Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

М.И-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Нархажид,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,        

                                                                                                                                                                            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 9ий өдрийн 1222 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Нархажидын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 1706014120088 дугаартай М.И-т холбогдох хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.И, 1977 оны 3 дугаар сарын 19-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй,

 

М.И нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвийн авто зогсоол дээр ачаатай тэрэг түрж явсан Ц.Х толгой руу зам тавьж өгсөнгүй гэж хэлсний улмаас маргалдан чулуугаар шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.И-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно. Хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэж заасан байхад яллагдагчийн хүсэлт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана гэж заасан байгааг хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасан прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэсэн заалтууд хийгдээгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулна гэж заасан ажиллагаа хийгдээгүй, хохирогчид танилцуулаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ит холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол М.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Нархажид бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ит холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 33 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдийг удирдлага болгон хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж болно. Хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэж заасан байхад яллагдагчийн хүсэлт байхгүй байна гэх заалт нь энэ хэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь М.Ит холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-д зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл анги бүхий гэмт хэрэг бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй юм.

Яллагдагч М.И нь “хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг үгүйсгээгүй, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулж өгөхөөр тохирч нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан байгаа болно. Яллагдагч М.Ит хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар танилцуулж гарын үсэг зуруулсан, хохирогч хүлээлгэх хариуцлагын талаар хүсэлт гаргаагүй учир танилцуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хүсэлт гаргасан хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулна” гэж заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол”-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ. Гэтэл шүүхээс хуульд байхгүй хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт “...зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилж өгсөн байхад мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” хэргийг дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт М.И-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэрэг хамаарч байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс доош хугацаагаар хорих ялыг оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2 дахь зүйлүүдийг заан хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Х-д хэргийн материалыг танилцуулсан /хх-ийн 37 тал/ байх ба хохирогчоос хүсэлт гараагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар мөрдөгч хэргийг прокурорт шилжүүлсэн /хх-ийн 39 тал/ байхад яллагдагч М.И-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа хүсэлт гаргаагүй хохирогч Ц.Х-д танилцуулаагүй гэж үзсэн нь буруу байна.  

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, М.И-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцлийг ханган Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1222 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.И-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч М.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                                  Ц.ОЧ

 

                                                                                               Д.ОЧМАНДАХ