Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 42

 

                       

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Анхбаяр, Ч.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 2015 2501 1879 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булгийн 2 дугаар гудамжны 32 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Сартуул овогт Баттогтохын Анхбаяр /РД: ИГ90031612/,

2. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, Хүнсчдийн 4 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, 4 сар 10 хоног хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Чулуунхүүгийн Нямдорж /РД: ТЛ90070872/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

Б.Анхбаяр, Ч.Нямдорж нар нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхонд хаалга угсралтын ажил хамт хийж байсан иргэн А.Баярбаатар Т.Батпүрэв, О.Сүрэнхорлоо нарын нийт 520.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан,

Давтан үйлдлээр 2015 оны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Хан” зочид буудалд байрлаж байхдаа зочид буудлын хүлээн авагчийн сейфнээс иргэн Г.Чойндонжамц, А.Зүчимэргэн, Б.Тэмүгэ, С.Баатар нарын нийт 370.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбаярын өгсөн: “Тухайн үед Ч.Нямдорж бид 2 зараар “Олимп” хотхонд хаалга угсралтын ажилд орсон. Тэр үед ажиллаж байгаад плита наах ажил хийгээд 15.000 төгрөг авсан. Энэ мөнгөөрөө 1 шил архи аваад орой уусан. Архи дуусаад дахиад нэг шил архи авах гээд н.Батпүрэвийг дагуулаад Ч.Нямдорж бид гурав гарсан. Намайг дэлгүүр ороод гараад ирэхэд н.Батпүрэв, Ч.Нямдорж нар байхгүй байсан. Савхин хүрмийг нь өмсөж гарсан. “Хан” зочид буудалд байрлаж байхдаа Ч.Нямдорж бид 2 ажилд гараагүй. Тэр өдөр зочин угтагчийн найз залуу нь ирээд Ч.Нямдорж бид хоёрыг архидуулсан. Тухайн үед Ч.Нямдорж бид хоёр уг зочид буудлын цахилгааны ажлыг хийж байсан. Тэгээд сейфийн хажуунаас бахи авах гээд очтол сейф нь онгорхой байхаар нь онгойлгож үзэхэд 4 ширхэг гар утас байхаар нь утаснуудыг аваад гарсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Нямдоржийн өгсөн: “Б.Анхбаяр бид хоёр зараар хаалга угсралтын ажил хийхээр “Олимп” хотхонд ажилд орсон. Хоёр хоног ажил хийж байгаад Б.Анхбаяр халтуур хийгээд 15.000 төгрөг олсон. Бид дөрөв ярилцаж байгаад 1 шил архи авч уусан. Тэгээд архиа ууж дуусаад дахиад архи авахаар н.Батпүрэв, Б.Анхбаяр бид гурав дэлгүүр рүү гарсан. н.Батпүрэв бид хоёр гүүрэн дээр явж байсан. Б.Анхбаяр алга болсон. Б.Анхбаярыг хайгаад олоогүй, намайг олж өг гэхээр нь би хаанаас олж өгөх юм бэ гэж хэлсэн.  Бид 2 хан зочид буудалд 10 хоног байрласан. Тэгээд зочин угтагч хүүхний найз залуу ирээд Б.Анхбаярт нэг пиво авч өгсөн байсан. Тухайн үед Б.Анхбаяр бид хоёр цахилгааны ажил уг зочид буудалд хийж байсан.  Тэгээд зочин угтагч, түүний найз залуу, Б.Анхбаяр бид дөрөв 2,5 литрийн 2 ширхэг пиво уусан. Тухайн өдөр нөгөө ээлжний зочин угтагч хүүхэн бас байсан. Тэгээд доод байралдаг өрөөнд нь бид 4 юм яриад сууж байтал Б.Анхбаяр гараад явсан. Тэгээд удаагүй бт хойноос нь гараад Б.Анхбаяр бид 2 хамт явсан” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.71-75/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8-10, 133-136/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх.82/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.83/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистик шинжээчийн 01/499 тоот: “... хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 3 хэсэг гарын мөрний 1 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Гарын мөр 3 гэж дугаарласан мөр MN003110003391 гэсэн кодоор бүртгэгдсэн Нямдорж Чулуунхүү гарын хээний дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт /хх.90/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Баярбаатарын өгсөн: “... 2015 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хаалганы угсралтын брагидад ажиллаж байгаад өөрийн ажилтан Анхбаяр, Нямка нарт эд зүйлээ алдсан. Миний утас болон манай ажилтан Батпүрэвийн 2 ширхэг утас бас цүнхтэй хувцас бугуйн цаг, Сүрэнхорлоогийн куртик зэрэг 760.000 төгрөгний эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Батпүрэвийн “... би 02 цагийн үед сэрээд утасныхаа цэнэглэгчийг салгах гээд утсаа хайхад цэнэглэгчтэйгээ байхгүй байсан. Тэгээд хажуу талын өрөө рүү ороод Баярбаатарыг сэрээгээд “нөгөө хоёр чинь хаана байна” гэхэд “юу яриад байгаа юм түрүүн эхнэртэйгээ ярина гээд Анхбаяр миний утсыг аваад гарсан шүү дээ” гэхээр нь бид 2 Сүрэнхорлоог сэрээгээд “чамд алга болсон зүйл байна уу” гэхэд “миний дээгүүрээ нөмрөөд хэвтэж байсан савхин күртик байхгүй байна” гэхээр нь Баярбаатар бид 2 Сүрэнхорлоогийн утаснаас өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэсэн хариу  өгч байсан. Тэгээд бид нар хэсэг хүлээж байгаад өглөө ирэх байлгүй дээ гээд амарцгаасан. Өглөө ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Цүнхэн дотор эхнэрийн Самсунг Эс-2 гар утас, миний барьж байсан айфон-4 маркийн гар утас байсныг тэр хоёр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн байцаалтад хохирогч О.Сүрэнхорлоогийн “... би 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 02 цагийн үед сэрээд харахад миний цүнхтэй хувцас хажууд байсан уг нь манай ахлах Баярбаатарын унтдаг орны толгой дээр цүнхэн дээр байсан юм. Тэгээд гайхаад утсаа авах гээд тэр хавиар хайхад байхгүй байсан. Би гайхаад босоод нөгөө өрөөнд ороход Баярбаатар, Батпүрэв 2 байж байсан би Баярбаатар ахаас утсаа асуухад надад байна гээд Анхбаяр, Нямдорж луу залгаж байсан юм гэж хэлсэн. Тэгээд тэр 2 бид хоёрын юм алга болчихож, чиний юм байна уу гэхэд би юмаа үзэж шалгахад миний нөмрөөд байсан куртик байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.146/,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Чойндонжамцын өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүээр хороонд үйл ажиллагаа явуулах “Хан” нэртэй зочид буудалд  өөрийн найз болох Зүчимэргэний хамтаар орсон. Тухайн үед бид 2-т мөнгө байхгүй байсан тул бид 2 мөнгөтэй болтлоо өөрсдийн гар утсыг барьцаалахаар болсон... Тэгээд бид 2 буудалдаа хоноод өглөө 09:00 цагийн үед сэрээд утсаа авах гээд буудлын ресепшинтэй уулзсан чинь буудлын хүн нь “Түр байж бай, манайх тооллоготой гээд аваад явсан байна, хүлээж бай” гээд л хүлээгээд байсан юм, гэтэл удалгүй ресепшин нь ирээд “Утсыг чинь хулгайд алдсан байна, камерт бичигдсэн бичлэг нь байгаа” гээд байсан, тэгээд манай найз бид 2-р камерын бичлэг харж байж итгэсэн. Бичлэгийг үзсэн хоёр залуу орж ирээд нэг нь цаанаа зогсоод нөгөөх нь сейфнийх нь кодыг онгойлгоод гар утаснуудыг авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.88/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Зүчимэргэний “... “Хан” гэдэг зочид буудал ороод мөнгөгүй байсан учраас манай найзын Самсунг эс 4 маркийн гар утас 1 ширхэг, миний Самсунг эс-1 маркийн гар утас 1 ширхэг зэрэг 2 утсыг буудлын хүлээн авагчид “Өглөө банк онгойхоор мөнгийг нь өгье ” гэж хэлээд утсаа түр тавьсан байсан. Тэгээд маргааш өглөө утсаа авах гэхэд “Тооллоготой байна түр хүлээж байгаарай” гэж хэлсэн тэгээд удалгүй “Уучлаарай утсыг чинь сейфнээсээ хулгайд алдсан байна” гэж хэлээд камертай бичлэг үзүүлсэн. Үзэхэд 2 залуу нэг залуу нь текний доор байсан сейфнээс гар утас авч байх шиг байсан. Тэгээд бид 2 гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.140/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэмүгэгийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн үед би найз охинтойгоо хорооллын эцсийн “Хан” зочид буудалд орсон. Бид 2 гэртээ харих гээд мөнгөгүй байсан учир буудлын хүлээн авагч эгчид “утсаа тавиад маргааш өглөө ломбард онгойхоор утсаа тавиад мөнгийг чинь өгнө” гэж хэлээд би өөрийн Айфон-4 маркийн цагаан өнгийн шар гэртэй утсаа үлдээгээд 3 давхарт нэг өрөөнд ороод хоноод өглөө бид 2 гарах гээд утсаа авах гэтэл тэр эгч “Манайх тооллоготой байна жоохон байж байгаад аваарай” гэж хэлсэн тэгээд удалгүй тэр эгч өөрөө манай өрөөнд орж ирээд “чиний утсыг чинь хулгайд алдчихлаа” гэж хэлээд камерын бичлэг үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.142/,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Баатарын “... 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найзтайгаа ууж явж байгаад хонох газаргүй  болохоор нь 03 цагийн үед хорооллын эцсийн “Хан” зочид буудалд орсон. Бид 2 мөнгөгүй байсан учир буудлын хүлээн авагч эмэгтэйд “утсаа тавиад өглөө мөнгийн олоод өгье” гэж хэлээд би өөрийн Самсунг мега маркийн хар өнгийн гар утсаа үлдээгээд 2 давхарт 203 тоот өрөөнд ороод хоноод өглөө сэрхэд манай найз хичээлдээ явсан байсан би бас хичээлдээ явах гээд утсаа авах гэтэл тэр эгч “Чиний утсыг чинь хулгайд алдчихлаа” гэж хэлээд камерын бичлэг үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.90/,

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч О.Дэлгэрмаагийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хан” зочид буудалд хүлээн авагч ажлаа хийж байсан. Тэнд Анхбаяр, Нямдорж гэх 2 залуу манай буудалд байрлаад манайд 10 хоносон байсан... би 4 ширхэг утсыг текний доод талын сейфэнд хийгээд түгжсэн... Нямдорж гэх залуу нь ажилчдын өрөөнд байхад орж ирээд “утсаараа яриулчих” гэж хэлээд миний утсаар залгаад “ярьж чадсангүй” гэж хэлээд надад миний утсыг өгсөн... Тэр хооронд утас алга болсон байсан. Би өглөө 09 цаг өнгөрч байхад зохион байгуулагчийн түлхүүр авч өгөх гэж сейф онгойлгоход утас байхгүй байхыг мэдсэн. Тэгээд камерын бичлэг шүүхэд Анхбаяр сейфний кодыг эргүүлж байгаад кодоор онгойлгоод 4 ширхэг утас авч байгаа нь харагдаж байсан. Тэгэхэд Нямдорж камерын бичлэгт харагдаагүй. Удалгүй Анхбаярын араас Нямдорж гарч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /хх.151/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Б.Анхбаяр, Ч.Нямдорж нар нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхонд хаалга угсралтын ажил хамт хийж байсан иргэн А.Баярбаатар Т.Батпүрэв, О.Сүрэнхорлоо нарын нийт 520.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан,

Давтан үйлдлээр 2015 оны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Хан” зочид буудалд байрлаж байхдаа зочид буудлын хүлээн авагчийн сейфнээс иргэн Г.Чойндонжамц, А.Зүчимэргэн, Б.Тэмүгэ, С.Баатар нарын нийт 370.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.71-74/, эд зүйлийн үнэлгээ /хх.8-10, 133-136/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх.82/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.83/, шинжээчийн 01/499 тоот дүгнэлт /хх.90/, мөрдөн байцаалтад хохирогч А.Баярбаатар /хх.13/, Т.Батпүрэв /хх.15/, О.Сүрэнхорлоо /хх.146/, Г.Чойндонжамц /хх.88/, А.Зүчимэргэн /хх.140/, Б.Тэмүгэ /хх.142/, С.Баатар /хх.90/, иргэний хариуцагч О.Дэлгэрмаа /хх.151/ нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Нямдорж нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Нямдорж нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдийн гүйцэтгэсэн үүрэг, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Нямдорж нь Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, 4 сар 10 хоног хорих ял шийтгүүлсэн боловч тус гэмт хэрэгт ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Нямдорж нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Анхбаярын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн баривчлагдсан 3 хоног, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 90 хоног, цагдан хоригдсон нийт 93 хоног, Ч.Нямдоржийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 90 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжтлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Баттогтохын Анхбаяр, Боржигон овогт Чулуунхүүгийн Нямдорж нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямдоржид эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялыг, шүүгдэгч Ч.Нямдоржид оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд нийгмээс тусгаарлаж тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Анхбаярын цагдан хоригдсон 93 хоногийг, шүүгдэгч Ч.Нямдоржийн цагдан хоригдсон 90 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Нямдорж нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжтлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Нямдорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР