Мөн миний хамтран эзэмшдэг Туул кашмер ХХК, Ти энд Ай ХХК-ийн 450 мянган ам доллар болон 200 гаруй сая төгрөгийн зээл, зээлийн хүүг төлөөд үлдсэнийг хадгалуулж байгаад зээл, зээлийн хүүнд суутгагдаад дууссан байх...” гэсэн мэдүүлэг , мөн хэргийн сэжигтэн Б.Баттулгын “... 900 сая төгрөгийн зээлийг “Спейшл интернэшнл” ХХК-ийн нэр дээр авсан боловч тухайн үедээ “Спейшл корпораци” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. ... 900 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг “Спейшл майнинг сервис” ХХК-ийнхаа тэсрэх материал болон тэсэлгээний үйл ажиллагаанд зарцуулсан” гэсэн мэдүүлэг -ийг тус тус өгсөн байна. 

Дээрхээс дүгнэн үзвэл, Монгол Улсын төрөөс баримталж байсан бодлогын хүрээнд Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолын дагуу “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих” зориулалтаар олгогдсон 5 /таван/ тэрбум төгрөгийн зээл нь энэхүү зориулалтын дагуу зарцуулагдаагүй гэж үзэхээр байх тул хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгээс даргаас “Н /Спейшл интернэшнл/” ХХК-д олгогдсон 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг цуцлах эсэх асуудлыг тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар батлагдсан “Зохицуулах зөвлөл”-өөр хэлэлцүүлж шийдвэрлээгүй нь буруу хэдий ч зорилгодоо нийцсэн шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ. 

 

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс илт хууль бусад тооцуулахаар маргаж буй актын тухайд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Учир нь Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын 6.1-д “Үйлдвэр зээлийг дор дурьдсан үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно”, 6.1.3-т “Ноос, ноолуурын үйлдвэрээс бусад үйлдвэрлэлийн чиглэлд зарцуулах” гэж заасан байхад “Н/хуучин нэрээр Спейшл интернэшл/” ХХК нь авсан хөнгөлөлттэй зээлээ өмнө авсан зээл болон зээлийн хүүгийн төлбөр, өөр хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардал зэргийг санхүүжүүлсэн буруутай байх тул Аж үйлдвэрийн яам/хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот албан бичгээр “Н /хуучин нэрээр С/” ХХК-д олгогдсон  хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Иймд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Аж үйлдвэрийн яам/хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот “С” ХХК/компанийн нэр өөрчлөгдөж Н ХХК болсон/-д олгогдсон  хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй байна. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-аас хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулсан талаарх баримт, төслийн тайлан зэрэг баримтыг шүүхээс удаа дараа шаардсан хэдий ч нэхэмжлэгч нь өөрт байх баримтыг гаргаж ирүүлээгүй, шаардан гаргуулж болох эх сурвалжийг заагаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “С” ХХК /компанийн, нэр өөрчлөгдөж “Н” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ

                                            ШҮҮГЧ                        Д.ЧАНЦАЛНЯМ

                                              ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ