Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Одончимэгийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1586 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр Б.Т-д холбогдох эрүүгийн 1703005710147 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн ................ ..............., 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ..-.. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../;

Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү” хорооллын хойд замд 29-35 УБҮ улсын дугаартай Toyota Axio маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган зорчигч Б.Наранбаатар, А.Идрээ нарыг мөргөсний улмаас А.Идрээгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Б.Наранбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас ямар шалтгаанаар тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан эсэх талаар лавлагаа, шаардлагатай бусад баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эдгээрийг нарийвчлан шалгаж тогтоосны эцэст татагдвал зохих иргэний хариуцагчийг зөв тогтоох шаардлагатай. Иргэний хариуцагчаар “Каркас Зураг” ХХК-ийг татсан гэх боловч иргэн Ц.Батгэрэлийг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Батчулууны Төрбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703005710147 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, Б.Т-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд В ангилалын 722528 тоот түр жолоочийн зөвшөөрөл 1 ширхэг, 29-35 УБҮ улсын дугаартай Corolla Axio маркийн тээврийн хэрэгслийн 00779939 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл: /Нотолбол зохих байдал/-ийн 1.1 /гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудал нотлогдож байгаа. Яллагдагч Б.Т-ыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “...мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай” гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”... 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.15-т “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт”, 12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ...” гэж, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж тус тус заажээ. Гэтэл шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч нь “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаарх гомдол, хүсэлтээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатанд бус анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гаргасныг шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас ямар шалтгаанаар тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан эсэх талаар лавлагаа авах зэрэг ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой байх бөгөөд шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дугнэлт хийж, эргэлзээ бүхий асуудлыг тодруулах шаардлагатай баримт, материалыг авах, гэрч, шинжээч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагчаар иргэн Ц.Батгэрэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан нь хуульд нийцсэн. Учир нь иргэн Ц.Батгэрэл “Каркас Зураг” ХХК-ний ажилтан бөгөөд уг компаний удирдлагын зүгээс түүнийг хэрэгт тухайн хуулийн этгээдийг төлөөлүүлж оролцуулахаар албан бичгийг ирүүлсэн. Мөрдөгч түүнийг иргэний хариуцагчаар татаж, түүнд хуульд заасан эрх, үүргийг танилцуулах ажиллагаа хийгдсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах”, 499.1-д “3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэсэн байх тул хэрэгт иргэний хариуцагчаар татсан “Каркас Зураг” ХХК болон иргэн С.Алтанцэцэг нараас эзэмшигчийн нэр шилжсэн эсэхээс үл хамааран Б.Т-ын бусдад учруулсан хохирол, төлбөрийг гаргуулах боломжтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1586 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Одончимэгийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн гэм буруугийн талаар аль аль тал маргадаггүй. Иргэний хариуцагчийн зөв тогтоохтой холбоотой 2 удаа эсэргүүцэл прокуророос гаргаж хэрэг удааширч байна. Анхан шатны шүүхээр 2018 оны 5 дугаар сард иргэний хариуцагчаар хэнийг тогтоох вэ гэдэг асуудлаар хэлэлцэгдэж хэргийг буцаасан. Иргэний хариуцагчаар иргэн Ц.Батгэрэлийг татаж байгаа асуудал бол хууль зөрчиж байна. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар байгууллагыг татах ёстой болохоос биш итгэмжлэл өгсөн гэсэн нэрээр иргэнийг татахгүй. Үүнд мөрдөгч тогтоол гаргаж прокурор бүрэн хянах боломжтой байхад иргэний хариуцагчаар орж ирж байна. Прокурор иргэний хариуцагчаар иргэн Ц.Батгэрэлийг татаж байгаа асуудал бол иргэний эрх зүйн ойлголт хэр байна вэ гэдгийг харуулж байна гэж үзэж байна. Үүнийг зайлшгүй зөвтгөх шаардлагатай.” гэв.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрээр тухайн тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг асуудлыг “Каркас Зураг” ХХК удаа дараа ярьж байгаа. Хэрвээ үнэхээр шүүхийн шийдвэрээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн бол эзэмших, ашиглах эрхийг С.Алтанцэцэгт шилжүүлсэн гэдэгт дүгнэлт хийлгэх гэж байна. Өөрөөр хэлбэл, захиран зарцуулах эрхгүй этгээд тээврийн хэрэгслээ худалдан борлуулсан эсэхэд дүгнэлт хийж нотлох баримт цуглуулъя гэсэн агуулга давхар байна. Нөгөө талаар “Каркас Зураг” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Батгэрэлд итгэмжлэл олгосон. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр Ц.Батгэрэлийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл олгогдоогүй байх цаг хугацаанд хэрхэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Итгэмжлэл олгогдсоны дараа Ц.Батгэрэлийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бол хууль ёсны болно. Шүүхээс иргэний нэхэмжлэгчийг тогтоож болох боловч шүүхээс хийх ажиллагаа байгаа. Шүүгчийн захирамжийн дагуу ямар цаг хугацаанд тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан бэ, хэрвээ захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд С.Алтанцэцэгт өгсөн асуудал байгаа эсэхийг зайлшгүй тогтоох хэрэгтэй. Хэрвээ захиран зарцуулах эрхгүй байхдаа шилжүүлсэн бол “Каркас Зураг” ХХК хариуцагч нь болж таарна. Захиран зарцуулах эрхтэй байхдаа шилжүүлсэн бол С.Алтанцэцэг нь иргэний хариуцагч болно гэж би дүгнэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад Доржбат гэж иргэнийг асуулгах хүсэлт өгсөн. Хохирогч А.Идрээ болон амь хохирогч нар таксигаар ирээд зам хөндлөн гарах үедээ осолд орсон. Доржбат нь тухайн үйл явдлыг харсан байхад түүнийг гэрчээр асуугаагүй. Мөрдөгчид хүсэлтээ өгөхөөр хүлээж авдаггүй, прокурорт хүсэлт өгөхөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн учраас хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн асуудлыг ярьдаг. Гэрч асуух нь ямар ач холбогдолтой вэ гэхээр хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь шийдвэрлэж, гэм буруугүй гэсэн цагаатгах нөхцөл байдал тогтоогдохгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож болох нөхцөл байдал гэрч дээр байна. Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1586 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой. “Каркас Зураг” ХХК-ийн менежер Ц.Батгэрэлийг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлтэй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Т-ыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү” хорооллын хойд замд 29-35 УБҮ улсын дугаартай Toyota Axio маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган зорчигч Б.Наранбаатар, А.Идрээ нарыг мөргөсний улмаас А.Идрээгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Б.Наранбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт иргэний хариуцагчаар С.Алтанцэцэгийг тогтоосон тогтоол, мэдүүлэг /1хх-98-100/, иргэний хариуцагчаар Ц.Батгэрэлийг тогтоосон тогтоол, мэдүүлэг /1хх-216-218/, “Каркас Зураг” ХХК-иас менежер ажилтай Ц.Батгэрэлд олгосон итгэмжлэл /1хх-220/, ШШГЕГ-аас “Каркас Зураг” ХХК-ийн талаар ирүүлсэн албан тоот /1хх-222/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-224/ зэрэг бичгийн баримтууд цугларсан байх тул эдгээр баримтуудад тулгуурлан иргэний хариуцагчийг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-д “иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг үндэслэн уг хэргийн иргэний хариуцагчийг зөвтгөн тогтоож, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ хохирлыг хамтад нь нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1586 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                         ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ