Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00039

 

ТБХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2044 дүгээр магадлалтай,

ТБХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Э, Л.Б , Зээлийн батлан даалтын санд холбогдох,

Зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт Т.Э, Л.Б  нараас 55.331.436 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Зээлийн батлан даалтын сангаас 29.565.360 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Эрдэнэбадрах түүний өмгөөлөгч Б.Цолмон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ТБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  тус банк 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг иргэн Т.Э, Л.Б  нартай байгуулан 80,000,000.00 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн Зээлийн батлан даалтын сан, ТБ, зээлдэгч нар гурвалсан Батлан даалтын 14/58 тоот гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь ТБны өмнө үндсэн зээлийн үлдэгдэл өрийн тавин хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч Т.Эрдэнэбадрахаас батлан даалтын 40 сая төгрөгийн 3 хувь 1,200,000 төгрөгийн шимтгэл авсан. Өөрсдийн үүрэг хариуцлагыг бүрэн ойлгосон эдгээр үйлдлийг хийсний үндсэн дээр гурвалсан гэрээ хийгдсэн. Зээлдэгч Т.Эрдэнэбадрах нь “СОБУ” ХХК-ийн Өгөөмөр худалдааны төвд 90 тоот павилионийг түрээсээр эзэмшиж автомашины сэлбэг худалдан борлуулдаг байсан ба уг цэг нь татан буугдснаар ажлын байргүй болсон. Зээлдэгч БНСУ-аас сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирдэг байгаад Солонгос улсын хилээр гарах үедээ баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн удаан хугацаагаар хоригдон шалгагдсан байдаг. Улмаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2015 оны 10-р сард ТБны тусгай активын хэлтэст шилжин ирсэн. Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Зээлдэгчийн зээлийн үлдэгдлийн хүү тооцооллыг гаргуулан түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Банкны програм, тухайн зээлийн ня-бо бүртгэл дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү шүүхийн эцсийн шийдвэрээр зогсдог, програм дээрх тохиргоо хийгддэг. Зээлдэгч зээлийг ашигласан хугацаандаа нийт 33.971.412 төгрөг буюу үндсэн зээлээс 20.869.278. төгрөг, үндсэн хүүнд 13.035.708. төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65.425 төгрөг тус тус төлсөн байна.

Иймд өнгөрсөн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон хариуцагч Т.Эрдэнэбадрах, батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 84.896.797. төгрөг гаргуулан ТБХХК-д олгуулж өгнө үү. Үүнээс хариуцагч Т.Э, Л.Б  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 29.565.360. төгрөг, үндсэн хүүний өр 22.896.014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2.870.061 төгрөг буюу нийт 55.331.436  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Зээлийн батлан даалтын сангаас 29.565.360 төгрөгийг тус тус гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э, Л.Б  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 06 дугаар сарын 12-нд ТБХХК-аас 80.000.000 төгрөгийн зээл авсан. Би 2014 оны 6 дугаар сарын 12-нд ТБХХК болон Зээлийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд авсан зээлээр Солонгос улс руу сэлбэг оруулж ирэхээр 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явж 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдөр буцаад хилээр гарахад шалгагдаж, хилс хэрэгт гүтгэгдэж 5 сар хоригдсон. 2014 оны 11 дүгээр сард суллагдаж Монголд ирсэн. Энэ хугацаанд ажлын байр маань дахин төлөвлөлтөд орж татан буугдсан байсан. Зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн байсан учраас өөрийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийг төлөх гэсэн боловч барьцаа хөрөнгө зарах талаар зар тавьсан боловч зарагдаагүй. Би ТБинд 33.971.412 төгрөгийг төлсөн байгаа. Зээлийн батлан даалтын сангаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үлдэгдэл үндсэн зээлийн 50 хувийг төлүүлэх хүсэлтэй байна. Энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү гэж бодогдсон байгаа. Энэ төлбөрийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ТБ болон зээлдэгч Т.Эрдэнэбадрах нарын хүсэлтийн дагуу 80.000.000 төгрөгийг зээлийн 50 хувийг батлан даахаар болсон. Энэ зээлийн хугацаа хэтэрч ТБнаас батлан даасан 50 хувийн дүнгээр төлөлт хийх нэхэмжлэл ирсэн. Энэ нэхэмжлэлд манай барьцаа хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдсэн төлбөрөөс зээлийн батлан даалтын сангийн хүлээх үүргийг тодорхой болгосны дараа манай талаас үүргээ гүйцэтгэх гэдэг хариу өгсөн. ТБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч нараас 55.331.436 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 29.565.360 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлагын хувьд манай талаас батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээг зааж өгсөн байдаг. Батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь байна гэж заасан. Гэтэл ТБ нь үндсэн зээлийн 50 хувийг нэхэмжилж байна. Иймээс ТБны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад зээлдэгч нараас 59.130.721 төгрөг гаргуулах гэж заасан байдаг. Гэтэл бодит үлдэгдэл нь 58.630.721 төгрөг байгаа. Гэтэл ТБнаас хангалттай арга хэмжээ аваагүйгээс зээлийн батлан заалтын сангийн хариуцах хэмжээ тодорхойгүй байна. Зээлдэгч нь ТБтай барьцаа хөрөнгийг гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгчийн барьцаа хөрөнгийг харахаар зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү зогсох ёстой. Ингээд зээлийн батлан даалтын санд холбогдуулж, ТБнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э, Л.Б  нараас зээлийн гэрээний үүрэгт 39.896.348,63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБХХК-д олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний үүрэгт 29,315,360.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,185,796.72 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э, Л.Б  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл төлбөрийг зээлдэгч нарын барьцааны эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3 дугаар гудамжны 149 тоотод байрлах 632 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2201005709/, 104 м.кв хувийн сууц, гараж /Ү-2201018443/, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /Г2201020085/, 90 м.кв талбайтай хувийн сууц, гараж /Ү-2201033521/-ийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТБХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Э, Л.Б  нараас 357,431 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 304,526 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТБХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2044 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2044 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Зээлийн батлан даалтын сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Зээлийн батлан даалтын сан нь дээрх зорилгын хүрээнд Зээлдэгч Т.Эрдэнэбадрахын ТБнаас авах 80.0 сая төгрөгийн зээлийн 50.0 хувьд батлан даалт гаргаж, Т.Эрдэнэбадрах болон ТБтай 2014 оны 06 сарын 12-ны өдөр БДГ1458 дугаартай Батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Гэрээний 1.6, 3.2.3, 3.2.4, 3.2.6, 3.4.1-т заасныг зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад түүний шаардах эрхийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон болохыг нотолж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж Зээлдүүлэгч ТБны Зээлийн үйл ажиллагааны журам болон Чанаргүй актив барагдуулах журмыг гаргуулж, хавтаст хэрэгт авахуулсан. Чанаргүй актив барагдуулах журмын 5 дугаар зүйлд Тусгай активыг төлүүлэх ажиллагааг дэлгэрэнгүй зохицуулсан. Үүнд: 5.3.2, 5.3.4.1, 5.3.4.3, 5.3.4.4, 5.3.5.1, 5.3.5.4-т зааснаар эдгээр ажиллагааг зээлдүүлэгч ТБ гүйцэтгээгүй байхад талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.6-д заасан нөхцөл бүрэн хангагдсан гэж дүгнэснээс нотлох баримтыг дутуу үнэлсэн нь харагдаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00269 тоот тогтоолоор"... барьцааны гэрээтэй холбоотой Зээлийн батлан даалтын сангийн тайлбарыг шүүх анхаарч үзээгүй...” үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх уг зөрчлийг арилгаагүй. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувь байна гэж заасан бөгөөд гэрээний 1.6-д зааснаар зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Зээлийн батлан даалтын сангаас 29,565,360.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ     

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч ТБХХК нь хариуцагч Т.Эрдэнэбадрах, Д.Болортуяа нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 55.331.436 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 29.565.360 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Т.Эрдэнэбадрах, Д.Болортуяа нар нэхэмжлэлийн зарим хэсгийг,  Зээлийн батлан даалтын сан өөрт холбогдох шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Т.Эрдэнэбадрах, Д.Болортуяа нар нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3 дугаар гудамжны 149 тоотод байрлах 632 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 104 м.кв хувийн сууц, гараж, мөн дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 90 м.кв талбайтай хувийн сууц, гараж зэргийг барьцаалан ТБнаас 80.000.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлжээ.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувийг төлөх үүргийг хүлээж, нэхэмжлэгчтэй батлан даалтын гэрээ байгуулжээ /хэргийн 48-60 дугаар тал/.

Зээлийн болон барьцааны мөн батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1-т заасан шаардлагад нийцсэн ба  гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Зээлдэгч нар зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон,  банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардсан нь зээлийн гэрээний 6.2.3, Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1-т нийцжээ.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байх ба  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “зээлийн батлан даалт гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг хэлнэ” гэжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл, зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ. 

Түүнчлэн батлан даалтын гэрээний зорилгыг талууд  “зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг Зээлийн батлан даалтын сан баталж зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүргийг гүйцэтгэж, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулах” гэж тодорхойлсны зэрэгцээ гэрээний 1.6-д “зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заажээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн батлан даасан хэмжээ нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1.-д заасан “Батлан даалтын сан нь ...зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана” гэсэнтэй нийцжээ.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй 90 хоногоос дээш хугацаа өнгөрсөн, мөн нэхэмжлэгч зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам зааврын хүрээнд авсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээгээр батлан даагчаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд үндсэн зээлийн төлөгдөөгүй төлбөрийн 50 хувь болох 29.565.360  төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас, үлдэх хэсгийг зээлдэгчээс шаардсан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2044 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 304.526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ