Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 515

 

 

 

                                                                                   

Б.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Аянагүл,  

шүүгдэгч Б.П

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/533 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 22 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Пд холбогдох эрүүгийн 2006014190648 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Б.П нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Лхагвабаттай маргалдаж улмаар зүүн гарыг нь шилээр зүсч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Б.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Б.Пг чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна. 

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан байна.

Иймээс шүүгдэгч Б.Пг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/533 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

 

Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх тайлбаргүй,  прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Б.П нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Лхагвабаттай маргалдаж улмаар зүүн гарыг нь шилээр зүсч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Л.Лхагвабатын: “...Би 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гадуур гарахаар гэрээсээ гараад 12 давхраас лифтэнд суусан. Тэгтэл 4 давхраас үл таних 2 залуу лифтэнд суусан бөгөөд нэг залуу лифтэнд шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан соёлтой бай гадуур өвчин гарсан байна гэж шаардлага тавихад тэр залуу “чамд ямар хамаатай юм чи муу яасан том пизда вэ” гэх мэтчилэн над руу дайрсан. Тэгээд бид гурав 1 давхарт буугаад орцноос гарсан бөгөөд би цагдаа руу залган энд 2 хүн намайг хэл амаар доромжлоод байгаа талаар хэлсэн. Тэгтэл нэг залуу намайг барьж аваад өргөх оролдлого хийсэн бөгөөд би бултаад зугтчихсан. Ингээд байрны хашаанаас гарах явцад нөгөө 2 залуу араас дахин ирээд бариад авсан бөгөөд Пүрэвхүү гэх залуу нь шилээр миний зүүн гарыг зүсчихсэн. Мөн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон бөгөөд газар унасан. Ингээд газраас босоод би тэр 2 залуугаас зугтсан, нөгөө 2 буцаад байр руу орчихсон...  Миний зүүн гарын алга хэсэг зүсэгдэж, 2 оёо тавиулсан. ...” /хх 12/ гэх мэдүүлэг, 

 

шүүгдэгч Б.Пгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 41/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3025 дугаартай: “1. Г.Лхагвабатын биед зүүн алганд шарх, баруун гарын долоовор хурууны 3 дугаар үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Б.Пгийн хохирогч Г.Лхагвабатыг зодож, түүний эрүүл мэндэд “...зүүн алганд шарх, баруун гарын долоовор хурууны 3 дугаар үений зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.  

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Пд холбогдох эрүүгийн 2006014190648 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн Б.Пгийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Б.Пг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Прокурор И.Ариунсанаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсаныг зөрчиж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн Б.Пг ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичжээ.

 

Анхан шатны шүүх Б.Пг согтуурсан гэсэн үндэслэлээр түүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь ялаас чөлөөлөөгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх…;” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүх Б.Пг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялаас чөлөөлсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/533 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 22 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ