Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Даш-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Д.Дэлгэрмаа,

          Шүүгдэгч Ц.Даш-Очир, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 362 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Дэлгэрмаагийн бичсэн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Даш-Очирт холбогдох 2016 2503 2241 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Цэрэнгийн Даш-Очир, 1975 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 24А байрны 28 тоотод оршин суух,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УС75120118/;

 

Ц.Даш-Очир нь 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ашиг хонжоо олох зорилгоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэн, тусгай зориулалтаар өрөө, тасалгааг зохион байгуулж, улмаар тоног төхөөрөмж, суурилуулан ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан, бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Даш-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Даш-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэжээ.

 

  1. Соёл Урлагын газраас Ц.Даш-Очирт зөвшөөрөл өгсөн гэх Б.Батцэнгэлийг холбогдуулж шалгах, учир нь хэрвээ хуулиар хориглосон тоглоом тоглуулах байсан бол яагаад зөвшөөрөл өгсөн юм, уг зөвшөөрлийг олгохдоо ямар ямар бичиг баримтыг үндэслэж өгсөн, зөвшөөрөл өгсөн атлаа тухайн зөвшөөрөл өгсөн газрыг шалгаж байсан эсэх, хэрвээ шалгасан бол ямар арга хэмжээнүүд авч байсан, хориглосон тоглоом тоглуулж байсан бол үйл ажиллагааг зогсоох талаар холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авсан эсэх талаар асууж тодруулах, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах.

2. Ц.Даш-Очир хичнээн тоглоомыг хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж авсан, одоо эд мөрийн баримтаар хичнээн төгрөгийн тоглоом хураагдсан байгааг шалган тогтоох.

3. Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд Ц.Даш-Очирыг хаана ямар ажил эрхэлдэг талаар бичээгүй, ял шийтгэлгүй гэж бичсэн, гэтэл Ц.Даш-Очир нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан байна. Иймд алдааг зөвтгөх.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 362 дугаар захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан Соёл Урлагийн газрын үйл ажиллагааны журмын 1.2.5 дахь хэсэгт “автомат цэнгээнт тоглоомын” гэсэн агуулга нэмж, нийт 21 иргэн аж ахуй нэгж, байгууллагад автомат тоглоомын газрын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон гэх асуудалд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Нийслэлийн Соёл Урлагийн газрын даргаар ажиллаж байсан Б.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг тус дүүргийн прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 755 дугаартай тогтоолоор “... Б.Батцэнгэл нь хуурамч бичиг баримт ашиглаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдоогүй, дээрх үйлдэл нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал ...” гэж дүгнэн сэжигтэн Б.Батцэнгэлд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийн хуулбарыг хэрэгт хавсаргасан бөгөөд Б.Батцэнгэлийг энэ хэрэгт холбогдуулан дахин шалгах үндэслэлгүй юм. Харин Ц.Даш-Очирт холбогдох хэрэгт Б.Батцэнгэлийг гэрчээр байцааж иргэн Ц.Даш-Очирт автомат тоглоомын зөвшөөрлийг хэрхэн олгосон, олгохдоо ямар бичиг баримтыг үндэслэн гэрчилгээ олгосон, зөвшөөрөл өгсөн газрууддаа хэрхэн хяналт тавьж байсан, яагаад хориглосон тоглоом гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгосон зэргийг тодруулж, зөвшөөрөл олгосон, зөвшөөрөл авахад бүрдүүлсэн материал, журамд өөрчлөлт оруулсан тогтоол болон гэрчилгээг хүчингүй болгосон талаарх баримтуудыг хавтаст хэрэгт авч хавсаргасан.

Шүүгдэгч Ц.Даш-Очир нь Монгол Улсад хориглосон мөрийтэй тоглоом буюу тусгай тоног төхөөрөмж ашиглан, өрөө тасалгаа түрээсэлж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоомыг ажиллуулж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлж шалгасан. Монгол Улсад 2002 оноос мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар хориглосон. Хуулиар хориглосон үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан журамд зааснаар зөвшөөрөл өгч гэрчилгээ олгох тухай асуудал огт яригдахгүй. Өөрөөр хэлбэл дээрх журамд заасан “автомат цэнгээнт тоглоом” гэсэн ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлд “мөрийтэй тоглоом” гэсэн хуулиар хориглосон хэм хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан журмаар зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй юм.

2. Ц.Даш-Очирын хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулан тоглуулж байсан тоглоомуудыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичиж, гэрэл зургаар бэхжүүлэн хураан авч, хэрэг бүртгэгч дээрх эд зүйлсийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцон тогтоол үйлдсэн байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг үнэлүүлэх талаар тусгайлан заасан заалт байхгүй, мөн Ц.Даш-Очир нь дээрх тоглоомыг хэдэн төгрөгөөр хаанаас худалдан авсан нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт “яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, уг этгээд эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ” гэж заасан.

Иймд сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд түүний ямар ажил, хөдөлмөр эрхэлдэг болох талаар заавал бичих хуулийн заалт байхгүй байна.

Ц.Даш-Очир нь 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд хянан харгалзах хугацаа нь 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дууссан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар “тэнсэж, хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэсэн үндэслэлээр түүний ялгүйд тооцох хугацаа дууссан байх тул Ц.Даш-Очирыг ял шийтгэлгүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Ц.Даш-Очирт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Даш-Очирын өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна, хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Даш-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Ц.Даш-Очир нь ашиг хонжоо олох зорилгоор үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэн тусгай зориулалтаар өрөө, тасалгаа тохижуулж, тоног төхөөрөмж, суурилуулан ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан, бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд Ц.Даш-Очирт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан байна.

Иймд хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор талуудын хүсэлтийг үндэслэн шаардлагатай нотлох баримтуудыг шинжлэн судлан шүүх хуралдааны ажиллагааг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Даш-Очирын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Ц.Даш-Очирт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 362 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Даш-Очирт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Ц.Даш-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ