Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

  2020           03           06                                        2020/ШЦТ/224

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б овогт Н-ын О-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2003000530098 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын О-.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 10а байрны урд талын замд Toyota Prius 20 маркийн ...... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Х.В-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 10а байрны урд талын замд Toyota Prius 20 маркийн ...... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Х.В-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 3-8 дугаар хуудас/

 

Хохирогч Х.В-гийн “2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би хүү Д-ын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хотхоны 10а байны 63 тоот хаягтай гэрээсээ гарч Нарантуул зах орж хувцас хунар авах зорилгоор лифтээр бууж орцны хаалган дээр ирсэн. Тэгтэл хүү Д- нь би юмаа мартсан байна гэж хэлээд буцаад орсон. Тэгэхээр нь би орцноос гарч явтал саарал өнгийн машин нь намайг ирж мөргөсөн. Тэгээд би зам дээр унаж, улмаар зүүн гар өвдөөд байсан. Гэтэл намайг мөргөсөн машин нилээн хол очиж зогссон ба тэгээд тэр машины жолооч нь над дээр ирж та яасан бэ босооч гэж хэлэхээр нь чи намайг машинаараа ирж мөргөсөн биз дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр машины жолооч нь намайг өргөж босгоод машиндаа оруулж суулгаад байж байтал хүү Д- нь гарч ирсэн. Тэгээд бид гурав Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Ингээд би эмчид үзүүлтэл зүүн гар хугарсан байсан тул  эмчээр гипсдүүлээд гэртээ харьсан. Тэгээд цагдаа нар ослын газарт очиж үзлэг хийсэн байсан. Намайг яг ямар маркийн машин мөргөсөн болохыг мэдэхгүй байна. Миний зүгээс жолоочоос урьд нь 500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ын “... Тэгээд би гэрээр орж утсаа аваад эргэж гартал мөнгөлөг өнгийн Toyota Prius 20 маркийн ...... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины арын суудалд сууж байсан. Тэгэхээр нь би яасан юу болсон талаар ээжээс лавлатал ээжийг нь энэ хүү машинаа бариад хойшоогоо ухрахдаа намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид нар шууд тухайн машинаар Гэмтлийн эмнэлэг дээр  явж очсон.

... Миний хувьд ээжийнхээ эмчилгээний зардалд тухайн жолоочоос нийт 500.000 төгрөгийг авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73-75 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төврийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №313 дугаартай:

“1. Х.В-гийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 77-78 дугаар хуудас/

 

Н.О-ын яллагдагчаар өгсөн “... Ингээд би эхнэрийн эзэмшилийн мөнгөлөг өнгийн Toyota Prius  20 маркийн ...... УБХ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон Богд-Ар хорооллын байрнаас гарах зорилгоор ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хойшоогоо ухарч явтал хойно түс гэх чимээ  гарсан. Тэгэхээр нь би даруй машинаа зогсоож машинаасаа бууж очтол настай хөгшин эмэгтэй хүн нь машины хойд талд зам дээр уначихсан байсан юм. Тэгээд би тэр хөгшин эмэгтэй хүнийг өргөөд машиндаа оруулж суулгаж, биеийн байдлыг нь асуухад зүүн гар өвдөөд байна гэж ярьж байсан. Тэгтэл тэр эмэгтэй хөгшин хүний эрэгтэй хүүхэд нь ганцаараа гарч ирэхэд нь уг хүнийг машиндаа суулгаж  Гэмтлийн эмнэлэг рүү цуг авч явсан.

... Ослын дараа тэр хөгшин настай эмэгтэй хүний биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй ба харин зүүн гар л өвдөөд байна гэж ярьж байсан юм. Тэр хөгшин настай эмэгтэй хүний хүүд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн ослын дараа эм тариануудыг нь авч өгсөн байгаа. Өөрсдөө ч сайн мэдэж байгаа.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруул” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Х.В-гийн “Миний зүгээс жолоочоос урьд нь 500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ын “... Миний хувьд ээжийнхээ эмчилгээний зардалд тухайн жолоочоос нийт 500.000 төгрөгийг авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 73-75 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Н-ын О-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.О- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, Н.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Х.В- болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ