Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 558

 

 

 

 

 

    2020           5              5                                          2020/ДШМ/558                                 

Ж.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Ж.М,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Солонгын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Мад холбогдох 1805023530143 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Булгуудын хэц овгийн Ж.М, 1986 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 15 дугаар гудамжны 367а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЗП86040911/;

            Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 141 тоотоос иргэн О.Солонгын эзэмшлийн /“Dell i3” загварын зөөврийн компьютер, “I phone 5S” загварын гар утас/ зэргийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Булгуудын хэц овогт Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Солонго давж заалдах гомдолдоо: “...Энэ хэрэг нь миний сэтгэл санаа, цалин орлого, цаг хугацааг үрж Цагдаагийн байгууллагаар удаан хугацаанд шалгагдаж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн үйлдэл байгаа бөгөөд энэ нь баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие тооцоолох боломжгүй хохирлыг барагдуулсан тохиолдолд хорих ялаас чөлөөлөх санал гаргасан. Гэвч Ж.М нь үл тоомсорлож байгаа билээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч болон хохирогч нар бие биенийгээ таньдаг байсан бөгөөд шүүгдэгч нь  хохирогчийн гэрт хамт архи ууж, хоносон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Харин шүүгдэгч нь хохирогчийг унтаж байх үед нь гэрээс нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг авсан байдаг. Хохирол төлөгдсөн бөгөөд хулгайн эд зүйлийг хохирогчид хүлээлгэж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 141 тоотоос иргэн О.Солонгын эзэмшлийн /“Dell i3” загварын зөөврийн компьютер, “I phone 5S” загварын гар утас/ зэргийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Солонгын “...Манай гэрт ирээд бид хоёр архи хувааж уугаад манайд хоносон. Маргааш өглөө сэртэл Мөнхбат байхгүй байсан ба манай гэрийн хаалга онгорхой байхаар эд зүйлээ шалгаж үзтэл том өрөөнд байсан зөөврийн компьютер, гар утас хоёр байхгүй байхаар нь Мөнхбаяр руу залгахад нь утас нь холбогдох боломжгүй байсан. ...” /хх-13-15, 16, 17-18/,

гэрч Ш.Цэцэгдэлгэрийн “...Мөнхбат миний бага хүү, 2019 оны 4 дүгээр сарын эхээр манай хүү над руу залгаад “би тань руу нэг хүнээр юм явууллаа. Та энэ утсаар холбогдоод хүргэж өгөөрэй” гэж хэлээд нэг дугаар өгсөн. Тэгээд би ач охинтойгоо хамт Солонго гэх эмэгтэйн гэрт нь очиж хүүгийнхээ явуулсан хайрцагтай зүйлийг өгсөн. Тухайн хайрцгийг өөрөө задлаад “утас, нөүтбүүк зэрэг Мөнхбатын аваад явсан зүйлсийг бүгд бүрэн, бүтэн байна” гэж хэлсэн. ...” /хх-24-25, 26/,

Ж.Мын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед бид хоёр хоёулаа архи уугаад согтуу байсан. Тухайн өдөр Солонго намайг өөрөө дуудсан. Өмнө нь бас өөрөө дууддаг байсан. Би тухайн үед согтуу байсан учраас сайн санахгүй байна. Гэхдээ би нөүтбүүк болон гар утсыг нь аваад гарчихсан байсан. Би тухайн эд зүйлийг хэн нэгэнд зарж үрээгүй. Өөртөө хадгалж байгаад түүнд буцаагаад ээжээрээ дамжуулан өгүүлсэн. Би өөрөө өгөх гэж байсан боловч хөдөө ажилтай байсан учраас өгч чадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх-37-38/ гэх мэдүүлгүүд, үнэлгээний тайлан /хх-27-33/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж үзэв.  

Хохирогч О.Солонгын “...Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн үйлдэл байгаа бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Мад оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэж хуульчилсан.

Хохирогч О.Солонгын “...Манай гэрт ирээд бид хоёр архи хувааж уугаад манайд хоносон. ...” шүүгдэгч Ж.Мын “...Тухайн үед бид хоёр хоёулаа архи уугаад согтуу байсан. Тухайн өдөр Солонго намайг өөрөө дуудсан. ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Ж.М нь хохирогч О.Солонгын гэрт нэвтэрч орсон үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч О.Солонгийн оршин суух  хаягийг “Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 441 тоот” гэж яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд буруу бичсэн байх бөгөөд О.Солонгын өөрийн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд биеийн байцаалтад гэрийн хаягийг “Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 141 тоот” гэж мэдүүлсэн байгаа учир үүнийг зөвтгөх зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ