Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00055

 

МХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1932 дугаар магадлалтай,

МХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э  ХХК-д холбогдох,

5.773.944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь "Э " ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр элс хайрга худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зуран нотариатаар батлуулсан.  Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо хийх хугацаа хэтэрсэн боловч "Э " ХХК нь төлбөрөө төлөөгүй.  Иймд худалдан авсан хайрганы үнийн үлдэгдэл 4.620.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,03 хувийн алданги тооцоход 704 хоногийн алданги 1.153.944 төгрөг нийт 5.773.944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э  ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компанитай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр элс, хайрга худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан 0,5 мм-ийн хайргыг 1 куб.м-ийг н 9.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний төсөлд 1 куб.м хайрганы үнийг 10.000 төгрөг гэж байсныг 9.000 төгрөг болгон өөрчилж, гараар засаж 2 хувь үйлдсэн. Гэрээний дагуу нийт 4.199 м.куб хайрга худалдан авч 9.000 төгрөгөөр тооцон нийт 37.791.000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд "М " ХХК-иас манай компанид хандан нэг ч удаа энэ талаар мэдэгдэж байгаагүй. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүрд нь гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлсөн. Тооцоо нийлсэн актыг манай компанитай огт хийгээгүй. Үнэхээр тооцооны акт болон манай мөнгө төлсөн баримтаар тооцож үзвэл 291.000 төгрөгийн зөрүү байгаа, үүнийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Э " ХХК-иас 5.438.288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "М " ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 335.656 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1932 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 101.963 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн тооцооны хуудас бол харилцан тооцоо нийлсэн акт биш ба "Э " ХХК-ийн захирал Ё.Бат-Эрдэнийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй төдийгүй дээрх тооцооны хуудастай ижил баримт хавтаст хэрэгт хэд хэд хавсаргасан. Хэвлэж гаргасан огноо нь янз бүр байхад зөвхөн шүүхэд шинээр гаргаж өгсөн нэг баримтыг л үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Талууд гэрээний үнэд 10000 төгрөгийг, 9000 төгрөг болгон өөрчлөлт оруулаад нэг нэг хувийг авсан ба хариуцагч талаас өөрт байгаа 9000 төгрөгийн үнэ бүхий гэрээний хувийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөн шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэж байх явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч талд байгаа гэрээний үнэд 9000 төгрөг гэж засвар оруулсан гэрээний хувийг авч нэхэмжлэгч "М " ХХК-ийн гэрээний хуулбар хувь гэж бичүүлэн тамга дарж баталгаажуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөөр байхад анхан шатны шүүх хэрхэн яаж дүгнэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн нь ойлгомгүй, шүүхийн хэлэлцүүлгийн үе дууссан байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг 1932 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу  хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Э  ХХК-иас 5.773.944 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг худалдсан хайрганы үнэ 4.620.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1.153.944 төгрөг гэж тодорхойлжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр байгуулагдсан Элс хайрга худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хайрга худалдах, хариуцагч тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Уг гэрээний 4.7-т “хайрганы үнэ 0-5 мм хайрга 10000 төгрөг /нөат ороогүй/ байх”-аар заасан ба худалдан авагч нь төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлөхөөр тохирчээ. 

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон шилжүүлсэн хайрганы хэмжээний талаар маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа 1 м куб хайрганы үнийг 9000 төгрөгөөр тохирсон, үнийг төлсөн гэж маргажээ.       

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ болон тооцоо нийлсэн баримтад талууд 1 м куб хайрганы үнийг 10.000 төгрөгөөр тохирсон нь тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хайрганы үнийг 9000 төгрөг болгон өөрчилсөн гэх татгалзлаа хариуцагч нотолж чадаагүй байна.

Хариуцагч хайрганы үнэ төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүх алдангийг гэрээнд заасан хувиар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1932 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 101.963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ