Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 951

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ю” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн яам

Гуравдагч этгээд: Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн “Ж” 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, спортын яам /хуучин нэрээр/ Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсэг, Эрүүл мэнд, спортын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тушаал, түүний хавсралтад заасан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э , Ж.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н , О.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн захирал Х.А , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 47.4-д Дуусаагүй барилга /хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/-ийг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл нэртэйгээр батлагдсан. Концессын төрөл нь шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх байх бөгөөд гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээнд “Конторьн зориулалтаар өөрчилж дуусаагүй барилга /хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/-ийг эмнэлгийн зориулалттай болгон өөрчлөн сайжруулах зураг төслийг хийж, холбогдох байгууллагаар батлуулан өөрийн хөрөнгөөр эмнэлэг болгон өөрчлөх, эмнэлгийн үйлчилгээ явуулахад шаардлагатай дотоод тавилга, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн жагсаалт гаргаж Эруүл мэнд, спортын сайдаар батлуулан өөрийн хөрөнгөөр олж, нийлүүлэн ажлын байранд угсарч, үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах” нөхцөлтэй байхаар баталсан. 

Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газар, “Ю” ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Дусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх (ROT) төрлийн концессын гэрээг байгуулсан.

Концессыг гэрээний 1.3-т концессын зүйл нь “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл” -ийн зураг төсөл, барилга байгууламж, үйл ажиллагаа байхаар заасан. Үйл ажиллагаа гэдэгт 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах үйл ажиллагааг ойлгохоор заасан.

Энэхүү гэрээгээр концесс эзэмшигч “Ю” ХХК нь дуусаагүй барилгыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах үүрэг хүлээж, гэрээний 1.8-д заасны дагуу 25-н жилийн хугацаагаар гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, гэрээний 1.9-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход /гэрээний 1.7-д заасан хугацаа буюу 25-н жилийн хугацаа/ концессын зүйлийг аливаа барьцаа, нэхэмжлэл, холбогдох төрийн байгууллага болон бусад этгээдэд өр төлбөргүйгээр холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн байдалтайгаар үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Гэрээний 2.3-т “Эрх бүхий этгээд болон зохицуулах байгууллагууд нь концесс эзэмшигчид эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг Улсын нэгдсэн төв эмнэлгийн жишгээр амбулатори, хэвтүүлэн эмчлэх, оношилгоо, шинжилгээ, уламжлалын төрлөөр үйл ажиллагаа явуулсан өдрөөс эхлэн олгох ажлыг зохион байгуулна” гэж заасны дагуу “Ю” ХХК эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулан эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлбэл эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг олгох ажлыг эрх бүхий этгээд болох Монгол улсын Засгийн газар түүнийг төлөөлж Үндэсний хөгжлийн газар /хуучин нэрээр Хөрөнгө оруулалтын газар/ болон зохицуулах байгууллага болох Эрүүл мэндийн яам эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан өдрөөс эхлэн зохион байгуулах үүрэг хүлээсэн.

Концесс эзэмшигч “Ю” ХХК нь гэрээний 2.13-т зааснаар эмнэлгийн гадна орчин бүрдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрэлт, хүсэлтийг үндэслэн үйлчилгээний болон эмчилгээ, оношилгооны шинэ арга, дэвшил, зорилтот бүлэгт хандсан удирдлагыг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, гэрээний 2.21-д зааснаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх, эмнэлгийн тусламжийн тасралтгүй залгамж байдлын түвшинг сайжруулах зорилгоор явуулын болон салбар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, барьж ашиглах эрхтэй бөгөөд үүнд эрх бүхий байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлэхээр заасан. Мөн гэрээний 2.23-т зааснаар “концесс эзэмшигч нь аппарат, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон төрөлжсөн мэргэжлийн амбулаторийн үйлчилгээ, барилга байгууламжийг эхний ээлжид ашиглалтад оруулах” үүрэг хүлээсэн байна.

Төрөлжсөн мэргэжлийн амбулаторийн үйлчилгээ гэдэгт “эмнэлгийн тусламж, үйлчилгээ”-г ойлгох бөгөөд өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг хэлэх бөгөөд ийм агуулга бүхий концессын гэрээг байгуулсан.

1. Эрүүл мэнд, спортын яам /хуучин нэрээр/-ны Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.

Зохицуулах байгууллага гэдэгт концессын гэрээний 1.1.1-д зааснаар концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг ойлгохоор заасан байх ба Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог учир зохицуулах байгууллагад хамаарч байгаа юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлын талаар зохицуулсан байна. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.29-д тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам, шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байна. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс нь тусгай зөвшөөрөл олгохоор бие даасан шийдвэр гаргадаг.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн комиссын шийдвэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийг гаргахдаа “Ю” ХХК-д хүлээлгэн өгөх дуусаагүй барилгад шинжээч томилон ажиллаж, ажлын байрны дүгнэлт гарган, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоол, концессын гэрээ /Засгийн газар “Ю” ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх (RОТ) төрлийн/ гэрээг үндэслэсэн.

Өөрөөр хэлбэл Концессын хууль, Засгийн газрын 2015 оны 260 дугаар тогтоол, концессын гэрээний дагуу “Ю” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохоор байхад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байгаа нь илт хууль бус утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэж байна.

Мөн концессын гэрээний дагуу Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 455 дугаар шийдвэрийн дагуу “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн тус барилгыг “Ю” ХХК-д хүлээлгэн өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд үүнийг үндэслэн тус ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Ю” ХХК-д барилгыг хүлээлгэн өгч, ажлын хэсгийн тэмдэглэл үйлдсэн байдаг. 

Иймд Эрүүл мэнд, спортын яам (хуучин нэрээр)-ны Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

2. Эрүүл мэнд, спортын сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тушаал, түүний хавсралтад заасан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.

Концессын гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 4 сарын хугацаанд концесс эзэмшигчийн зүгээс гэрээний 1.13-р заалт “Гэрээ хүчин төгөлдөр болох" урьдчилсан нөхцөлүүдээс “Шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авсан байх” гэсэн заалт “Зохицуулах байгууллага” болох Эрүүл мэндийн яамнаас шалтгаалан хангагдаагүй. Эрүүл мэндийн яам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.12.3, 15.12.11, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй байгууллага бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг “Ю” ХХК-д олгоогүй. Тус эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйп ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байхаас бусад нөхцөл шаардлагууд бүрэн хангагдаж, манай компанийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15/017/1102 дугаар албан бичгээр Хөрөнгө оруулалтын газарт тайлангийн хамт Төслийн санхүүжилтийн гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Концесс эзэмшигчийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг холбогдох баримт материалуудыг хүргүүлсэн байдаг.

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийнн комиссын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 443 дугаар тушаал гарган Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1099 дүгээр тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан хусэлтдээ хавсаргасан, бүрдүүлсэн материал концессын гэрээ зэрэг нь бүгд “Ю” ХХК-ийн нэр дээрх  барилга нь хууль болон концессын гэрээний дагуу “Ю” ХХК-ийн нэр дээр хүлээлгэн өгөх барилга байхад хүсэлтийг хангаж эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна. Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоол, Концессын гэрээний 2.6, 2.8-д заасны дагуу “Ю” ХХК-д эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох ёстой байхад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны акт болох юм.

Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Ю” ХХК-д олгох байсныг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т олгосноор Концессын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Концессьш гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоол, концессын гэрээний дагуу конторын зориулалтаар өөрчилсөн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалттай болгон өөрчлөн сайжруулж, өөрийн хөрөнгөөр эмнэлэг болгон өөрчлөх, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах боломжгүй болгож, Үндсэн хуулиар олгогдсон аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосныг эс зөвшөөрч “Ю” ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15/022/1204 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн олгохыг хүссэн боловч тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй ба ямар нэгэн арга хэмжээ аваагүй, манай өргөдөлд албан ёсны хариуг өгөөгүй юм.

“Ю” ХХК-аас Эрүүл мэндийн яамтай аливаа харилцааг хүндрүүлэлгүй зөвшилцлийн замаар асуудлыг шийдэх нь компанийн цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй гэж үзэн хүлээцтэй хандаж байсан боловч тус эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүйгээс концессын гэрээний 1.13-р заалт гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзэн концессын гэрээний 1.15-д заасны дагуу гзрээг цуцлагдах нөхцөл байдал үүсч байна. Хэрэв тус гэрээний заалтын дагуу концессын гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний 1.16-д заасны дагуу “Ю” ХХК оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авч чадахгүй нөхцөл байдал үүсч эрх, ашиг сонирхол нь мөн зөрчигдөж байгаа юм.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар тухайн үед хүчин төгөлдөр концессын гэрээний дагуу “Ю” ХХК нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах эрхтэй байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар тухайн барилгыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл нэг барилгыг үндэслэн өөр этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон учраас “Ю” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон. Үүнээс шалтгаалан концессын гэрээний тусгай зөвшөөрлийг хугацаанд нь авсан байх нөхцөл хангагдаагүй. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, хууль бус байдаг. Маргаан бүхий барилгыг гуравдагч этгээд ашиглахаа больсон гэдэг боловч захиргааны акт гарах үед нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Концессын гэрээний харилцаа хүчин төгөлдөр үргэлжлэх зөрчил нь “Ю” ХХК-иас болсон уу эсвэл төрийн байгууллага тусгай зөвшөөрлийг олгох ёстой этгээдэд хугацаанд олгоогүйгээс болсон уу гэсэн нөхцөл байдал үүсч, хохирлын маргаан Үндэсний арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бус учраас концессын гэрээнд заасан “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө.

Иймд Эрүүл мэнд, спортын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тушаал, түүний хавсралтад заасан Улсын нэгдүгээр твв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасны дагуу дээрх захиргааны актуудыг илт хууль бус гэж үзэн нэхэмжлэл гарган хандаж байна” гэжээ.

Хариуцагч “Эрүүл мэндийн яам”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юниверсити хослитал" ХХК нь Үндэсний арбитр болон шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ Концесс эзэмшигч нь гэрээний 1.13-т заасан 4 урьдчилсан нөхцөлөөс төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх, Концесс эзэмшигчийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчийн гэрээ, дүрэмтэй байх гэсэн 3 нөхцөлийг биелүүлж, харин “шаардлагатай тусгай зөвшеөрлүүдийг авсан байх” гэсэн нөхцөлөөс нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хэсэгт мэргэжпийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай материалуудыг Эрүүл мэндийн яаманд өгч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн боловч эрүүл мэндийн сайд тухайн өдөр Авилгатай тэмцэх газарт саатуулагдсанаас шалтгаалан тусгай зөвшөөрөл баталгаажиж гараагүй талаар нэхэмжлэлд дурджээ. Үүнтэй холбоотойгоор тус яамны архив болон бичиг хэргийн бүртгэлийг шүүж үзэхэд 2015 оны 11 дүгээр 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн комисс хуралдсан талаар ямар нэгэн баримт байхгүй, харин 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн комиссын шийдвэр”-ээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Жт эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар, Монополе фармацеутикаль ХХК-д эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортох зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Олон Улсын ба Үндэсний арбитрын газрын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хурал хойшлуулах тухай” 177 дугаар шийдвэр гарч Эрүүл мэнд, спортын яам (хуучин нэрээр)-нд хандан ирүүлсэн албан бичиг бүртгэх праграммд арбитарч нар болон нэхэмжлэгч талын төлөөлөгч ирж үзлэг хийсэн. Уг үзлэгээр “Ю” ХХК-иас тус яаманд эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авах тухай албан бичиг ирүүлж байгаагүй нь нотлогдсон болно.

Мөн нэхэмжлэлд хавсрагасан гэх “Ю" ХХК-ны 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15/010/1004, 15/022/1204 гэсэн албан бичгүүд манай яамны бичиг хэргийн бүртгэл болон архивт байхгүй байна. Энэ нь “Ю” ХХК мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах талаар тус яаманд хандаж байгаагүй байна.

Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Салбар эмнэлэгт мэргэжпийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх тухай" 1/1099 тоот албан бичгийг ирүүлсэн байна.

Эрүүл мэнд, спортын сайдын (хуучин нэрээр) 2015 оны “Журам батлах тухай” 298 дугаар тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журмыг баталсан бөгөөд энэхүү журам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд батлагдсан тушаал юм. Энэхүү тушаал болон хуулийн хүрээнд тусгай эөвшөөрлийн комисс нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж"-т Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна.

Тусгай зөвшөөрлийн комиссын шийдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19.1 Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгоно, 19.2 “Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлййн Засаг дарга тусгай эөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага" гэх/ олгоно” гэж заасан эрхийн хүрээнд хуулийн дагуу Эрүүл мэндийн яамны сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай" 443 дугаар тушаал гарч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”- т мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Ю” ХХК-г “Хишиг-Арвин индустрал” ХХК-д шилжүүлсэн байхад “Ю” ХХК-ийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн хувьд чадамжгүй, хууль зөрчсөн байан гэж үзэж байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн “Ж”-ийн захирал Б.Бямбадорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярмаа, О.Лхагвасүрэн, Ш.Н  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын “Шийдлийн цаг” хуралдааны шийдвэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр" төслийг дэмжиж Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн өмчийн хорооны дарга дарга Ц.Нанзаддорж, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж нарт Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн бааз суурь, хүний нөөц. технологи. менежмент Ноу хау-г түшиглэн хуучин нэрээр дуусаагүй барилга болох Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг оффисын зориулалтаар өөрчилсөн барилгыг херөнге оруулагчийг олж нойл түрээсийн нөхцөлтэйгөөр богино хугацаанд ашиглалтад оруулж эмнэлгийн зориулалтаар ашиглах үүрэг өгсөн.

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хийгдсэн “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийн явцын талаар тайлагнах хурлаас төслийг хэрэгжүүлэх хугацааг эрчимжүүлэх зорилгоор хууль, эрх зүйд нийцүүлэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн удирдлагын баг концесс эзэмших компанийг байгуулж, концессын гэрээг тус компанитай түр хугацаагаар байгуулах үүргийг хүлээсэн. Энэ шийдвэрийн дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын баг 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр шуурхай хуралдаж аж ахуйн нэгжийг “University hospital” нэрээр, хөрөнгө оруулагч тодорсоны дараа шууд шилжүүлэх нөхцөлтэйгээр концесс эзэмших компани түр байгуулах, бизнес төлөвлөгөөг боловсруулан, ТЭЗҮ хийлгэн хөрөнгө оруулагч олох шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 106 тоот “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай", мөн өдрийн 107 тоот "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай", 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 323 тоот “Төслийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоолууд батлагдсан.

Монгол Улсын Засгийн газар нь Ю ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Дуусаагүй барилга (Хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн Концессын гэрээг шинэчлэн сайжруулж-ашиглах-шилжүүлэх /ROT / хэлбэрээр байгуулсан.

Хөрөнгө оруулагчийг олох танилцуулга, уулзалтыг олон орны төлөөлөлтэй хийж ажилласан бөгөөд энэхүү төслийг дэмжин Хишиг Арвин Индустраль ХХК хөрөнгө оруулах хүсэлт гарган Хөрөнгө оруулагчийн газрын албаны хүмүүстэй хэд хэдэн удаагийн албан уулзалт хийж зөвшөөрсний үндсэн дээр бид “Ю” ХХК-ийг бэлтгэл ажлыг хангах үүргийн хүрээнд шилжүүлэн өгсөн.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өөрийн 90 жилийн технологи Ноу Хау-г шилжүүлэн III шатлалын нэгдсэн эмнэлэг байгуулах Засгийн газрын үүрэг даалгаврын хүрээнд тус хөрөнгө оруулагчид үйл ажиллагааны бэлтгэл хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласаар ирсэн. Үүний нэг нь эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах бичиг баримт боловсруулах, бүрдүүлэх судалгаа, тооцоо хийх ажилд ажлын хэсэг гарч ажиллаж байсан.

Тусгай зөвшөөрөл нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЭУ-15/23/3530 дугаартай олгогдсон. Энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй ажил юм. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдөр гал тогоо, угаалгын тасаг мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр түрээсийн гэрээгээр өнөөг хүртэл олон жил үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ба тус эмнэлгийн нэг салбар нэгж бөгөөд өдөр тутмын хяналтаа бид тавиад явдаг. Тус эмнэлгийн эрхлэгч нарын хурал, хариуцлагатны хурал зөвлөгөөнд тайлангаа тавьж бусад нэгжийн адил ажилладаг. Жигүүр салбар эмнэлэг нь үүнтэй адил тус эмнэлгийн нэг салбар нэгж харин хариуцан ажиллагч нь “Ю” ХХК үйл ажиллагаагаа төртэй концессийн гэрээгээр ажиллуулж байгаагаараа онцлог, Концессийн болон түрээсийн гэрээ нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэг л хувилбарууд. Энэхүү тусгай зөвшөөрөл нь эрх зүйн чадамжтай бөгөөд “Ю” ХХК нь энэ зөвшөөрлөөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн жигүүр салбар эмнэлгийн үүргийг гүйцэтгээд явах бүрэн бололцоотой байсан гэж бид үзэж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нэгэнт концессын гэрээний хүчинтэй хугацаа дууссан. Мөн Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийг өөрөө үйл ажиллагааныхаа орлогоос барилгын засварыг дуусган ажиллуулах шийдвэр /ЗГ-ын 323 тогтоол/ гарсан тул 2016 оны Эрүүл мэндийн даатгалын төсөвт 2,8 тэрбум төгрөг салбар эмнэлэг ажиллан орлого олохоор УИХ-аас шийдэн тусган үүрэг өгсөн. Иймд бид Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай хамтран төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан барилгын засварыг шуурхай хийж дуусган энэхүү тусгай зөвшөөрлөөр 2016 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл жигүүр салбар эмнэлгийг ажиллуулж үйл ажиллагааг явуулж үүрэг даалгаврыг 100% биелүүлэн ажилласан болно.

Хэрэв цааш үргэлжлүүлэн ажиллахаар байсан бол бид энэхүү тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яаманд хүсэлт гарган сунгуулаад л ажиллах ёстой байдаг. Дашрамд хэлэхэд 92 жилийн түүхтэй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусгай зөвшөөрөл 2017 оны 11-р сард дуусч байгаа бөгөөд бид сунгуулах хүсэлт холбогдох материалаа бүрдүүлээд Эрүүл мэндийн яаманд өгсөн байгаа.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар тогтоол гарч Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг сэргээх болсон тул бид үйл ажиллагаагаа зогсоосон болно. ” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Ю” ХХК нь тус шүүхэд Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Эрүүл мэнд, спортын яамны /хуучин нэрээр/ Эрүүл мэндийн 

чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсгийг, Эрүүл мэнд, спортын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалын хавсралтад заасан “Ж”-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ одоогийн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тухайн үед Концессын гэрээний дагуу “Ю” ХХК-ийн нэр дээр Эрүүл мэндийн яам гаргах ёстой байсныг Улсын нэгдүгээр төв эмнэлэг-ийн “Ж”-ийн нэр дээр гаргасанаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан гэж маргаж байна. 

Ийнхүү маргах болсон шалтгаанаа “Ю” ХХК нь Монгол улсын Засгийн газраас Концессын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 105 сая төгрөгийг олгохгүй гэснээс үүдсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд тус шүүхээр Эрүүл мэндийн яамны буруутай үйл ажиллагаа байсныг тогтоолгохоор ханджээ. 

Концессын гэрээтэй холбоотой маргаан Арбитрын шүүхэд хянагдаж байна .

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хууль, эрх зүйд нийцүүлэн эмнэлгийн удирдлагын баг концесс эзэмших компанийг байгуулж, концессын гэрээг тус компанитай байгуулах үүргийг Засгийн газраас өгчээ . 

Энэ шийдвэрийн дагуу Улсын нэгдсэн төв эмнэлгийн удирдлагын баг 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, аж ахуйн нэрийг “Ю” ХХК-ийн нэрээр, хөрөнгө оруулагч тодорсны дараа шууд шилжүүлэх нөхцөлтэйгээр концесс эзэмших компани түр байгуулах, бизнес төлөвлөгөөг боловсруулан, ТЭЗҮ хийлгэн хөрөнгө оруулагч олох шийдвэр гаргасан байна . 

Энэхүү хурлын шийдвэрийг үндэслэн тус эмнэлгийн төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр “Ю” ХХК-ийг байгуулжээ . 

Улмаар Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 64 дүгээр тогтоол, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар” нь “Ю” ХХК-тай концессын гэрээг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан байна .

Үүний дараа “Ю” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Баярсайхан нь өөрийн эзэмшдэг бүх хувьцааг иргэн Х.А д 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр худалдсан байх бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна .  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ю” ХХК-ийг “Хишиг арвин индустриал” ХХК-д шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй ажээ. 

Харин “Хишиг арвин индустриал” ХХК болон “Ю” ХХК-ийн хооронд “Дуусаагүй барилга /хуучин нэрээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /-ыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийг санхүүжүүлэх зээлийн гэрээг байгуулжээ . 

Концессын гэрээний 1.13-т гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд 4 сарын хугацаанд дор дурдсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсанаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно гээд ... шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авсан байх гэсэн нөхцөлийг тавьжээ . 

“Ю” ХХК нь гэрээний дээрх шаардлагын дагуу гэрээнд заасан зохицуулах байгууллага буюу Эрүүл мэндийн яаманд хандсан боловч тусгай зөвшөөрлийг тус компанийн нэр дээр бус Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн “Ж”-ийн нэр дээр гаргасан нь илт хууль бус гэж маргаж байна. 

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн “Ж”-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэжээ . 

Уг хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдын  /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр 04-ний өдрийн 443 дугаар шийдвэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн “Ж”-т нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр 1 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг олгожээ . 

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хуралд оруулсан танилцуулах хуудаст одоо эрхэлж буй үйл ажиллагаа гэдэгт “Ю” ХХК-ийн нэр дурдагдсан байна . 

“Ю” ХХК нь Эрүүл мэндийн яаманд хандан 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 15/010/1004, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15/022/1204 дугаар албан бичгүүдээр  тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байсан гэх боловч Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн цахим бүртгэлд шүүхээс үзлэг хийж, шүүж үзэхэд дээрх албан бичгүүд ирсэн бичгийн бүртгэлд байхгүй байна. 

Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1099 дугаар албан бичиг  болон түүнд хавсаргасан 550 хуудас  материалыг хүлээн авсан бүртгэл авагдсан боловч архив болон яаманд уг баримт материал байхгүй байна . 

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас Концессын гэрээний дагуу тусгай зөвшөөрлөө авахаар хандахад өөр байгууллагад олгосон нь утга агуулгын илэрхий алдаатай гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1 дэх хэсэгт заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус, найруулга зүйн болон үг, үсэг тооны алдаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илэрхий алдааг ойлгоно. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг тусгай зөвшөөрөл хүсч яаманд өргөдлөө  холбогдох материалын хамт гаргасан, уг хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс болон Эрүүл мэнд, спортын яам /хуучин нэрээр/ тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн шийдвэр нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөррлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.”, 10 дугаар зүйлийн 10.1 “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:”, 10.1.1.хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;”, 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсгийн 15.12.3. “эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;  Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.”Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.”, 19.2.”Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... тусгай зөвшөөрөл...олгоно.”, 19.3.”Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно:”, 19.3.1.”эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;”, 19.12. “Энэ хуулийн 19.11-т заасан шинжээчийн баг өргөдлийг дараахь байдлаар хянан үзнэ:”, 19.12.4.”тусгай зөвшөөрөл олгох эсэх дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.”, 19.13. “Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.”, 19.11.”Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 19.10-т заасан хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулна.”, гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн  захиргааны акт байна. 

Харин “Ю” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй Эрүүл мэндийн яамны эс үйлдэл нь Концессын гэрээний 2.6, 2.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн эсэхтэй хамааралтай асуудал байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ю” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүйгээс болон Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохицуулах байгууллага буюу Эрүүл мэндийн яам биелүүлээгүйгээс өөрт хохирол учирсан гэж үзвэл Концессын гэрээний 7.3 дахь заалтын дагуу Арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

Энэхүү шийдвэр нь “Ю” ХХК-ийг Арбитрын шүүхэд хандан хохирлоо нэхэмжилэхэд саад болохгүйг тэмдэглэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсгийн 15.12.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 19.3.1, 19.11,  19.12, 19.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “Эрүүл мэнд, спортын яамны /хуучин нэрээр/ Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж”-т холбогдох хэсгийг, Эрүүл мэнд, спортын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалын хавсралтад заасан “Ж”-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                          Л.ӨЛЗИЙЖАРГАЛ