Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 23

 

Хэргийн материалыг судлан үзэхэд нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь хариуцагч Ш.Алтангэрэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “эх Р.Лодонгийн  орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох “ гэж тодорхойлж, улмаар  Улаанбаатар төмөр замын орон  сууц хувьчлах комиссын 2006 оны 10 сарын 30-ны өдрийн тогтоолоор   түүний талийгаач эх Р.Лодонд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р багт байрлалтай 2 дугаар 60 айлын /төмөр замын/ 13 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлалаар өмчлүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хэргийн материалд Иргэний бүртгэлийн байгууллагаас  тухайн маргаан бүхий орон сууцыг  хариуцагч Ш.Алтангэрэлийн хүсэлт болон  хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн улсын бүртгэлд  Ш.Алтангэрэлийн гэр бүлийн  дөрвөн гишүүний дундаа хамтран өмчлөх хөрөнгөд бүртгэсэн тухай албан бичиг ирүүлжээ.

Нэхэмжлэгч  Ш.Оюунгэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар Төмөр замын төвлөрсөн архиваас орон сууц хувьчлалын талаархи нотлох баримтыг  гаргуулахаар 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 67 дугаар зүйлийн 67.1.3-д “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл  энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах”  гэснийг  тус тус зөрчсөн байна.

Маргаан бүхий УБТЗамын орон сууц хувьчлалын  шийдвэрээр хэнд хувьчилсан болохыг тодруулахгүйгээр талуудын хооронд үүссэн маргаанд хууль ёсны дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй  бөгөөд тухайн орон сууцны өмчлөлийн асуудлаар талуудын хооронд маргаан гарснаар тухайн орон сууцны өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа байдалд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай болж буйг дурьдах нь зүйтэй.

Мөн  нэхэмжлэгчийн зүгээс дээрх хүсэлтээс гадна Улаанбаатар Төмөр замын архиваас нотлох баримт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасаар байтал шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулан  Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Иймд  хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны  шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

                                         ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                       Л.АМАРСАНАА

                                                                               Г.ДАВААРЕНЧИН