Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 533

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч  И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Пд холбогдох эрүүгийн 2006 01419 0648 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.П, 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, Тесо ХХК-д аарцны машинистаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 02 дугаар гудамжны 47 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Лхагвабаттай маргалдаж улмаар зүүн гарыг нь шилээр зүсч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Л.Лхагвабат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гадуур гарахаар гэрээсээ гараад 12 давхраас лифтэнд суусан. Тэгтэл 4 давхраас үл таних 2 залуу лифтэнд суусан бөгөөд нэг залуу лифтэнд шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан соёлтой бай гадуур өвчин гарсан байна гэж шаардлага тавьталтэр залуу “чамд ямар хамаатай юм чи му яасан том пизда вэ” гэх мэтчилэн над руу дайрсан. Тэгээд бид гурав 1 давхарт буугаад орцноос гарсан бөгөөд би цагдаа руу залган энд 2 хүн намайг хэл амаар доромжлоод байгаа талаар хэлсэн. Тэгтэл нэг залуу намайг барьж аваад өргөх оролдлого хийсэн бөгөөд би бултаад зугтчихсан. Ингээд айрны хашаанаас гарах явцад нөгөө 2 залуу араас дахин ирээд бариад авсан бөгөөд П гэх залуу нь шилээр миний зүүн гарыг зүсчихсэн. Мөн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон бөгөөд газар унасан. Ингээд газраас босоод би тэр 2 залуугаас зугтсан бөгөөд нөгөө 2 буцаад байр руу орчихсон тул би цагдаа дуудан тус 2 залуугийн араас яваад гэрээс нь барьсан ба намайг шилээр зүссэн П гэх залуу эрүүлжүүлэхэд хоносон. Миний зүүн гарын алга хэсэг зүсэгдэж 2 оёо тавиулсан. Пгийн нөгөө найз нь харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Яллагдагч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...БИ хүлээн зөвшөөрч байна. Би шанаа хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Мөн шилээр гарыг нь нэг удаа зүссэн. Би Г.Лхагвабатын хохирлыг барагдуулсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хуулийн хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3025 тоот дүгнэлтэд: 

1. Г.Лхагвабатын биед зүүн алганд шарх, баруун гарын долоовор хурууны 3 дугаар үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Лхагвабаттай маргалдаж улмаар зүүн гарыг нь шилээр зүсч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Л.Лхагвабатын: “...Би 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ...Тэгэхээр нь би тэр залууд хандан соёлтой бай гадуур өвчин гарсан байна гэж шаардлага тавьталтэр залуу “чамд ямар хамаатай юм чи му яасан том пизда вэ” гэх мэтчилэн над руу дайрсан. Тэгээд бид гурав 1 давхарт буугаад орцноос гарсан бөгөөд би цагдаа руу залган энд 2 хүн намайг хэл амаар доромжлоод байгаа талаар хэлсэн. Тэгтэл нэг залуу намайг барьж аваад өргөх оролдлого хийсэн бөгөөд би бултаад зугтчихсан. Ингээд айрны хашаанаас гарах явцад нөгөө 2 залуу араас дахин ирээд бариад авсан бөгөөд П гэх залуу нь шилээр миний зүүн гарыг зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Пд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Лхагвабат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.П нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б. Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгй ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан ялаас Б.Пг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР