Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 593

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

 Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, 129 дүгээр байр 1-06 тоотод оршин суух, Хайтил овогт Шагдаржавын Оюунгэрэл /ЕС 61121427/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 34 байр 22 тоотод оршин суух, Хайтил овогт Шагдаржавын Алтангэрэл /МЮ-64051716/-д холбогдох

 

“Өв залгамжлагчаар тогтоолгох” мөн Л.Лодонг  “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг тус тус хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Алтангинж, түүний өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... Ш.Оюунгэрэл миний бие нь талийгаач эх Р.Лодонгийн төрсөн ганц охин нь юм. Миний ээж 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Талийгаач ээж маань Улаанбаатар Төмөр замд 40 шахам жил ажиллаж Улаанбаатар төмөр замын харьяа орон сууцны 1 дүгээр ангид ажиллаж байгаад өндөр настан болсноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө байрыг эзэмшдэг байсан. Уг байрыг миний ээжийг насан эцэслэсний дараа буюу 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Барилга орон сууцны 1 дүгээр ангиас тэтгэвэрт гарсан ам бүл 1 гэж хувьчилж өгсөн болно. Хууль ёсны өмчлөгч нь миний төрсөн дүү Ш.Алтангэрэл бид хоёр бөгөөд тухайн үед байрны гэрчилгээнд миний нэрийг хуулийн дагуу эзэмших эрхтэйгээр бүртгүүлнэ гэж иргэний үнэмлэхийг авсан бөгөөд бүртгүүлсэн гэж хэлсэн. Харин Ш.Алтангэрэл нь өөр хүнтэй гэрлэсний улмаас 2015 оноос уг байрыг орхиж явсан болохыг би мэдэж 2015 оны 8 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд өглөө, өдөр, орой 9 удаа гэртээ очсон /Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот/ боловч хаалгаа нээж өгөөгүй тул орж чадсангүй ээ. Хажуугийн айлуудаас асуухад ер хүнгүй шахуу байдаг юм гэж байсан боловч гэрэл нь саалттай тагтны хаалга нь нээлттэй дотор нь нэг эмэгтэй хүн байсан. Ш.Оюунгэрэл миний бие өөрийн гал голомтондоо 2014, 2015 онуудад хэд хэдэн удаа очсон боловч намайг оруулсангүй. Байрны гэрчилгээ бичиг баримтын лавлагааг зохих журмын дагуу 2016 оны 04 дүгээр сард авч үзэхэд миний нэр огт байхгүй төдийгүй өөр хүмүүсийн нэр байсан нь намайг гэрт маань оруулахгүй байсан учрыг тэр үед л мэдлээ. Иймд би маш их гомдолтой байна. Тиймээс Ш.Оюунгэрэл намайг хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын орон сууцны нэгдүгээр ангид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт суусан миний ээж  Р.Лодонг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 2 дугаар 60 айлын нэгдүгээр орцны 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч гэдгийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж байна гэжээ.

 

 Хариуцагч Ш.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний аав Шагдаржав маань эгч бид хоёрыг 4 буюу 7 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлж ээжтэйгээ бид 3 амьдарч эхэлсэн гэдэг. Ээж маань биднийгээ хүний зэрэгт хүргэж ажил амьдралтай маань залгуулах гэж их хүч хөдөлмөр, тэсвэр хатуужилтай байсан нь түүх болон үлдсэн юмаа. Ээж маань Улаанбаатар төмөр замын харъяа Сайншанд дахь Орон сууцны 3 дугаар ангид 1965-1978 онуудад ажиллаж байгаад эгч Оюунгэрэл маань ЕБСургууль төгсч Архангай аймагт сургуульд суралцах, би 5 дугаар ангиасаа Улаанбаатар хотод хөгжим бүжгийн сургуульд тэнцэж суралцах болсон тул ээж маань ахыг маань бараадаж 1978 онд УБТЗ-ын орон сууцны 1 дүгээр ангийн харъяа Сүхбаатарын амрах байранд жижүүрээр ажиллаж өндөр настны тэтгэвэрт гарсан юм. Ажиллаж байх хугацаанд нь төмөр замын ажилчдад олгодог байр хомс байсан тул 3 өрөө байртай машинч Сайнцогт гэж айлын хажуу нэг өрөөг олгож тэнд бид 3 зургаан жил шахам амьдарсан. Байгууллагын захиргаанаас ээжийн маань амьдрал, ажил хөдөлмөрийг үнэлж дэмжин 1985 онд одоогийн энэ одоогийн энэ /Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө/- байрыг олгож бид гурав тав тухтай амьдарч эхэлсэн юм даа. Эгч маань Мэргэжлийн сургууль төгсч Сайншандад хуваарилагдан ирсэн боловч биднийгээ асран тэтгэж амьдарч байв.

Миний анхны охин 1987 онд төрж ам бүл олуул болсон тул ээж минь Сайншандад эгч дээр маань ирж амьдардаг болж бидэн дээр ирэн очин байдаг байсан ба 2003 оны 06 дугаар сард Сайншандаас Сэлэнгэд очоод 07 дугаар сард насан өөд болсон.

Уг байр нь ээжийн минь өмч хөрөнгө бөгөөд хувьчлагдах үеийн бичиг баримт нь нэг хүний өмч гэж ээжийн маань нэрээр бүртгэгдэж явсан боловч ээж маань 2003 оны 07 дугаар сард насан өөд болоход 2003 оны 12 дугаар сард МУ-ын Засгийн газрын тогтоолоор УБТЗ-ын Сүхбаатар зангилааны орон сууцны өндөр настан нэг хүний өмч гэж хувьчлагдсан юм. Энэ үед миний эгч Оюунгэрэл энэ орон сууц, байр бид хоёрын өмч учир гэрчилгээнд нэрээ оруулна тэгээд ч ээж зөвхөн надад өгнө гэдэг байсан гэж ярьсан учир би ч зөвшөөрч, иргэний үнэмлэхээ бидэнд орхиод явсан байсан. Орон сууцны буюу байрны гэрчилгээ авах бүртгэл хийх үед би өөрийн биеэр байгаагүй тул миний эхнэр болох Д.Алтангинж очиж бүртгүүлэхдээ өөрийгөө бичүүлж эгч Ш.Оюунгэрэлийг болон тэр үед миний эгчтэй амьдарч байсан миний охин болох Ариунаа нарыг бичүүлээгүй байсан. Тэр үед яагаад тэгж бичүүлсэн талаар асуухад энд байхгүй юм чинь гэсэн хариу өгсөн.

Ингээд миний хувьд эгчдээ болон ахдаа ийм зүйл болсон тухай хэлэхээс эмээж, эвгүй санагдсан тул бичигдсэн байгаа л гэж хэлсэн. Ээж маань миний охин нялхаараа л гэрээсээ хол, айлын хүн болоод явсан ах чинь та хоёр бол эр улс өөрсдөө амьдрал ахуйгаа аваад эгчийг харж хандаж явах ёстой. Тийм учир Төмөр замд насаараа ажилласан надад энэ байрыг хувьчилж өгөх болохоор би охиндоо шилжүүлж өгнө гэж ах бид хоёрт хэлдэг байсан юмаа. Тийм болохоор би бас ахдаа эгчийн нэрийг байгаа гэж хэлсэн л дээ. Гэтэл одоо нэг ийм болчихоод байдаг. Би эгчийг Сэлэнгэд амьдарна гэж бодож байсангүй л дээ. Харин сая 2015 оны наймдугаар сард Сэлэнгэд гэртээ очтол хаалгаа нээж өгөхгүй байна, би мөд тэтгэвэртээ гарна тэнд гал голомтондоо суурьшина, байрны бичиг баримт хаана байна гэхэд нь арга буюу би үнэнийг нь хэлсэн.

Харин байрны бичиг баримтыг авъя гэсэн боловч Д.Алтангинж та нарын зүйлийг шатаасан өгөх зүйл байхгүй, би таны гал голомтонд байгаа гэдгийг санаж яв гээд өгдөггүй юмаа. Одоо энэ байранд бид амьдарч байгаа нь үнэн болно.

Иймд миний төрсөн эгч болох Ш.Оюунгэрэл аав, ээжийн маань орон гэр, өөрийн гал голомтонд очиж амьдарна гэж буй тул өдий болтол худал хэлж, нууж явсан явдалдаа хүлцэл очиж энэхүү өмчийн өв залгамжлагчаас татгалзаж эгч Ш.Оюунгэрэлийг өв залгамжлагчаар тогтоохыг зөвшөөрч байна! гэжээ.

 

              Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Алтангинж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              ... Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 13 тоот би байранд амьдраад 31 жил болж байна. Анх энэ айлд бэр болж ирхэд манай нөхөр Ш.Алтангэрэл ээжтэйгээ амьдардаг байсан. Ш.Алтангэрэл бид хоёр 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. Тухайн үед Ш.Оюунгэрэл нөхөр 2 хүүхэдтэйгээ Сайншандад амьдардаг байсан. Одоо ч тэндээ амьдарч байгаа. Манай хадам ээж 1986-2003 онд бидэнтэй хамт амьдарч байгаад миний гар дээр насан өөд болсон. Би хадам ээжийгээ асардаг байсан. Мөн миний 3 хүүхдийг өсгөлцөж өгсөн ачтай хүн. Анх уг байр Ш.Алтангэрэлийн нэр дээр  Сүхбаатар өртөөний нэр дээр байсан. Манай хадам ээжийг өнгөрсний дараа Төмөр замын орон сууцны контороос манай нөхөр Ш.Алтангэрэлийн нэр дээр ордер бичиж өгсөн. Дараа нь хувьчлал явагдахад Ш.Алтангэрэл, Болормаа бидний нэр дээр өмчлүүлснийх нь дагуу өмчилж авсан. 2004 онд эзэмших эрхийн, 2006 онд өмчлөх эрхийн, 2007 онд Сэлэнгэ аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээд албан ёсоор бүртгэл хийлгэсэн. Тэгэхээр энэ байр бол манай гэр бүлийн дундын өмч мөн бөгөөд Ш.Оюунгэрэлд ямар ч хамааралгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь Ш.Алтангэрэлд холбогдуулан “Өв залгамжлагчаар тогтоолгох” мөн Р.Лодонг “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 7 дугаар хэсэг, 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч болохыг тогтоолгох” –ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус хүсэлт гаргаж түүний хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан боловч нэхэмжлэгч энэ шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэхь хэсэгт зааснаар түүний эзгүйд цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломтой гэж үзсэн болно.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл: Хэдийгээр хариуцагч Ш.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ч дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Хайтил овгийн Шагдаржавын Алтангэрэл, Д.Алтангинж, А.Болормаа, А.Шижиртунгалаг нарын / дөрвөн иргэний / эрхийн бүртгэлийн 131700150 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2-60 айл 1-13 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай орон сууцны өмчлөгч болох нь гэрч Д.Мөнхбаярын ... Алтангэрэл ах, ээж Р.Лодонгийн хамт уг байранд амьдардаг байсан. Хэдэн оноос энэ байранд орсныг би санахгүй байна. Лодон гуай төмөр замд ажилладаг байсан талаар би сонсоогүй мэдэхгүй, Алтангэрэл ах ээжийгээ амьд байхад эхнэртэйгээ гэр бүл болсон. Алтангэрэлийн ээжийг амьд сэрүүн байхад Алтангинж эгч л харж хандаж асарч байсныг би сайн мэднэ гэх мэдүүлэг /хх-ийн 69 дугаар хуудас/, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 43-48-р хуудас/, Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 45 дугаар хуудас/, Ш.Алтангэрэлийн 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, охин А.Шижиртунгалагийн төрсний гэрчилгээний хуулбар, охин А.Болормаа, эхнэр Д.Алтангинж, Ш.Алтангэрэл нарын иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээсэн “орон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ”, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Айл өрхүүдэд шавьжний устгал хийсэн тэмдэглэл” зэргээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Р.Лодон нь “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг, 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууц эзэмшигч болох үйл баримт тогтоогдохгүй байна.

Гэрч Д.Мөнхбат, Д.Сайнцогт, Г.Зоригтбаатар нар нь нэхэмжлэгчтэй найз нөхөдийн болон ураг төрлийн холбоотой байх бөгөөд тэдгээрийн өгсөн мэдүүлэгүүд нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Ш.Оюунгэрэл нь талийгаач Р.Лодонг шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Иймд Ш.Оюунгэрэлийн Р.Лодонг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг, 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч болон тухайн байрны өв залгамжлагчаар тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагч Ш.Алтангэрэл нь “шүүх хуралд оролцохгүй, байлцуулахгүй шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэхь хэсэгт зааснаар Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй Ш.Алтангэрэлд холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох , мөн Л.Лодонг  “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ