Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 23

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: ***********************

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Б.Батзориг

Шүүгчид Л.Амарсанаа

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 432 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох Өв залгамжлагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг  2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* миний бие талийгаач эх Лодонгийн төрсөн ганц охин юм. Миний ээж 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Талийгаач ээж маань Улаанбаатар төмөр замд 40 шахам жил ажиллаж, Улаанбаатар төмөр замын харъяа орон сууцны 1 дүгээр ангид ажиллаж байгаад өндөр настан болсноор ******* аймгийн ******* сумын * дугаар баг, * дугаар хороонд байрлах * дугаар ** айлын *** тоот * өрөө байрыг эзэмшдэг байсан. Уг байрыг миний ээжийг насан эцэслэсний дараа буюу 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Барилга орон сууцны 1 дүгээр ангиас тэтгэвэрт гарсан ам бүл 1 гэж хувьчилж өгсөн болно.

Хууль ёсны өмчлөгч нь миний төрсөн дүү ******* бид хоёр бөгөөд тухайн үед байрны гэрчилгээнд миний нэрийг хуулийн дагуу эзэмших эрхтэйгээр бүртгүүлнэ гэж иргэний үнэмлэх авсан бөгөөд бүртгүүлсэн гэж хэлсэн.

Харин ******* нь өөр хүнтэй гэрлэсний улмаас 2015 оноос уг байрыг орхиж явсан болохыг би мэдэж, 2015 оны 08 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд өглөө, өдөр, орой 9 удаа гэрт нь очсон /******* сумын * дугаар баг, * дугаар хороонд байрлах * дугаар ** айлын ** тоот/ боловч хаалгаа нээж өгөөгүй тул орж чадсангүй ээ. Хажуугийн айлаас асуухад ер хүнгүй шахуу байдаг юм гэж байсан боловч гэрэл нь асаалттай, тагтны хаалга нь нээлттэй, дотор нь эмэгтэй хүн байсан.

******* миний бие өөрийн гал голомтдоо 2014, 2015 онуудад хэд хэдэн удаа очсон боловч намайг оруулсангүй. Байрны гэрчилгээ, бичиг баримтын лавлагааг зохих журмын дагуу 2016 оны 04 дүгээр сард авч үзэхэд миний нэр огт байхгүй төдийгүй өөр хүмүүсийн нэр дээр байсан нь намайг гэрт оруулахгүй байсан учрыг тэр үед мэдлээ. Иймд би маш их гомдолтой байна.

Тиймээс ******* намайг хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний аав маань эгч бид хоёрыг 4 буюу 7 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ээжтэйгээ бид 3 амьдарч эхэлсэн гэдэг. Ээж маань биднийгээ хүний зэрэгт хүргэж, ажил амьдралтай залгуулах гэж их хүч хөдөлмөр, тэсвэр хатуужилтай байсан нь түүх болон үлдсэн юмаа. Ээж маань Улаанбаатар хотын төмөр замын харъяа Сайншанд дахь Орон сууцны 3 дугаар ангид 1965-1978 онуудад ажиллаж байгаад эгч маань Ерөнхий боловсролын сургууль төгсч Архангай аймагт сургуульд суралцах, би 5 дугаар ангиасаа Улаанбаатар хотод хөгжим бүжгийн сургуульд тэнцэж суралцах болсон тул ээж маань ахыг маань бараадаж, 1978 онд Улаанбаатар төмөр замын орон сууцны 1 дүгээр ангийн харъяа *******ын амрах байранд жижүүрээр ажиллаж өндөр настны тэтгэвэрт гарсан юм.

Ажиллаж байх хугацаанд нь төмөр замын ажилчдад олгодог байр хомс байсан тул 3 өрөө байртай машинч гэж айлын хажуу нэг өрөөг олгож, тэнд бид 3 зургаан жил шахам амьдарсан. Байгууллагын захиргаанаас ээжийн маань амьдрал, ажил хөдөлмөрийг үнэлж дэмжин 1985 онд одоогийн энэ ******* сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө байрыг олгож бид гурав тав тухтай амьдарч эхэлсэн юм даа.

Эгч маань мэргэжлийн сургууль төгсч Сайншандад хуваарилагдан ирсэн боловч биднийгээ асран тэтгэж амьдарч байв. Миний анхны охин 1987 онд төрж, ам бүл олуул болсон тул ээж маань Сайншандад эгч дээр маань ирж амьдардаг болж, бидэн дээр ирэн очин байдаг байсан ба 2003 оны 06 дугаар сард Сайншандаас *******д очоод 7 дугаар сард насан өөд болсон.

Уг байр ээжийн минь өмч хөрөнгө бөгөөд хувьчлагдах үеийн бичиг баримт нь нэг хүний өмч гэж ээжийн маань нэрээр бүртгэгдэж явсан боловч ээж маань 2003 оны 07 дугаар сард насан өөд болоход 2003 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар төмөр замын ******* зангилааны орон сууцны өндөр настан нэг хүний өмч гэж хувьчлагдсан юм. Энэ үед миний эгч энэ орон сууц, байр бид хоёрын өмч учир гэрчилгээн дээр нэрээ оруулна, тэгээд ч ээж зөвхөн надад өгнө гэдэг байсан гэж ярьсан учир би ч зөвшөөрч, иргэний үнэмлэхээ бидэнд орхиод явсан байсан.

Орон сууцны буюу байрны гэрчилгээ авах бүртгэл хийх үед би өөрийн биеэр байгаагүй тул миний эхнэр болох очиж бүртгүүлэхдээ өөрийгөө бичүүлж, эгч ийг болон тэр үед миний эгчтэй хамт амьдарч байсан миний охин болох нарыг бичүүлээгүй байсан. Тэр үед яагаад тэгж бичүүлсэн талаар асуухад энд байхгүй юм чинь гэсэн хариу өгсөн. Ингээд миний хувьд эгчдээ болон ахдаа ийм зүйл болсон тухай хэлэхээс эмээж, эвгүй санагдсан тул бичигдсэн байгаа л гэж хэлсэн. Ээж маань миний охин нялхаараа л гэрээсээ хол, айлын хүн болоод явсан, ах чинь та хоёр бол эр улс өөрсдөө амьдрал ахуйгаа аваад эгчийгээ харж хандах ёстой. Тийм учраас төмөр замд насаараа ажилласан надад энэ байрыг хувьчилж өгөа болохоор би охиндоо шилжүүлж өгнө гэж ах бид хоёрт хэлдэг байсан юмаа. Тийм болохоор би бас ахдаа эгчийн нэрийг байгаа гэж хэлсэн л дээ. Гэтэл одоо нэг ийм болчихоод байна. Би эгчийг *******д амьдарна гэж бодож байсангүй л дээ.

Харин сая 2015 оны 08 дугаар сард *******д гэртээ очтол хаалгаа нээж өгөхгүй байна, би мөд тэтгэвэртээ гарна, тэнд гал голомтондоо суурьшина, байрны бичиг баримт хаана байна гэхэд нь арга буюу би үнэнийг нь хэлсэн. Харин байрны бичиг баримтыг авъя гэсэн боловч та нарын зүйлийг шатаасан, өгөх зүйл байхгүй, би таны гал голомтонд байгаа гэдгийн санаж яв гээд өгдөггүй юмаа. Одоо энэ байранд бид амьдарч байгаа нь үнэн болно.

Иймд миний төрсөн эгч болох ******* аав, ээжийн маань орон гэр, өөрийн гал голомтонд очиж амьдарна гэж буй тул өдий болтол худал хэлж, нууж явсан явдалдаа хүлцэл өчиж, энэхүү өв залгамжлагчаас татгалзаж эгч *******ийнг өв залгамжлагчаар тогтоохыг зөвшөөрч байна... гэжээ.

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 432 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн ******* аймгийн ******* сумын * дугаар баг, *дугаар хэсэг * дугаар ** айлын ** тоот 2 өрөө орон сууцны өв залгамжлагчаар тогтоогох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсэг нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалт байх бөгөөд энэ нь *******ийг бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хэргийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь хууль ёсны өмчлөгч байна гэсэн заалтыг баримтлан өв залгамжлагчаар тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн зохих заалтыг буруу баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Энэхүү заалтаар ******* нь Раднаа овогтой Лодон гэдэг хүний хууль ёсны өв залгамжлагч мөн гэдэг нь тогтоогдож байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг шүүх зөрчиж, процессийн алдаа гаргасан байна. Хэргийн 16 дугаар талд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэгч нотлох баримт татуулах хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч талаас гаргаж өгөх нотлох баримтыг шүүхийн журмаар татуулах эрх хязгаарлагдсан байна. Хүсэлтэнд:

1.     дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн ямар бичиг баримт бүрдүүлэн ямар журмаар олгосон талаарх хувийн хэргийн материалыг татуулах,

2.    Гэрчилгээг хэдэн оны, хэдэн сард, хэдэн хүний өмчлөлд олгосон тухай баримтуудыг авах,

3.    Миний ээж Лодон уг байранд 1986 оноос хойш 2003 он хүртэл амьдарч байсныг нотлох байр эзэмших эрхийн бичиг, байрны хөлс төлсөн баримт зэргийг УБТЗ-ын ОС-ны 1-р ангийн захиргаанаас татуулж авах хүсэлтийг гаргасан боловч хангасан эсэх нь тодорхойгүйгээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэхь заалтаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн бол шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргана гэсэн заалт хангагдаагүй зөрчигдсөн байна.

Хэргийн 63 дугаар талд ... 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан *******, *******, Ш.Мижиддорж нар төрсөн ах дүү мөн гэдгийг тогтоолгох зорилгоор холбогдох газраас баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна.

...2016 оны 05 сарын 11-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 136/ШЗ2016/00657 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэсэн байгаа. Хэргийн 40 дүгээр талд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтэндээ Статистик, Улсын бүртгэлийн газраас хэрхэн ямар үндэслэл журам, ямар нотлох браимтаар Алтангэрэл, Алтангинж нар нь энэ байрны гэрчилгээг өөр дээрээ авсан талаарх хувийн хэргийн лавлагааг авах, Р. Лодонгийн Улаанбаатар төмөр замын орон сууцны ангид 1965-1995 он хүртэл ажиллаж байгаад хэзээ тэтгэвэрт гарсан талаар тодорхойлолт хүсэлтүүдийг тус тус гаргасан боловч хүсэлтийн 1 дэхь заалтыг хангаж, 2 дахь заалтыг хангахаас татгалзсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч энэ татгалзсан захирамжтай танилцаж үзээгүй, ээжийг минь тэтгэвэрт гарсан баримт ирсэн, байрны хувьчлалаар тэтгэвэр гарсан гэж тодотгол хийснийг нотлох ёстой байтал ач холбогдолтой нотлох баримтыг гаргаагүйгээс миний ээжийн тэтгэвэрт гарахад нь уг байрыг өгсөн эсэх асуудал орхигдож байна гэж гомдоллож байгааг анхаарах ёстой.

...Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 07 дүгээр сарын 02-ны өдрийн 82 тоот Орон сууц хувьчлах тухай тогтоолоор Улаанбаатар төмөр замын нийгэмлэгт ашиглагдаж байгаа 920 орон сууцыг сууц эзэмшигчид нь 2003 онд багтаан хувьчилахаар болсон байдаг төдийгүй, Барилга орон сууцны 1 дүгээр ангиас тэтгэвэрт гарсан ам бүл 1, 108363 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор хувьчлагдсан гэсэн тэмдэглэл хувьчлалын 2 дугаар шатны 1 дүгээр хэсэгт хамрагдах орон сууцыг хувьчилж авах иргэний жагсаалт байдаг юм байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар оролцогчдын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх гомдлыг бичиж байна ... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэхь заалтуудыг тус тус зөрчсөн. Хавтаст хэргийн 16 дугаар талд нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сум дундын шүүхэд нотлох баримт татуулах хүсэлт гаргасан тухай баримт бий. Энэ хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч талаас гаргаж өгөх нотлох баримтыг шүүхийн журмаар татуулах эрх хязгаарлагдсан байна. Нэхэмжлэгч 2 хүсэлт гаргасан. Эхлээд дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн ямар бичиг баримт бүрдүүлэн ямар журмаар олгосон талаарх хувийн хэргийн материалыг татуулах хүсэлт гаргасан хүслэтийг хангаагүй.

Дараа нь гэрчилгээг хэдэн оны, хэдэн сард, хэдэн хүний өмчлөлд олгосон тухай баримтуудыг авах, Лодон уг байранд 1986 оноос хойш 2003 он хүртэл амьдарч байсныг нотлох байр эзэмших эрхийн бичиг, байрны хөлс төлсөн баримт зэргийг Улаанбаатар төмөр замын орон сууцны 1 дүгээр ангийн захиргаанаас татуулах хүсэлт гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт хангаагүй. Мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг татах хүсэлтийг харгалзаж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн ба хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэхь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх хэргийн харъяалалын тал дээр бас анхаарч үзээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дэхь заалт зөрчигдсөн... гэв.

Үндэслэх нь:

Хэргийн материалыг судлан үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эх орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох гэж тодорхойлж, улмаар Улаанбаатар төмөр замын орон сууц хувьчлах комиссын 2006 оны 10 сарын 30-ны өдрийн тогтоолоор түүний талийгаач эх Р.Лодонд ******* аймаг ******* сумын *-р багт байрлалтай * дугаар ** айлын /төмөр замын/ ** тоот * өрөө орон сууцыг хувьчлалаар өмчлүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хэргийн материалд Иргэний бүртгэлийн байгууллагаас тухайн маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******ийн хүсэлт болон хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн улсын бүртгэлд *******ийн гэр бүлийн дөрвөн гишүүний дундаа хамтран өмчлөх хөрөнгөд бүртгэсэн тухай албан бичиг ирүүлжээ.

Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар төмөр замын төвлөрсөн архиваас орон сууц хувьчлалын талаарх нотлох баримтыг гаргуулахаар 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ, 67 дугаар зүйлийн 67.1.3-д хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах гэснийг тус тус зөрчсөн байна.

Маргаан бүхий Улаанбаатар төмөр замын орон сууц хувьчлалын шийдвэрээр хэнд хувьчилсан болохыг тодруулахгүйгээр талуудын хооронд үүссэн маргаанд хууль ёсны дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд тухайн орон сууцны өмчлөлийн асуудлаар талуудын хооронд маргаан гарснаар тухайн орон сууцны өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа байдалд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай болж буйг дурьдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс дээрх хүсэлтээс гадна Улаанбаатар төмөр замын архиваас нотлох баримт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасаар байтал шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА

Г.ДАВААРЕНЧИН