Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01283

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2016/01283

Орхон аймаг

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан,шүүгч Д.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-39 тоотод оршин суух, /ФА62063004/, Барнууд овгийн Ядамсүрэнгийн Гэрэл

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоотод оршин суух, /ИЦ74122364/, Хулууд овгийн  Дашбалбарын Цэвэлноров

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоотод оршин суух, /ИГ92110201/, Хулууд овгийн Дашбалбарын Амаржаргал

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоотод оршин суух, /ИГ97083100 /, Хунтайж овгийн Бадралын Номин-Эрдэнэ  нарт холбогдох Байр чөлөөлүүлж, 8,110,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, паркетан шалны үнэ 2 500 000 төгрөг гаргуулах, шийтгэх тогтоолоор олгохоор заасан мөнгийг авч байрыг буцааж өгөх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Гэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Д.Цэвэлноров, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Б.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Сум дундын шүүх С.Пүрэвцэндэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор С.Бадралын нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 2101003688 дугаартай, Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож, 4-16-52 тоот орон сууцны өмчлөгчөөр Я.Гэрэл, Б.Цацрал нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд Шүүх 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн СДШ-ийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

С.Пүрэвцэндэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад С.Бадрал нас барсан юм. Түүний гэр бүлийн хүн болох Д.Цэвэлноров шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд буюу 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Бадрал, Д.Цэвэлноров нарын өмчлөлд бүртгэгдсэн байсан 4-16-52 тоот орон сууцыг өв залгамжлалын журмаар Д.Цэвэлноров, Б.Гүнсмаа, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Шүүхээс С.Бадралыг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас 4-16-52 тоот орон сууцны өмчлөх эрхийг өвлүүлэгч (С.Бадрал)-ээс өвлөх тухай асуудал нь хууль бус билээ.

Гэтэл Д.Цэвэлноров уг орон сууцыг өв залгамжлалын журмаар бүртгүүлсэн улсын бүртгэлийг хууль ёсных гэж үздэг ба шүүхийн шийдвэрээр С.Пүрэвцэндээс авах ёстой мөнгөө авсны дараа байрыг чөлөөлж өгнө гэдэг. Түүний энэ байдлаас болж шүүхийн шийдвэр гараад нэг жил гаруй хугацаа өнгөрөөд байхад би байрандаа орж чадахгүй, байр хөлсөлж, хөлсний байранд амьдарч байна.

Иймд Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцыг Д.Цэвэлноровын эзэмшлээс чөлөөлүүлж, УДШ-ын тогтоол гарсан 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 13 сар хөлсний байранд төлсөн (байрны нэг сарын хөлс 250 000 төгрөг 73 x 250 000=3 250 000 төгрөг) 3 250 000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Я.Гэрэл миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар нэмэгдүүлж байна. УДШ-ын тогтоол гарсан 2014оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 сарыг хүртэл нийт 13 сар хөлсний байранд төлсөн 3 250 000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 4 сарын байрны хөлс болох 1 000 000 төгрөгөөр ихэсгэж байна. Өмгөөллийн Их цайз консалтинг ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 15/13 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс болох 360 000 төгрөг нийт 1 360 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Я.Гэрэл миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар нэмэгдүүлж байна. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 14 сар хөлсний байранд төлсөн 3 500 000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 8,110,000 төгрөг болгож  байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Я.Гэрэл миний бие Д.Цэвэлноровоос тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсгийг үндэслэл болгон Д.Цэвэлноров шал паркетлахад гарсан зардал 2 500 000 төгрөг нэхэмжлэн, улмаар мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсгийн хэм хэмжээг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа энэ хэрэгт, өөрт нь хамааралтай заалт гэж үзэж байгаагаа дурдаж, С.Пүрэвцэндийг хамтран хариуцагчаар татахыг хүссэн байна. Түүний шал паркетлахад гарсан зардал гэж нэхэмжилж буй энэ шаардлага нь надад хамааралгүй, өөрөөр хэлбэл шал паркетлахад гарсан зардлыг хариуцаж, нөхөн төлөх этгээд нь би биш юм. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсгийн хэм хэмжээг өөрт нь хамааралтай заалт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн УДШ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа билээ. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийн Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэсэн хуулийн заалтаар бол Д.Цэвэлноровыг шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Цэвэлноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.Гэрэлийн нэхэмжлэлтэй танилцлаа түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Я.Гэрэл бидний хооронд иргэний эрх зүйн ямар ч харилцаа үүсээгүй. Өмнө нь энэ хүн орон сууц түрээслэж байгаагаа надад хэлж байгаагүй.

Намайг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж өг гэж хэн ч шаардаагүй. Энэ хүнээс би орон сууцыг аваагүй С.Пүрэвцэндээс авсан. Энэ хүн С.Пүрэвцэндэд зарсан орон сууцны үнэнд авсан 8 000 000 төгрөгийг буцааж, С.Пүрэвцэнд нь надаас авсан 20 000 000 төгрөгөө буцааж надад өгөх шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

Гэтэл Я.Гэрэл нь энэ 8 000 000 сая төгрөгөө С.Пүрэвцэндэд одоо хүртэл өгөхгүй байгаа бөгөөд С.Пүрэвцэнд надад өгөх ёстой 20 000 000 төгрөгөө өгөхгүй байгаа. Орхон аймгийн ШШГА дээр би гүйцэтгэх хуудас бичүүлж аваачиж өгөөд одоо хүртэл нэг ч төгрөг авч чадаагүй байна.

Тийм учраас өөрөө хүсэж орон сууц хөлсөлж амьдарч байгаа зардлыг би төлөх ёсгүй. Я.Гэрэл нь миний нэр дээрхи улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхэд өгөөд одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Хариуцагч Д.Цэвэлноров нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Я.Гэрэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ер нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Д.Амаржаргал нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Я.Гэрэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ер нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Д.Цэвэлноров шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Я.Гэрэл нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2013 оны 10 сарын 11-ний 134 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэн Д.Цэвэлноров намайг 4-16-52 тоот орон сууцнаас албадан гаргуулж, байр түрээслэн амьдарсан хугацааныхаа төлбөрийг нэхэмжилсэн байдаг юм. Энэ нэхэмжлэлтэй холбогдуулан миний бие сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн Я.Гэрэлээс 8 500 000 төгрөг гаргуулж С.Пүрэвцэндэд, С.Пүрэвцэндээс 20 000 000 төгрөг гаргуулж Д.Цэвэлноров надад олгохоор шийдвэрлэж, 4-16-52 тоот орон сууцны өмчлөгчөөр Я.Гэрэлийг бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн билээ. Шүүхийн энэ шийтгэх тогтоол дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч Я.Гэрэл нь Пүрэвцэндэд 8 500 000 төгрөгөө өгөхгүй, С.Пүрэвцэнд нь надад 20 000 000 төгрөгөө өгөөгүй байна.Тийм учраас би байрыг чөлөөлөх боломжгүй байгаа юм. Би байрыг чөлөөлбөл орох орон байхгүй. Ялгаагүй орон байр түрээслэж амьдарч таарна. Тийм учраас би энэ хүмүүсээс мөнгөө авч байж байрыг чөлөөлж өгнө гэж сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. С.Пүрэвцэнд нь анх Я.Гэрэлийн нөхөр С.Бямбадоржтой 2006 оны 11 сарын 20-нд бэлэглэлийн гэрээ хийж 4-16-52 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэж аваад дараа нь 2006 оны 11 сарын 29-ний өдөр найз П.Гансүхдээ дээрхи орон сууцыг бэлэглэх гэрээгээр шилжүүлээд дараа нь С.Пүрэвцэнд нь манай нөхөр бид хоёрт байраа зарах гэсэн юм, зээл авах гэхээр өөр зээлтэй, найзынхаа нэр дээр шилжүүлж байгаад зээл авсан юм. Банкинд 9 сая гаруй төгрөгийн зээл байгаа түүнийг төлөөд аваач та нарт өгөх өрөө ч суутгуулья гэхээр нь бид 2 ярилцаад зөвшөөрсөн тул С.Гансүх манай нөхөр С.Бадрал нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дээрхи 4-16-52 орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр бидний өмчлөлд шилжсэн юм. Хэдийгээр С.Пүрэвцэнд болон миний нөхрийн хооронд ямар нэг гэрээ хийгдээгүй боловч мөрдөн байцаалтын явцад дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдож дээрхи хэлцэлүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.2, 56.1.3 -т заасныг баримтлан хүчин төгөлдөр бусд тооцсон юм. Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад Я.Гэрэлийн нөхөр С.Бямбадорж, миний нөхөр С.Бадрал нар нас барж өв залгамжлагчийн хувьд энэхүү маргааны талууд болоод явж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байх тул би үүнийг үндэслэн С.Пүрэвцэндээс 75 000 000 төгрөгийг гаргуулахаар болсон. Эдгээр мөнгийг би хэзээ олж авч өөрийн гэсэн орон гэртэй болохыг мэдэхгүй байна. Мөнгөө нэхэхээр Гэрэл мөнгө өгөхгүй байна гэдэг. Үг хэлээ нийлүүлэн байж худал ярьж байрыг буцаах шийдвэрийг бүх шатны шүүхээр явж шийдүүлчихээд эцэст нь хэн аль нь нэг төгрөг ч өгөхгүй байгаа мөртлөө намайг 3 өнчин хүүхэдтэй минь байрнаас албадаж гаргах гэж байгаад би маш их гомдолтой байна. 2007 оноос хойш 4-16-52 тоот орон сууцанд шалыг нь бүтэн паркетласан нийтдээ паркет, ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг зарцуулсан. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу энэ зардлыг нэхэмжилж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д Шудрага эзэмшигч шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж татгалзах эрхтэй гэсэн тул энэ заалтыг үндэслэн С.Пүрэвцэнд, Я.Гэрэл нараас шийтгэх тогтоолын дагуу надад гаргуулан олгохоор заасан мөнгийг төлөхөөс нааш би байрыг буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Иймд шүүхээс миний энэ татгалзах эрхийг баталгаажуулж шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Гэрэл нь хариуцагч Д.Цэвэлноровт холбогдуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, хөлсний байранд болон өмгөөлөгчид төлсөн 8 110 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Цэвэлноров нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Я.Гэрэлээс 2 500 000 төгрөг гаргуулах, шийтгэх тогтоолоор олгохоор заасан мөнгийг авч байрыг буцааж өгөх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2007 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хийгдсэн Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууц бэлэглэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар дээрхи орон сууцны өмчлөгчөөр Я.Гэрэл, Цацрал нарыг бүртгэхийг, С.Бадралын нэр дээр бүртгэгдсэн 2101003688 дугаартай Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгаж, Я.Гэрэлээс 8 500 000 төгрөг гаргуулан С.Пүрэвцэндэд, С.Пүрэвцэндээс 20 000 000 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн магадлалд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтанд үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дүгээр заалт буюу С.Пүрэвцэндэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулахаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Я.Гэрэл нь дээрхи тогтоол, магадлалд үндэслэн бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртлэх нийт 27 сар байр хөлслөн суусны төлбөр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн төлбөрт нийт 8 110 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Цэвэлноров нь Я.Гэрэл бидний хооронд иргэний эрх зүйн ямар ч харилцаа үүсээгүй. Энэ хүн орон сууц хөлслөн амьдарч байгаагаа надад хэлж байгаагүй. Намайг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж өг гэж хэн ч шаардаагүй. Энэ хүнээс би орон сууцыг аваагүй С.Пүрэвцэндээс авсан. С.Пүрэвцэндэд Я.Гэрэл нь мөнгө өгөхгүй байгаа ба миний нэр дээрхи улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад хугацаа алдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж буй үндэслэлээ тайлбарладаг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дахь хэсэгт шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.Гэрэл нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн зүйл болох Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нь бусадтай байгуулсан гэрээний үндсэн дээр анх орон сууцанд орж суусан, шудрага эзэмшигч байх ба Орон сууц хөлсөлж суусны төлбөр болон хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт 8 110 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Я.Гэрэл нь  хариуцагч Д.Цэвэлноровоос Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлүүлэх талаар Я.Гэрэлээс шаардаж байгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ... байр чөлөөлж өг гэж хэлж байгаагүй гэсэн тайлбараар батлагдаж байна.

Мөн нэхэмжлэгч Я.Гэрэл нь Захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэлийн Ү-2101003688 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцны өмчлөл шилжсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Д.Цэвэлноров сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар 2007 оноос хойш 4-16-52 тоот орон сууцанд амьдарч байгаа ба шалыг нь бүрэн паркетласан. Ийнхүү паркетлахад 2 500 000 төгрөг зарцуулсан уг мөнгөө гаргуулж авна, мөн хуулийн 94.6 дахь хэсэгт зааснаар С.Пүрэвцэнд, Я.Гэрэл нараас шийтгэх тогтоолын дагуу гаргуулан олгохоор заасан мөнгийг авахаас нааш уг байрыг буцааж өгөхөөс татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

Я.Гэрэл нь сөрөг нэхэмжлэлийн татгалзаж буй үндэслэлээ шал паркетласаны төлбөрийг би хариуцан төлөх үндэслэлгүй, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шудрага эзэмшигч гэж үзнэ. Иймд Д.Цэвэлноровыг шудрага эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Д.Цэвэлноров нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шудрага эзэмшигч мөн тул 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Д.Цэвэлноровын нөхөр С.Бадрал нь 4-16-52 тоот орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч 2007 оноос хойш түүний гэр бүл уг орон сууцанд амьдарч байсан ба С.Бадралыг нас барахад хууль ёсны өвлөгч Д.Цэвэлноров 4-16-52 тоот орон сууцны өмчлөгч болсон.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй ба хууль ёсны эзэмшигч нь объектив эрхийнхээ дагуу шудрага эзэмшигч байна.

Д.Цэвэлноров нь орон сууцаа эзэмшиж байх хугацаандаа бүх шалыг паркетласан ба ийнхүү засан сайжруулахад зарцуулсан зардал 2 500 000 төгрөгийг буцаан шаардаж авах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж шал паркетлахад гарах зардалын тооцоог 2010 оны байдлаар тооцож гаргасан шинжээчийн дүгнэлтэнд 2 810 000 төгрөг гэж үнэлэгдсэн хэдий боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, Я.Гэрэл нь шинжээчийн дүгнэлтийн тооцооны талаар маргаагүй болно.

Иймд Я.Гэрэлээс 2 500 000 төгрөг гаргуулж, Д.Цэвэлноровт олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцож, Я.Гэрэл нь урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Д.Цэвэлноровоос 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 125 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Я.Гэрэлээс 125 200 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгох нь зүйтэй байна.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэвэлноров, Д.Амаржаргал, Б.Номин-Эрдэнэ нарын хууль бус эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж, 8,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Я.Гэрэлээс 2 500 000 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Гэрэл нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Д.Цэвэлноровоос 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Д.Цэвэлноровын улсын тэмдэгтийн хурааминд урьдчилан төлсөн 125 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Я.Гэрэлээс 125 200 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.БЯМБАСҮРЭН

                                             ШҮҮГЧИД                                    Р.ҮҮРИЙНТУЯА

                                       Д.АРИУНЦЭЦЭГ