Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 346

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ц.Хашбаатар,    

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Хувцагаан,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Э ,   

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Ж.Хандсүрэн,  

иргэний хариуцагч С.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б  овогт Б-ны Т-д  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703005710147 дугаартай 187/2018/0508/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ..-нд Улаанбаатар хотод төрсөн,.... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, ....дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ны Төрбат  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү” хорооллын хойд замд 29-35 УБҮ улсын дугаартай Toyota Axio маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Б.Н , А.И нарыг мөргөсний улмаас А.И-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Т  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү” хорооллын хойд замд 29-35 УБҮ улсын дугаартай Toyota Axio маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин явган зорчигч Б.Н , А.И нарыг мөргөсний улмаас А.И-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н ын амь насыг хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-аас 12 сарын 01-ний шилжих шөнө 1.00 цагийн үед Хүннү хорооллын хойд зам дээр авто тээврийн осол гаргасан. Тэр шөнө миний найз Ононбат намайг хүргээд өгөөч гэж гуйсан, би байрныхаа Батзориг найзыгаа цуг авч явсан. Эхлээд Вива Сити руу найз Ононбатыг хүргэж өгсөн, буцах замдаа би Батзориг найзыгаа хүргэж өгөх үедээ зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослоор хохирогч Идэрээ хүндэвтэр гэмтэж, хохирогч Наранбаатарын амь насанд хүрсэн гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-14/

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед гэрээсээ хүнтэй уулзаад ирье гээд гарсан байсан. Жолооч анхаарал болгоомжгүй явснаас болж энэ осол гарсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

             4. Хохирогч А.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гарцаар гарч явахад баруунаас зүүн чиглэлтэй нэг суудлын машин ирж явахаар нь би нэг машин ирж байна амжих байлгүй гээд бид хоёр зам хөндлөн явганы гарцаар гарч явтал нөгөө машин маш хурдтай орж ирээд түс тас хийгээд л яах ийхийн зуургүй юм болсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86/

           5. Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой би 23 цаг өнгөрч байхад найз Төрбаттай 13 дугаар хороололд уулзсан. ...Төрбат над руу тухайн үед залгахдаа найз Ононбатыг Вива сити хороолол хүргэж өгөх гэж байна. Хоёулаа цуг яваад ирье гэж хэлээд 13 дугаар хороололд ирж намайг авсан. ...хурд хорооллын урд замаар явж байтал гэнэт машины шил хагарч нүдний өмнүүр хар зүйл мөргөөд түс хийх чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/

            6. Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг хэргийн газар очиход жолооч байсан. Харин явган зорчигч гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн байсан. Ингээд жолоочоор явган зорчигч нарыг анх мөргөсөн цэгийг асууж заалгахад би явган хүний гарцанд явган зорчигч мөргөсөн гэж заасан тул гэрэл зургаар бэхжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/  

            7. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14996

             -А.И-ийн биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан далд хугарал, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

             -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            - Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-101/

             8. Шинжээчийн №2374 дугаартай дүгнэлт: “...шинжилгээнд ирүүлсэн Т.Аxio маркийн 29-35 УБҮ улсын дугаартай автомашины хамарны хэсгээс бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд 170300057 дугаартай хэргийн газрын эд мөрийн баримт машины хуванцар хагархай болон будаг гэх хаяглаж ирүүлсэн будагны дээжтэй химийн элементын найрлагын хувьд таарч тохирч байна...”/хх-129/

              9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1677 дугаартай шинжээчийн дүгнэлт: “шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг эд зүйл нь 29-35 УБҮ улсын дугаартай саарал өнгийн тоёота Аксио маркийн автомашины урд бамбаа, бамбааны дотор талын хэсэг байна”.../хх-133/  

              10. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн “Жолооч Б.Т  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”...гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэсэн магадлагаа /хх-2-6/   

              11. Шинжээчийн №270 дугаартай дүгнэлт /хх-138/

               -Жолооч Б.Т  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүн зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         -Явган зорчигч А.Идэрээ, Б.Н  нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

           -Явган зорчигч А.Идэрээ, Б.Н  нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            -Т.Ахio маркийн 29-35 УБҮ улсын дугаартай автомашины тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна гэж үзлээ. /хх-138/

             12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2410 дугаартай шинжээчийн дүгнэлт:

                -Талийгаачид духны баруун хэсгээс суурь зүүн сац хүрсэн шугаман хугарал, хоёр тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцрал, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, элэгний язралт, өрцний баруун хэсгийн урагдал, баруун шилбэний далд хугарал, нүүр мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                -Дээрхи гэмтлүүд нь мөргөх цохигдох, доргих, үрэгдэх үед үүснэ.

                -Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.  

                -Талийгаач нь духны баруун хэсгээс суурь, зүүн сац хүрсэн шугаман хугарал, хоёр тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцрал, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас баржээ. /хх-141-142/

             13. Шүүгдэгч Б.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 01 цаг 08 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү хорооллын хойд замд Т.Axio маркийн 29-35 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргаж нэг хүн нас барж, нэг хүн гэмтээсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Б.Т  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 248/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2410, №14996/, шинжээч №270, 1677, №2374 /-ийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

            Шүүгдэгч Б.Т ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

          Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь шүүгдэгч Б.Т  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү” хорооллын хойд замд 29-35 УБҮ улсын дугаартай Toyota Axio маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин явган зорчигч Б.Н , А.И нарыг мөргөсний улмаас А.И-ийн биед баруун шаант,  тахилзуур ясны бяцарсан далд хугарал, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Н т духны баруун хэсгээс суурь зүүн сац хүрсэн шугаман хугарал, хоёр тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцрал, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, элэгний язралт, өрцний баруун хэсгийн урагдал, баруун шилбэний далд хугарал, нүүр мөчдийн зулгаралт гэмтэл учруулж амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т ын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар тогтоовол зохино.    

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал /...25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, Б.Т ыг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар  тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Б.Т ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.      

            Хохирогч А.И нь 70.215.699 /далан сая хоёр зуун арван таван мянга зургаан зуун ерэн ес/ төгрөг нэхэмжилснээс 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 53.215.699 /тавин гурван сая хоёр зуун арван таван мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Одончимэг нь эмчилгээ болон оршуулгын зардалд 30.804.258 /гучин сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун тавин найман мянга/ төгрөг нэхэмжилснээс 20.000.000 /хорин сая/ төгрөг төлж, 10.804.258 /арван сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн 62.400.000 /жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 32 м кв 1 өрөө байрны захиалгын гэрээг О.Одончимэгт шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

            Иргэний хариуцагч С.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “…Би 29-35 УБҮ улсын дугаартай “Corolla Axio” маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 01 дүгээр сард ажлаас гарахдаа цалин болон бусад мөнгөнд суутгаж авч байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг гаргажээ.    

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Алтанцэцэгээс 53.215.699 /тавин гурван сая хоёр зуун арван таван мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Идрээд, 10.804.258 /арван сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Одончимэгт тус тус олгохоор шийдвэрлэв.     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Т ын №722528 дугаартай жолооны түр үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, “Каркас зураг” ХХК-ийн эзэмшлийн 29-35 УБҮ улсын дугаартай “Corolla Axio” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Каркас зураг” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ны Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, Б  овогт Б-ны Т-ыг4 /дөрөв/ жилийн хугацаагаар  тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.       

  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

 

            4. Б.Т ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.А-с 53.215.699 /тавин гурван сая хоёр зуун арван таван мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж хохирогч А.И-д, 10.804.258 /арван сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т тус тус олгосугай.      

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Т ын №722528 дугаартай жолооны түр үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж “Каркас зураг” ХХК-ийн эзэмшлийн **-** УБҮ улсын дугаартай “Corolla Axio” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Каркас зураг” ХХК-д буцаан олгосугай.     

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Т ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Т ад сануулсугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР