Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01383/И |
Дугаар | 01457 |
Огноо | 2016-11-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 01457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-19-45 тоотод оршин суух Шарнууд овгийн Жамбалгараын Энхмаагийн /ФА-62030465 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-19-41 тоотод оршин суух Олхонууд овгийн Очирбатын Чулуунцэцэгт /ФА-62121307 / хариуцагдах 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Энхмаа, хариуцагч О.Чулуунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.Энхмаа хариуцагч О.Чулуунцэцэгт холбогдуулан зээлийн төлбөр 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Ж.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очирбат овогтой Чулуунцэцэг нь манай доод давхарт амьдардаг бөгөөд 2013 оны 09-р сарын 27-ны өдөр манайд орж ирээд ярьж сууж байгаад хүү маань бөөгийн сахиусаа авах гээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Надад мөнгө байхгүй гэтэл би таниас 10%-ийн хүүтэйгээр зээлье гээд нэхсээр байгаад төгрөгийг авсан. Мөнгөө авахдаа 4 сарын дараа тэтгэвэртээ гараад их мөнгөө авахаараа өгье гэж хэлсэн. Тухай үед Эрдэнэт төмөр зам өртөөнд вагон үзэгч хийдэг байсан.Ингээд мөнгөө удаа дараа нэхэхэд удахгүй өгнө, удахгүй өгнө гэсээр байгаад 2014 оны 01-р сарын сүүлээр 4 сарын хүү болох 600.000 төгрөг, үндсэн зээлнээс 500.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь удахгүй өгнө гэж хэлээд өгөхгүй явсаар байна. 2015 оны 02-р сард мөнгийг чинь өгч чадахгүй нь хүүг нь өгье гээд 600.000 төгрөг лангуун дээр авчирч өгсөн.Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө, хүүгээ огт өгөхгүй байна.Хүү 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Энхмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.1 500 000 төгрөг аваад 600 000 төгрөгний хүү,үндсэн зээлээс 500 000 төгрөг төлсөн.Мөн 600 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн.Үндсэн зээл 1 000 000 төгрөг үлдсэн тул хүүгийн хамт 1 500 000 төгрөг нэхэмжилж байна.Зээлийн гэрээг дараа нь байгуулсан гэжээ.
Хариуцагч О.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Би Энхмаагаас 2013-09-16-ны өдөр 1,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн.Тухайн үед би өндөр насны тэтгвэрт гарах дөхөж байсан учир тэтгэмжээ аваад өгье гэж гуйж байсан.Ингээд би 2014 оны 1 сард тэтгэвэртээ гарсан бөгөөд цалингийн зээлтэй байсан учир тэтгэмжээс шууд суутган авсан байсан.Үлдсэн мөнгөө шууд Энхмаагийн данс руу 2014-01-17-ны өдөр 1,272,000 төгрөгийг шилжүүлсэн.Мөн тэр үед надад гачигдал гарч төрсөн ах маань нас барсан, аавыг сахисаар бие муудаад, аав өөд болсон зэргээр зовлон тохиолдон Энхмаад үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй нилээн удсан.Ингээд Энхмаад 600,000 төгрөгийг 2015-02-12-нд данс руу нь шилжүүлсэн.Би Энхмаагаас бараа авсан байсан тул 72,000 төгрөгийн барааны үнэнд тооцож зээлдээ 1,800,000 төгрөгийг өгсөн.Миний тооцоогоор зээлийн хүүд 300,000 төгрөг өгч, үндсэн зээл 1,500,000 төгрөгийг өгсөн гэж үзэж байна.Одоо би Энхмаад дахин хүү болон үндсэн зээл гэж мөнгө өгч чадахгүй.Учир нь би ажил хийдэггүй, тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээж байна, 82 настай ээж болон 1 оюутан хүүхэдтэй өрх толгойлон амьдарч байна.Энхмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Чулуунцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.1500 000 төгрөг зээлсэн нь үнэн.2014-1-17-нд 1 272 000 төгрөг шилжүүлсэн.2015-2-12-нд 600 000 төгрөг шилжүүлсэн.72 000 төгрөг бол барааны үнэ юм.Би нийт 1800 000 төгрөг төлсөн тул одоо төлөх төлбөргүй гэж үзэж байна.Дараа нь гэрт очиж нэг цаасан дээр гарын үсэг зурж байсан.Гэхдээ энэ хэрэгт байгаа гэрээн дээр зурсан гарын үсэг бол миний гарын үсэг биш байна лээ гэжээ.
Шүүх хэргээс “зээлийн гэрээ” гэсэн бичмэл баримт,Хаан банкны дансны хуулгыг судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхмаа хариуцагч О.Чулуунцэцэгээс зээлийн төлбөр 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Зохигчдын хооронд 2013-9-27-ны өдөр мөнгөн зээлийн гэрээ амаар байгуулагдаж хариуцагч нэхэмжлэгчээс1 500 000 төгрөг хүлээн авсан болох нь, 2014-1-17-нд 1 272 000 төгрөг,2015-2-12-нд 600 000 төгрөг эргүүлэн төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.Энэ талаар зохигчид маргаагүй.Дээрхи мөнгөний 72 000 төгрөг нь зээлсэн мөнгөнд хамаарахгүй талаар зохигчид тайлбарласан.
Нэхэмжлэгч 2013-9-27-ны өдрийн зээлийн гэрээ” гэсэн бичмэл баримтыг хэрэгт хавсаргаж нэхэмжлэлээ үндэслэсэн ба хариуцагч уг баримтанд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж мэтгэлцсэн боловч “гэрт нь орж нэг цаасан дээр гарын үсэг зурсан “гэж тайлбарлаж байна.
“Зээлийн гэрээ” гэх баримтад 2014-1-27-ны өдөр 1100 000 төгрөг эргүүлэн төлөх үүрэг хариуцагч хүлээсэн ба 2014-1-17-ны өдөр нэхэмжлэгчийн дансаар 1 272 000 төгрөг шилжүүлжээ./хх 16 дахь тал/
Зохигчидын байгуулсан 2013-9-27-ны өдрийн “зээлийн гэрээ” гэсэн бичмэл баримтыг зээлийн гэрээ байгуулагдсаны дараа үйлдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасны дагуу хүчинтөгөлдөр гэрээ гэж үзсэн ч уг гэрээний дагуу харуицагч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ..
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу шаардах эрхийн үндэслэлгүй тул О.Чулуунцэцэгээс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38950 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.
3 Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ